Хотын даргын төрсөн ахын компаний хяргасан бургасны асуудлын талаар хот даяараа, улс даяараа нэг хэсэг шуугисан. Хэнэггүй монгол зангийн гороор хэдэн сарын дараа энэ асуудал аяндаа замхран мартагдаад эхлүүлсэн бүтээн байгуулалт нь үргэлжлэн дуусаж, харин нөгөө сүржин нийгмийн шуугиан аяндаа замхарна буй. Харин Хятадууд бол бидэн шиг хий хоосон сүржигнэхгүй. Шууд шийдэмгий арга арга хэмжээ авдаг л даа.
Хэдэн жилийн өмнө Хөх мөрнийхөө өмнө хөвөөнд зөвшөөрөлгүй баригдсан 300 ширхэг дээд зэрэглэлийн хувийн хаусыг төдий тооны булдозероор түрэн газрын хөрстэй тэгшилж байгаагаа Төв телевизээрээ үзүүлж байсныг та нөхдийн зарим нь харсан.
Дархан цаазат энэ тэр гэсэн элдэв гуншингүй хуурай нүцгэн хад сайр голлосон Даланхар уулыг Хятадууд яаж арчилж тордож байгааг тэрүүгээр зорчих тоолонд харах зуур гүн атаархал төрдөгийг нуух юун. Гэтэл Ван ханы зарлигаар дархласан гэгддэг дэлхийн анхны Дархан цаазат газар болох Богд ууландаа бид ямар цэвдэг хүйтэн сэтгэлээр хандаж байгаа билээ дээ.
Бид зөвхөн үзэгдэх өнгөн талаас ханддаг нь монголчууд бидний том гэм дутагдал гэлтэй. Кувейтийн ам хэмээн манайхны нэрлэдэг болсон Богд уулын өвөр хэсэгт төр засаг, Улаанбаатар хотын захиргаа анхаарахгүй бол бүр ч нүд халтирам дүр төрх үүсэх байдал нэгэнт үүсээд эхэлсэн байна
шүү. Хэдэн арав, зуугаар хэмжигдэх асар том газруудыг хувь хүн компаниудад олгосны дагуу тийм хэмжээний том том хашаануудыг зайгүй бөөр нийлүүлэн хатгажээ. Бөөр нийлүүлэн гэдэг нь дундуур нь ямар ч зайгүй, шороон зам, түргэний гол дээгүүр хүртэл дамнуулаад хашаа барьсаныг хэлж байгаа юм.
Тэнд уг нь их цэгцтэй хэдэн аятайхан амины сууцны бичил хорооллууд үүсэх янзтай байсныг тэр муухай өнгө үзэмжгүй хашаанууд сүрийг нь дараад эхлэжээ. Мэдээжийн хэрэг нэг айл, компанид тийм том талбай хэрэггүй л дээ. Гол нь тэнд амины сууцны хорооллууд барих зорилгоор газар олгосон байж таарна.
Ер нь намууд засгийн эрх авах тоолондоо газар олгоно гэж хот төлөвлөлтийн ямар ч үндэслэлгүй бантан хутгуулдагийг болих хэрэгтэй байна.
Энэ байдлыг эртхэн засаж цэгцлэхгүй бол Зайсанд үүссэн замбараагүй байдлын маш муухан хувилбар тэнд үүсэхэд тун ойрхон болоод байна шүү.
Цөөн тооны амины сууцны боссон хорооллуудын хогийг зөөдөг компаний машинууд ердөө 50-300 метр холхон очоод зөөж буй хогоо шууд жалганд асгачихсан дүр зураг нүдэнд тусна. Хэрвээ одоо хашсан хашаа болгоны тоогоор хотхон босоод хогоо ийм "хялбар маягаар" шийдээд эхлэвэл тэнд жинхэнэ экологийн сүйрэл үүсэж мэдэхээр байна.
За цаашлаад ямар ч цэвэрлэх байгууламж байхгүй тэр газрын бохирыг зөөдөг машинууд ойр хавийн гол горхинд ийм залхуу шийдлээ хэрэгжүүлээд эхлэвэл гээд бодохоор дотор муухай оргих шиг. Ер нь ч тэгж л шийдэх төлөв байдлыг таамаглах бараг хэрэггүй буй за.
Амины сууцны хороолол байгуулж болно оо. Бололгүй яахав. Америкт энэ асуудлыг хэрхэн шийддэг гэхээр, эхлээд стандартын дагуу замыг нь тавиад өгчихдөг. Тэгээд бичил хорооллуудын дунд хог бохирын асуудлыг шийдэх төвлөрсөн бичил систем байгуулсан нь анзаарагддаг л даа. Цаашлаад байгаль орчны үзэмжийг эвдэхгүй. Баригдах байшингийн зураг, бичил төлөвлөлт энэ тэр гээд нарийн ширийн зүйл олон байдаг байж таарна. Манайд хашаа хатгах, эрүүл хөрсөнд хаймран дугуй шааж орхих гээд эвгүй муухай жишгийг эвдэх хэрэгтэй байна.
Энэ мэт гундуу бодол тээсээр Төв аймгийн Зуун мод хот руу явж ортол төв гудамжны нэрийн пайзан дээр "Жилингийн гудамж" гэсэн үг үсгийг томоор бичсэн байх юм. Цаашаа явбал "Хайлаарын гудамж", "Мүгдэнгийн гудамж" гээд үргэлжлэх юм биш байгаа гэж бодохоор инээд ч хүрмээр, уур ч хүрмээр болох шиг. Марко Поло, Ататюрк, Хошиминь........гээд залуу үеийнхэн тэр болгон мэдэхгүй гадаад хөшөөнүүдийн үргэлжлэл энэ мэт гудамж талбайн нэр рүү яваад оров бололтой.
Сэтгэгдэл бичих