Нийтлэл 06 сарын 03, 2019

КИНО ТЭМДЭГЛЭЛ: Самсара

Түүх

2001 онд үзэгчдийн хүртээл болсон Гэгээрлийн эрэлд гарсан буддист ламын түүхийг өгүүлэх найруулагч Пан Налины тус мелодрам нь Энэтхэг, Герман, Франц, Итали, Швейцар зэрэг 5 улсын уран бүтээлчдийн хамтын хөдөлмөрийн үр дүн юм. "Самсара" нь санскрит хэлнээ "Орчлон" гэх утгатайгаас гадна "Сансрын хүрд" гэсэн утгыг мөн илэрхийлдэг аж. Киноны зураг авалтыг Төвдийн буддизмын тод төлөөлөгчид аж төрөх Энэтхэгийн хойд хэсгийн Ладак мужид хийсэн байна. Найруулагч Пан Налин дэлхийн гурван өөр өнцгөөс (Шон Куг (Таши) Нью-Йоркоос, Кристи Чжун Литиг (Пема) Хонконгоос, Нилеша Бавораг (Суджата) Берлинээс) үзэгчдийн “үл таних” дүрүүдээ цуглуулан, зураг авалтандаа тоглуулсан байна. Түүнээс гадна зураг авалтын багийнхан кинонд оролцуулах боломжтой “сэтгэлд үлдчих” дүрүүдээ шилэхээр Гималайн нурууг тэр чигт нь хэрсэн эрэл үйлдсэн ба хагас сартай нярайгаас ерээд насны аглагч хүртэлх 4500 нэр дэвшигчдээс 25 хүнийг киноны зургандаа багтаасан байна. Кино нь олон шагнал авсны дотор 51 дэх удаагийн Мельбурны олон улсын кино наадмаас хүртсэн “Audience Award for The Most Popular Film” шагнал багтсан билээ.

 

Мянган хүслийг гүйцэлдүүлэх, нэг хүслийг тэвчихийн аль нь илүү чухал вэ?
Таши (Төвд нэр, Монголоор Даш) 5 настайгаасаа Буддын шашинд шавилан, гурван он дамнан бясалгал үйлдэн, Ренбүчигээс "Кhenbo" хэргэм хүртэж, гар дээр хадаг тавьсан ч хацрын булчин хэсэг чангарснаас сэтгэл нэг ийх тэнийж, хүрээлэн ертөнцийг таашаах гавьтай зүйл олсонгүй. Хоосныг гэтлэхүйн чанадад ойртох гэсэн чинхүү хүслээр жигүүрлэж, эрхий ядам хоёроо холбосон ч хорвоог таних замдаа гадаад ертөнцийн (хийдийн гаднах амьдрал) явдлыг энэ биеэрээ туулаагүйн учир нь Буддагийн явдлыг танихаа огоорч, сэрэлт мэдрэмждээ хөтлөгдөх үйлийн үрийн түүчээ болсон байх магад буюу. Бурханы ном, гэгээрлийн зүгт одох нэгэн үзүүрт сэтгэл хэн бүхэнд заяаж болох ч түүнээ тэмүүлэх бодь сэтгэлийг бяд бодгаль бүхэнд үл олгогддог хэмээлтэй...
Цаашилбал, нойтон зүүд нэг бус удаагийнх байж, бясалгал харин нэг насных бус байв. Номын анд нөхрийн хөнжил үе үехэн норох болсныг анзаарсан хар багаасаа хамт шавилсан найз нь багшид хүргэхийг тэвчсэн ч, өөрийн нулимсаа тэвчсэнгүй. Хайран ч 25 жилийн гэгээрэлд тэмүүлсэн амьдрал. Олон зүүднийхээ нэгэнд номын багш Апо болоод бусад лам нарын хамтаар тосгонд ном хурж ахул сэтгэл татагдсан тариачны охин Пематай (Лянхуа цэцэг гэх утгатай, монголоор Бадам гэх үг) хамт нэг оронд унтан буйгаар зүүдлэв. Дур тачаал, шунал хүслээ хангах мэдрэмж ханхалсан сэтгэлээс илүү адгуу тэмүүлэл юухан байх билээ дээ.
Ташигийн зүүдний хэм нь тасалдахаа байсанд журмын анд нь энэ тухай номын багшид нь дуулгажээ. Эр эмийн янаг далай лугаа гүн хийгээд өргөн байвч эгнэгт гэгээрлийн зам мөр огторгуй мэт өндөр уудам билээ. Сахил мөр хөөх эс бөгөөс шар шувтлах сонголтоо хийх цаг нь болж гэж үзээд, багш нь түүнийг өвгөн даяанчтай уулзуулахаар мордуулах ч Ташигийн оюун сэтгэл сэхээрлийг олоход оройтсон байжээ. Таши буцаж ирээд багшдаа хандан: "Будда хүртэл 29 нас хүртлээ энэ ертөнцийг эгэл хүний амьдралаар туулсан. Гэтэл би бээр Буддагийн гэгээрсэн зам лугаа амьдралд 5 наснаасаа хойш л суралцсаар ирсэн. Яах гэж? Түүний гэгээрэл ч мөн эгэл оршихуйн шууд үр дүн байгаагүй гэдгийг яаж мэдэх юм бэ? Лам хүний амьдралыг сонгосны хариуд надад амласан эрх чөлөө хаана байна вэ? Сахил хүртээд ч амсана гэх сэтгэлийн ханамж, аз жаргал хаана байна вэ? "Өөрийн биеэр ойлгож мэдрээгүй цагт сургаалийг маань сонссон төдийд л даган сүсэлж болохгүй..." гэж Будда айлдсан байдаг. Ангижрахын тулд хүлээн авах ёстой юмс бий. Татгалзахын тулд өөрийн болгох ёстой зүйлс гэж бий. гэж хэлчхээд гарч явтал, багш нь араас нь хандан: "-Таши, тосгонд зүүдэлсэн чиний зүүд, зүүд төдий зүйл байгаагүй юм!” хэмээн хэлдэг байна.

 Дусал усыг ширгээхгүйгээр хэрхэн хадгалж авч үлдэх вэ?
Таши хийдээс явж, шар шувтлав. Хар болж Пематай гэрлэн, тариалан эрхэлж, тосгонд аж төрөх болжээ. Цаг хугацаа өнгөрсөөр тэд хүүтэй болов. Амьдрал ч алхам алхмаар тэнийсээр. Ташиг ажилдаа явах, аян замд мордоход Пема тагшинд нь жигнэсэн халуун банш хийж таглаад, дээр нь эрхи тавьдаг бааданд боон өгч явуулдаг байсан нь тэдний нандин харилцааг илтгэх салшгүй нэг хэсэг байв.
Ургац хураалтын үеэр ирж хамжилцдаг хөлсний ажилчдын нэг Сужата гэх энэтхэг охинд Таши дур хүсэл татагдав. Пема хүүтэйгээ суурин орж, ургацаа зарахаар авах үест Таши, Сужата хоёр загас жиргүүлэв. Эсрэгцүүлбээс, хийдийн хүрд эргүүлэх нээ түүнээс гэрэл цацарч, хамаг амьтны муу сэтгэл, шунал, мунхаг, муу авъяас нь дарагдан ариусах болов гэж бодох учиртай. Харин дээврийн хөндлөвч модноос сайри ороож дүүжлэгдсэн Сужата эгээ л амьд хүрд мэт Таши дээр эргэлдэнэ.
Увидас лугаа бус урьдын бүх зүйл утгагүй санагдах болсон сэтгэлийн төөрөгдөл, түүний сэжмээс ханхлах сэрлээс үүдэн учирснаар өөр бусад амьтан бүгдийн гэлтгүй өөрийнхөө ч орчлонгийн уг шалтгаан болсон муу үйл хийгээд нисванисийн үйлийн түйтгэр, зовлон бүхнийг үлдээлгүй арилгах арга үгүй болсон мэт хувхай хоосон мэдрэмж хоёргүй сэтгэлээр төрөх нь юутай ёрын мэдрэмж вэ? Хүрд эргэхэд буян бодохгүй бол маань мэгзэм мэдээд хэрэг юухан байх билээ дээ... Араар тавилтаас төрсөн сэтгэл хөрөл бус, ахуйн мөн чанарыг гэтэлгэж эс чадах нь хэмээсэн нэгэн бодлын үр үндэс цэцэглэсэн гэлтэй. Сэтгэл ханаагүй хүн яахин жаргах билээ дээ... Өөрөө өөртөө зул болж бадамлах зүчил хайх хүн нь мөн өөрөө гэдгээ үүний сацуу мэдрэх нь олонтаа. Овоон дээрээс алсын бараа ширтэж ахул хийдийн зүгээс журмын нөхөр болох лам найз довтолгон айсуй. Хэл хүргэхнээ: багш бурхны хойноос одсон тухай дуулгаж, Ташид хандсан захиаг атгуулав.
Багшийн захиаг нээвээс, "Миний энд хийх ажил дуусаагүйн учир би Самсарад эргэн төрөх буй заа. Бид дахин уулзана гэдгийг мэднэм. Тэр үед чи надад мянган хүслийг гүйцэлдүүлэх, нэг хүслийг тэвчихийн аль нь илүү чухлыг хэлж өгнө байх гэдэгт итгэж байна.." хэмээн сийрүүлжээ.

 Бодол хийгээд зүүд

“Yйлийн үрээс өөр өөдтэй тайлбар олддоггүй энэ орчлонд эцсийн амьсгал татах хүртлээ би Буддатай байхыг хүсдэг. Яг л Шамбалын орон хэзээд миний гэр орон байсан мэт. Сэтгэл хэмээх гүн харанхуй шугуйн дунд Ташиг уйлж суухад нь Будда түүнтэй таарчээ. Нүглээ үүрээд хаа ч очсон там. Мунхгийн ч харанхуйд зул асаачихвал хаа ч гэсэн диваажин. Гэрэлгүй газар сүүдэр яахин тусах билээ дээ. Тэр гэрлийг харах нээ өсч торнисон хийдийнх нь зүгээс цацрах шиг...” Гэгээрлийн хойноос сэнхэрч эс чадах адгуу хүсэл, хатуу нэхэл нь дусал усыг ширгээхээс ялгаа юухан билээ. Сэтгэлийн ертөнц булингартах, сахил тангараг зөрчигдвөл буян хураагаад ч нүгэл хилэнцийг ч ариутгах арга зам дутсан гэлтэй.
Холын сайныг дөтлөн хүлээж, хорвоог туулах хань үр нойрсох цагаар мордохоор шийдсэн хэрэг буюу.Гол дээр очиж үсээ хөнгөлж, орхимжоо мөрөвчлөн ороосон түүнийг хийд явах замд нь Пема хүлээгээд зогсож байв. Тэрээр Ташид хандан:"-Яшодхара. Чамд энэ нэр танил уу? Ханхүү Сиддхарта, Гаутама, Шагжамуни, Будда... Бүгд л эдгээр нэрсийг мэддэг. Харин Яшодхара гэх нэрийг?! Яшодхара Сиддхартагийн эхнэр нь байсан юм. Тэр түүнд бүхий л зүрх сэтгэлээрээ хязгааргүй их хайртай байж... Нэг шөнө Сиддхарта түүний эхнэр болон хүү Рахулыг унтаж байхад нь орхин, гэгээрлийг хайж, Будда болохоор оддог. Тэрээр эхнэр хүүхэдтэйгээ салах ёс ч хийлгүй тэднийг орхисон юм. Тэр Яшодхарад нэг ч үг хэлэлгүй түүнийг орхижээ. Яшодхара харин Сиддхартагийн зовлон шаналлыг түүнээс ч илүү ихээр мэдэрч, шаналж зовж байсан юм. Хэн мэдлээ, Сиддхарта гэгээрлийнхээ төлөө эхнэрийнхээ өмнө өртэй ч юм бил үү? Магадгүй Яшодхара ч гэсэн Сиддхартаг, Рахултай хамт орхихыг хүсч байсан байж мэднэ. Сиддхарта түүнийг орхисны дараа Яшодхара юу мэдэрч байсныг хэн ч мэдэхгүй. Ямар их уур хилэн, ганцаардал, хагацал зовлонг мэдэрч туулсныг хэн нэгэн ч болтугай санаж дурсдаг гэж үү? Түүний талаар бодож, санаа зовсон нэгэн байгаа болов уу? Түүний энэ зовлон шаналал хэн нэгэнд хамаатай санагдаж байсан болов уу? "Аав минь хаана байна?" хэмээн хүү Рахулыг асуух тоолонд тэр түүнд юу гэж хариулах байсан бол оо? Түүнд юу гэж хэлэх ёстой вэ? Эх хүн үрээ шөнө дунд орхиод явж чадна гэж үү?! Ингэхийг гагцхүү эрэгтэй хүн л зүрхэлнэ. Таши... Гагцхүү эрэгтэй хүн л. Үүний дараа, Яшодхарад сонголт үлдсэнгүй. Тэр бүхнийг орхихоор шийдэн, үсээ хусч, даяанчийн амьдралыг сонгосон. Таши.. Хэрэв зээ, Дхармад (Бурхны ном) тэмүүлэх сэтгэл чинь намайг хайрласан хайртай эн зэрэгцэхээр байсан бол чи эгэл амьдралдаа, энэ буй биеэрээ гэгээрч, Будда болох байсан." хэмээн Пема нулимс дуслуулан хэлэв. Түүний эл үгсийг Таши сонсоод мэлмэрч, "Пема, намайг уучлаач! Би гэртээ буцаад очьё." Гэхэд, Пема түүнд хандан дахиж үг хэлэлгүй тэдний нандин харилцааны нэгээхэн бэлгэдэл болсон бааданд ороосон тагштай банш, эрхи тэргүүтний үлдээн одов...
Ганцаар хоцорсон Таши удтал цөхрөн уйлж газар хэвтсээр, хожим өндийн суутал "Ганц дусал усыг ширгээлгүйгээр хэрхэн авч үлдэх вэ?" бичээстэй чулууг олж харав. Тэр чулууны ар талыг нь эргүүлбэл "Далайд цутгаснаар" гэх бичээс сийлсэн байжээ. Гэгээрлийн мөр цаашид магад үл тасрах. Харин кино ийнхүү төгсөнө.

~ Махарч энэ хойдыгоо бодох бодгальд мандаж гэгээн гэрэл дотроос ургана.
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа.

 

Сэтгэгдэл бичих

    • мэргэн
    • 2022-07-20

    nice

arrow icon