Нийтлэл 05 сарын 16, 2019

ЯПОН ХҮНИЙ ИНГЭЖ БҮТЭЭДЭГ: Өөрөөсөө бурууг эрэхэд сургах нь

Япон улсад ажиллаж амьдарч байгаа монгол ээжүүдийн Кактус клубээс энэ их гүрнийг бүтээдэг ёс зүйтэй, ажилч хичээнгүй, даруу төлөв ард түмнийг ээж аав нь хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг тухай өөрсдийн туршлага, ажиглалтаас үүдэлтэй энгийн түүхүүдийг цувралаар танилцуулж байна.  Энэ удаа ээж Д.Сарангэрэлийн “Өөрөөсөө бурууг эрэхэд сургах нь” хэмээх тэмдэглэлээс хүргэж байна. 

Сайн байцгаана уу. Дандаа бодож явдаг боловч хэлж бичиж байгаагүй сэдвүүд хөндөгдөж байгаад их баяртай байна.

Манайх 3 хүүтэй. Том хүүгээ 9 настай, дунд хүүгээ 3 нас 6 сартай , бага хүүгээ 4 сартай байхад нь Монголдоо нүүж ирсэн. Ирээд яг 2 жил болж байна. Японд том 2 хүүгээ 2 ойтой байхаас нь цэцэрлэгт өгч байсан юм байна. Монголд ирснээс хойших энэ 2 жил хоёр том  хүүгээсээ би өөрөө ч өмнө нь мэдэж ойлгож байгаагүй Монгол Японы хүмүүжлийн ялгааг их олж хардаг юм шиг санагддаг. Ингээд өөрөөсөө бурууг эрэхэд хэрхэн сургадаг тухай өөрийн ажигласан зүйлсээс бичье гэж бодлоо.

Оюутан байхдаа зуны амралтаараа Монголд ирээд байж байхдаа нэг хүнтэй уулзаж ярилцаж байхад тэр хүн маань Европт амьдарч байсан хүн байсан юм. Тэр хүнтэй ярьж байхад хэлж байсан үг нь одоо ч гэсэн ерөөсөө санаанаас гардаггүй юм.

“Манай монголчууд хүнээс уучлалт гуйж ерөөсөө чаддаггүй.Буруугаа хүлээдэггүй. Бусад хүн рүү буруугаа дандаа чихэж тайлбар хийдэг. Энэ нь багаас нь хүмүүжүүлж байгаа хүмүүжилтэй холбоотой гэж боддог. Жишээлбэл хүүхэд маань чулуунд бүдэрч унаад хөлөө шалбалбал манай монголчууд тэр чулууг буруутгаж -Миний хүүг хэн өвтгөсөн энэ чулуу юу? Энэ муу чулууг ээж нь аав нь зодоод өгье гэж хэлдэг. Харин европчууд бол -Энэ чулуунд чи өөрөө бүдэрч унасан. Чиний буруу. Чи болгоомжгүйгээсээ болоод бүдэрч унасан гэж хэлдэг. Хүүхдүүдээ багаас нь манайхан шиг ингэж хүмүүжүүлэхээр бусад хүмүүс рүү буруугаа чихэлгүй яахав”

гэж тэр хүн ярьж байсан юм. Японд байхад хүүхдүүдээ тоглуулаад цэцэрлэгт харж байхад япон ээж нар ч бас европчуудтай адил хүмүүжүүлдэг юм шиг санагдсан. Хүүхэд нь гүйж байгаад бүдэрч унах юм бол

Чи өөрөө унасан биз дээ. Уйлалгүй бос

гэж хүүхдээ загнаж байгаа ээж нарыг нэг бус удаа харж байсан юм байна. Би өөрөө ч бас хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлэх гэж оролддог.

Монголд ирсний дараа дунд хүүгийн маань явдаг цэцэрлэгт нэг өдөр корын вакцин хийлээ. Хүүгээ аваад хувцсыг нь өмсүүлээд зогсож байтал хүүгийн маань ангийн нэг охиныг ээж нь авч байлаа. Охин

- Тариа хийлгэсэн, аймар өвдсөн гээд ээждээ хэлж байна. Ээж нь

- Охиныг маань тэр муу эмч ёо ёо гэчихэв үү. Яадаг муу хүн бэ. Миний хөөрхөн охиныг өвтгөөд байна уу. Ээж нь ёстой зодоод өгье гэж байв. Би ч дотроо дээр бичсэн хүний хэлсэн үг санаанд орон орон бага зэрэг дургуй хүрээд гарч явтал манай хүү

- Ээжээ эмч чинь хүнийг өвтгөдөг муухай хүн юм уу тэ гэж асуухаар нь

- Эмч хүн хүүхдийг өвчин тусахаас хамгаалж өгч байгаа сайн хүн шүү гэж тайлбарлаж өглөө.

Би өөрөө тийм юм ярихгүй байсан ч хүү маань бусад том хүний үгийг шууд тусгаж авч байдгийг тэгэхэд мэдсэн юм.  Бид өөрсдөө хүүхдүүдээ өөрийнхөөрөө зөв хүмүүжүүлж байгаа гэж бодож байдаг ч хүүхдүүд маань бусад хүүхдийн эцэг эхийн хэлсэн үг үйлдлийг ч гэсэн сонсож харж байдаг юм билээ.  Манай ардын ухаанд ч  "өөрөө унасан хүүхэд уйлдаггүй" гэж хэлдэг.

Хүүхдээ бүдэрч унахад -Өө энэ муу чулуу бай чи гэж аргадах юм бол хүүхэд ирээдүйд бүдрэхдээ бусдаас буруу хайж, хэн нэгнийг бай чи гэх сонирхолтой болж төлөвшдөг бололтой. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon