Нийтлэл 06 сарын 03, 2019

Германы Штутгарт хотын хог шатаах үйлдвэртэй танилцсан тэмдэглэл

Германы Штутгарт хот Улаанбаатар хоттой нэг талаараа төстэй.  Уулсын хөндийгөөр байрлаж, өвөлдөө температурын инверсийн давхарга тогтдогоос төрөл бүрийн эх үүсвэрээс агаар бохирдуулагчид ялгарч агаарын бохирдлын асуудал манайхтай адил анхаарлын төвд, хурц асуудал болдог байна. Агаарын бохирдлын эх үүсвэр нь автомашинууд, төрөл бүрийн зуух, нүүрс хэрэглэдэг цахилгаан станцуудаас үүдэлтэй. Тэгвэл тэд бохирдуулагчдын ялгарлыг бууруулахад томоохон өргөн хэмжээний төлөвлөгөө гаргаж, олон үйл ажиллагааг зэрэг хэрэгжүүлж эхэлжээ. Агаарын бохирдол, орчны бохирдлын эх үүсвэрийн томоохон эх үүсвэр болох нүүрс түлдэг зуу гаруй цахилгаан станцуудаа 2038 он гэхэд бүрэн зогсоох төлөвлөгөөнийхөө хүрээнд Герман даяар зүтгэж байна.

Үүний нэг болох нүүрс түлдэг байсан цахилгаан станцуудын ажиллах горимыг өөрчлөх, тухайлбал нүүрс бус газ, хог хаягдал шатаан дулаан, цахилгаан үйлдвэрлэх болсон байна.

Хогийг хөрөнгө, үүсгүүр болгож буйн нэг хэлбэр. Германы Штутгарт хотод байх нүүрс түлдэг байсан цахилгаан, дулааны станцын горимыг өөрчлөн хог шатаан, өөрөөр хэлбэр хогноос цахилгаан, дулаан гаргах болжээ. 100 гаруй жилийн өмнө байгуулагдсан EnBW станц руу очих замд станцын яндан харагдаж эхлэхэд л энэ үйлдвэр ажиллаж байгаа юм болов уу гэсэн асуулт гарч байв. Учир нь яндангаас ямар ч утаа харагдахгүй, холоос ямар ч чимээ шуугиан сонсогдохгүй байв. Дөхөж очиход гадуур нь хүн ч явахгүй эль хуль. Нээрээ ажиллаж байгаан болов уу? гэх асуулт хэвээр. Ороод танилцуулга мэдээлэлтэй танилцаад ид ажиллаж буй хэсгүүд рүү нэвтрэв. Жилд 420000 тонн хог шатаадаг аж. Хог хүлээн авч бутлах хэсгээр эхэлж оров. Мэдээж ангилан ялгасан хогийг авчрах юм. Үүнд иргэдийн ухамсар, хандлага, зуршил ихэд нөлөөтэйг илтгэнэ. Ангилан ялгагдсан хогнууд үйлдвэрт ирнэ. Иргэд хогоо анхнаасаа ангилан ялгаснаар, ангилагдсан хог үйлдвэрт ирнэ.

Хогийг бутлан, жижиг хэсгүүд болгон 1000-1200°С-т шатааж, цахилгаан дулаан үйлдвэрлэнэ. Шатсан үлдэгдэл хогийг газар дүүргэх, зам засвар зэрэгт хэрэглэнэ. 
Хог зөөвөрлөгдөн ирэх хэсэгт очиход төсөөлж байснаас цэвэр, ялаа шумуул бараг байхгүй, таагүй үнэр хамар сэнгэнэх ч харьцангуй цэвэр, зөвхөн тэр хэсэгтээ л үнэртэнэ.

 Шатаах болон шатсан хаягдал бутлах хэсэгт үнэр юу ч байхгүй. Шаталтаас үүдэлтэй агаар бохирдуулагчдыг шүүдэг PM болон нойтон химийн аргаар шүүх хэдэн шатлалтай фильтр, дахин шатаах дамжлага ажиллана. Фильтрүүдийн тусламжтайгаар заагдсан стандартаас хамаагүй бага бохирдуулагч ялгарна. Шатаах хэсгийн дараа ердийн цахилгаан дулааны станцын хэсэг залгана. 
Тус станцад гадны хүн нэвтэрч танилцах аялал хийхэд хэн бүхэнд нээлттэй. Жилд 3000 гаруй хүн зочилдог аж. Хүүхдүүд их ирснээр байгальд ухамсартай хандах хандлага ихэд өөрчлөгдөх нь дамжиггүй. Хэрэв Солонгост ийм үйлдвэрийн танилцах аялал хийсэн бол танилцуулга ухуулга хир их байсан бол гэж харьцуулан бодож байлаа. Учир нь нэг бүрчлэн, толгойд ортол нь тайлбарлах нь төсөөлөгдөж байлаа. Гэвч нүдээр үзсэн бүхнээ толгойдоо тусгаж ойлгон, юм үзэж нүд тайлснаар хандлага ухамсар тодорхойлогдох нь ойлгомжтой тул аль болох л бага наснаас нь олон хүнд ойлгуулах хэрэгтэйг ойлгож явав. 
Уламжлалт технологи буюу нүүрс шатааж дулаан, цахилгааны эх үүсвэр үйлдвэрлэх технологийг сэргээгдэх, цэвэр эрчим хүчээр сольж буй нь илт харагдаж байна. Ер нь Германд явж байхад хаа сайгүй салхин сэнс, нарны хураагуур харагдаж байлаа.


 

Сэтгэгдэл бичих

arrow icon