Хүүхдийн баяраар одонтой ээжүүд сошиалын нэг гол баатар боллоо. Гоё дээл өмсч, одонгоо зүүсэн ээжүүдийн зураг, хань ижил, ах дүүсээс нь баяр хүргэсэн халуун дулаан мэндчилгээ. Залуу бүсгүйчүүдийн “турахаа болиод, төрөхөөр шийдлээ” гэх мэт хошигнол. Заримынх нь цагаан атаархал. Бас ардчилсан нийгэм болсон хойно зарим нэг шүүмж. Нэг ч бай, дөрөв ч бай хүүхэд өсгөнө гэдэг бол тоогоор хөөцөлдөх асуудал биш, юугаар нь уралдуулаад байгаа юм гэдэг ч юмуу, хүүхдийн орчинг аюулгүй, цэцэрлэг сургуулийн хүрэлцээг хангалттай болгочихоод олон хүүхэд гаргалаа гэж баярла гэх мэт. Гэхдээ л хүн ам цөөтэй улс болохын хувьд, олон хүүхэд төрүүлэхийг талархан дэмжих нийгмийн хандлагыг үгүйсгэх аргагүй. Хүссэн ч, хүсээгүй ч, нэг хэсэгтээ ингээд явна. Харин түүнийг хэрхэн зохион байгуулахтай холбоотой ганц хоёр санал хэлмээр байна.
Миний хувьд сүүлийн жилүүдэд энэ сэдэвтэй ямар нэгэн байдлаар ойр явж ирлээ. Сонгогдсон тойргийнхоо хороод дээр очиж одон гардуулалцаж өгөөч гэсэн санал хүсэлтийн дагуу хэдэн жилийн өмнө анх очиж билээ. Албаны хүмүүс (өндөр дэвтэй байх тусмаа сайн) байлцвал хүмүүс баяртай байдаг аж. Нээрээ л очиход үс гэзгээ янзалж, байдгаараа гоёсон ээжүүд, цэцгийн баглаа барьсан нөхөр, үр хүүхдүүд, аав ээжүүд нь ирчихсэн, маш их ач холбогдол өгсөн байхыг хараад энэ ер нь гэр бүлийн том баяр, эхчүүдийн хувьд амьдралынх нь онцгой өдөр юм байна гэдгийг мэдэж авсан.
Ийм чухал мөчийг нь хороон даргын жижиг өрөөнд тэгсхийгээд өнгөрөөнө гэдэг хайран санагдсан учир дараа жилээс нь том хороог дангаар нь, жижиг хороодыг нийлүүлж байгаад нэг сургуулийн зааланд ч юмуу бэсрэгхэн хөтөлбөртэй ёслолын арга хэмжээтэй хийдэг болгов. Дуучин, хөгжимчин, бэлэг, цэцэг гээд хороодын төсөвт байхгүй зардлыг хувиас гаргах нь хүндрэлтэй ч, хүмүүсийн тэр чухал мөчийг жаахан ч гэсэн дурсамжтай, утга учиртай зохион байгуулж чадсан гэж бодохоор урамтай. Ингээд жил бүр л янз бүрийн хувилбараар хийж, Хүүхдийн баяр миний хувьд нэг чухал ажилтай өдөр болов.
Энэ жилийнх буюу өчигдрийнхийг анх удаа хороодод хувааж биш, дүүргийн төр захиргааны ордонд бөөнд нь зохион байгууллаа (Баянзүрх дүүргийн хувьд). Бид ёслол хүндэтгэлтэй, тунг нь тааруулж хийж чадсан байх гэж бодож байна. Төрийн одон гардуулах ажиллагааг шоуны байдлаар биш, харин ёслолын уур амьсгалтай, илүү дутуу юмгүй хэрнээ часхийсэн үнэ цэнэтэй хийх нь зохимжтой
юм. Хороон дээр хийдэг байхад наад зах нь ёслолын танхим байхгүй учир (угаасаа тийм танхим байх шаардлагагүй) сэтгэгдэл үлдээхийн тулд яалт ч үгүй нэмэлт юм оруулахаас аргагүй болдог байж. Энэ жил Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 820 эхчүүд одон авсанаас, 200 гаруй нь өөр газар буюу Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс, Соёлын төв өргөөнд Нийслэлийн засаг даргаас г.м авч, 600 орчим нь дүүрэг дээрээс авлаа.
За одоо гол саналаа хэлье. Цаашид Ерөнхийлөгч одон гардуулдгийг болих, эсвэл маш тодорхой шалгуур бүхий хязгаартай болгомоор (гурван ихэр хүүхэд төрүүлсэн г.м маш цөөн хүнд бэлэгдлийн чанартайгаар) байна. Нийслэлийн удирдлагууд зэрэгцээд хийх нь бүр ч хэрэггүй. Жил бүр л хүүхдийн баяр дөхөнгүүт амьтны гуйлга тасрахгүй. Нийслэл дээр одонгоо авмаар байна оруулаад өгөөч, Ерөнхийлөгчийн тамгын газарт танил байна уу гэх мэт. Тоо ширхэгийн хувьд хязгаартай, нийтэд бүрэн хүртээмжгүй “бүтээгдэхүүн" үнэд ордог нь хууль. Бүүр ямар нь Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс авч, ямар нь хороон дээр авна вэ гэдэг асуудал гараад ирж байгаа юм. Адилхан л олон хүүхэд төрүүлж өсгөсөн, ачтай буянтай сайхан ээжүүд. Хороон дээр хийдгийг ч болиулж, ерөөсөө дүүргүүд дээр, нэг ижил формат, хөтөлбөр загвараар хийдэг болох хэрэгтэй. Харин Нийслэлийн засаг дарга, орлогч нар (эсвэл одон гардуулдаг бусад албан тушаалтнууд) гэх мэт хүмүүс одон гардуулмаар бол аль нэг дүүрэгт, тодорхой цагт очиход болно (Энд би хөдөө орон нутгийнхыг түр орхиж, өөрийн мэдэх хүрээнд, нийслэлийнхээр ярьж байна).
Хамгийн шударга одон гэдэг хэр нь, олгохдоо ялгавар үүсгэж байгаа нь зөв үү?
Уг нь хаана хэн өгч, хаана хэн авах нь нэг их ач холбогдол өгөөд байхаар чухал асуудал ерөөсөө биш. Надад ч ийм юм бичээд сууж байх цаг зав хайран л байна. Даанч хэлбэр, үзэмжид ач холбогдол өгч, түүний хойноос уралддаг нь монголчуудын гэм биш зан, ийм үнэлэмж хэвээр цагт асуудал мөн үү гэвэл мөн.
Сэтгэгдэл бичих