Нийтлэл 02 сарын 18, 2019

Анхны номын түүх

“Утга зохиолын тухай ярья” грүүпээс ирүүлсэн "АНХНЫ НОМЫН ТҮҮХ" челленжид нэгдэн бяцхан дурсамжаа хуваалцъя.
Хүн хүний зан чанар, онцлогоос шалтгаалдаг байж магадгүй, ихэнх уран бүтээлчид маань анхны номоо гаргасныхаа дараа машид баярлан хөөрч байсан тухай олонтаа дурссан байдаг бол харин би ер нэг их хөөрч догдолсоноо санадаггүй юм. Хоёр учир шалтгаан байгаа. Юуны өмнө би харьцангуй хожуу бараг дөч дөхсөн насандаа анхныхаа номыг хэвлүүлсэн тул бас залуу оргилуун үе улирч одсон байх, мөн ер нь нэг зөнгөр, хэнэггүй тал нь дийлсэн ч байж мэднэ. 
Монголын түүх судлалын ноён оргилуудын нэг, их түүхч Ч.Далай гуайн “Монголын түүх” хэмээн сайхан ном бий. Тэр номоос анхныхаа номыг бичих санаа төрсөн билээ. Ер нь түүх сонирхдог ч учиргүй шамдан ухдаггүй байж. 1997 онд билүү дээ, “Шинжээч-21” дээд сургуулийн Сэтгүүлзүйн ангид Дэлхийн түүх, Өрнө Дорнын утга зохиолын хичээлийг нэг жил заасан юм. Шинэхэн гэр бүл болсон, ар гэрээ тэжээх бөөн хариуцлагатай ачаа үүрсэн хүн чинь давхар давхар ажил хийж, зүтгэдэг байв. Үндсэн ажлынхаа чөлөөгөөр Баруун 4 зам руу гүйж хичээл заана. Оюутнуудад юм хэлж өгөхийн тулд өглөө, оройгүй Дэлхий дахины түүх нэлээд нухаж уншсан. Өмнө нь өөрийгөө Дэлхийн түүхийн талаар мэдлэгтэй гэж боддог байсан ч унших тусам улам сонирхолтойн дээр өөрийгөө ёстой Их далайн хөвөөнд ирчихээд цөөрөм байна гэж андууран харж байснаа ойлгосон юм.Тэрхүү хичээлд шамдаж бэлтгэсний үр дүнд Дэлхийн түүхийн тухай овоо ч юм хараад, нэг цэгцтэй мэдээлэл, мэдлэгтэй болоод авав. Гэтэл Дэлхий дахины тэр том түүхэн дотор Монголчуудын маань түүх тун онцгой өвөрмөц, давтагдашгүй онцгой өнгө төрхтэй болох нь эрхгүй анзаарагдаж билээ. Тэгээд л Монголынхоо түүхийг уншиж гарав. Гарын дор Ч.Далай гуайн цуврал ботиуд таарсан нь их аз боллоо. Тэндээс хэд хэдэн зүйл онцгой тод үлдсэний нэг нь

Толуй ханы отгон хүү Аригбөх бээр Чингис хааны хасбуу тамга, дайны Хар, Төрийн Их Цагаан сүлдийг хууль ёсоор атгаж, Алтан ургийнхны оролцсон Хархорины ойролцоох Алтангорхийн их хуралдайгаар Ази, Европыг дамнасан Их гүрний хаанаар өргөмжлөгдөн, 4 жил төр барьсан авч, өнөөг хүртэл түүнийг Их хааны бүү хэл бага хааны ч тоонд оруулж үздэггүй, Чингис хаанаас Лигдэн хутагт хаан хүртэлх 36 хааны нэрс дотор ямагт гээгдэж бичигддэг, тэр бүү хэл “умраас муу дүрээр их цэрэг босгон” Төрд тэрсэлсэн ялтан гэж үзэх үзэл хандлага амь бөхтэй байсан явдал юм. 

Тийн байтал, бараг 5 жилийн дараа, 2002 онд юм байна, Л.Түдэв гуай болон МУСГавьяат зүтгэлтэн Б.Дугарсүрэн, зохиолч Л.Дашням нарын санаачилгаар Монголын 108 хаадын намтрыг цувралаар бичиж хэвлүүлэх санаачилга өрнөв. Л.Дашням гуайтай уулзаж, Аригбөх хааны тухай боть бичигдэх эсэхийг лавлаваас, “Тийм шүү, бичих ёстой юм” хэмээн өлгөж аваад, тэр бүү хэл, “Чи бич” гэж тулгадаг юм байна. Тэр даруй Түүхийн хүрээлэн лүү таваргаж очоод Ч.Далай гуайтай уулзваас машид баярлан, “Яг зөв, залуус та нар бичихгүй бол хэн бичих юм. Аригбөх хааны үнэн түүхийг гаргаж ирэх хэрэгтэй. Ах нь өтөлж, гэхдээ чамд дэм, тус болж, санаа оноо, зүг чиг хэлж өгч байя” гэж урамшууллаа. Нэгд сонирхол, удаад нь энэ хоёр эрхмийн урамшуулж түлхсэн нь, гуравт, бас санхүүгийн ч ашиг сонирхол нэгдэв. Тэр номыг бичихэд тухайн үедээ 100 000 ч билүү, сайн санахгүй байна, төгрөгийн шагнал өгөх байв. Ер амьдрал амаргүй, гурван нялх хүүхэдтэй, талх, хоолоо ч чүү хүчэрч, заримдаа ч бүтэн сараар дан гэдэс цувдайгаар хооллон зүтгэж байж билээ. Хүүхдүүдээ цэцэрлэгт оруулаад, эхнэр маань ч бас ажилд орсон хэдий ч үе үе автобусны мөнгөгүйгээс хаа байгаа Улиастайгаас Хотын төв хүртэл алхаж ажилдаа ирэх нь ч байв. Эхнэрийн маань нэгэн монетон бөгж мөн ч олон ломбард дамжсандаа. 
Тэгээд 2002 оны намар Төв номын санг баахан ухаж, Судрын чуулганы Орос эхийг олоод, бас бус зүйлс нэмж цуглуулан, ажлаасаа 14 хоногийн чөлөө аваад сууж бичив. Тэр үед ямар онлайн ертөнц гэж нэг далай шиг юм байсан биш. Хамаатныхаа ахаас нэг компьютерийг нь түр авчрав. 14 хоногтоо дуусгачихаад бичсэнээ Ч.Далай гуайд үзүүлбээс, тун сайшааж, хэд хэдэн үнэтэй зөвлөгөө өгсний дотор “Аригбөх хааны эх Сорхугтани бэхи хатны тухай нэгэн сонирхолтой мэдээлэл гарах болсон. Чи Их Засагийн Н.Ням-Осортой уулзаад тэр номыг нь авч уншаад, номдоо санаа нэмж оруулаарай” гэлээ. Ням-Осор гуайтай уулзаж, өнөөх номыг нь авч үзвэл уншаад ойлгоход нэн бэрх ном байж билээ. Тэр бол одоо олон хүний хувьд нэн эрхэм тэнгэрийн судар болдог “Хөх Монголыг Төрөөр бадраах хутагтай нэүрит ЗАСАГ-ийн Алтан дээд үнэний АЯЛГУУ” гэдэг ном байлаа. Энэ номыг Журнайн Нүрзэд агсны дээдэс бүр Сорхугтани хатны үеэс хэдэн үеэрээ өртөөлөн цээжилж ирсэн бөгөөд сая нэг бичигт буулган ном болгон хэвлүүлсэн нь тэр. Номыг унших тусам нэн сонирхолтой, ялангуяа хэл шинжлэл талаасаа бол цоо шинэ судалгааны судлагдахуун хэмээх итгэл төрж билээ. Тэгээд Ч.Далай гуайн зөвлөснөөр номдоо Сорхугтани хатны тухай бүтэн бүлэг нэмж, өнөөх Алтан аялгууг ч дурдан, хэсгээс нь эш татлаа. Далай багшаар виза даруулж аваад Дашням гуай дээрээ бариад очвол бас хэдэн сайхан санаа хэлж өгөв. Тэгээд он гараад хэвлэнэ. 36-р боть болно гэлээ. 
Он гараад номоо хэвлэгдэхийг хүлээгээд л байгаа, нэг сар өнгөрөв, хоёр сар өнгөрөв. Дашням гауйгаас лавлавал хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдээгүй байна гэв. Тэгэж байтал 2003 оны 3 сарын сүүлээр АНУ-д гэнэтхэн явахаар болж, яг АНУ-ын зэвсэгт хүчин Иракт довтолж эхэлсэн 23-ны өдөр Вашингтонд бууж билээ. 2004 оны эхээр “Аригбөх” ном хэвлэгдлээ гэсээр эхнэр 1 ширхгийг илгээмжээр ирүүллээ. Илгээмж задлаад баярласаан, баярласан. Гэхдээ гол нь хүүхдүүдийн маань зураг, эхнэрийн захиа, бас хэдэн ааруул, борц энэ тэрд баярласан нь их талдаа байж мэднэ. Одоо Хаадын цувралын анхны хэвлэл болох жижиг хөх номууд дотор бий дээ. Худалдаанд ер үзэгдэхээ больжээ. Тэгээд номынхоо эх бичвэрээ онлайнаар аваад, Вашингтонд Даяар Монгол сэтгүүл гаргаж байхдаа ердийн принтрээр 100 ширхгийг өөрөө хэвлээд, 10 доллараар зарчихаж билээ. Өнгө зүс ч тааруухан. Тэр үед АНУ-д байсан Монголчууд маань Монгол агуулгатай зүйл ховор учир хурдан авсан байх, сайндаа ч биш. 

Миний анхны ном бүтсэн түүх маань ийм. Түүхийн сэдэвтэй биш утга зохиолын ном анхлан хэвлүүлсэн бол арай л илүү баярлах байсан байх аа. Би анхныхаа шүлгийг 9-тэйдээ бичиж, 6 дугаар анги төгсөх жилээ нэг улаан, нэг хөх дэвтрээр дүүрэн шүлэгтэй болж, 9-р ангидаа анхныхаа өгүүллэгийг бичсэн. Бас анхныхаа туужыг энэ түүхийн номоос 10 жилийн өмнө 1994 онд бичсэн боловч ер хэвлүүлэх талаар бодож байсангүй. Анхныхаа уран зохиолын номоо дөнгөж өнгөрсөн жил (2017 он) л хэвлүүлжээ. Бас анхныхаа мэдээг 1987 онд “Алтайн хөгжил” сонин хэвлүүлсэн. Эх барьж авсан хүн маань тэр үеийн “Алтайн хөгжил” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга асан, манай нэртэй сэтгүүлч, нийтлэлч, яруу найрагч Ш.Содномжамц маань байлаа. Харин тэр мэдээ маань нийтлэгдсэн сонины дугаарыг цүнхэндээ бүтэн сар авч явсандаг. Яах гэж тэгснийг бүү мэд. 
Ийнхүү номоо яаравчлан хэвлүүлэхгүй байсанд хэд хэдэн шалтгаан байсны дотор нэгэн чухлыг нь доор дурдав.
Т.БААСАНСҮРЭН ГУАЙН ЗААСАН ХОЁР ХИЧЭЭЛ...
30 жилийн өмнө юм байна. 1987 он, намрын сэрүү эхэлж байсан санагдана. Манайх Бургасны Хөндлөн гэдэг газар намаржиж байв. Нэг оройхон 69-тай зочин хаяанд хаазалсаар буусан нь өнөөгийн ТВ9-ийн захирал тэр үеийн Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн орлогч дарга, сэтгүүлч, зохиолч Т.Баасансүрэн байлаа. Тэр цагийн МСЭ гэдэг чинь, базарваань одоогийн нэрнээс цаашгүйтай адил юм биш, хүч, нөлөөтэй том байгуулллага байв шүү. Тэгэхээр нэлээн чухал хүн зочилж ирснийг илтгэнэ. 40 гаруйхан настай эрч хүчтэй сэтгүүлч, зохиолч хийгээд хорь ч хүрээгүй хоньчин залуу хоёрын хооронд хонь хотлоогүй эхэлсэн яриа хотонд чоно эргэсэн шөнө дунд өнгөрч байж сая нэг өндөрлөж билээ. Их л олон зүйл ярилцсан санагддаг. Намар цагийн отор нүүдлийн ашиг шимээс эхлээд залуусын сэтгэлзүй, хүсэл мөрөөдөл, амьдралын утга учир, урлаг утга зохиол, нийгмийн хөгжил, шинэчлэл өөрчлөлт, коммунизмын ирээдүй... чоно нохой, хайр дурлал хүртэл, ам нь халсан нөхдүүд юу эсийг ярихав дээ. Сэтгэл, үзэл бодол ойрхон бол насны зөрүү нэг их нөлөөлдөггүй.
Би модон хайрцгаа ухаж байгаад, болсон болоогүй гар бичмэлүүдээ гаргаж үзүүлсэнд, мань хүн лааны гэрэлд харж сууснаа

"Аятайхан санаанууд байна. Гэхдээ уран бүтээл болж хэлбэржсэнгүй. Эдгээрийгээ өөрийн хэмжээнд эцэст нь тултал хий. Бүтээл болтол нь нух. Эрж хай. Унш. Ажигла. Түүнээс өмнө яаран сонин хэвлэлүүдэд өгөөд байв аа! Ядахдаа хожмоо тэр дутуу шүүрхий юмаар чинь чиний үнэлэмж тодорхойлогдож, хэсэгтээ л арилдаггүй юм. Толстой зохиолоо хэд дахин, заримдаа бүр гучин хэдэн удаа эргэж хуулж бичдэг байсан гэдэг"

гэсэн юм. Би за ч гээгүй, чимээгүй л сонсож суув.
Одоо эргээд харж байхад тэр үг уран бүтээлд маань онцгой нөлөөлсөн байдаг. Би яг л Баасансүрэн гуайн хэлснээр "Өөрийнхөө хэмжээнд эцэст нь тултал хийлээ" гэж итгэх болтлоо л уран бүтээлээ нухсан, эрж хайсан, уншсан. Хорь, гучин жил. Тэр болтлоо хэвлүүлэх гэж огтоос яарч байсангүй. 1993 онд, тэр цагийн хийрхэлд бүр тэсэхээ байгаад "Бодлын солбицол" сонинд нэг нийтлэл өгснийг Жагдалын Лхагва гуай тун сүрхий тоогоод нийтэлж өгсөн юмдаг. Гэхдээ тэр бол зохиол биш. 
Өөрөөр хэлбэл би уран бүтээлийн ертөнцөд өөртөө ямар хэмжээний босго тавих ёстойгоо мэдэх гэж, бас нэгэнт тавьсан тэрхүү босгондоо хүрэх гэж л бишгүй олон жилийг элээжээ. Тэглээ гээд муу юм болсонгүй, харин ч оносон нь илүүтэй санагддаг юм. 
.
***
Тэгэхэд Баасансүрэн гуай бид хоёрын яриа цааш арай өөр агуулгаар ийн өрнөсөн юм. "Бас чи хэн хүнд ингээд үзүүлээд байв аа!" гэв. Энэ хоёр дахь санааг нь харин би огт ойлгосонгүй. Намайг гайхсан байдалтай өөдөөс нь хараад байхаар, "За чи, аан гэж бай. Чиний энэ бүтээл болж хэлбэржээгүй унаган санаануудыг чинь хүмүүс аваад өөрийн болгоод биччихдэг юм. Ялангуяа манай зарим нэгэн архаг зохиолчдод болгоомжтой үзүүлэх хэрэгтэй. Тэд чинь бөөн туршлага, гагцхүү ийм тунгаагаагүй алт шиг санаануудын эрэлд хатчихсан, өлсгөлөн хүмүүс. Чиний эдгээрийг үзээ л бол дор нь эд бад хийнэ. Жижиг загас барьдаг аварга махчин загас л гэсэн үг" гэж байна. 
Би ангайж гүйцээд, юу хэлэхээ ч мэдэхээ байчихав. Баасансүрэн гуайн хэлсэнд огтоос үнэмшсэнгүй. Бүр итгэхээс ч айх шиг болов. Харин мань хүн яриандаа болоод миний сүүлчийн тэр үл итгэсэн хандлагыг анзаараагүй байх. 
Би яагаад тийн ихээр гайхаж, бас итгээгүй вэ гэхээр, тэр үед чинь зохиолч хүн гэдэг бол хүн хүний дээд нь, оюун санааны оргил нь л гэж эргэлзээгүй бат итгэж байв шүү дээ. Тийм л нас байлаа. Юун нялх залуусын санааг ашиглаад өөрийн болгож бичих хэмжээний сэтгэлгээтэй байх билээ? Зохиолчид бол тийм ёсзүйгүй байдлын өчүүхэн ч сүүдэр гаргах учиргүй нандин сайхан хүмүүс л гэсэн төсөөлөл цээжин дотор минь ёстой л асаж бадарч байжээ. Тиймээс л тэдний эгнээнд орохсон гэж тэгтлээ ихээр шунан тэмүүлж байсан хэрэг. 
Хэдий тэр үед уран бүтээлч хүнийг үздэг итгэл үнэмшилдээ үнэнч хэвээр үлдсэн ч харамсалтай нь тэр маань төдий л урт наслах хувьгүй байж билээ. 
Түүнээс дөрөв таван жилийн дараа юмдаг, 1992 онд санагдана. 90-ээд оны үйл явц ид, нийгэм өөрчлөгдөж, хүний болоод нийгмийн мөн чанарт хандах хандлага тэс эсрэгээрээ хөрвөөсөн бөөн бужигнаан өрнөөд байлаа. Тэр үедээ л ихээ нэртэй нэгэн зохиолчтой санамсаргүй танилцсан ах маань машид бэлгэшээн, гэртээ уриад, бэлэг сэлт бариад сүйд болж билээ. Ах маань зохиолч нарын тухайд бас л над шиг нэлээд гэгээн гэнэн ойлголттой байсан шиг байгаа юм. Төд удалгүй өнөөх зохиолч маань ахын тэр хүндлэл бишрэл, сэтгэлийг ашиглаад байгаа нь илт анзаарагдах болов. Дөнгөсгүй л ирж архи ууна, бас ийм ч, тийм ч юманд хэрэгтэй байна гэж хандив нэхэж шахалзуулна. "Авьяастны өмнөөс авьяасгүй та нар төлж байх ёстой" гэж буй аятай аашилна. Амьдрал яг үнэндээ шалан дээр уначихсан, талхаа ч хүчрэхгүй шахам байлаа. Гэсэн хэдий ч ах маань царайгаа улалзуулан бусдаас зээлж, өвлийн пальтогоо хүртэл зарж байгаад ч хамаагүй хүссэнийг нь гүйцэлдүүлнэ. Эхэндээ тэр эрхэм зохиолчийг гэрт орж ирэхэд баяр хөөртэй угтдаг байсан ах маань сүүлдээ баахан халширч, хавталздаг болж хувирав. Гэхдээ түүнээ аль болох нуухыг хичээнэ. Харин би дургүйцлээ огт нуудаггүй байлаа. Залуу омголон явж дээ. Зохиолч ах бол дургүйцлээ нуудаггүй болохоор нь надад их дургүй ээ, "Чи муу ногоон бацаан, чиний юм бичдэг гэж хаашаа харсан юм" гэх мэтээр дээрэлхэнэ. Ах маань тэр зохиолчид "Манай дүү бас шүлэг энэ тэр бичдэг" гэх мэтээр хөөрсөн юм болов уу даа. Болор цомд уншсан шүлгээ дахин дахин уншиж "Шүлгийг чинь ингэж бичдэг юм" гэж томорно. Халамцах бүрдээ дахин дахин тэгэж томроод байхаар нь нэг удаа тэсэлгүй "Таны наадахыг чинь яруу найраг гэдэг юм уу? Би иймэрхүү хог новш шиг чинь юмыг жорлон дотор эвшээгээд сууж байхдаа л хэд хэдээр нь биччихнэ" гээд тавьчихсан чинь нударгаа зангидаад, шүдээ хяхнуулаад чичрээд босоод ирдэг байгаа. Согтуу нүд нь улаанаар эргэлдээд... Юу юугүй шаагаад авах нь дээ. Гэвч чадаагүй, намайг огтоос дальдчихгүй, хэрвээ цохиод авбал эргүүлээд юу ч болж мэдэх шинжтэйг маань хэдий согтуу ч анзаарч мэдэрсэн байх. Араа соёогоо арзайлгасан чоно, ирвэстэй ч тулж явсаны хувьд шүдээ хавирсан нэг согтуугаас халирна ч гэж юу байхав. Миний хувьд тэр зохиолч гуай аль хэдийнэ байхгүй болчихсон, харин байдаг л архичин, хогийн шулаач, хэнээтэн, хүнийг өрөвдөж хайрладаггүй эгиост л өмнө минь зогсож байв. 
Яг тэр үед надад тэр нэгэн намрын шөнө Баасансүрэн гуайн хэлж байсан өнөөх үг толгой руу яг шаагаад авах шиг болж билээ. Ийм ааш араншинтай нөхрийн тухайд залуу хүний санааг ашиглах бол энүүхэнд юм байна гэж... 
Ер санаа ашиглахыг бол бараг зүй ёсны зүйл мэт үзэх нь байна. Бусдын бичвэрийг бараг тэр чигээр нь хуулж, нэрээ тавиад хэвлүүлчихсэн тохиолдлуудтай бишгүй таарч байв. Байтугай ч олон юм үзэв, юун цэвэр ариун ёс зүй, юун хүн хүний дээд, оюун санааны эрхэм сайхан энэ тэр вэ, хачирхаж гайхмаар юмс бишгүй таарах. Харин тэр бүрд яваандаа өнөөх нударга зангиддаг зохиолч ахын гавьяагаар цочирдоод байхаа больсон доо. 
Энэ мэт адал явдлууд нөлөөлсөн байх, тэр үеэс хойш энэ Болор цом энэ тэр, элдвийн уралдаан гээд гүйж явдаг, уяаны морь шиг нөхдүүдийг ер нэг л дооглонгүй ёжлонгуй хардаг болчихсон юм.
Михиал Зошенькогийн нэг өгүүллэг бий. Тэнд юу өгүүлдэг вэ гэхээр, нэгэн зохиолч тэнгисийн эрэг дээрх тосгоныхны тухай сурвалжилж бичих томилолт аваад зорьж очино. Очих үед нь гайхамшигтай сайхан улаан наран тэнгисийн мандалд шингэж, тосгоныхон эр эмгүй, хөгшин хөвөөгүй бүгд тэнгисийн эрэгт цуглацгаасан байв. Мань зохиолчийн сэтгэл нэн ихээр хөдлөөд "Манай хөдөө нутагт л жинхэнэ гоо сайхныг мэдэрдэг ер бусын гайхамшигтай хүмүүс аж төрдөг юм байна. Тэд тосгоноороо нэг ч үлдэлгүй бүгд тэр наран шингэж буй гайхамшигт агшинг үзэхээр тэнгисийн эрэгт цуглацгаав" гэсэн агуулгатай, сэтгэл хөдлөлөөр халгисан найруулал бичжээ. Үнэн хэрэг дээрээ юу болсон бэ гэхээр, тэр цаг их өлсгөлөнгийн үе байжээ. Их шуурганы дараа тэнгисийн давалгаанд эрэг дээр залтас зомголоос эхлээд л элдэв бусын юм шидэгдэн үлддэг ба тосгоныхон чухам түүнийг л бие биесээсээ өрсөн түүх гэж тийн хөгшин хөвөөгүй бүгд эрэг рүү тэмүүлдэг байна. Мөн их шуурганы дараа тэнгисийн мандал тогтуун болж, нар ч томоос том улаардаг нь хууль юм. Хөөрхий манай зохиолч зөвхөн өөрийн хийсвэр төсөөлөлдөө хэт автсанаас энэ бодит үнэнийг харж чадсангүй нь инээдтэй ч, эмгэнэлтэй ч... 
Гэхдээ уран бүтээлчдийн ертөнц бүхэлдээ тэрхүү жишээ авсан нударгаа зангиддаг зохиолч ах шиг, эсвэл энэ Зошенько гайхлийн өгүүллэгт гардаг шиг биш л дээ. Тэд бол зөвхөн ганц л өнгө нь, дүр нь, атаач жөтөөч, архирдаг, бархирдаг, овилгогүй тавтиргүй, худалч хулгайч гээд адгаасаа аугаа их хүртлээ л байна. Үнэхээр асар уудам, багтаамжтай ертөнц шүү дээ, уран бүтээлийн ертөнц бол. 
Тэр ертөнц дотроос өнөөх бага залуудаа яг таг итгэж найдаж явсан шигээ тийм л хүн хүний дээд нь болсон эрхэм сайхан хүмүүстэй ч бас учирч явав. Сайны жишээг дурдахад урамтай байдаг, олон бий. Жишээ нь саяхан бурхан болчихдог Долгорын Нямаа гуай байна. Бас нэг Ломбын Нямаа ах байна. Бас Дамдинсүрэнгийн Урианхай ах байна. Хүн талдаа бол эрдэм мэдлэг, итгэл бишрэл гэж гайхамшигтай, өрөвч зөөлөн, нинж нүнжиг нь бурхан л тийм байдаг болов уу гэмээр, уран бүтээлч, яруу найрагч хүний ёстой жинхэнэ идеал дүр төрх. Бас аугаа их Лодонгийн Түдэв байна. Ёсзүй, зарчимч чанараараа бусдаасаа толгой байтугай хэдэн биеэр өндөрт. 
Ийнхүү Баасансүрэн гуайн хэлсэн, тэр үед миний огт итгэж чадаагүй хоёр дахь санаа надад бас дахиад томоохон сургамж, хичээл болж билээ. Юу вэ гэхээр, өөрийнхөө хийсвэр бодол санаа, итгэл үнэмшилдээ хэт бүү авт, бүү туйлшир, тэр хуурамч өндөрлөгөөсөө газардан ирж, зүрх зоригоо чангалаад амьдралыг бодитоор нь, яг байгаагаар нь хар, амьдралын үнэн гашуун... 
Харин бичихдээ тэр хийсвэр бодол санаа, итгэл үнэмшлээ хонгилын үзүүрт дэнлүү болгон өлгө гэж...
.
Баасансүрэн гуай 1996 оноос хойш намайг сэтгүүлч болгох гэж олон ч зүйл зааж, олон ч жил нухсан. Сэтгүүлзүйн чиглэлээр хэрвээ надад гялтайх юмс байгаа бол тэр хүний хичээл зүтгэл үр дүнгүй өнгөрөөгүй нь тэр. Харин яг уран бүтээлчийн хувьд тэртээ 30 жилийн өмнө хэлсэн хоёр санаа нь надад үндсэн суурь шинжтэй, уран бүтээлдээ хандах хандлага, шаардлагыг маань тодорхойлж өгснийг мань хүн өөрөө ч мэдээгүй л яваа даа.
.
Мөн утга зохиолтой холбоотой бас нэгэн анхдагч дурсамж маань яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, судлаач Ч.Дагвадорж багштай учирсан маань юм. 1988 оны хаврын нэгэн зэвэргэн өдөр бөөмтөөд нүд аньчихсан төлөгнийхөө дэргэд зогсож байтал 69 машин дэргэд тоормослож, дотроос нь драпан пальтотой, урт буурал үстэй цэмцгэр эрхэм бууж ирэв. Тэр хүн суганд минь байсан Г.В.Белинскийн түүвэр зохиолыг авч үзээд л бид хоёрын яриа ахуйн тэр хүйтэн жихүүн шуурга, хөөрхий талийгч болсон төлөг мэтхэнээс хэдийнээ дээшээ хөөрч, яруу найргийн тэнгэрт дэвж жиргэж гарсан юм. Нэгэн үе хит дуу болж асан 
Будантай юу буурал хорвоо доо, 
Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хэмээн эхлэх “Ээж минь дээ” дуугаа анхлан надад сонсгож билээ. Багш маань тун сайхан дуулна. Би ч бас хэд гурван юм уншив. Надаас “Чи аль улиралд дуртай вэ?” гэхэд “Хавар” гэсэнд “Яруу найрагчид намарт л их дурладаг юм даа” гэж билээ. Харин би хавар дуртай хэвээр. Тэр цагаас хойш Ч.Дагвадорж багшаас олон ч зүйлийг суралцаж, намайг утга зохиолд чиглүүлж явсан. Гэх мэтээр бичээд байх аваас дэндүү урт болохоор. Бяцхан дурсамж маань жаал суначихсанд өршөөмү.
.
Б.Номинчимэд

Сэтгэгдэл бичих

arrow icon