Нийтлэл 05 сарын 31, 2019

Хүүхэд бүхэн инээж байг

Маргааш хүүхэд бүр баярлах эрхтэй. Тэдний шинэхэн гоёлоо өмсөж, дуртай бэлгээ авахуулж, инээж хөөрч, дуулж бүжиглэж  хамгийн жаргалтай байдаг өдөр бол яах аргагүй зургаадугаар сарын нэгэн. Тэгвэл тэдгээр бяцхан хүүхдүүд юу хүсэж, юуг мөрөөдөж, хүүхдийн баярын өдөр томчуудаас ямар бэлэг хүсдэг тухай тодруулахаар энэхүү  сурвалжлагаа бэлтгэлээ. 

Хүүхдүүд аз жаргалыг юу гэж тодорхойлдог вэ?

Б.Ирээдүй 7 настай: Аз жаргал бол аав ээжтэйгээ хамт тансаглах. Миний хамгийн дуртай зүйл бол Парк дээр ханатлаа тоглох. Парк дээр тоглохоор очиход аав ээж хүссэн бүгдийг авч өгдөг.

Л.Уянга 6 настай : Аз жаргал бол ээжтэйгээ хамт байх. Ээжтэйгээ байхаар би огт айдаггүй. Бас би хүссэн зүйлсээ авч ээжээрээ авхуулдаг.

Ө.Билэгсайхан 12 настай : Аз жаргал бол гэр бүлээрээ аялах Өнгөрсөн жил манай гэрийнхэн зуны нэг сар маш олон аймгуудаар аялсан. Тэр үед хамгийн их жаргалтай байсан. 

 Хүүхдүүд томчуудын тухай

Намуун 10 настай: Том хүмүүс заримдаа их ойлгомжгүй. Нэг бол утсаар хүүхэлдэй үзээд чимээгүй суу гэнэ. Нэг бол утас оролдохоо боль гэж загнадаг.

Н.Булган 8 настай: Том хүмүүс буцаад хүүхэд болохсон гэж ярьдаг ч би том хүн болохсон гэж хүсдэг.

Ш.Энхүүлээ  6 настай: Аав маань надтай цуг хүүхэлдэй үздэг. Бас цуг дугуй унадаг. Тэгэхээр томчууд бас тоглох дуртай байх.

Хүүхдүүд зургадугаар сарын нэгнийг юу гэж боддог?

Б.Заяа 6 настай: Хүүхдийн баяр болдог. Энэ өдөр хүүхэд бүр гоё хувцасаа өмсөөд зугаалдаг.

Хүүхдүүдийн мэдэх хамгийн чухал дүрэм бол замын хөдөлгөөний дүрэм

 Хүүхдүүд ажил мэргэжлийн тухай

М.Сарангэрэл 13 настай : Би эмч болохыг хүсдэг. Эмч мэргэжилтэй болвол гэр бүл маань өвчин зовлонгоос айх зүйлгүй амьдрах болохоор.

Чингүүн 8 настай: Би том болоод бүх юмны эмч болохыг хүсдэг.

 Хүүхдүүд томчуудаас юу хүсдэг вэ?

Ж.Саруул 7 настай : Аав маань надад жил бүр үлгэрийн ном бэлэглэдэг. Энэ жил ч бас бэлэглэсэн. Миний хувьд хамгийн гоё бэлэг ааваасаа авсан бэлэг. 

Х.Туул  9 настай : Манай ах театрийн жүжигчин. Тэгээд жил бүр надад олон гоё хүүхдийн жүжиг үзүүлдэг. Энэ бол хамгийн гоё бэлэг. Би жүжиг үзэж ирээд гэрийнхэндээ жүжиг тоглож үзүүлдэг. 

Л.Номин 8 настай: Би аав ээжтэйгээ паркад тоглох хамгийн гоё тэгээд бас миний хамгийн дуртай Haribo чихэртэй бэлэг авбал би их баярладаг. 

З.Анкар 6 настай : Би ээжийнхээ авдаг шиг том том олон ширхэгтэй сарнай бэлгэнд авахыг хүсэж байна. 

Б.Номин 6 настай : Гүнжийн хувцас авбал гоё.  Надад одоо гурван гүнжийн хувцас байгаа.  Би сургуульд орсон болохоор үргэлж гүнжийн хувцас өмсөж чадахгүй болсон. Өдөр болгон хичээлийн хувцасаа өмсөж явдаг. Гэхдээ би гүнжийн хувцасандаа илүү дуртай. 

С.Хүслэн 9 настай : Том хайрцагтай бэлэг хамгийн гоё. Дотор нь зөндөө олон тоглоом амттан байх хэрэгтэй. 

Ц.Намуун 4 настай : Зөндөө олон зайрмагтай бэлэг гоё. Би шоколадтай зайрмагт илүү дуртай.  

Ө.Өсөхжаргал 5 настай : Том ууттай, уут нь үлгэрийн баатрын зурагтай бэлэг гоё.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon