Нийтлэл 05 сарын 01, 2019

Таван толгойн нүүрс ба Хятадын зах зээл

Манай эрх баригчид Таван толгойн нүүрсийг нэг хэсэг Владивостокоор дамжуулан дэлхийн зах зээл дээр гаргах тухай  ярьсан.  Харин сүүлийн үед Хятадын Цаофан Дянь боомтоор гаргахаар болж байгаа юм уу даа?

Юуны өмнө тэдний хувьд дэлхийн нүүрсний зах зээл гэж юуг ойлгоод байгаа нь учир дутагдалтай байх шиг санагддаг юм. Өдгөө дэлхий дээр олдворлож байгаа нүүрсний хэрэглээний 56 хувь дан ганц Хятад улсад оногдож байна. Энэ утгаар авч үзвэл жинхэнэ "Дэлхийн зах зээл" гээч зүйл хажуу дэргэд оршиж байгаа хэрэг юм шүү дээ. Тийм болохоор нэг хэсэг энэ салбарын томоохон тоглогч нар болох Австрали, Индонезиос гадна алс холын Америк хүртэл Атлантын далайн баруун эргээс Панамын сувгаар дамжуулан Хятад руу нүүрс зөөж байсан.  Тонн тутамаас ердөө 10-хан долларын ашиг олохын тулд шүү.

Манай эрх баригчид Монгол нүүрсний хувьд дэлхийн зах зээл нь "Япон, Солонгос, Энэтхэг" улсууд гэж хараад байдаг байж магадгүй. Түүнд нэг их буруу зүйл байхгүй л дээ. Хятад, улс төрийн учир шалтгаанаар Австралийн нүүрсийг боомтуудаараа оруулахгүй байх хориг тавьсаны улмаас цаадуул нь Энэтхэг болон Япон Солонгос руу нүүрсээ хямд төсөр шахах болсонд худалдан авагч тал дуртай байхаас яах билээ?

 

Монгол нүүрсний хувьд дэлхийн зах зээл дээрхи боломжтой худалдан авагч тал хаана байж болох вэ гээд хайгаад үзтэл эрэл мухардах тал руугаа явчихаж байгааг энэхүү мэдээллээс та бүхэн ойлгосон байх аа. Ганц тунаж үлдэж байгаа нь Хятад улс л байна шүү дээ. Харин хаа ч байхгүй шахам өөр "Дэлхийн зах зээлийн" эрэл хайгуулд гарч байснаас Монгол нүүрсний хүчтэй өрсөлдөгч нар хэн билээ гээд ултай тунгаан бодож үзмээр санагддаг. Бидний уламжлалт хүчтэй өрсөлдөгч Австрали улс манай хамгийн ойрын зах зээлээс хүчтэй шахагдан гарч байгаа нь Монгол улсад маш ашигтай хэрэг байж таарна. Гэтэл харин умард зүгээс өөр бүр ч хүчтэй тоглогч гарч ирсэн нь даруй Орос улс болой. Оросууд Амар мөрөн дээгүүр дамнасан 3,2 км урт төмөр замын гүүрийг нарийн царигтай байгуулж түүнийгээ хилийн гүн рүүгээ сунгаж байгаагаас харахад Хятад улс бол Орос нүүрсний хувьд аргагүй л "Дэлхийн зах зээл" мөн гэсэн учрыг айхтар сайн ойлгосон нь тодорхой байдаг.

Энэ бичлэгээрээ би Зүүнбаян, Чойбалсангаар дамжуулаад бичигт боомт хүртэл төмөр зам тавих асуудлыг жадлан эсэргүүцэх санаа агуулаагүй гэвэл зарим хүнд сонин санагдаж магадгүй. Гол нь эрх баригчдад бодлого үйл ажиллагааны эрэмбэ ээлж гэж маш чухал зүйл байдгийг сануулах гэсэн хэрэг л дээ. Эхний ээлжинд энэ цөөхөн ард түмнийхээ амьдрал ахуйг сэвхийтэл өөд татахгүй бол Америк, Австрали, Солонгос, Чех, Швед .......тэргүүтэй хөгжингүй улс орнууд руу жаахан овсгоотой сүйхээтэй болгон нь шулуухан хэлэхэд дүрвээд дууслаа шүү. Тун удахгүй Японы ажиллах хүчний визний хөнгөлөлт үйлчлээд эхлэх юм бол тэр зүг рүү бас л нэг том нүүдэл эхлэх буй за. Хамгийн аймшигтай өөр нэг зүйл гэвэл дэлхийд хүн амаараа тэргүүлэгч Хятад улс тун удахгүй Япон Солонгосын араас ажиллах хүчний ноцтой хомсдолд орж тун болзошгүй дүр зураг ажиглагдаад эхлэлээ. Эрх баригчид энэ байдлыг эртхэн анхаарч ард түмнийхээ аж байдлыг сайжруулах арга хэмжээг даруйхан авахгүй бол эзэнгүй хоосорч үлдсэн сайхан нутаг оронд маань элэг буруутай харь үндэстэнгүүд зоргоороо эзэгнээд авч мэдэх л юм шүү. Ер нь Монголын түүхэнд ийм гашуун давтамжит үзэгдэл хичнээн олон гарч байсныг тоочиход бэрхтэй.

Дараагийн ээлжинд Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчтэй эхлүүлж хурдан дуусгаж чадвал эргээд ард түмний амьдрал, улс орны бүтээн байгуулалтанд мөн ч их хэрэг болохсон доо. Тэндээс олсон ахиу мөнгийг дараа дараачийн томоохон бүтээн байгуулалтанд зориулж болох юм.

Өнөө жил Эрдэнэс Таван толгойгоос багагүй ашиг олсон бололтой. Урд нь түүнээс дутахгүй ашиг олдог байсныг хуучны эрх баригчид янз бүрийн хэлбэрээр зувчуулаад оффшор дансандаа нуучихаад байсан нь тодорхой болж байна. Түүнтэй харьцуулах юм бол Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалт бүтчих бөгөөс ямар ч байсан Монголдоо үлдэх юмтай чихэнд чимэгтэй мэдээлэл гэж сонсогдож байгаа шүү. Гэхдээ манайхан хэрэгжүүлж гүйцэтгэх тал дээр тун ч найдваргүй даа гэсэн эргэлзээ санааны мухарт сүүмэлзээд байгааг нуух юун. Хэрвээ нааштай сайн бүтээн байгуулж чадваас улмаар Чойбалсан хот хүртэл уг төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлээд Хятадын Рашаант өртөө хүртэл залгаж чадвал жинхэнэ "дэлхийн зах зээлдээ" хүрч байгаагаас өөрцгүй хэрэг болох билээ.

Учир нь Хятадын хүнд аж үйлдвэрийн гурван гол муж тэнд байрладаг. Хятадын нүүрсний хэрэглээний дийлэнх хувь тэдгээрт оногддог болохоор Гашуун сухайтаас гаргаснаас илүү ашигийг тэндээс олж болно. Өөрөөр хэлбэл Монгол нүүрсний хувьд дэлхийн зах зээл нь Хятад улс бүхэлдээ юм. Монгол улс маань Гашуун сухайт, Бичигт, Рашаант гэсэн гурван боомтоор зөвхөн нүүрс төдийгүй бусад байгалийн баялгаа гаргаад ирвэл манай зарим төрийн түшээдийн хөөрөлхөн ярих дуртай дараачийн Катар улс нь Монгол байх болно гэдэг зөгнөл мөрөөдөл хэрэгжихэд хол биш байж мэдэх юм шүү.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon