Нэгдүгээр хэсгийг энд дарж уншина уу.
XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй болов. Тэр үеэс бичиг ном заах ажил ч идэвхжиж ирсэн байна. Аюуш гүүшийн дэргэд нэлээд олон хиа нар шавилан сууж байсан тухай мэдээ байдаг. Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргажээ.
Эдгээр шавь нарын дотор 1621, 1624, 1627 онуудад Халхын Цогт тайжийн чулууны бичээсийг сийлэлцсэн бөгөөд Лигдэн хааны үед орчуулсан монгол Ганжуурын дотор байдаг “Хутагт эрдэнэ гарахын орон” нэрт их хөлгөн судрыг бичсэн Сэцэн дайчин хиа багш байжээ. Аюуш гүүш Юан улсын үед Шаравсэнгийн монголчилсон “Хутагт Банзрагч хэмээх таван сахъяа” гэдэг их хөлгөн судрыг 1587 онд дахин засаж орчуулсан ба мөн “Хутагт цагаан шүхэрт”, “Хар хэлэн нэрт” зэрэг номыг XVI зуунд монголчилсон байна. Аюуш гүүшийн зохиосон галигийг “Али гали” үсэг хэмээн нэрлэдэг нь энэтхэг хэлээр эгшиг гийгүүлэгчийг тэмдэглэх үсэг гэсэн утгатай болно.
Өнө эртний түүхтэй монгол бичиг маань олон монгол хэл, аялгууны авиалбар, түүний хувилбарыг нэгтгэн цөөн тэмдэгтээр тэмдэглэж чадсан боловсорсон бичиг боловч харь орны үгийг нарийн тодорхой тэмдэглэхэд үсгийн тэмдэг дутагдах болжээ. Ер нь ямар ч цагаан толгойн үсгийн тэмдгүүд энэ шаардлагыг хангаж чаддаггүй юм. Тийм ч учраас хэл, хэлний авиаг шинжлэн судлах, сурч мэдэхийн тул тусгай нарийн тэмдэгт үсгүүдийг зохиодог. Ийм үсгийг галиг үсэг буюу транскрипци гэдэг.
Ийнхүү тухайн хэлний бүх авиаг бүх онцлогтой нь тэмдэглэх галиг үсгийг авиан зүйн галиг үсэг гэдэг. Одоо дэлхий дахины олон улсад галиг үсэг хэрэглэхдээ латин цагаан толгойн үсгийг суурь болгож түүнд олон нэмэлт тэмдэг нэмж хэрэглэх заншилтай болжээ. Тухайн хэлний авиалбар, түүний хувилбарыг хэлэхүйн урсгалд нь нарийн тэмдэглэхийг эрхэмлэсэн транскрипци буюу үгчлэн буулгах авиа зүйн галигаас гадна уг хэлний цагаан толгойн үсэг бүрийг үсгийн нэгэн тэмдэгтээр тэмдэглэх транслитераци буюу үсэгчлэн буулгах галиг гэж байдаг. Бид одоо монгол бичгээ сурахдаа үсэгчлэн буулгах галиг хэрэглэн агула (уул), халагун (халуун), шибагу (шувуу) гэх мэтээр тэмдэглэж байгаа билээ.
1587 онд Харчины Аюуш гүүш монгол бичгийн галигийн тогтолцоог зохион боловсруулжээ
. Монгол бичгийн хэлний түүхэн хөгжлийг монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов гурван үетэй гэж үзсэн бөгөөд өдгөө хүртэл дэлхийн монголч эрдэмтэд даган баримталж байна. Тэрхүү хөгжлийн үе бүрийн онцлогийг монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ”Монгол хэлнүүдийн харьцуулсан хэлзүй” хэмээх номдоо:
“Нэгдүгээр үе нь 13 дугаар зууны эцсээр төгссөн бөгөөд энэ үед монгол бичиг үсгийг гол төлөв төрийн бичиг хэрэгт хэрэглэж байжээ. Хуучин монгол бичгийн хэлний хоёрдугаар үе нь 14 дүгээр зууны эх, 16 дугаар зууны эцсээр тохиолдох бөгөөд энэ үед монгол бичгийн хэл нь төрийн бичиг хэрэгт үргэлжлэн үйлчилж мөн бурхан шашны ном судрыг монгол хэлэнд орчуулахад өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ. Чухам энэ үед уйгар, согд, хотон, кучар, карашар, перс ба бусад хэлний үгс хуучин монгол хэлэнд олноор нэвтрэн оржээ. Мөн монгол хэлэнд уйгар, иран үгс нэвтрэн орохын хамтаар нэлээд тооны араб үгс тэр ч байтугай грек үгс хүртэл орсон байна. Энэ үеийн туршид мөн урьдах үеийн нэгэн адил уйгар үсгийг зөвхөн бичих хэлбэрийг бяцхан өөрчилж бараг хэвээр нь хэрэглэсээр байжээ. Энэ учраас эл хоёр үеийн цагаан толгойг уйгаржин монгол үсэг гэж нэрлэдэг байна. Хуучин монгол бичгийн хэлний хөгжлийн гуравдугаар үе нь 16 дугаар зууны эцэс 17 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн бөгөөд энэ үеэс уул хэл ба цагаан толгойн аль аль нь үлэмжхэн өөрчлөгдсөн байна. Тухайлбал ойлгогдохгүй болсон хуучин үг хэллэгийг нь шинэ үг хэллэгээр сольж ардын нутгийн аялгууны зүйл өргөнөөр нэвтрэн орох зам нээгдээд хуучин уйгар, иран үгс байсны зэрэгцээ төвд үгс нэвтрэн орж эхэлжээ. Мөн бичиг нь хувиран өөрчлөгдөж цагаан толгойн зарим үсгийг нарийвчлан тодотгож хэрэглэх болов. Энэ бүгдийн үрээр сонгодог монгол бичгийн хэл бүрэлдэн тогтож энэхүү хэлийг БНМАУ-д сүүлийн үе хүртэл утга зохиолын хэл болгон хэрэглэж БНМАУ-ын монголчууд одоо хүртэл хэрэглэсээр байна” гэж тодорхойлжээ.
Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй болоход монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд академич Б.Ринчен:
“Аюуш гүүшийн галиг үсэг зохиосноос хойш олон ном судар орчуулсан, зохиосон зүйлд тэр галигийг нь хэрэглэсэн цаг нь яг монгол хэлний шинэ үе гэж шинжилсэн үе таарах тул шинэ үеийн эх нь тэр галиг зохиосон оноос тоолж болох магадлал баримтыг нь бид олжээ” / Галиг үсэг. хэмээн бичсэн буй
Аюуш гүүшийн галиг үсгийг “Али-гали”-ийн үсэг гэж бас нэрлэх бөгөөд али- эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Галиг гэдэг үг маань ч энэхүү гали гэсэн үгтэй гарал нэг буй. Аюуш гүүш санскрит хэлний 16 эгшиг, 34 гийгүүлэгч, төвд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол бичгээр бичих галигийг зохиохдоо монгол бичгийнхээ авиан зүй, үсэг зүй, санскрит төвд хэлний авианзүйн онцлогийг тун нарийн ажиглан шинжилсэн байдаг. Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах (транскрипци), үсэгчлэн буулгах (транслитераци) хоёр зүйлийн галигийг нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон юм. Аливаа үсэг бичиг түүнд хийсэн шинэтгэл хэр зэрэг шинжлэх ухаанч болж вэ? Гэдгийг хожим яаж түгж дэлгэрснээр нь багцаалж болох билээ.
Ингэж үзвэл Аюуш гүүшийн галиг үсгийг зохиосон цаг үеэс нь эхлэн төвд, санскрит хэлнээс орчуулсан нэн арвин судар номд нарийн чанд мөрдөн хэрэглэж ирсэн билээ. Одоо бидний хэрэглэж байгаа монгол бичгийн цагаан толгойн гадаад үгийг тэмдэглэдэг П, Ф, Ц, З, К, ЛХ зэрэг үсгүүд бол мөн л Аюуш гүүшийн зохиосон галигаас авчээ.
Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын доторхи санскрит хэлний тарнийн үгийг али галгийн үсгээр (Аюуш гүүшийн галигаар) анх тэмдэглэсэн гэж академич Ц.Дамдинсүрэн бичжээ.
Монголчуудын дунд “Бардам бандиар банзрагч уншуул, Бардам хүүхнээр панс оёул” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь Банзрагч хэмээх судар бол зүгээр төвд үсэг гаргаад уншдаг банди уншиж чадахгүй, тарни унших аргыг мэддэг лам шударга уншиж чадах тарнийн үг элбэгтэй судар болохыг хэлж байгаа билээ. Нууц увдис тэргүүтэнтэй холбоотой тул судрын доторхи тарнийн зүйлийг ер орчуулдаггүй тэр хэвээр нь буулгадаг уламжлалтай билээ.
Ийм учир төвд хэлнээс өдий төдий хөлгөн судар орчуулахдаа түүнд гарах тарнийн зүйлийг али-галийн үсгээр л буулгадаг журамтай байжээ. Аюуш гүүшийн зохиосон галиг үсгийн тогтолцоо нь хожмын хэлний мэргэдийн бүтээлд их нөлөө үзүүлсэн бөгөөд тухайлбал ойрадын Хошууд яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандида Огторгуйн далай буюу Намхайжамцын тод бичгийн галигт их тодорхой харагддаг. 1648 онд тод бичгийг зохиосон ойрдын зая бандид Намхайжамц энэтхэг төвд үсгийг тэмдэглэх тод бичгийн галиг үсэг зохиосон бөгөөд олонхи үсгийн хэлбэр нь Аюуш гүүшийн галиг үсэгтэй яг тохирдог байна. Харин зарим үсгийн хэлбэрийг аль болохоор төвд үсгийн хэлбэрт ойртуулахыг хичээсэн тал ажиглагддаг юм.
Ийнхүү 1587 онд Аюуш гүүш монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор их бага таван ухааны үлэмж арвин ном судрыг төвд хэлнээс монгол хэлэнд саадгүй орчуулах нөхцөлийг бүрдүүлж, монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үеийг эхлүүлжээ. Аюуш гүүшийн галиг үсэг болон хожим манж, хятад хэлний зарим авиаг тэмдэглэх цөөн үсэг нэмсэн монгол үсгийг хэрэглэн гадаадын ямар ч үгийг тэмдэглэх бүрэн боломжтой болжээ.
Монгол бичгийн галиг үсэг нь үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр зүйлийн хэргийг хамтад гүйцэтгэдэг байсан тул үсэгчлэн буулгасан галигийг зөв уншихын учир эрх биш төвд хэлийг гадарлах нь чухал байдгийг дурдах хэрэгтэй юм. Урьд өмнийн бичгийн хүмүүс төвд, манж зэрэг хэлийг сайн мэддэг байсан тул төвдөөр өгсөн монгол хүний нэрийг бичихдээ ч төвдөөр нь яаж бичдэгийг тун чанд баримтлан бичдэг байсан. Монголчуудын хэрэглэж ирсэн олон зүйл бичиг үсэг нь бүгд л өөр өөрийн тогтолцоондоо тохирсон, тухайн зорилго, шаардлага хангасан галиг үсэгтэй байжээ. Жишээлбэл дөрвөлжин бичгийн цагаан толгой 41 үсэгтэй байснаас жинхэнэ үгийг тэмдэглэхэд хэрэглэдэг үсэг нь 28-аас хэтрэхгүй юм.
Монголчууд өөрийн үсэг бичгээ улам боловсронгуй болгох, дэлхийн олон улс орны соёлоос хүртэж харилцаа холбоогоо өргөтгөхөд монгол галиг үсгийн тогтолцоо эрхэм үүрэгтэй байжээ.
Соёмбо үсэг
Соёмбо үсгийн бирга тэмдэг
Тод үсгийг зохиосноос 40-өөд жилийн дараа, 1686 онд халхын анхдугаар богд, Өндөргэгээн Занабазар (1635-1723) энэтхэгийн ланз үсгийн хэлбэрт шүтэж соёмбо (самгардаар “өөрөө буй болсон гэгээн” гэсэн утгатай) хэмээх бичгээ зохиожээ.
Соёмбо бичгийн утга учир, мөн чанарыг тайлбарласан 10 гаруй бүтээлийг Эрэнэ зуу хийдийг ширээт лам Дагвадаржаа (1743-1803) бичсэн байна.
Соёмбо бичиг нь монгол, төвд, самгард хэлний аялгуут зэрэг тэмдэглэх зорилготой тул 90 шахам үсэгтэй.
Голдуу зүүнээс баруунш бичдэг боловч бас босоо бичсэн зүйл буй. Үсэг холбож үг болгохдоо самгард –төвд бичгийн байдлаар үгийг үе үеэр нь багц болгож бичнэ. Энэ бичиг нь нэлээд эрхэмсэг хэлбэртэй тул дармал маягаар бичихэд баахан ур шаардана. Соёмбо бичгийн эхлэх тэмдэг Э-бам (эгчим буюу бярга) нь монголчуудын хувьд тусгаар тогтнолын бэлгэдэл болж туг сүлдэн дээр заларсаар хэдэн зууны нүүрийг үзсэн бөлгөө.
Соёмбо бичгийн дурсгал нь XVIII зууны монгол хэл, аялгууны байдлыг үзүүлэх баримт болно гэж академич Л. Лигети бичсэн нь уг бичгийн эрдэм шинжилгээний нэг ач холбогдлын дүгнэсэн хэрэг юм.
Соёмбо үсэг нь 1686 онд Гомбодоржийн Занабазарын зохиосон, Монгол, Санскрит, Төвд үг бичихэд зориулагдсан, Энэтхэг, Ланз, Нагар үсгүүдээс гаралтай 90 үсэг бүхий бичгийн хэл юм.
Соёмбо үсгийг 200-гаад жил голдуу Халхын хүрээ хийдэд сүмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан.
Соёмбо гэж санскрит хэлээр "өөрөө буй болсон гэгээн үсэг" гэсэн утгатай. Соёмбо бичгийн эхний бирга тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.
Хэвтээ дөрвөлжин үсэг
Соёмбо үсгийн хамтаар Занабазар нь хэвтээ дөрвөлжинүсэг гэгчийг зохиожээ.
Энэ нь 1801 онд л дахин нээгдсэн бөгөөд одоогоор хэрэглээ нь тодорхойгүй.
Энэ бичгээр үлдсэн дурсгал гэвэл харьцангуй цөөн, хэдэн зүйл цагаан толгой, тарнийн үсэг хийгээд Ж. Цэвээн гуайн цуглуулгаас профессор Д. Карагийн олсон тамгын дардас болон Гандан хийдийн гавжтан Данзан-осор гуайн цуглуулга дахь сүмийн ханын чимэг бичээс тэргүүтэй зүйл, гол төлөв Эрэнэ зуу хавиас олддог нь Өндөр гэгээнтэнтэй холбоотойг давхар батлаж байгаа буй заа.
Хэвтээ дөрвөлжин бичгээр бичих чиг, цагаан толгойн бүрэлдэхүүн зэрэг нь соёмбо бичигтэй бараг адил, харин соёмбо бичгийг ланз үсгийн шүтсэн бол хэвтээ дөрвөлжнийг төвдийн дөрвөлжин буюу “ тамга” үсгээс эх загвар авсан гэж үзэх үндэстэй. Чухам ямар шалтгаанаар энэ бичгийг зохиох болсон нь одоо хэр учир битүүлэг боловч мөн л номын гурван “гэгээн” хэлээр бичих бүрэн боломжтой нь цагаан толгойнхи нь бүрэлдэхүүнээс харагддаг.
Энэ бичгээр үлдсэн дурсгал өнөөдрийн байдлаар хэдийгээр цөөн, хягаарртайхан байгаа боловч хэлний байдлыг нь үзэхэ, соёмбо бичгийн нэгэн адил XVII-XVIII зууны халх аялгууны онцлогийг зохих хэмжээгээр тусгасан байдаг билээ.
Өндөр гэгээн Занабазарын “Хэсэг бусаг зарлигийн хураангуй” хэмээх номын эцэст нэгэн зүйл үсгийн цагаан толгой хавсаргасан байдаг бөгөөд энэ тухай анх П.С.Паллас номдоо дурдаж, И.Клапрот, Банзарын Дорж, А.Бобровников, А.Уайли нар номдоо “hor-yig” буюу “монгол үсэг” гэж нэрлэжээ.
А.Позднеев номдоо энэ бичгийн талаар тодорхой мэдээ баримт байхгүй, “оньсого” мэт гэж дурдсан байдаг. 1952 онд академич Б.Ринчен тэрхүү “оньсого” болсон үсгийн тухай олны сонорт хүргэж соёмбо бичигтэй нэгэн дор Өндөр гэгээнтэн зохиосон гэж тодруулан дурдсан байдаг /Ринчен.Б, 1964/.
Энэ бичгээр үлдсэн дурсгал гэвэл харьцангуй цөөн, хэдэн зүйл цагаан толгой, тарнийн үсэг хийгээд Ж.Цэвээн гуайн цуглуулгаас профессор Д.Карагийн олсон тамгын дардас болон Гандан хийдийн гавжтан Данзан-осор гуайн цуглуулга дахь сүмийн ханын чимэг бичээс тэргүүтэн зүйл, гол төлөв Эрдэнэзуу хавиас олддог нь Өндөр гэгээнтэнтэй холбоотойг давхар батлаж байгаа буй заа.
Хэвтээ дөрвөлжин бичгээр бичих чиг, цагаан толгойн бүрэлдэхүүн зэрэг нь соёмбо бичигтэй бараг адил, харин соёмбо бичгийг ланз үсгийн хэлбэрт шүтсэн бол хэвтээ дөрвөлжнийг төвдийн дөрвөлжин буюу “тамга” үсгээс эх загвар авсан гэж үзэх үндэстэй. Чухам ямар шалтгаанаар энэ бичгийг зохиох болсон нь одоо хэр учир битүүлэг боловч мөн л номын гурван “гэгээн” хэлээр бичих бүрэн боломжтой нь цагаан толгойнхи нь бүрэлдэхүүнээс харагддаг.
Энэ бичгээр үлдсэн дурсгал өнөөдрийн байдлаар хэдийгээр цөөн, хязгаартайхан байгаа боловч хэлний байдлыг нь үзэхэд, соёмбо бичгийн нэгэн адил ХVII-ХVIII зууны халх аялгууны онцлогийг зохих хэмжээгээр тусгасан байдаг. Зарим талаараа Эвхмэл бичгийн эх үндэс гэх нь ч бий.
Бичиг үсэг хөгжиx явцад бичгийн хэрэглээний шаардлага өссөнөөр бичгийн янз бүрийн шинэ хэлбэр маяг үүсч төрдөг.Эвхмэл бичиг нь ийм маягаар XIII зуунд Хубилай хааны үед хэрэглэж байсан дөрвөлжин бичгээс санаа авч монгол бичгээр бичиx нэг хэлбэр загвар болон хэрэглэгдэж ирсэн байх үндэслэлтэй. Нөгөөтэйгүүр Занабазарын Хэвтээ дөрвөлжин үсгээс баяжсан гэдэг.
Монгол үсгийн эвхмэл хэлбэр нь дугуй, дөрвөлжин, угалзалан бичдэг төрөлтэй байдаг.
Дєрвєлжин эвхмэл бичгийг гол тєлєв тамга тэмдэг, хаяг, тийз, зарлиг захирамж зэрэг бичиг хэргийн зvйлд дугуй, угалзан эвхмэл бичгийг гоёл чимэглэлд єргєн хэрэглэж иржээ.Эвхмэл бичиг нь үсэг бүрийг эвхэн бичих дүрмээр эвхэгдэн бичигдэхээс гадна уран бүтээлчийн онцлог дүрслэн бодох сэтгэлгээтэй салшгүй холбоотой байдаг.
Эвхмэл үсгийн цагаан толгой
Тод бичиг
Ойрадын хутагт ламЗая Бандид Намхайжамцын 1648 онд зохиосон. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулах, мөн төвд ба санскрит хэлүүдийг хялбар бичих зориулалтаар бүтээгдсэн. Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь Монгол бичгийг тодорхой нарийн болгосныг өгүүлж буй. 1924 он хүртэл Оросдахь Халимагууд хэрэглэж байсан. Хятадын Шинжаан, Гансу, Циньхай мужид Ойрадууд одоо болтол хэрэглэдэг.
Ойрадын Зая Огторгуйн Далай хэмээх Намхайжамц (1599-1662) хулгана жилийн өвөл (1648) Чүй мөрөнд өвөлжих үедээ Тод хэмээх бичгээ зохиожээ.
Энэ үеийн улс төр,нийгмийн байдлыг үзвэл монголчуудын тусгаар тогтнолд Манжийн зүгээс заналхийлж, бас буддын шашны нөлөө гуравдахи удаагаа хүчтэй болж байснаас гадна нийт монголчууд эв нэгдлийн хувьд тийм ч таатай цаг биш байжээ.
Тод үсэг нь монгол бичгээс эх авсан боловч монгол бичигт нэгэн үсгээр сэлгэж болдог хэдэн авиа тэмдэглэдэг ёсыг халж, үсэг бүр тодорхой нэгэн авиаг тэмдэглэхээр зохиосон тул чухамдаа “тод” гэж нэрлэх болсны учир тэр буй заа.
Тод бичгийн зөв бичих ёс нь авиазүйн зарчим дээр үндэслэсэн байна.
Үсэгзүйн үүднээс зарим эгшиг (жишээ нь: ө)-ийг өмнөх гийгүүлэгчээр нь зохицуулж нэгэн дүрсээр бичих ёсон ажиглагддаг нь монгол бичгийн үсэгзүйн арвилан хэмнэх зарчмын нөлөө биз ээ.
Тод бичигт эгшгийн уртыг гурван хэм (ерийн , урт, нэн урт)-ээр тэмдэглэдэг бөгөөд нэн урт нь зөвхөн тарнийн хэлэнд байна. Тод бичгийн хэлний зөв бичихзүйд дэвсгэр гийгүүлэгч 14 байдаг нь монгол бичгийнхээс 3-аар илүү, энэ нь зарим талаар ойрд аялгууны онцлогтой холбоотой боловч төвд-энэтхэгийн нөлөө гэж үзвэл илүү зохино.
Тод бичгээр төвд хэлнээс орчуулсан ном зохиол нэлээд олон. Зая Бандидын намтарт түүний орчуулсан гэх их, бага таван ухааны 177 номын жагсаалт байдаг бөгөөд энэ нь бас бүгдийг хамарсан бус ажээ.
Тод бичиг, түүний дурсгалын судлалд эрдэмтэн Х. Лувсанбалдангийн оруулсан хувь нэмрийг дурдалгүй орхих аргагүй юм. Эрдэм шинжилгээний ганц сэдэвт зохиол, олон өгүүллэгээс гадна түүний хүчин зүтгэл, санаачилгаар олон жилийн туршид цуглуулсан тод бичгийн дурсгал-ном судар, албан бичгийн зүйлс тэргүүтэн хэдэн зууд хүрсэн бөгөөд энэ хөмрөг өдгөө Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж, дэлхийн хэмжээнд энэ чиглэлээр лавтайяа тэргүүн байранд орно гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Вагиндрагийн үсэг
Вагиндрагийн үсэг нь 1905 оны үед Буриадын лам Агваандорж монгол, тод үсэгт тулгуурлан зохиосон буриадын шинэ үсэг юм.
Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербургхотноо чулуун бараар нэлээд хэдэн ном хэвлэн гаргажээ.
1905 онд олны дунд Агваан хамба гэж алдаршсан Агвандоржиев ламтан “Буриадын шинэ үсэг”-ийг зохиосон нь ном судрын дотор “Вагиндрагийн үсэг” гэж тэмдэглэгдэх болжээ.
Вагиндра гэдэг үг нь зохиогчийн Агваан гэдэг нэрийн самгард орчуулга болой.
Валиндрагийн үсэг нь монгол бичигт өрнө дахины хэл, бичгийн нөлөөг анх шууд тусгасан бичиг гэж үзэх үндэстэй бөгөөд энэхүү бичгээр монгол хэл хийгээд буриад аялгуу, мөн орос хэлээр бичих боломжтой ажээ. Вагиндрагийн бичгээр 1905-1910 оны хооронд “Буриадын шинэ үсэгт тааруулсан зүрхэн толт….”, аман зохиолын хэдэн зүйл эмхэтгэл зэрэг арав шахам номыг чулуун барын аргаар Санк-Петербург хотноо хэвлэн гаргажээ.
Латин үсэг
1941 оны 2 сарын 1-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс латин үсгийг албан ёсныхоо бичгээ болгосон боловч хоёрхон сарын дараа буюу 3 сарын 25-нд энэ шийдвэрээ буцаажээ. Албан ёсоор бол Монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон гэсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг кирилл үсгийг албан ёсны болгосон тул энэ нь улс төрийн бодлого байсан байж магадгүй.
Кирилл үсэг
Кириллийг 1946 онд Монголын албан ёсны бичиг болгосон. Монголд хэрэглэгдэж буй кирилл цагаан толгой нь Оросынхоос 2 үсгээр илүү (ө, ү).
Кирилл үсэг нь Грек, Хүннү үсгээс гаралтай бөгөөд IX зуунд амьдарч байсан Болгарын Кирилл, Мефодий Гэгээнтнүүд түүнийг стандартчилсан.
Түүнчлэн Хүннү гүрнээс тасран баруун зүг нүүдэллэсэн Цагаан Хүннүчүүдийн /Аттил хаан, Аваарууд гэх мэт .../, /Болгарчуудын/ хэрэглэж байсан бичиг үсгээс Кирил үсэг нь улбаатай гэдэг.
Зарим гадныхан болон монголчууд Кирил үсгийг оросынх гэж хэлэх нь бий ч нарийндаа кирил үсэг нь монголчуудын өнө эртний өв соёлын нэг хэсэг юм шүү дээ. 1930-аад оноос Зөвлөлт Холбооны Улсад араб, гүрж, монгол зэрэг оросоос өөр бичиг хэрэглэж байсан ард түмнүүдийн дунд латин үсэг авах хөдөлгөөн нэгэн зэрэг эхэлж, улмаар латин үсэгт сургах, латин үсгээр ном бичиг хэвлэх явдал нэлээд өрнөж ирснээ огцомхон эргэлтээр цөм орос кирилл үсэгт шилжсэн билээ. Үүнлүгээ адилхан хөдөлгөөн Монголд бас өрнөж, 1930 оноос монгол үсгийг халж боловсон соёлыг дэлгэрүүлэхэд дөхөмтэйг нийт дээр дэлгэрэх туршилгыг олсон латин үсгийг өөрийн монгол хэлэндээ зохилдуулан үндсэн хэлний үсэг болгон хэрэглэх оролдлого хийж эхэлсэн билээ. Ингээд латин бичиг зааж сургах, сонин сэтгүүлд булан гаргах зэрэг ажил арван жил шахуу үргэлжилжээ.
МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 1941 оны 3-р сарын 25-ны өдрийн хамтарсан хурлаас гаргасан 22.18 дугаар тогтоолд :
Шинэ үсгийн дүрэм 1942 онд гарч засвар оруулсан хоёрдугаар хэвлэл нь 1946 онд хэвлэгджээ. Ингээд Дэлхийн II дайны дараа, 1946 оны 1-р сарын 1-нээс “…бүх хэвлэл ба улсын албан хэргийг шинэ үсгээр…” явуулах болсон юм. Энэ хугацаанд шинэ үсгийн дүрэмд орсон өөрчлөлт засварыг авч үзэхэд эхэн үед арай ялгаатай байсан зүйлсийг орос бичгийн байдалд ойртуулан зассан нь тодорхой харагддаг.
Шинэ үсгийн цагаан толгойн бүрэлдэхүүнийг авч үзвэл, орос цагаан толгойн 33 үсэг дээр ө,ү хоёрыг нэмсэн байна. Зохиогч үндсэн долоон эгшиг, тусгах зургаан эгшиг (я-гийн төрлийн үсэг е,ё,ю,я болон й,ы) 20 гийгүүлэгч: ъ,ь нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш, зүгээр тэмдэг үсэг болно гэж хуваажээ. Гийгүүлэгчийн тухайд, монгол хэлний хоёр зүйлийн г, н хоёрыг тус тус нэгэн үсгээр тэмдэглэсэн байна.
Шинэ үсгийн дүрэм нь авиазүйн зарчим буюу хэлдэгтээ ойртуулах зорилгыг голлосон бөгөөд мэргэжлийн олон эрдэмтний үзэж байгаагаар үгзүй буюу хэлбэр судлалын зарчмыг баримталсан бол хэв шинжийн хувьд монгол зэрэг алтай овгийн залгамал хэлний онцлогт илүү тохирох байсан байна.
Монголчуудын зохион хэрэглэсэн бичиг үсгүүд “Монгол” гэж буулгасан байдал:
Дүгнэлт
Аливаа улс үндэсний бичиг, түүн дээр үндэслэсэн бичгийн хэл нь аль нэг ноёрхох аялгууны онцлогийг бусад олон аялгуунд хүчээр тулгалгүй, тухайн нэг ард түмний буюу эс бөгөөс тэрхүү хэлээр хэлэлцэгч олон ард түмний хэлний нийтлэг онцлогийг жигд тусгахыг хажуугаар нутаг нутгийн хэл аялгууны байдлыг эрх тэгш анхаарсан тохиолдолд л нийт даяар хэрэглэгдэх боломжтой болж, улмаар тухайн ард түмнийг үсэг бичгээр нь дамжуулан хэлний хувьд нь нэгтгэж байдаг ажээ.
Монголчуудыг түүхэнд хамгийн олон үсэг бичиг зохиож хэрэглэхийг оролдсон ард түмэн гэж хэлж болох боловч, цаг хугацааны хувьд хамгийн урт удаан бөгөөд тогтвортой, орон зайн хувьд нийт монгол туургатны тухайд нэгдмэл бөгөөд жигд хэрэглэсэн ганц бичиг бол монгол бичиг болно.
сайн байна уу? баярлалаа, нэг юм тодруулаач МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 1941 оны 3-р сарын 25-ны өдрийн хамтарсан хурлаас гаргасан 22.18 дугаар тогтоолд : энэ тогтоолыг бүрэн эхээр нь хармаар байна, тᠡслана уу
сайн байна уу? баярлалаа, нэг юм тодруулаач МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлийн 1941 оны 3-р сарын 25-ны өдрийн хамтарсан хурлаас гаргасан 22.18 дугаар тогтоолд : энэ тогтоолыг бүрэн эхээр нь хармаар байна, тжслана уу