Өмнөх нийтлэлд бүгдээрээ тэгш биш ,тэгш боломж гэж байхгүй талаар зарим зүйлсийг бичсэн. Тэгш боломж гэж байхгүй ч тэгш эрх ардчилсан нийгмийн иргэн бүрт байгаа. Бид Үндсэн хуулийн дагуу амьд явах эрхтэй ,Бид эрүүл,аюулгүй нийгэмд амьдрах эрхтэй. Насанд хүрсэн хүмүүс өөрсдийн эрхээ эдлэн үүргээ хүлээн амьдрана. Эрхээ эдэлж чадахгүй байгаа бол эрхийн төлөө тэмцэх эрх чөлөөтэй.
Харин хүүхэд яах вэ? Хүүхдийн асуудал сэтгэл зовооно. Тэд эрхийн төлөө дуугарч чадахгүй эрхтэй гэдгээ ч төдийлөн ухаарч амжаагүй балчир насан дээрээ байгаа. Хэн нэгэн намайг зодож болохгүй гэж мэдэж амжаагүй нас , зодуулсан бол хүүхэд бүхэн л надтай адил зодуулдаг гэдэгт итгэх нас.
Сүүлийн хэд хоногт /4-сараас- 5 сарын 1/ хүүхэд хүчирхийлсэн тухай мэдээллүүд ар араасаа нийтлэгдлээ. Бага насны охин алга болжээ, бага насны охиныг хүчирхийлжээ, хойд эцэг нь хүүхдээ зоджээ,хүү сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна, хүчирхийлээд булсан байжээ , гэх мэт аймшигтай мэдээллүүд ар араасаа гарсаар. Энэ бүхний шалтгаан нь юу вэ?
Хүчирхийлэл аль ч нийгэмд байдаг гэвч ардчилсан иргэний төвтэй нийгэмд хүчирхийллийн тоо бага байх ёстой. Харин манай улсад хүчирхийлэл жил ирэх тусам нэмэгдэж байна. Магадгүй хурдан мориноос унаж гэмтэл авчээ , дээврээс шидүүлжээ , хүүхэд алга болжээ, хүчирхийлэлд өртжээ гэсэн мэдээнүүдэд иргэд дасан зохицож байх шиг.
Хүүхдийн хүчирхийллийн тухай саяхан болсон яриа :
А: Хүүхдээ зодож болохгүй –хүчирхийлэл шүү дээ. Багадаа хүчирхийлэлд өртөж байсан хүүхэд том болоод хүчирхийлэгч болох нь элбэг байдаг.
Б: ххэ чи хүүхэдгүй биздээ , хүүхэд өсгөнө гэдэг чинь хэцүү , зодохгүй хаагуур явдаг юм би багадаа зодуулж л байсан , зодууллаа гээд буруудсан юм алга. Хааяа алганы амт үзүүлэх хэрэгтэй.
Энэ бол монгол хүний сэтгэхүй ч гэмээр ч юмуу. Хүүхэд зодох нь зөв, хааяа зодох нь зөв ,алганы амт үзүүлэх нь зөв шүү дээ гэх нийтлэг хүмүүсийн сэтгэлгээ. Энийг уншиж буй та тэр нийтлэг хүмүүсийн нэг битгий байгаасай хэмээн хичээнгүйлэн хүсэж байна. Яг энэ сэтгэлгээг эхний ээлжинд халж хаях хэрэгтэй.
Таны хүүхэд ямар ч үйлдэл үзүүлсэн бай та түүнд гар хүрч болохгүй , хүүхэд бол таны өмч биш. Хүүхэд бол хүн.
Миний хүүхэд юм чинь яасан ч яадаг юм би ээж нь юм чинь зодоход яадаг юм гэсэн ээж аавууд маш олон байдаг. Миний үгнээс гарахгүй гээд яах гээв алганы амт үзүүлнэ гэх мэт аймшигтай бодлууд ихэнхи хүмүүсийн сэтгэлгээнд суусан байдаг.
Хүүхдээ хүчирхийлж болохгүй талаар цэцэрлэг сургуулиуд Цагдаагийн Ерөнхий Газартай эсхүл Хүний эрхийн байгууллагатай хамтраад хүүхдүүдийн эцэг эхчүүдэд цуврал сургалт өгөх нэн шаардлагатай байна.
Түүнчлэн хүчирхийллийг багасгахын тулд ард иргэдийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх хэрэгтэй. Боловсрол гэдэгт олон зүйл хамрагдах ба зөвхөн дипломоор тодорхойлогдохгүйг дурьдах нь зүйтэй.
Хүчирхийллийн эсрэг олон удаагийн сургалтыг эцэг эхчүүдэд зохион байгуулах хэрэгтэй. Асуудлыг зөөлөн аргаар шийдэхээс хүчирхийлсэн этгээдийг цаазлаад асуудал шийдэгдэхгүй харин ч далд хэлбэрт орж олон хүүхэд хохирно. Хүчирхийллийг хүчирхийллээр шийдэх нь зүйд нийцэхгүй.
Олон хүүхэд ээж аавдаа хаалганы цаана зодуулан, сэтгэл зүйн гэмтэл авдаг.
Аймшигтай хүчирхийлэл мэдрэн хаалганы цаанаас гарч ирж буй хүүхдийн төлөө , хаалганы цаанаас гарч ирээгүй /магадгүй гарч ирэхгүй /олон хүүхдийн төлөө соён гэгээрлийн ажлыг нийгмээрээ нийтээрэй хийх хэрэгтэй.
Сэтгэгдэл бичих