Нийтлэл 02 сарын 26, 2019

Урам зориг хаанаас гардаг вэ?

Та ямар нэг зүйл хийж байхад таньд юу хамгийн их эрч хүчийг өгдөг вэ? Мэдээж хэрэг энэ зүйл нь хүнээсээ хамааран маш өөр. Жишээлбэл, бид гэр бүл, найз нөхдөөсөө эрч хүч авдаг. Эсвэл хийж буй ажлаасаа, ажилж буй орчноосоо, хүрэх гэж буй үр дүнгээсээ, бүр идэж буй зайрмагнаасаа ч эрч хүч авдаг байж магадгүй. Гэхдээ тэрхүү эрч хүч өгч буй зүйл нь өөр боловч нэгэн төрлийн мэдрэмжийг бидэнд өгснөөр бид цэнэглэгддэг билээ. Тэр бол урам зориг юм.
 Америкийн нэгдсэн улсад явуулсан үндэстний судалгааснаас үзэхэд, бидний ирээдүйн амжилтанд илүү чухал гэж үздэг цалин, ур чадвар болон оюуны чадамжтай харьцуулахад урам зориг нь илүү нөлөөлөл өндөр байжээ. Энэ нь ажил болон амьдралдаа оюуны бядтай, эсвэл ур чадвартай, эсвэл өндөр цалинтай байхтай харьцуулахад урам зориг ѳндѳртэй байх нь амжилтыг илүүтэйгээр зөгнөдөг гэсэн үг юм. Тэгвэл тэрхүү урам зоригийг яаж бусдад бий болгох вэ? Хаанаас гаргаж ирэх вэ? Дараах дөрвөн алхмыг уншсанаар эдгээр асуултуудын хариултанд та дөхөж очно.

1) Шагнал буюу урамшуулалт өдөөгч 

Мэдээж хэрэг ѳндѳр цалинтай байна гэдэг амьдралын баталгаа, илүү боломж мэт боловч нөгөө талаас ажлын бүтээлч сэтгэлгээг устгагч юм. Учир нь цалин өндөр болох тусам хүмүүс ажлынхаа төлөө бус цалингийнхаа төлөө ажиллах хандлагатай болдог байна. Гэтэл техник технологи өндөр, хөгжсөөр буй одоогийн нийгэмд механик ажил өдрөөс өдөр ирэх тусам буурч, оюуны чадамж, бүтээлч сэтгэлгээ шаардсан ажил өссөөр байна.
Америкийн алдарт MIT сургуулийн эдийн засагчдаас явуулсан судалгаанаас үзэхэд шагнал цалин нь зөвхөн механик үйлдэлт ажиллагаанд өндөр бүтээмжтэй өдөөгч болж өгдөг бөгөөд бүтээлч сэтгэлгээ шаардсан адармаатай ажиллагааны хувьд ажлыг гүйцэтгэгчдийн хувьд эсрэгээрээ үр бүтээмжийг бууруулсан гэх сонирхолтой туршилтын үр дүн гарсан байх юм. Тэгхээр орчин үеийн нийгэмд бүтээлч эсвэл судалгаа шинжилгээ шаардсан ажилд  урам зориг ѳдѳѳгч нь уламжлалт цалин шагнал биш бѳгѳѳд эсрэгээр нь алаач болж таарах нь!  ?

2)   Мэдрэмж буюу урам зориг жинхэнэ өдөөгч

Бид ямар үед хамгийн их урам зоригтой, эрч хүчтэй болдог вэ?  Уур хилэн ч бай, уйтгар гуниг ч бай, бас баяр баясал ч бай, эдгээр мэдрэмжүүд биднийг ямар нэг зүйл хийхэд маш хүчтэй нөлөөлдөг. Бид ямар ч мэдрэмж авдаггүй зүйлээ бараг л хийдэггүй сонирхдоггүй бөгөөд эсрэгээрээ мэдрэмж өндөр авдаг зүйлээ тэвчих шаардлага гардаг. Аливаа кинон дээр ч тэр, гол дүр маань нэгэн эмэгтэйд дурлах эсвэл хэн нэгэн этгээдэд өс хонзон санах гэх мэт ямар нэг мэдрэмжийг хүчтэй мэдэрснээр үйл явдал маань эхэлж өрнөх тохиолдол их шүү дээ. Жинхэнэ амьдрал дээр ч та бүхэн анзаарч ѳѳрѳѳ мэдэрсэн байх. Тиймээс мэдрэмж гэдэг аливаа зүйлд хамгийн хүчтэй нѳлѳѳлѳгч урам зоригоор цэнэглэгч юм. Тиймээс та эргэн тойрондоо эсвэл ажлын газартаа том өөрчлөлт хийхийг хүсвэл мэдэр бас бусдад мэдрэмж төрүүл.

Тэгвэл сайн талаар нь хүмүүст хэрхэн мэдрэмж тѳрүүлж ажил амьдрал дээрх үр бүтээмжийг ихэсгэх вэ?

3)   Өсөх мэдрэмж ба түүнийг тодотгох

Энэхүү мэдрэмжийг бие чийрэгжүүлэхтэй адилтган жишээ авбал илүү ойлгомжтой болов уу. Юу вэ гэхлээр тодорхой хэмжээнд бид дасгал сургуулилт хийснээр бидний бие махбодид өөрчлөлт мэдрэгддэг. Тэр үед бид улам дасгал сургуулилтаа үргэлжүүлэх сэдэлтэй болдог. Тэрхүү сэдэл төрүүлж буй зүйл бол ѳсѳлт юм. Өсөлтийг мэдэрснээр та угтаа урам зориг хүчтэй авч байгаа нь тэр юм. Тиймээс Өөрөөр хэлвэл та өөрийгөө өнгөрсөнд юу хийж бүтээн яаж хөгжсөнөө тодотгосноор, одоодоо урам зориг аван ирээдүйдээ улам өсч дэвжих сэдлийг авах юм. 1998 онд бичигдсэн нэгэн судалгаанаас үзэхэд бууж өгөх хандлагатай хүмүүстэй харьцуулахад шаргуу хүмүүс нь өөрийнхөө одоо хүртэл хийж бүтээснээ хоёр дахин илүү боддог нь тогтоогдсон байна. Энэ нь хуучнаа бодоод бардамнах гэсэн үг бус өөрийн хийж бүтээж, чадсан зүйлээсээ, одоог хүртэл өсч, өнөөдрийн өндөрлөгт хүрснээсээ л урам ав гээд байгаа санаа юм. Мэдээж хэрэг заавал өнгөрсөнд маш том зүйл хийж бүтээж байсан байх албагүй, маш жижиг зүйлээс ч урам авч болно шүү дээ. Баримтнаас үзэхэд жижиг өсөлтөөсөө урам авдаг хүмүүс нь том амжилтанд л зѳвхѳн анхаарлаа хандуулдаг хүнтэй харьцуулахад 22 хувь амьдралдаа илүү сэтгэл хангалуун байдаг байна. Тэгээд ч жижиг зүйлс хуримтлагдсаар том болдог шүү дээ. Харин үүний дараа гарч ирэх асуудал бол хэрхэн урам зоригоо хадгалах, хадгалуулах вэ?

4)   Шүтлэгийг бий болго

Энэ бол хэн нэгнийг тахин шүтэх, уул ус тахих, амьтан өргөн барих зэрэг бус харин нэгэн бат итгэлтэй байх, соёл түүхтэй байхыг хэлж байгаа юм. Энд гаргаж буй гол санаа нь маш энгийн. Утга учир гэдэг аливаа ажил, амьдралд урам зоригийг өгдөг гэх санаа байгаа юм. Та эргэн тойрныхоо том амжилттай явж буй компанийг харвал тэд бүгд энэхүү асуултандаа маш тодорхой хариулсан байдаг. Үүний тод жишээ бол Apple компани бөгөөд Apple нь аливаа бүтээгдхүүнээ танилцуулах үедээ үргэлж яагаад бид энэхүү бүтээгдхүүнийг бүтээх болов? гэдгээ тайлбарладаг байна.

Ингээд дүгнээд хэлэхэд аливаа ажил болон амьдралд бид аливаа үйл хэрэгт урам зоригтойгоор хандаж байж амжилтанд хүрэх боломжоо ихэсгэх юм. Гол нь хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэн, бас түүнээсээ мэдрэмж аван, хийж буй аливаа зүйлдээ яагаад хийж байгаа вэ гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй. Танд амжилт хүсье!

 

Сэтгэгдэл бичих

arrow icon