Төрдөө өргөсөн эмчийн ариун тангаргийг төөрөг заяандаа хууль болгон дээдэлдэг, түмэндээ нүүрлэсэн аюулт өвчнийг төрсөн биеэрээ авардаг эмч хүний алдар энэ дэлхийн юутай ч зүйрлэшгүй эрхэм нандин өв.
Төр оршин тогтнохын үндэс нь ард түмэн гэдэг шиг хүн төрөлхтний эрүүл оршин тогтнохын үндэс нь яахын аргагүй эмч нар.
Тэдний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, авьяас чадвар, хүнлэг энэрэнгүй сэтгэл байгаагүйсэн бол бид бүхэн оршин тогтнох аргагүй билээ. Ингээд та бүхэндээ дэлхийн анагаах ухааны салбарын түүхийг өөрчилж, шинэчлэл хийсэн дэлхийн шилдэг эмч нарын түүхээс танилцуулж байна.
Андрес Висалус
Андрес Висалус нь 16-р зууны нэрт анатомич, эмч. Орчин үеийн хүний биеийн бодисын солилцоо, анатомийн нээлтээрээ “анатомын эцэг” нэрээр алдаршжээ. Өөрөөр хэлбэл тэр хүний биеийн бүтцийг судлан шинжилж хүний биед анхны задлан шинжилгээг хийжээ. Андрес Висалус анхны задлан шинжилгээнийхээ тухай “Хүний биеийн бүтэц дээр” нэртэй номыг нийтэлсэн нь өнөөгийн эмч, анагаахын чиглэлийн оюутнуудын ширээний ном болжээ.
Вилям Харвей
Хүний биеэр цус хэрхэн эргэлдэж байдгийг олон эрдэмтэн судлаачид сонирхож байх үед цусны эргэлтийн тогтолцоог доктор Вилям Харвей нээжээ. Тэрээр хүний биеийн цусны эргэлтийн тогтолцооны анатомийн судалгаанд өөрийн амьдралаа зориулсан 17-р зууны Английн нэрт эмч юм. Доктор Вилям Харвей өөрийн хийсэн нээлтийг батлахын тулд амьтан, хүн гээд олон зүйл дээр туршилт хийж байжээ.
Рональд Эрнест Рон Паул
Рональд Эрнест Рон Паул нь АНУ-ын улс төрч, эх барих эмэгтэйчүүдийн эмч байжээ. Тэрээр 4000 гаруй хүүхдийг эх барьж авсан нь дэлхийн түүхэнд хамгийн олон хүүхдийг эх барьсан эмчээр тодорчээ.
Паул нь дэлхийн анагаах ухаан, нийгэм, эдийн засаг, улс төрд ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд түүнийг дэлхий дахинаа “оюуны загалмайлсан эцэг” хэмээн нэрийдэх болжээ.
Альберт Теодор Билротт
Христэд итгэгч Альберт Теодор Билротт нь 19-р зууны дэлхийн шилдэг мэс засалч эмч байжээ. Тэрээр дэлхийн анагаах ухааны салбар, хөгжмийн ертөнцөд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Билротт хөгжмийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг оролдож байсан дэлхийн анхны хүн байжээ. Мөн анагаах ухааны салбарт олон ном зохиол, сурах бичгийг бичиж, энэ салбартаа олон шинэчлэлийг авчирсан юм.
Людвиг Пүүсэп
Людвиг Пүүсэп нь дэлхийн хамгийн анхны мэдрэлийн мэс заслын профессор бөгөөд тархи мэдрэлийн системийн мэс заслыг хамгийн анх санаачлагч ажээ. Тэрээр ийнхүү дэлхийн түүхэнд тархи нуруу зэрэг мэдрэлийн мэс заслын суурийг тавьсан судлаач юм. Тэр мэдрэлийн тогтолцооны эсүүдтэй холбоотой олон шинжлэх ухааны нээлтийг хийсэн байна. Түүний санаачилсан оношлогооны багаж төхөөрөмжийг өнөөгийн анагаах ухааны салбарт ашигласаар иржээ.
Адриан Кантровитз
Доктор Адриан Кантровитз бол нэрт мэс засалч, хүүхдийн зүрх судасны салбарын анхдагч юм. Тэрээр 1967 онд дэлхий дахинаа хамгийн анх хүүхдийн зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн анхны тохиолдол болон бүртгэгдсэн байна. Тэр ийнхүү хүний эрхтэн суулгах шинэ эрин үеийн эхлэл болжээ. Түүнчлэн тэр зүрхний мэс ажилбарын олон төрлийн багажийг зохион бүтээжээ.
Элизабет Блаквел
Доктор Элизабет Блаквел нь Америкийн анагаах ухааны сургуулиас анагаах ухааны докторын зэрэг авсан анхны эмэгтэй юм.
Тэрээр дэлхийн эрүүл мэндийн салбарт ихээхэн ач холбогдол өгч өөрчлөлтийг авчирсан нэгэн юм. Зөвхөн эрүүл мэндийн салбараас гадна нийгмийн салбарт нэр хүндтэй нэгэн байжээ. Тэр ядуу иргэдэд зориулан эрүүл мэндийн сургалт явуулж, эмчилгээ хийдэг анхны эмнэлгийг АНУ-д байгуулжээ.
Зигмунд Фрейд
“Өнгөрсөн зууны хамгийн алдартай сэтгэгчид”-ийн нэг хэмээн тооцогддог сэтгэл зүйч, эмч Зигмунд Фрейдын сэтгэл судлалын салбарын онолууд дэлхийг өөрчилсөн томоохон нээлтүүд байсан юм. Түүний сэтгэл судлалын онолуудтай санал зөрөлдөх шүүмжлэлүүд их байдаг. Харин одоогоор Зигмунд Фрейдээс өөр сэтгэл судлалын чиглэлээр нээлт хийсэн эрдэмтэн хараахан төрөөгүй байна.
Яманака Шиня
Японы эрдэмтэн Яманака Шиня IPS эс-ийг нээж 2012 оны Анагаах ухаан, биологийн шинжлэх ухааны Нобелийн шагналтнаар тодорчээ.IPS эс гэдэг нь ургийн эсийг ашиглаад хиймэл эрхтэн ургуулан гаргаж өвчтөнд шилжүүлэн суулгах арга юм.
Энэхүү эмчилгээний аргыг ашиглан эсээр хиймэл эрхтэн гарган авч, түүнийгээ туршилт судалгааны материал болгож ашиглах явдал аль хэдийн олон улсад дэлгэрчээ. Түүнийгээ дагаад хиймэл эрхтэн үйлдвэрлэх бизнес ч Америк тэргүүтэй оронд эхлээд байгаа юм байна.
Д.Цэрэндэжид
Сэтгэгдэл бичих