Хувиараа бизнес эрхлэгч хүмүүст тулгардаг гол бэрхшээл бол мэдээж олон төрлийн татвар, гаалийн хяналт шалгалтын асуудал байдаг. Бид бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй бодит бэрхшээл болоод татварын шинэчлэлийн тухай тэдний санал бодлыг цувралаар хүргэх болно. Эхний дугаарт "ММ LAND" гадаад хэлний сургалтын төв болон гадаад худалдааны чиглэлээр бизнес эрхлэгч О.Оюунцэцэгтэй ярилцлаа.
Та ямар бизнес эрхэлдэг вэ?
Бизнесийн маань төрөл гадаад худалдаа. Мөн “MM LAND” гээд гадаад хэлний сургалтын төв ажиллуулаад нэг их удаагүй ч албан ёсоор компанийн бичиг баримт материалаа бүрдүүлж татвар төлөгч болохоор явж байна. Явдал чирэгдэл ихтэй юм.
Бизнес эрхлэгчдэд тэр тусмаа тань шиг анхлан бизнес эрхлэгчдэд тулгарах бэрхшээл цөөнгүй байдаг байх. Танд тохиолдож буй бэрхшээлээс хуваалцвал?
Тохиолдолгүй яахав. Нэгдүгээрт, хүнд суртлын асуудал, гаалийн хяналт шалгалтын тухай яримаар байна. Бизнесийн маань бүхий л үйл ажиллагаа төрийн байгууллагатай салшгүй холбоотой учраас заавал тэднийг царай алдана. Миний хувьд гаалийн бүрдүүлэлт дээр л гэхэд маш их цаг авч нааш цаашаа их юм явсан. Жишээлбэл гадаадаас манайд хичээлийн материалд ашиглагдах брошур материал үнэгүй орж ирсэн юм. Түүнийгээ авахын тулд л гааль болон өөр бусад татваруудтай нийлээд 150 мянган төгрөг төлж байж авсан.
Мөн тэнд бичиг баримт бүрдүүлэх туршлагатай ч хүн байгаа, туршлагагүй ч хүн байгаа тэрийг нь байцаагч нар ойлгоод анхнаасаа заавар зөвлөгөө сайн өгчихгүй. Ямар ч заавар өгөөгүй, асуусан асуултад ч ойлгомжтой хариулахгүй байж энэ чинь буруу, тийм торгууль, ийм торгууль гээд л дарамтална.
Би нэг бичиг баримтыг үлдээх эсэхээ мэдэхгүй аваад явчихсан чинь "Уг нь чамайг хоёр сая төгрөгөөр торгох ёстой байсан ч яахав зүгээр өнгөрөөе" гэх мэт аягүй эвгүй харилцаатай. Нэг талаараа дарамтлаад ч байх шиг.
Хоёрдугаарт, татвар төлөгчөөр бүртгүүлээд, өөр бусад татварын мэдээлэл авъя гэхээр мэдээлэл хомс
. Би онлайнаар татвар төлөгчөөр бүртгүүлэх гэхэд л тэнд байгаа сонголт нь манай компанийн үйл ажиллагаанд тохирохгүй байх жишээтэй. Мэдээлэл авах утас нь хүртэл энгийн утасны тарифаар биш минутын 200 төгрөг байх жишээтэй.
Татварын хувь хэмжээ нэмнэ, хасна өөрчилнө гээд л яригдаж байгаа. Бизнес эрхлэгч хүний хувьд татварын хувь хэмжээ болон бусад асуудлыг хэрхэн шийдвэл зохистой талаар саналаа хэлээч?
Бизнес эрхлэгч хэн бүхэн аль болох хямд зардлаар ахиу ашиг олохыг хүснэ. Мэдээж олж буй орлогын хувь хэмжээгээр татвараа төлөх ёстой. Гэхдээ татварын тухай тогтоосон хувь хэмжээгээ үргэлж өөрчилнө шинэчлэнэ нэмэгдүүлнэ гэх нь утгагүй санагддаг. Ер нь өөр бусад бизнес эрхлэгч нарт ч надад ч татвар, торгууль, алданги гэх зүйлс маш том дарамт болдог.
Гол нь энэ их цаг завгүй дээр нь манайх шиг түгжрэл ихтэй хотод ийш тийш явж бичиг баримт бүрдүүлэхэд их цаг орно. Би л хувьдаа 2-3 хоног болсон. Үүнийг талыг нь ч болтугай цахимжуулах арай хялбаршуулмаар байна. Бас анхлан бизнес эрхлэгч нараа дэмжих бодлого хэрэгтэй байна. Гаалийн татвар л гэхэд бизнес эрхлээд 10-15 жил болчихсон туршлагатай ашиг орлого нь тогтворжчихсон компанитай яг адилхан хувиар гаалийн татвар төлдөг юм билээ. Уг нь бодлогын түвшинд жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих боломж гаргавал хэрэгтэй л байна.
Сэтгэгдэл бичих