Нийтлэл 06 сарын 02, 2019

ТӨӨРӨГДӨЛ: Хотын хөгжил өндөр барилга биш

Энэ тэмдэглэлээ 1800-аад оны үед Америк Канадын хил дээр болсон нэгэн болсон явдлаар эхлэе гэж бодлоо. Тэр үед хоёр орны хил хязгаар, харуул манаа гэж нэг их айхтар юм байдаггүй байж л дээ. Ер нь ч манай орон өнгөрсөн зууны эхээр Орос Хятад хоёр улстай нэг тиймэрхүү л байдалтай байсан гэдгийг одоогийн залуучууд тэр болгон мэдэхгүй байх аа. За энэ ч яахав. Үндсэн яриа руугаа оръё.

Тэр цагт нэг тархи нь ажилладаг сэргэлэн архичин байж л дээ. Тухайн үед архи маш хямдхан. Арван центээр хангалттай сайхан архидаж болдог байжээ. Хаа газрын архичид мөнгөөр гуцуухан байдаг нь жам хойно. Мань эр ч хармаа халаас хоосонгуудын нэг байж таарна. Гэвч ганц мөнгөний гарлагагүй гурван жилийн турш вискидсэн гэнэ шүү. Та бүхэн яагаад хэмээн гайхаж байж мэдэх юм. Тэр үед хоёр орон бие биесийнхээ мөнгөний ханшийг хүлээн зөвшөөрдөггүй. Манай ерэн цент танай нэг доллартай тэнцэнэ гэлцдэг байжээ. Тэр сиймхий дээр мань эр тоглосон байгаа юм. Өнөөдөр Канадад нэг доллар өгөөд арван центийн архи авч уучихаад хариултыг нь Америк доллараар авчихна. Маргааш нь Америкийн хил рүү явж ороод яг тэр маягаараа архи уух боловч хариултыг нь бас л Канад доллараар авчихдаг байжээ. Ингэхээр өөрөөс ганц мөнгөний гарлагагүй атлаа гурван жил сайхан архидчихсан аж.

Ганц энэ жишээ гэлтгүй орчлонгийн амьтад мунхагийн харанхуйд төөрөлдөж явдаг хэмээн Бурханы сургаалд айлдсан байдаг шүү дээ. Бид хэдийгээр осолгүй нүдээрээ аливааг хараад байгаа боловч төөрөгдсөөр байдгийн жишээ гэвэл түм бумаараа байдаг.

Зам

 Европ Америк хоёрт нэг ижил зүйл байгаа нь зам тээвэр үнэхээр гайхалтай хөгжжээ. Би сүүлийн үед хөгжлийг ерөөсөө л зам тээвэр хэрхин хөгжсөнөөр нь харах ёстой юм байна гэж боддог болсон. Хятадууд том замтай бол том баяжна. Бага замтай бол бага хөгжинө. Замгүй бол модоо барина гэж ярьдаг л даа. Манайд ч гэсэн замыг нэг муухан тавиад байна аа. Урьдынхтай харьцуулбал. Гэхдээ хөгжингүй орнуудын замыг харж байхад ямар чанартай яаж тавих вэ? Тэр нь улс орны эдийн засгийн потенциалтай хэрхин уялдах вэ гээд том шинжлэх ухаан болчихсон байх юм. Юуны өмнө дэлхийн хаана ч явж байсан зуны дэлгэр цагт манайх шиг зам засварын ажил гээд шороо тоос манаргадаг газар огт алга. Энэ нь тавьсан замын чанартай холбоотой асуудал байж таарна. Дараа нь хаашаа яаж тавих вэ гэдэг асуудал гарч ирнэ ээ дээ. Дэлхийн анхны хурдны замыг Герман улс Бонн Кёльн хоёр хотын хооронд тавьсан гэдэг. Одоо Герман улс 12 000 км хурдны замтай. Замын уртаар бол нэг их айхтар дээгүүрт тооцогдохоо больсон. Гэхдээ Герман замын нэг онцлог нь дөчин метр өргөнтэй. Замын тоноглол, арчилгаагаар өнөө хэр дэлхийд тэргүүлдэг хэвээрээ ажээ. Замын уртын тухайд гэвэл мэдээжийн хэрэг америк орох байлгүй дээ. Хятад улс хурдны замын бүтээн байгуулалтаар дэлхийд тэргүүлж таарна. Одоогийн байдлаар 110 мянган км хурдны зам тавьчихаад байна. 2030 он гэхэд дахин шинээр 180 мянган км замыг тавьсанаар энэ том улс орныг хурдны замын сүлжээгээр бүрэн холбож гүйцэх ажээ. Үүнд асар их мөнгө зарцуулагдаж байгаа нь тодорхой. Харин тэр бүхнийг бүтээж буй болгосны дараа түүнд зарцуулагдаж байсан асар их мөнгөний урсгалыг байгаль хамгаалал, хүрээлэн буй орчны нөхөн сэргээлт рүү оруулах нь бараг л тодорхой байж таарна. Ер нь ч тэгдэг нь дэлхий нийтийн хөгжлийн жам болсон байна.

Замын бүтээн байгуулалт өндөр хөгжилтэй улсуудад ДНБ-ний тодорхой хувь хэмжээгээр баригддаг юм байна. Тухайлбал АНУ- л гэхэд ДНБ-ний 1,9 хувийг зам тээврийн бүтээн байгуулалтад зарцуулна гээд хуульчилчихсан байдаг бол хятадад энэ харьцаа нэлээд дээхэн 0,9 хувь байдаг тухай би уншиж байсан юм. Гэтэл манайх энэ тал дээр ямархуу хувь хэмжээтэй байдгийг ёстой Бурхан л мэдэх байх даа. Дээр нь замын стандарт гэж нэг том асуудал бий. Манайд тэр нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу? Байдаг байлаа гэхэд бүр социализмын үеийн бүдүүлэг зүйл байдаг байх. Би хориод жилийн өмнө авто замын газрын нэг даргад орчуулга хийж байхад хятадын замын компаний төлөөлөгчөөс:

“Нэг км зам тавихад ямар үнэтэй байдаг вэ?” гэж асууж билээ?

Хятадын төлөөлөгч хариуд нь: “Замын суурийн үнэлгээ орох уу?” гээд асуусан чинь нөгөө том дарга чинь ойлгохоо байчихсан. Зам тавихад ямар суурь хэрэгтэй юм бэ? Ямар барилга барих гэж байгаа биш гэж хөглөж байсан санагдана. Одоогийн тавьж байгаа замыг харахад бараг л тэр үеийн ойлголттойгоо зууралдсан хэвээрээ байна уу гэлтэй. Сайхан нимгэхэн маслодоод л байх шиг харагддаг. Гэтэл гадаадынхан зам тавьж байгааг харахад жинхэнэ барилгын суурь цутгаж байгаагаас өөрцгүй байдаг шүү дээ. 

Одоо бас 21 аймгийг авто замаар холбоно гээд хөөрцөглөөд л байх юм. Хөдөөний зам хотоос хоёр дахин доогуур чанартай байх нь бараг л тодорхой болов уу? Налайх Тэрэлжийн замыг шинэчилж байна гээд энэ зун хажуугаар нь бараг арваад шороон зам үүсээд баахан тоос тортог дэгдээж байна лээ. Харахад турь муутай нимгэхэн юм харагдаж байсан. Зам тээврийн сайд эдгээр барьсан замуудаа арчлах асар их хэмжээний мөнгийг улсын төсөвт суулгах тухай юм ярьж байна лээ. Дээр нь манай дарга нарын амнаас үндэсний компаниудаа ажилтай байлгахын үүднээс чанаргүй ч гэсэн өөрсдөө тавьж байх хэрэгтэй гэсэн марзан үг хэлж байгаа харагддаг. Энэ жил болгоны зам засварын асар их мөнгөөр адаглаад УБ- хотыг тэр аяар нь бүрхсэн дээд зэргийн хурдны зам тавьчих боломжийг алдаж байх шиг санагддаг. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр 21 аймгийг чанар муутай замаар холбоно тэрийгээ жил болгон засна гэж байснаас засаг захиргааныхаа хуваарийг эхлээд шинэчлээд тогтчих хэрэгтэй юм. Манайх шиг жижиг улсад 21 аймаг байх хэрэгтэй ч юм уу, үгүй ч үү? Ерөөсөө баруун, зүүн, хойд, өмнөд, төв гэсэн таван аймагтай байж болно. Тэрийгээ Чингис, Сүхбаатар, Чойбалсан гэнэ үү? Эсвэл бүр хуучнаараа Сэцэн Хан, Сайн Ноён Хан гэх мэтээр юу ч гэж нэрлэсэн яах вэ. Түүнийг нутгийн ардууд мэдэх хэрэг. Тэгээд энэ тавыгаа дээд зэргийн хурдны замаар холбохсон. Заавал жилдээ 2000-3000 км зам тавья гэхгүй түүний оронд хамгийн чухал чиглэлд 200-300 км хурдны зам тавиад байж болох биш үү? Замын Үүдийн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтад 100 гаруй тэрбум төсөвлөөд үрэн таран хийсэн гэж дуулдсан. Тэр их мөнгөөр нүдэнд харагдах ганц зүйл нь нэг том хашаа, захиргааны 2 давхар барилга л байдаг шүү дээ. Түүний оронд тэр их мөнгөөр хурдны зам барьчихсан бол хичнээн сайхан байхав.

Манай хүмүүсийн бас л цөөнгүй хэсэг нь өндөр хөгжилтэй орны зам тээврийн хөгжилтийг хараагүй учраас одоогийн байгаа байдалдаа их дассан байдал харагддаг л даа. Би дээр өгүүлсэн баахан зүйлсийг тоочдог нь бид нар дэлхийн жишгээр хөгжих гээд байгаа юм бол дэлхийн жишигт нийцсэн замтай болъё. Тэгэхийн тулд замын стандартыг хатуу чанд тогтоож, тэр хэрээр 20-50 жилийн настай сайн зам тавья. Тийм зам тавих чиглэлээ сайхан тогтчихъё. Өөрсдөө сайн зам тавьж үнэхээр болдоггүй юм бол хятад, солонгосуудаар тавиулъя гэж хэлэх гээд байна. Би хятадын төвийн телевизээр хятадууд өөрсдийн хилээс Кабул хүртэл сайн чанарын зам тусламжаар тавьж өгөхөд нь Талибанчууд ганц удаа тэдэн рүү дайрч айлгаагүй тухай үзээд бараг л уйлах шахаж билээ. Жинхэнэ эх оронч үзэл гэдэг тиймэрхүү зүйл дээр илрэн гардаг ажээ. Тэр харгис хэрцгийгээрээ алдартай Талибанчууд хүртэл улс орны хөгжилд зам хичнээн чухлыг ойлгосон байна шүү дээ. Бид замын бүтээн байгуулалт дээр жаахан бодлого, алсын хараатай байхгүй бол байгаа жаахан байгалийн баялгийн мөнгө маань чанаргүй зам, жил болгоны засвар гэсэн ёроолгүй хар нүх рүү уначих гээд байгаа нь илт харагдаад байгаа болохоор энэ бичлэгийг тэрлэлээ. Тэгээд хөндлөн босоо тэнхлэгийн сайн чанарын замтай болчих юм бол арай өөр тулхтай зүйлийг барьж байгуулж болно оо доо.

Эрчим хүч

Германд ажигласан өөр нэг гайхалтай зүйл бол нийт нутаг дэвсгэр даяараа 5-10 км зайтай өндөр өндөр салхин сэнсийг байрлуулсан нь улс орныхоо цахилгаан эрчим хүчний 20-30 хувийг хангадаг болсон байна. Испанид салхин сэнс нийт эрчим хүчний хэрэглээний 50 хүртэл хувийг үйлдвэрлэдэг болсон тухай тэнд байхдаа уншиж байлаа. Манайх хэрвээ салхин сэнснүүдийг Герман шиг улс орныхоо өнцөг булан бүрт суурилуулж чадвал жинхэнэ ногоон эрчим хүчний томоохон тоглогч болох боломжтой санагддаг. Яагаад гэвэл Хятад гэж асар том эрчим хүчний бэлээхэн хэрэглэгч байна. Бас хятадад цахилгаан сэнсний үйлдвэрлэл илүүдэлтэй байгааг наашаа оруулж ирээд суурилуулчихъя гэвэл тэд дуртай зөвшөөрнө. Социалист тогтолцооны ачаар улс орноо үндсэндээ өндөр хүчидлийн шугамаар бүрэн холбож чадсан болохоор үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ дамжуулах тал дээр санаа зоволтгүй гэсэн үг.

Ой мод

Түүнээс гадна, Германд бол ой модыг өсгөн үржүүлж байгаа нь нэг талаар газар тариалангийн хэв шинж рүү илүү дөхүү болчихсон мэт санагдлаа. Өөрөөр хэлбэл ойг тариалдаг, арчилж ургуулаад тодорхой хугацааны дараа тайрч эдийн засгийн эргэлтэнд оруулахын зэрэгцээ суларсан газарт дахин нөхөн үржүүлгийг төлөвлөгөөтэй хийдэг ажээ. Ой үржүүлгийн газарт тариалсан нарс модны үрслүүр бололтой сүмбэ шиг нарийхан, гоолиг моддыг дээш нь утсаар татаад орхисон байх юм. Тэд нар нь нас бие гүйцэхээрээ орой хавьдаа цөөхөн мөчир шилмүүстэй өндөр зэгзгэр модод болох ургах аж. Манайд тэр технологийг оруулж ирээд ойн тариалан эрхлээд, энэ олон ажилгүй залуусынхаа амьдрал ахуйг өөд татахсан.

Миний бодлоор Германчууд шиг нарс, гацуур модны тариалан эрхлэвэл боломжтой санагдана. Манай Бурханы шашинд мод тарихыг буянтай үйлс гэж үздэг шүү дээ. Харин хөгжингүй орнуудад мод тарьж байгаа нь энэ гээд баахан улиас суулгачихдаггүй юм байна лээ. Хичнээн олон төрлийн мод байдаг юм бэ? Тэр болгоныг суулгачихсан нь хичнээн гоё харагдана вэ? Би хөгжлийг өндөр байшин төдийхнөөр биш өргөн дардан зам, түүний хоёр хажуугаар сүглийн ургах таримал ойгоор төсөөлж байна. Би энэ бичлэгээ «Төөрөгдөл» гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш болохыг та бүхэн ойлгосон байхаа. Бид нар зөвхөн зам төдийгүй боловсрол, хот байгуулалт гээд маш олон зүйл дээр төөрөлдсөөр л  байх шиг. Хамгийн аймшигтай нь тэр болгон өөрсдийн энэ гэм төөрөгдлийг олж харахгүйд асуудлын учиг байгаа гэж бодож байна.

2016 он 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon