Нийтлэл 05 сарын 05, 2019

THE BIG BOOKS OF LESS: Сошиал медиагийн дэглэм барь, хааяа бүр мацаг барь!

Сошиал медиагийн энэ их галзуурал ба үнэн, худал нь мэдэгдэхгүй хэт их мэдээ, сөрөг муухай мэдээллийн улмаас зарим хүмүүс, бүр философичид мэдээ, мэдээлэл бараг хэрэггүй гээд мэтгэлцээд эхэлжээ. Энэ тухай дэлгэрэнгүй пост оруулна гэж бичиж байсны дагуу The Big Books of Less номны товч агуулгыг орчуулан оруулж байна. Маш сонирхолтой өнцгөөр бичигдсэн ном байна. Англи, Голлонд, Австралийн гурван философичийн аргументийг энд өгүүлжээ.

Мэдээ, мэдээлэл бага байх тусам хүн цэцэн мэргэн шийдвэр гаргадаг гэж Английн философич Alain de Botton маргаж байна. Тэрбээр аль болох бага мэдээ үзэж, цөөхөн ном уншиж, бараг мэдээлэл гаднаас авахгүй байхыг та бидэнд зөвлөж байна. Харин оронд нь хуучны чанартай хэдэн номнуудаа дахин дахин унших ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл мэдээ, мэдээллийн тооноос илүү чанарт шилжих цаг болсон гэдгийг энэ санаагаараа батлахыг оролджээ. Орчин цагт мэдээ, мэдээлэл багагүй үнэ өртгөөр худалдаж авах (ухаалаг гар утас, интернэтийн төлбөр гэх мэт) тусмаа бид мэдлэггүйн ёроол руу живж байна. Асуудал, амьдрал дээрээ төвлөрөх бараг ямар ч боломжгүй болсон. Гар утсаа оролдохгүйгээр хүн хэдхэн минут байж чадахгүй эмгэгтэй болсон. Сошиал медиагийн статус, апдэйтээ харахгүй л бол амьдарч чадахгүй синдром туссан. Дэлхий ертөнц дээр болж буй үйл явдал болгоныг бид мэдэх ёстой юм шиг, мэддэг байх албатай юм шиг болоод удаж байна. Сошиал медиагийн ямар нэг "трэндээс" хоцорчихвол нийгмийн элэг доог болж буй мэт сэтгэгдэл төрж, өөрийгөө ч, дэлхийг ч ойлгохгүй бүх юмнаас хоцрогдож буй мэт мэдрэмж хүн бүрт төрдөг болжээ.

Иймээс хүн турахын тулд хоолны дэглэм, эрүүлжихийн тулд мацаг барьдаг шиг номны дэглэм, сошиал медиагийн мацаг барих ёстой гэнэ. Хэдэн зууны турш дамжигдан уншигдаж буй ном бол яах аргагүй шашны номнууд байна. Эдгээр ном сургаалд үнэн ба зөв, буян ба нүгэл, цэцэн ухаан, хүний зорилго, ёс суртахууны тухай өгүүлдэг. Гэтэл одоо хэвлэгдэн зарагдаж буй номнуудыг агуулгыг хараач гээд маргасан байна. Гэтэл 1250 оны Английн чинээлэг гэр бүлийн номны шүгээнд библи, мөргөлийн ном, санваартны түүхийн ном гэсэн гуравхан ном л байдаг байсан аж. Гэтэл одоо америкт коллеж төгсөхийн тулд оюутнууд дунджаар болсон болоогүй 800 ном уншдаг гэсэн статистик байна. Иймээс уншиж, сонсож, үзэж буй юмандаа шүүлтүүр тавьж цөөн мэдээллийн чанартай сувгаас мэдлэг авахын сацуу тэднийгээ дахин дахин давтаж уншиж, үзэхийг зөвлөсөн байх юм. Өөрөөр хэлбэл орчин цагт шинэ мэдээлэл хүлээж утсаа байнга ширтэн суухын оронд аль болох бага уншиж, үзэж, сонсох тусам та зөв шийдвэр гаргаж, тэр хэрээр цэцэн мэргэний туйл болно гэж байна шүү!

Голландын философич Coen Simon болохоор бид ихийг мэдэх тусмаа буруу зүйл хийчих вий гээд улам аймхай болоод байна гэж маргажээ. Бид бүх мэдээ, мэдээллийг аваад нягтлаад, дүгнэлт хийгээд шийдвэр гаргаад, ажил амьдралаа төлөвлөнө гэвэл энэ амьдрал биш гэнэ. Заримдаа бид өөрсдийн хатуу төлөвлөгөөндөө биш зүгээр л маргаашдаа итгэж, хором болгоноосоо таашаал авч амьдрах ёстой ажээ. Товчхондоо өөрийгөө олоогүй цагт, хүн дотроо байгаа өөрийнхөө "чөтгөр"-ийг суллаагүй цагт цаг үргэлж өөрийгөө хуурч явдаг. Ийм хүмүүс юу хүсч байгаагаа мэддэг ч үгүй, мэддэг нэг нь хүслээ биелүүлэх зориггүй, чадваргүй байдаг гээд аймаар дүгнэлт хийжээ.

Учир нь бодож тунгаах нь үйлдэл хийхээс үргэлж эрсдэл багатай байдаг аж. Бодит үйлдэл хийхийн тулд хүн энэ үйлдэлтэйгээ холбоотой бүх эрсдлийг өөрөө үүрэх болдог. Алдаа гаргахгүйн тулд ийм хүмүүс үйлдэл хийхээ больдог. Гэвч бодит үйлдэл хийж байж нь тухайн шийдэл зөв эсвэл буруу байсныг амьдрал дээр мэдэх боломжтой. Хэт их боддог хүмүүс эрсдлээс айдаг бэртэгчин амьтад гээд ер нь бол соёлтойгоор хэлжээ. Иймээс хэт их юм бодохоо болиод хааяа зүгээр л өөрийнхөөрөө байж сур гэнэ ээ. Нүүрэндээ өглөө болгон хэн нэгэнд таалагдах гэж баг зүүхээ больчихооч гэнэ ээ. Байгаагаараа байж, бусдад нээлттэй, өөрийгөө хуурахгүй байж тэр мөчүүдийг мэдэж аваач, амьдралаа ямар нэгэн барьцаагүйгээр мэдрээд нэг үзээч гэж байна шүү энэ голланд нөхөр.

Харин Австралийн философич Roman Krznaric энэ олон мэдээ, мэдээллийн намгаас гараад нэг зүйл дээрээ төвлөрч сурвал хүн төрөлхтөн бидний амьдрал тэр дороо хурдан сайжирна гэсэн байна. Асар их мэдээ, мэдээллийг ангилан ялгаж, технологи ашиглан ажил, амьдралын олон зүйлээ зэрэг зэрэг төлөвлөж, цахим ертөнцөд аль болох их ажлыг амжуулах гэж оролдох тусмаа та бүтэлгүйтнэ гэж маргажээ. Учир нь ингэх тусам тань руу ирэх, таны хүсэх мэдээ, мэдээлэл улам нэмэгдэж, физиологийн хувьд хүний бие энэ их датаг шингээж яагаад ч дийлэхгүй гэнэ.

Иймээс хүн ямар нэг зүйл дээр төвлөрч сурах ёстой аж. Үүний техник нь бясалгал гэж байна. Тийм ч учраас сүүлийн үед Mindfulness гэдэг үг моданд ороод байгаа ажээ. 280 тэмдэгтэнд багтдаг дэмий балай жиргээг твиттер дээр уншихын оронд хээр, ойд очоод цэнхэр шувуухайны бодит жиргээд сонсохыг зөвлөж байна.

Дүгнэвэл:

1. Үзэж, уншиж, сонсож буй контентдоо шүүлтүүр тавь. Дэмий балай сувгуудаа хааж мэдлэг гэдэг хоолны дэглэм барь, хааяа бүр мацаг барь.

2.Хааяа ч болов өөрийнхөөрөө байж сур. Хэн нэгэнд таалагдах гэж, олон лайк, шэйр цуглуулах гэж өөрийгөө бүү тамла. Цэцэн мэргэн царайлж битгий бусдад зааварла. Үүнийхээ оронд бодит үйлдэл хийж хэлж байгаа зүйлийнхээ эрсдлийг өөрөө нуруун дээрээ үүрч бусаддаа харуул чаддаг юм бол.

3. Үе үе бясалгал хийгээд, гадаад ертөнцөөс түр боловч тасраад зөвхөн өөрийгөө сонс. Ингэж чадвал та төвлөрч чадна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon