Нийтлэл 05 сарын 17, 2019

Харуки Мүраками: Энэ зохиол реалист байх уу, үгүй юу гэдгийг эсвэл, түүх хэрхэн хөврөхийг би сонгодоггүй

Японы зохиолч Харүки Мүракамигийн Paris review сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

After the Quake номыг тань уншаад сюрреалист зохиолч хэрнээ зэгсэн сайн реалист роман бичсэнийг чинь хараад гайхлаа. Яг л Norwegian wood шиг. Таны бусад роман, тухайлбал, Hard-boiled Wonderland дээрхээс тэс өөр шүү дээ. Энэ хоёр чиглэлийн алийг нь та голлон барихыг зорьдог вэ? 
Hard-Boiled Wonderland бол миний бичлэгийн хэв маяг хамгийн тод туссан зохиол. Үнэндээ би реализмд дургүй. Гэвч Norwegian wood бол маргах юмгүй, зуун хувь реалист роман. Энэ хэв маягийг турших, өөрийн болгох хэрэг байсан. Тэгээд л тэр. 
Тэгэхээр After the Quake бичлэгийн хэв маягийн туршилт байв уу, эсвэл энэ зохиолыг реалист чиглэлээр хүргэвэл оновчтой гэж үзсэн үү? 
Сюрреалист аргаар дагнан бичихийн тулд би нэр алдрын оройд хүрч, тахин шүтэгдсэн зохиолч байх ёстой. Нэг ёсондоо алдах юмгүй гэж үзсэн хойноо эрсдэл гаргана гэсэн үг. Тийм учраас нэг талаар үүнийг туршилт гэж харж болно. Энэ ном Японд бестселлер болсон. Ингэхийг нь ч би мэдэж байсан. Norwegian wood уншихад, ойлгоход харьцангуй амар ном. Тийм болохоор маш олон хүнд хүрсэн. Миний бусад романыг сонирхож, эрж хайж уншихад ч бас нөлөөлсөн.

Norwegian wood Японд ч, Америкт ч бестселлер боллоо. Энэ хоёр орны уншигчдын сонголт, сэтгэлгээ нь адилхан байдаг юм болов уу?

Миний сүүлд гаргасан Kafka on the Shore Америкт гурван сая хувь борлогдоход би гайхсан. Энэ зохиолын өгүүлэмж нь хүнд, хөтлөөд явахад хэцүү. Гэхдээ миний зохиол амархан уншигддаг. Бичлэгийн ур талаасаа. Би гурав, дөрвөн жил болж байж нэг роман бичдэг. Тэгтэл хүмүүс намайг хүлээдэг болчихож. Заримдаа итгэмэрээгүй санагддаг. Жон Ирвинг надаас ярилцлага авч байх үедээ “Сайн зохиол яг л хар тамхи шиг донтуулдаг” гэж байсан. Нэг л автвал, салж чадахгүй. Ер нь би зохиолоо бичихдээ бусдын адил төлөвлөгөө гаргадаггүй. Өгүүлэмж өөрөө над дээр ирэхийг хүлээдэг. Энэ зохиол реалист байх уу, үгүй юу гэдгийг эсвэл, түүх хэрхэн хөврөхийг би сонгодоггүй. Зөвхөн хүлээдэг. Ирсэн тэр “юм”-ыг зураглан тодруулах, үйл явдлын хэлхээг шаглан оёох нь миний ажил. Оносон зүйрлэл, хөнгөн үг бол миний утас, зүү. Харин Norwegian wood-ийн хувьд арай өөр. Реалист зохиол бичье гэж анхнаасаа шийдсэн болохоор тэр.
Зохиолч болох хүсэл таньд хэзээ ирсэн юм бэ. Эсвэл анхнаасаа хувь заяа, хүсэл зорилго чинь зурагдчихсан байв уу?
Би суут ухаантан биш, аархуу амьтан ч биш. Хүмүүс бичсэн номыг минь уншихад дуртай тийм л хүн. Урьд нь би жазз клубт бартендер хийдэг байв. Түргэн хоолны газарт ч ажиллаж үзсэн. Зохиолч болох тухайд бол ямар ч бодол байсангүй. Гэтэл энэ бүхэн гэнэт л надад ирсэн. Яг л бурханаас өгч буй бэлэг шиг.
Тэгэхэд хэдтэй байсан юм. Зохиол бичиж эхэлсэн анхны өдрөө санадаг уу?
29 настай байлаа. Нэг орой, үүр цайхын өмнөхөн гал тогооны өрөөнийхөө ширээнд тухлаад бичиж эхэлсэн. Тэрийгээ дуусгахад арван сар зарцуулж, хэвлэлийн газар руу явуултал надад урамшуулал өгсөн. Мөрөөдөл шиг, би яг л чихэрний мөнгө халаасласан хүүхэд лугаа баярласан. Тэгээд бодлоо, “Би зохиолч болно. Ер нь яагаад болохгүй гэж” хэмээн. Ийм л энгийн түүхтэй дээ.
ХХ зуунд Японоос алдартай олон зохиолч төрөн гарсан. Тэдгээрээс таны хүндлэн биширдэг нь хэн бэ?
Багадаа, өсвөр насандаа ч би япон зохиолчдын бүтээлийг шальтай уншаагүй. Сонирхоо ч үгүй. Тайлбар нь жаахан олиггүй л дээ. Би харин ч энэ соёлоос зугатахыг, тэдний нөлөөнд автахгүй байхсан гэж хичээж ирсэн.
Аав чинь Японы уран зохиолын багш байсан нь үүнд нөлөөлсөн үү? 
Тийм байх талтай. Барууны соёл, Ф.И.Достоевский, Ф.Кафка, Р.Чандлер, жазз хөгжмийг би сонирхдог. Хүүхэд насны мөрөөдлөөр бол би Санкт-Петербург юм уу, Холливудад очиж амьдрах байлаа. Гэхдээ уран зохиолын агуу нь төсөөлөл чамайг хаана ч хүргэж чадна. Мөн одоо хүсвэл дэлхийн хаашаа ч саадгүй очиж болохоор болж. Харин 1960-аад оны үед хэн ч энэ тухай төсөөлж чадахгүй байсан. Тийм болохоор би очих боломжгүй улс, газар орон руу уран зохиолоор дамжуулан зочилсон.

Тэгвэл зохиол бичих хүсэл чинь харь, гэнэтийн биш л юм байна тийм үү? 
Тэр үед ямар нэг зохиол бичмээр санагдсан ч яаж бичихээ мэдэхгүй байсан. Японы уран зохиол ямар байдаг талаар юу ч үгүй. Тэгээд уншсаан, Японыг ч тэр, Америкийг ч тэр, бас барууны зохиолчдын номыг ч дэлгэсэн. Тэдгээрийн хэлбэр, бүтэц, ер нь миний уншсан бүх номны бүх юм нь надад таалагдаагүй. Эцэст нь, би өөрийн гэсэн хэв маяг бий болгох ёстойг ойлгосон.
Зохиолоо бичиж байх зуураа түгжээгээ тайлах гэж ч юм уу, зөвлөгөө авдаг хүн бий юү, Уран зохиолын хүрээнийхнээс дөлдөг гэж таны тухай хүмүүс хэлсэн?

Би их зожиг хүн. Утга зохиолынхны хүрээлэл, сургууль, уулзалт цуглаан ер бүгдэд нь би дургүй. Принцтонд байхад нэг удаа оройн зоогт уригдаж, тэгэхэд Жойс Карол Оатэс, Тони Моррисон нартай танилцсан. Бас Мэри Моррис байсан юм байна. Тухайн үед тэднээс эмээсэндээ би хоолоо ч тухтай идэж чадаагүй. Дараа нь найзууд болсон. Харин Японд надад нэг ч зохиолч найз, дотны хүн байхгүй. Би зүгээр л тэднээс зайтай байхыг хүсдэг.
Wind-Up bird Chronicle номоо та Америкт бичсэн. Ер нь газар орон өөрчлөгдөхөөр ялгаа гарах уу. Тав тухаас гадна бичлэгийн хийц талаас?
Америкт энэ номыг бичсэн дөрвөн жилд би хөндлөнгийн хүн гэдгээ мэдэрч байлаа. Энэ мэдрэмж яг л сүүдэр адил дагаж, тэр нь зохиолд ч нөлөө үзүүлсэн. Зохиол дууссаны дараа энийг хэрэв Японд бичсэн бол тэс өөр зохиол болох байж гэж бодсон үе бий. Гэхдээ сонирхолтой нь Америк дахь “хөндлөнгийн” мэдрэмж миний Японд мэдэрдгээс өөр. Wind-Up bird Chronicle-ийг бичих надад яг л олны өмнө нүцгэлж байгаа шиг жигтэй мэдрэмж төрүүлсэн.
Одоогийн Япон зохиолчдоос та хэнийг уншдаг вэ? 
 Рю Мураками, Банана Ёшимотогийн зохиолд дуртай. Гэхдээ элдэв шүүмж, дүгнэлт хэлэх дургүй. Миний ажил хорвоо ертөнцийг, хүмүүсийг ажиглах. Тэрнээс шүүх нь миний хэрэг биш. Аливааг, хэн нэгнийг дүгнэхээс би үргэлж татгалздаг. Мэдээж бидэнд шүүмжлэгчид хэрэгтэй, харин харааж зүхэгсэд огт нэмэргүй. Гэхдээ шүүмжлэх нь юутай ч миний ажил биш гэдгийг мэднэ.
Англи хэлээр уншсан анхны ном чинь юу вэ?
Росс МакДоналдын The Name is Archer. Эхний хуудсыг нь нээгээд л цаашид зогсож чадаагүй. Тэгэхэд би Л.Толстой, Ф.И.Достоевский, Р.Чандлерийг бас уншдаг байсан юм. Цөм ижилхэн зузаан мөртлөө ер уйдаахгүй, хөтлөөд л явчихна. Миний бичлэгийн хэлбэр Достоевский, Рэймонд хоёрыг нийлүүлээд, дундаас төрсөнтэй нь ижилхэн байгаасай гэж би одоо боддог. Тэднээс авсан юм гэвэл энэ.

Кафкаг анх хэдтэйдээ уншиж байв?
15 настайдаа. Эхлээд The Castle дараа нь The Trial-ийг уншсан. Хоёулаа надад гайхалтай санагдсан.
Сонирхолтой юм. Энэ хоёр зохиол бүрэн бичигдэж дуусаагүй учраас тайлал нь байдаггүй. Таны сүүлд бичсэн The Wind-Up bird Chronicle яг ийм. Үүнийг Кафкагийн нөлөө гэчихвэл дэгсдүүлсэн хэрэг болох уу?
Яг ч тийм биш. Та Рэймонд Чандлерийг уншиж байсан байх. Түүний зохиолд дүгнэлт, тайлал байдаггүй. “Тэр алуурчин. Гэхдээ миний хувьд хэн аллага үйлдсэн нь чухал биш”. Тэр таны асуултад ингэж хариулах байсан байх. Би ч мөн адил. Дүгнэлт, тайлал надад онц чухал бишийн дээр миний зохиол бичигдэж дуусаад, угтаа яг юу болж төгссөнийг уншигчтай адилаар би ч бас мэдэхгүй. Бусдын номыг уншихдаа ч гэсэн би төгсгөлд ач холбогдол өгдөггүй. “Кармазовын хөвгүүд”-ийн алуурчин хэн байсан нь надад хамаагүй гээд л сүүлчийн хуудсыг нь хааж байлаа.
Зохиол бичиж байх үед үйл явдал таны хяналтаас гарчихвал яадаг вэ?

Зохиол бичихийн сайхан нь сэрүүндээ ч зүүдэлж болдогт байна. Хэрэв энэ жинхэнэ зүүд бол хянаж чадахгүй. Харин зохиол бичиж байгаа тохиолдолд чи унтаа биш сэрүүн учраас цаг хугацаанаас эхлээд бүхнийг сонгож болно. Би өглөө босоод таваас зургаан цаг зохиолоо бичээд зогсдог. Маргааш нь үргэлжлүүлнэ. Хэрэв энэ жинхэнэ зүүд бол ингэж яахин чадах билээ.
Таны ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ?
Роман эхлүүлсэн бол би өглөө бүр дөрвөн цагт босоод ажилдаа ордог. Үд хүртэл ажиллаад, би арван км гүйх юм уу, усанд сэлнэ. Дараа нь хөгжим сонсонгоо бага зэрэг ном шагайж байтал оройны есөн цаг болж, унтахаар хэвтэнэ. Ямар ч сонголтгүйгээр энэ өдөр бүр давтагдана. Сүүлдээ дадал болж, ямар нэг зүйлд сатаарахгүй, төвлөрөхөд тусладаг. Оюун санаа болон биеэ нэг зэрэг хянахад гэх үү дээ.
Зохиолын дүрүүд тань өдөр бүр уулздаг бодит хүмүүсээс хэр өөр вэ. Тэднийг яаж сонгож, дүрслэн ургуулдаг юм бэ?
Би ярьдаг биш, сонсдог хүн. Хүмүүсийн түүхийг сонсохдоо үлгэр яриулж буй мэт тааламжтай байдаг. Хэн байх нь надад чухал биш, тэд юу мэдэрч байна, түүх хаашаа эргэж байгаад анхаарлаа хандуулна. Би зохиолын дүрүүдээ бодит хүмүүсээс сонгодог. Харин зохиол дээр баатрууд маань бодитоос ч бодит санаддаг юм. Учир нь зохиол бичих бүтэн жилийн турш тэд миний дотор амьдарцгаасан болохоор тэр.
Зохиолын чинь гол дүрүүд өгүүлэмжийн хийсвэр ертөнцөд таны өөрийн үзэл бодлоор аливаад ханддаг шиг санагддаг. Мөрөөдөл доторх мөрөөдөгч гэх үү дээ. Энэ талаар юу гэх вэ?
Ингээд нэг бодоод үз. Би ихрийн өрөөсөн. Намайг хоёр настай байхад нөгөө ихрийг маань хулгайлсан. Тэр цагаас хойш бид ер уулзаагүй. Миний зохиолуудын гол дүр тэр гэж би бодно. Миний нэг хэсэг мөртлөө, яг ч би биш. Бидний ДНХ адилхан хэрнээ өссөн орчин өөр. Ийм болохоор үзэл бодол, аливаад хандах хандлага ч адил биш. Зохиол бичих бүртээ би хөлөө өөр гутланд хийдэг. Яагаад гэвэл би заримдаа би байхаас залхдаг. Харин энэ бол миний өөрөөсөө зугатаж буй нэг хэлбэр. Энэ зүгээр л төсөөлөл л дөө. Хэрэв чамд ургуулан бодох чадвар байхгүй бол зохиол бичихийн хэрэг юу байх вэ дээ.
Таны номууд явцын дунд зузаараад л байх юм. Сүүлдээ бүр гурван боть боллоо. Энд ямар нэг тайлбар бий юү? 
Миний эхний хоёр ном Японы уран зохиолын уламжлалт хэлбэрийг эвдэх зорилготой байсан. Би зөвхөн гаднах хүрээг нь үлдээгээд, доторх бүхнийг нь шидлэн хаяхыг зорьсон. Дараа нь тэр хүрээн дотор шинэ бөгөөд өөр зүйл оруулах гэж хичээсэн юм. 1982 онд гарсан миний гурав дахь ном Wild Sheep Chase-ээс эхлээд энэ бүхэн амжилттай хэрэгжиж, би өөрийн хэв маягийг олж авсан. Тэрнээс хойш таны хэлсэнчлэн миний номууд улам л зузаараад, өгүүлэмж нь ярвигтай болж байна. Шинэ зохиол эхлэх болгондоо би өмнөх зохиолын бүтцийг тэр чигт нь устгаад, цоо шинийг туршихыг оролддог. Ийн шинэчлэх тоолонд бичлэгийн хэлбэр, дүрүүдийн нөхцөлийг өөрчлөх болно. Хэрэв ингэхгүй бол би ч уйдна, уншигч ч уйдна.
Та орчуулагчидтайгаа хэрхэн харилцдаг вэ. Орчуулгын явцад та тэдэнтэй харилцаж, холбоотой байдаг уу? 
Орчуулга эхэлмэгц тэд надаас маш ихийг асуудаг. Харин эхний хар ноорог гармагц нь би уншдаг. Номын англи эх чухал. Яагаад гэвэл Хорват, Словени зэрэг жижиг орны орчуулагчид япон эхээс нь биш, англиас нь өөрийн хэл рүү орчуулдаг. Тэгэхээр бүх юм жин тан байх ёстой.
Та Карвер, Фицжеральд, Ирвингийн номуудыг япон хэл рүү орчуулж байсан. Уншигчийн хувиар үнэн голоос дурласандаа ингэсэн үү, эсвэл таны зохиол бичихэд тус дэм болох талаас уу?
Надад ямар нэг талаар өгөөжтэй номуудыг би орчуулдаг. Дээрх реалист зохиолчдоос би олон зүйл сурсан. Орчуулах явцад уншигчийн байрнаас хэдийнэ хальж, бичлэгийн арга техникийг нь мэдэх бололцоотой. Хэрэв би Дон ДеЛилло, Жон Барт, Томас Пинчон зэрэг пост-модерн зохиолчдыг орчуулбал миний хэв маяг задрах учраас “аюултай” Тэдний ажлууд надад таалагддаг ч, орчуулах сонголтоо би реалистуудаас хайдаг.
Жазз хөгжмийн урсгал таны зохиолын салшгүй нэг хэсэг нь болж. Жаззд та тийм дуртай юм уу?
13 настайгаасаа эхлээд л би жазз сонссон. Үг, аялгуу, хэмнэл гээд бүхэн нь их чухал нөлөөтэй. Ялангуяа надад. Блюз сонсогоо зохиолоо бичих дадалтай. Уг нь би хөгжимчин болно гэж боддог байсан ч, авъяасгүйн улмаас уран зохиол руу орсон. Гэвч ном бичих нь хөгжим тоглохтой төстэй. Жазз миний хувьд аялал, оюун санааны аялал. Зохиол бичихтэй адилаар би хөвж оддог. Жазз уран бүтээлчдээс би Стэн Гетз, Гэрри Муллиганд дуртай. Аа бас, Майлэс Дэвис, Чарли Паркерийг хэлэх хэрэгтэй. Хэрэв чи надаас хэнийг хамгийн их сонссон бэ гэвэл би Майлэсийг хэлнэ. Тэр бүтээгч, шинэ санаа гаргагч.

А.Балжинням

 

Сэтгэгдэл бичих

arrow icon