Монголд сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөнөөс хойш олон сэтгүүлч, уран бүтээлчид төрж нийгэм улс төрд нөлөөлөхүйц олон уран бүтээл туурвиж үлгэр жишээ болж ирсэн хүмүүсийн нэг бол яах аргагүй Лунтангийн Болормаа агсан юм. Тэрээр шинэ цагийн сэтгүүлзүйн салбарын шилдэг төлөөлөгч байлаа. Нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, уул уурхайн сэдвээр дагнан бичиж ирсэн бөгөөд Тhe Мongolian mining journal, үүсгэн байгуулагч гэдгээр нь мэдэхээс гадна түүний оновчтой, нийтлэлүүдийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Хэдийгээр эмэгтэй хүн ч гэсэн аливаа хэцүү бэрх саад бэрхшээлийг үл тоон Монголын сэтгүүлзүйн салбарт үнэнчээр зүтгэж байсан тэрбээр “Тоостой гуталтай явж байсан ч торгон мэдрэмжээ бүү алд” хэмээн мэргэжил нэгт дүү нартаа сургамжлан үлдээсэн “Би” хэмээх нийтлэлийн хэсгээс уншигчиддаа хүргэж байна.
БИ
Би гэж хэлэх хамгаас дургүй. Харин энэ богинохон гарчиг дор би гэж байн байн давтмаар байна. Би хэн юм бэ? Өөрийгөө илэрхийлэх гээд оролдоод үзье. Би өөрийгөө сайн мэдэхгүй. Бодож болгоож, өөрийгөө хянахдаа тааруу амьтан. Анхны сэтгэгдэл, нүдэнд торсон гоё сайхан болгонд татагдана. Бичиг цаасны ажилд ч ялгаагүй. Байн байн ноороглож заслаа гээд санаанд нийцэх нь ховор. Харин толгойд гялсхийсэн эхний санаа, анхны үг өгүүлбэр бүр гашилтал бодсоноос хавьгүй содон сэргэлэн шинэхэн, хурц хүчтэй байдаг юм.
Цэцгийн тухайд миний нэг төрөлх араншин юм болов уу. Ваар маань сарнайн дүрстэй. Үнсний сав, чихрийн тавиур, ханын цаас, цайны аяга, лааны суурь, орны хэрэглэл хаашаа л харна том ягаан, цагаан цэцгүүдтэй. Цэцгэн хээтэй даашинзанд дурладаг гэмтэй. Хөнгөн шаахайн цэмцгэр өсгий товших тоолонд даашинз минь яагаад ч юм дэрвэнэ. Дэрвээгүй ч байж магадгүй. Зүгээр л зүрх сэтгэл нэг тийм хонгор аялгуугаар дүүрч би хурдан хурдан алхах ямар дуртай гэж санана. Болж өгвөл нэг хоёр алхааны хооронд гүйж ч мэднэ. Гэхдээ олны нүднээс далдхан явахдаа л даа. Хүмүүс намайг ойлгохгүй байж болох шүү дээ.
Цэцэг дорхноо өнгөө орхихыг харж уйтгарлаж сууна. Харин дэлбээлж дэлгэрсэн цөөхөн өдрөө надад баяр бэлэглэж, би үүдэндээ гутлаа хааш яаш үлдээчихээд цэцэг хайсан харц дагаад гэртээ ороод ирнэ.
Дулаахан дотно миний гэр. Том гэгч шилэн саванд амьд цэцэг олон олноор байлгах би дуртай. Гэр минь амилж, зөөлөн бодлоор дүүрдэг. “Хонгор дулаан гэртээ” гэж нэг удаа бичсэнийг минь Энхмаа уншаад ойлгоогүй хэмээн ярьж билээ. Үгээр бүтэн илрэхийлэх боломжгүй нэг тийм амьсгалыг би мэдэрдэг. Түүнийг би орон гэртээ бий болгож, тийм болохоор төмөр замын тосгон дахь бяцхан цайж руугаа яаран яарна...
Би сараачаад их муухай бичнэ. Ар араасаа хөврөх шинэ санаанууд үзэг хөөж, үг урсч гарна. Копьютерийн товчлуурт бол цаг зав гарсан үед л хүрнэ. Яаралтай сурвалжлагыг хүртэл комвпьютер дээр шивдэггүй байлаа. Тэр дөрвөлжин хайрцаг амтыг нь аваал хаячих шиг санагдаад.
Тодхон гардаг сайн балаар цасан цагаан цаасыг цоохорлож, үзэж харсан, сонсч дуулсан эргэцүүлсэн бодсоноо шалавхан буулгах гэж адгана. Ийм үед минь элдвийн юм асуувал ууртай харц шидэж, утсаа тасалж ч мэднэ.
Эрхлэгчээ гэж дуудахад нь яагаад ч юм надад нэг гуниг төрдөг. Өглөө болгон хөшгөө шархийтэл нээхдээ хорвоогоос шинэ сонин хайж эхэлдэг шүү дээ. Сурвалжлан бичих ажлын гайхамшиг нь эрхлэгчийн том сандлаас хамаагүй амттай.
Аяга халуун кофе уучихаад дуу хураагч, үзэг бал, тэмдэглэлийн дэвтэр, зай, кассет, цүнх рүүгээ чихээд зогсдогийг охин минь сайн мэднэ. Ээжийнх нь танил дүр зураг. Үргэлж завгүй гэж хэлж явсаныг минь уучлаарай хонгор минь. Энэ өдөр ч гэсэн ээж нь сурвалжлагад явах санаатай байгааг харав уу.
Эрхлэгчийн алба, редакторлах учиртай овоорсон цааснуудаас зугтахад хэзээд бэлэн байдгийг минь ер мэдэх үү. Ээж нь ажилдаа явлаа. Нөгөө л замаараа...
Тиймээ энэ бол сэтгүүлч хүний амьдрал. Үг үсгийн хүчинд итгэж, үзэг цаас хоёроор гангарсан сэтгүүлчид та бүхэнд баярын мэнд хүргэе. Тоостой гуталтай явсан ч торгон мэдрэмжээ битгий алдаарай.
Лунтангийн Болормаа "Даашинзтай сурвалжлагууд"
Сэтгэгдэл бичих