Нийтлэл 04 сарын 18, 2019

Эмма Уотсон: Хүйсийн эрх тэгш байдал зөвхөн эмэгтэйчүүдэд бус эрэгтэйчүүдэд ч хамаатай

Хүмүүнлэг дэвшилтэт үзэл санаа, боловсрол гоо үзэсгэлэнг хослуулсан шинэ цагийн залуу эмэгтэй жүжигчдийн нэг гэж хүлээн зөвшөөрөгдөөд буй Харри Поттер киноны Хермонигийн дүрээр олны танил болсон английн жүжигчин Эмма Уотсоны хайрын тухай хүчирхэг үгс. Түүний хүйсийн тэгш бус байдал болоод үүнтэй хэрхэн тэмцэх тухай, тэгш эрхийн асуудал эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд ч хамаардаг тухай НҮБ-д тавьсан илтгэлийг хүргэж байна. 

Эмма Уотсон:  "Гоо сайхан бол урт үс, гоолиг туранхай хөл, наранд борлосон арьс, тэгш сайхан шүд биш. Би итгэлтэй байна. Гоо сайхан бол уйлж үзсэн ч одоо инээмсэглэж байгаа царай, гоо сайхан бол хүүхэд байхдаа унаж бүдрэхэд өвдгөн дээр тогтсон сорви, гоо сайхан бол хайр чамайг шөнө нойргүй хонуулахад нүдэн доор үүссэн цэлх, гоо сайхан бол өглөө сэрүүлэгтэй цаг дуугарахад чиний гаргадаг царай, гоо сайхан бол усанд ороод будаг нь арилсан нүүр, гоо сайхан бол зөвхөн өөрөө л ойлгох тоглоом тохуу хийгээд түүндээ инээх инээд, гоо сайхан бол түүнтэйгээ харц тулгаран, юу ч ойлгохоо байх явдал, гоо сайхан бол түүнийгээ харан цоо ширтэх ширтэлт, гоо сайхан бол цагийн эрхээр үүссэн үрчлээс юм. Гоо сайхан бол дотроо юу мэдэрснээ гадагш гаргах илэрхийлэл. Гоо сайхан бол биднийг орхин одох бүхий л дурсамж, бидэнд үлдээх амьдралын тэмдэг, гоо сайхан бол амьдарсан шиг амьдархуй".

Хүмүүнлэг дэвшилтэт үзэл санаа, боловсрол гоо үзэсгэлэнг хослуулсан шинэ цагийн залуу эмэгтэй жүжигчдийн нэг гэж хүлээн зөвшөөрөгдөөд буй Харри Поттер киноны Хермонигийн дүрээр олны танил болсон английн жүжигчин Эмма Уотсоны хайрын тухай хүчирхэг үгс.

Түүний хүйсийн тэгш бус байдал болоод үүнтэй хэрхэн тэмцэх тухай, тэгш эрхийн асуудал эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдэд ч хамаардаг тухай НҮБ-д тавьсан илтгэлийг хүргэж байна:

Өнөөдрийн бидний зохион байгуулж буй “Heforshe” нэртэй кампанит ажил НҮБ-ээс  зохион байгуулж буй энэ төрлийн анхны ажил. Бид хүйсийн тэгш бус байдлыг зогсоохыг хүсдэг, үүнийгээ ч хийж, хүн бүрийг оролцуулж, эрэгтэйчүүд, залуучуудын дундах хүйсийн эрх тэгш байдлыг дэмждэг дэмжигчдийн тоог нэмэгдүүлэхийг хичээх болно. Бид зүгээр л яриад байхын оронд, үүнийг бодит болгохыг хүсч байна, хичээж байна.

Зургаан сарын өмнөөс би НҮБ-ын эмэгтэйчүүдийн сайн санааны элчээр ажиллаж эхэлсэн. Феминизм, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай энэ үзэл нийтийн дунд эрчүүдийг үзэн ядах үзэл мэтээр ойлгогдох болсон. Энэ төөрөгдөл арилах ёстой гэдгийг л би баттай мэдэж байна. Феминизм гэдэг бол эрэгтэй, эмэгтэй хүн адил, тэгш эрхтэй байх ёстой гэсэн итгэл үнэмшил. Улс төр, эдийн засаг, нийгэмд ч  хүйсийн оролцоо эрх тэгш байх тухай онол болохоос эрчүүдийг үзэн ядах үзэл биш.

Урт хугацааны өмнөөс би жендэрийн тухай нухацтай бодох болсон. 8 настай байхад бид аав ээж болон тоглодог байлаа. Харин энэ тоглоомыг хөвгүүд биш бид удирдаж, чиглүүлэх дуртай байсан.14 настайдаа би хэвлэл мэдээллийн зарим элементүүд хүйсээр ялгаварлаж буйг анзаарсан. 15 настай байхад минь, миний найз охин спортын багаасаа гарсан. Учир нь тэд багтаа эмэгтэй хүүхэд багтааж, сул дорой баг болохыг хүсээгүй.18 нас хүрэх үед, миний эрэгтэй найзууд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээ больж, эмзэг байхаа больсон.

Феминист байх нь надад тийм ч төвөгтэй санагдаагүй учир би энэ замыг сонгосон. Гэхдээ судлах тусам энэ үзэл дэлхий даяар тийм ч түгээмэл тархаагүй гэдгийг ойлгох болсон. Эмэгтэйчүүд феминист байхаас зайлсхийж, ийм байхыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл тэд феминист гэхээр хэтэрхий хүчирхэг, түрэмгий, тусгаар, эрэгтэйчүүдийг үзэн ядагчид, тэр ч байтугай царай муутай эмэгтэйчүүд байдаг гэж ойлгодог.

Би Их Британийх. Би эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил үнэлэгдэж, ижил түвшний цалин авахыг зөв гэж боддог. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах чадалтай, амьдралаа өөрчлөх томоохон шийдвэрүүдийг өөрөө хийх нь зөв гэж би итгэдэг. Эмэгтэйчүүд нийгэмд оролцож, эрэгтэйчүүдтэй ижил хүндлэл хүлээх ёстой  гэж би боддог. Харамсалтай нь, дэлхийн ямар ч улс хүйсийн тэгш эрх болон улсынхаа бүх эмэгтэйчүүдийг дээрх эрхээр хангаж чаддаггүй.

Миний амьдрал эрх чөлөөгөөр дүүрэн. Учир нь миний эцэг эх намайг эмэгтэй гэж бага хайрлаагүй, сургууль маань намайг эмэгтэй гэж эрхийг минь хязгаарлаагүй. Нэг л өдөр намайг хүүхэд төрүүлэх эмэгтэй хүн гэж багш нар маань намайг дутуу үнэлээгүй. Энэ бүхэн өнөөдрийн намайг бүтээж, хүйсийн эрх тэгш байдлыг хамгаалах элч болгосон. Өөрсдийгөө анзаараагүй ч тэд феминистүүд. Өнөөдөр эмэгтэй гэж ялгаварладаггүй феминистүүд дэлхий дээр улам олон болох хэрэгтэй. Феминист гэдэг үгийг үзэн ядах хэрэггүй. Үг бол тийм ч чухал биш, харин үгийн ард нуугдах үзэл санаа, зорилго л чухал.

1997 онд Бээжинд Хиллари Клинтон эмэгтэйчүүдийн эрхийн тухай  алдартай илтгэлээ тавьсан ч түүний өөрчлөхийг хүссэн олон зүйлсийн ихэнх нь одоо ч хэвээр. Учир нь үзэгчдийн гуч хүрэхгүй хувь нь эрчүүд байсан.

Хүйсийн эрх тэгш байдлыг хангах нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай асуудал биш. Эрэгтэйчүүдэд ч хамаатай. Өнөөдрийг хүртэл би миний болоод, ээжийн минь хэрэгцээ, эрх ашгийг урдаа тавьж, эцгийнхээ үүргийг биелүүлсээр ирсэн аавыгаа харж өссөн. Эр хүн гэж дотроо бодон, муугаар үнэлүүлэхээсээ айж тусламж ч гуйж чадахгүй байгаа сэтгэцийн өвчтэй залуухан эрийг би харсан. Яг үнэндээ, Их Британийн 20-49 насны эрчүүдэд амиа хорлолт хамгийн их тохиолддог. Мөн авто замын осол, хавдар, зүрхний титэм судасны өвчнөөр эрчүүд хамгийн их өвддөг. Өнөөдөр эрэгтэй хүн ч хүйсийн эрх тэгш байдлыг эдэлж чадахгүй байна.

Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай аль аль нь эмзэг мэдрэмтгий байх эрхтэй. Аль аль нь хүчирхэг байх эрхтэй. Хүмүүсийг хоёр эсрэг үзэлд хувааж, талцуулахын оронд бүх хүний эрхийг эрх тэгш хүлээн зөвшөөрөх цаг нь ирсэн. Бид бүгд эрх чөлөөтэй байх эрхтэй. HeForShe бол эрх чөлөөний тухай нэгдэл юм.

Би эрчүүдийг охиноо, эхнэрээ, эгч дүүгээ, ээжээ хамгаалахын тулд нөмөрсөн “нөмрөг”-өө авч хаяасай гэж хүсдэг. Хөвгүүддээ эмзэг хэсгээ нөхөж, хүн шиг байх боломжийг нь олгоосой гэж би хүсдэг. Ингэснээр, өөрсдийгөө бүтэн “хүн” болгох юм.

Энэ Харри поттерын охин хэн юм бэ? НҮБ-д юу яриад зогсоод байгаа юм бэ? гэж бодож байж болно. Би ч өөрөөсөө энэ асуултуудыг дандаа асуудаг.

Гэхдээ энэ асуудал надад ч хамаатай, үүнийг илүү сайжруулахыг хүсдэгээ л би сайн мэдэж байна. Сонссон, харсан бүхнийхээ өмнө, надад олдсон эрх чөлөөнийхөө өмнө ямар нэгэн зүйл хэлэх үүрэгтэй гэж би өөрийгөө боддог. Энэ илтгэлийг тавихаасаа өмнө би өөртөө эргэлзэж байсан. Гэхдээ би өөртөө урам өгч “би биш бол өөр хэн гэж, одоо биш бол хэзээ гэж” хэлсэн.

Танд надтай ижил бодол төрж байгаа бол энэ үг танд итгэл өгнө гэдэгт би итгэлтэй байна. Өөрийнхөө эрхийн төлөө урагш нэг алхаж, өөрөөсөө “хэрвээ би биш бол хэн гэж, одоо биш бол хэзээ гэж” асуугаарай. Баярлалаа.

 

О.Намуун

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon