Амстердамын нисэх буудлын үүдэнд Тесла эсвэл Бенц такси эгнэн зогсох нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь $50 мянга давсан хангалуун амьдралтай улсад ирснийг шууд ойлгуулна. Нидерланд улс дэлхийд ноёрхлоо тогтоож байсан сонирхолтой түүх, алдартай зураачид, олон улсад тэргүүлэх компаниуд, ѳндѳр технологи ба эко амьдрал гээд олон зүйлээрээ алдартай. 17-р зуунд дэлхийн тѳв, орчин үеийн Европын нийслэл гэгдэж байсан Амстердам хот түүх соёлын үзмэрээр маш баялаг. Тухайн үеийн Европын орнуудын дунд ѳрнѳж байсан колонийн ширүүн ѳрсѳлдѳѳн дунд нѳлѳѳлѳл нь Япон, Индонези, Ѳмнѳд Африк, Латин Америк хүрч байсан хүчирхэг эзэнт гүрний (Dutch Empire) бодлогыг зангидаж байсан хааны ордноос эхлээд алдарт Рембрандт, Ван Гогын тѳрсѳн нутагтаа туурвисан бүтээлүүд, Аннэ Франкын амьдарч байсан байшинг ч бодитоор үзэх боломжтой. Нидерланд дэлхийд хүн ам хамгийн шигүү улсуудын нэг бөгөөд, Амстердам хот жилдээ хэдэн сая бизнес аялагч болон жуулчин хүлээн авдаг Европын хамгийн хѳл хѳдѳлгѳѳн ихтэй хотуудын нэг юм.
Van Gogh - The Starry Night
Голландчууд дэлхийд хамгийн ѳндѳр нуруутай хүмүүс гэдгээрээ онцлог. Эрэгтэйчүүдийн дундаж ѳндѳр энд 185 см, эмэгтэйчүүдийнх 169 см.
Мѳн уужуу ухаантай, прогрессив сэтгэлгээтэй, либерал улс. Улаан дэнлүүний гудамж, кофи-шопууд гээд дэлхийн бусад ихэнх улс оронд огт тѳсѳѳлѳгдѳхгүй, эсвэл тас хориотой байх зүйлс энд хуулиар зөвшөөрөгддөг. Түүхийг эргээд харахад цаг үеэсээ түрүүлсэн сэтгэхүй, үнэлэмжтэй улс байсаар ирсэн нь олон жишээнээс тод харагдана. Хааны хязгааргүй эрхт засаглалыг халаад тѳлѳѳллийн засгийн газар байгуулсан анхны улсуудын нэг бол Нидерланд. Цаазын ялыг энд аль 1870 онд халж, эмэгтэйчүүдийн сонгууль ѳгѳх эрхийг 1919 онд хүлээн зѳвшѳѳрсѳн байдаг. Түүнчлэн ЛГБТ эрх ба ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хамгийн анх зѳвшѳѳрсѳн улс, хэвлэлийн эрх чѳлѳѳгѳѳр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.
Амьдралын түвшнээр дэлхийд дээгүүрт орох энэ улс тансаг гэхээсээ байгальд ээлтэй хэрэглээг эрхэмлэн дэлхий нийтэд үлгэр жишээ үзүүлж буй.
Нидерландад нэг хүнд нэг унадаг дугуй ногдох бѳгѳѳд ажил цагтаа тарна дугуйгаа уналаа, хувийн амьдрал руугаа марш! Энэ бол аз жаргалтай улсуудын ранкийг тэргүүлэгчдийн нэг гэдэгт гайхах зүйлгүй.
Голландчууд ийнхүү маш олон зүйлийн анхдагч учраас бусад улс орнуудад тэднээс суралцах зүйл их. Тэдгээрээс хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж, том сургамж болсон дараах 2 зүйлийг онцлохыг хүслээ.
Хѳрѳнгийн зах & “Tulip mania” буюу хѳѳсрѳл
Орчин үеийн капитализм, зах зээлийн эдийн засгийг хөрөнгийн захгүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл дэлхийд хөрөнгийн зах гэдэг зүйл анх Нидерландад үүссэн байдаг.
17-р зуунд голландчууд сайн далайчид байсан бөгөөд Азийн улс орнуудтай худалдаа хийж их хэмжээний баялгийг хуримтлуулж байв. Энэ амжилтын гол нууц нь VOR буюу Dutch East India Company бөгөөд, компаний хувьцааг хөрөнгийн зах дээр арилжиж, компани үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэрийг босгож байжээ. Хэдийгээр өмнө нь Европт нэг удаагийн аян дайн эсхүл аяллыг санхүүжүүлэхийн тулд хувьцаа, бондтой төстэй санхүүгийн хэрэгсэл ашигладаг байсан түүх бий ч, тогтмол үйл ажиллагаа явуулдаг компани хѳрѳнгийн захаар дамжуулан мѳнгѳ босгосон тохиолдол нь Нидерландад анх удаа юм.
Тэд “Дуслыг хураавал далай” гэдэг зарчимд тулгуурлан компани хувьцаа гаргах замаар олон хүнээс мөнгө цуглуулаад өргөн цар хүрээтэй бизнес хийж болохыг ийнхүү анх удаа дэлхийд ойлгуулжээ.
Тухайн үед халуун ногоо, перц Европт ховор бѳгѳѳд маш үнэтэй баялаг байсан гэдэг. Голланд худалдаачид энэ боломжийг алдалгүй одоогийн Индонези хавиас халуун ногоо тээвэрлэн авчраад 1000% давсан ашигтай наймаа хийж байлаа. Улмаар голландчуудын хөрөнгө мѳнгѳ эрчтэй нэмэгдэж дундаж давхарга, баячуудын давхарга хурдтай өсч байв. Эд хөрөнгөөрөө уралдаж буй хүмүүсийн дунд тансаг байшин, гоёмсог цэцэрлэг мода болж байсан гэдэг. Энэ үед Tulip буюу Алтанзул цэцэг онцгой үүрэг гүйцэтгэх болжээ.
Үрнээс цэцэг болж дэлбээлэх хүртэл 10 гаруй жилийн урт хугацаа шаарддаг энэ гоёмсог, үнэтэй цэцэг мөнгөтэй хүмүүсийн сонирхолд яг нийцэж байлаа. Улмаар цэцгийн худалдаа өргөжиж, өндөр ашигтай бизнес болж хувирав. Цэцгийг олон хүн сонирхохын хэрээр үнэ өсч, нэг төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болж хувирсан байна. Хүмүүс цэцгийг гэр, цэцэрлэгээ чимэх бус харин үнийн өсөлтөөс ашиг олох зорилгоор худалдан авах болов. Зах дээр гараас гарт дамлагдан арилжаалагдаж, нэг цэцэг өдөрт 10 гаруй хүний гар дамжих болж. Үнэ нь тухайн үеийн Амстердамын 1 байр буюу дундаж ажилчин хүний 10 жилийн цалинтай тэнцэх түвшинд хүрч хөөсөрч байлаа. Алтанзул цэцэг зөвхөн хавар 4-5 дугаар сард цэцэглэдэг хэдий ч дэлбээлээгүй бусад саруудад ч худалдаа үргэлжилдэг байж. Дараа жилийн хавар цэцэглэх үед нь ямар үнээр авах өгөх үнээ урьдчилж тохирдог хэлцлүүд хүртэл бий болсноор, одоо санхүүгийн зах зээл дээр өргөнөөр хэрэглэгддэг фючьерс зах зээл Нидерландад анх бий болсон байв.
Гэхдээ “тогтворгүй зүйл үргэлжилдэггүй” гэдэг хуулиар нэг л өдөр цэцгийн үнийн хөөсрөл хагарчээ. Энэ үйл явдал 1637 оны 2 дугаар сард тохиосон бөгөөд “үнэ үүнээс цааш өсөхгүй” гэдэг нь тодорхой болж үнийн хөөрөгдлийг тулж байсан итгэл замхарснаар зах зээл дээр авах бус, зарах уралдаан бий болж, хөөс хагарчээ. Алтанзул цэцгийн үнийн энэхүү хөөсрөл нь түүхэнд Tulip mania нэрээр алдартай. 400 жилийн ѳмнѳ Нидерландад бий болсон энэхүү үзэгдэл олон улс оронд, олон дахин давтагдсаар иржээ.
Сүүлийн том жишээ гэхэд Японы 1990-ээд оны эхэн үеийн газрын үнийн хѳѳсрѳл, 2000-аад оны Америкийн технологийн компаниудын хувьцааны үнийн хѳѳсрѳл (dot com bubble), 2008-09 оны санхүүгийн хямралын шалтгаан болсон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хѳѳсрѳл, саяхны Биткойны ханшийн хѳѳсрѳлийг хүртэл нэрлэж болно. Цаг хугацаа өнгөрсѳн ч, 4 зууны дараа хүний сэтгэлзүй төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд өнөөдөр “Зан төлөв”-ийн санхүү, эдийн засгийн ухаан (Behavioral finance, Behavioral economics) үүнийг судалж байна.
2) Dutch disease буюу Голланд өвчин
Байгалийн баялгийн орлогыг оновчгүй удирдвал эдийн засагт тус болохоосоо ус болсон практик түүх олон байдаг. Үүний нэг бодит жишээ нь Нидерланд бѳгѳѳд эдийн засагчид, бодлого боловсруулагч нарын дунд ”Голланд ѳвчин” гэж алдаршсан ойлголт бий (Economist сэтгүүл 1977 онд Нидерландын эдийн засгийн талаар бичихдээ энэ нэрийг анх ашигласан бѳгѳѳд түүнээс хойш энэ нэр томъёо алдаршсан).
1970-аад оны олон улсын зах дээрх нефтийн хямралуудын үеэр газрын тосны үнэ огцом ѳсч, орлуулах эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийн эрэлт өсч, үнэд оржээ. Тухайн үед байгалийн хийн нѳѳц ордуудаа илрүүлээд удаагүй байсан Голландын хувьд энэ нь алтан боломж болж, экспортын гэнэтийн ѳсѳлтѳѳр дамжаад валютын орлого нь хурдтай нэмэгдсэн байдаг. Гэхдээ энэ нь үндэсний мѳнгѳн тэмдэгтийн ханшийн хэт чангаралт, баялгаас бусад экспортын салбарын ѳрсѳлдѳх чадварын уналтыг үүсгэв. Ханш хэт чангарснаас болж уул уурхай бус салбарын экспортын бүтээгдэхүүний үнийн ѳрсѳлдѳх чадвар алдагдаж, борлуулалт муудаж байлаа. Үүнээс сэргийлэхээр хүүг бага байлгах мѳнгѳний сул бодлого хэрэгжүүлснээр ѳгѳѳжгүй болсон хѳрѳнгѳ оруулалтууд дайжиж, эдийн засгийн бусад салбаруудын доройтол гүнзгийрч, ажилгүйдэл ихэсч, эдийн засаг хүндэрчээ. Ѳвчнѳѳ эмчлэхийн тулд Нидерланд улс 20 орчим жилийг зарцуулсан бѳгѳѳд үүнээс хойш "Голланд ѳвчин" дэлхийн түүхэнд алдартай бодлогын алдааны сургамж болсон байдаг.
Хэдийгээр Голландын жишээ хангалттай судлагдсан сэдэв боловч байгалийн баялагтай ѳѳр олон оронд “Голланд ѳвчин”-ий шинж тэмдэг зарим цаг хугацаанд илэрч, өвчин давтагдсан тохиолдлууд байдаг. Үүнд Австрали, Канад гээд нүүрс, төмрийн хүдэр, нефтийн ордуудтай хѳгжсѳн орнуудаас эхлээд Чили, Орос, Венесуель гм нефть, зэс, байгалийн хийн нѳѳцтэй орнууд ч багтана. Мэдээж тухайн улс орны онцлогоос хамаараад Голланд ѳвчний шинж тэмдэг, хурц байдал, үргэлжилсэн хугацаа нь харилцан адилгүй юм. Сүүлийн үеийн судалгаанууд Голланд ѳвчинд нэрвэгдсэн байгалийн баялагтай улсад дараах шинж тэмдгүүд илэрдэг хэмээн тайлбарлаж байна:
Уул уурхайн олборлолт, баялгийн салбар өөрөө хүн гэхээсээ машин техникийн хүчинд тулгуурлах тул баялгаас олсон орлого цѳѳн хүнд тѳвлѳрѳх хандлагатай байдаг.
Гэнэт их хѳрѳнгѳтэй болсон хүмүүс энэ үед мѳнгѳѳ тансаг хэрэглээнд их зарцуулна. Ингэснээр үнэтэй машин, брэндийн дэлгүүр, тансаг байр орон сууцны борлуулалт огцом нэмэгдэж, дээд зэрэглэлийн бар ресторан зоогийн газрууд, үсчин гоо сайхан үйлчилгээний газруудын бизнес цэцэглэнэ.
Түүнчлэн, дотоодын үйлдвэрлэл хѳгжѳѳгүй улсын хувьд импортын эрэлт огцом тэлж, худалдааны салбар эрчтэй хѳгжинѳ. Эдгээр салбарт бизнесийн борлуулалт, ашиг орлого, цалин хѳлс илүү ѳндѳр байх тул хүмүүс ч энэ салбарт ажиллах нь ашигтай гэж үзнэ. Харин импортоор орж ирэх дэлхийн шилдэг бараа бүтээгдэхүүнтэй ѳрсѳлдѳх аргагүй дотоодын үйлдвэрлэл хүнд байдалд орж зогсоход хүрнэ.
Баялгаас олсон гэнэтийн их орлого дотоодод 100% шингэх аргагүй үед гадагш чиглэсэн аялал зугаалга, үл хѳдлѳх хѳрѳнгийн худалдан авалт, татвар зохицуулалтаас зугтаасан хѳрѳнгийн урсгал ч огцом нэмэгдэнэ. Импортын хэрэглээ их, валютын гарах урсгал ѳндѳр ийм үед үндэсний мѳнгѳн тэмдэгтийн ханш чангардаг классик Голланд ѳвчний шинж заавал илрэх албагүй. Хамгийн аюултай нь худалдаалагддаг салбар буюу дэлхийн зах зээл дээрх ширүүн ѳрсѳлдѳѳнтэй нүүр тулж орлого олохын тулд ѳндѳр ур чадвар, хүнд хѳдѳлмѳр шаардах ажлыг сонгох хүн ховор болно. Учир нь байгалийн баялаг зараад шинээр тѳрсѳн баячуудад импортын бараа дамлаж зарах, үнэтэй тансаг бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох нь хавьгүй хялбар ажил юм.
Харин баялгаас шууд ашиг хүртээгүй олонхи ард иргэд уул уурхайн баячуудад үйлчилдэг тансаг хэрэглээний салбарт орж ажиллаагүй тохиолдолд өсөлтийн ашиг шимийг төдийлөн хүртэхгүй, амьжиргаа нь сайжрахгүй. Улмаар баян хоосны ялгаа гүнзгийрч, ууртай үлдсэн ард түмнийг аргалахын тулд улстѳрчид элдэв халамж тусламжийн бодлого санаачилна, шударга ёсны тѳлѳѳх популизм эрчээ авна (Дээр нь мөнгөний уурхай болсон баялгийг удирдах эрх мэдлийн тѳлѳѳх хэрүүл тэмцэл дуусахгүй, Голланд ѳвчинтэй зэрэгцээд “Баялгийн хараал” давхцах нь цѳѳнгүй). Уул уурхайн бус худалдаалагддаг салбар зогсонги болж, харин худалдаалагддаггүй буюу дотоодын бизнес нь баялгаас хэт хамааралтай болсноор байгалийн баялгийн үнэ унах, нѳѳц дуусах үед эдийн засаг бүхлээрээ чанга унаж, улс орон маш хэцүү байдалд орно...
Голландын хувьд байгалийн хийн орлого нь оргил үедээ ДНБ-ийн ердѳѳ 4% орчим буюу харьцангуй бага байсан хэдий ч, байгалийн баялгийн удирдлагыг буруу хийвэл эдийн засагт ямар хүнд уршиг тарих эрсдэлтэй вэ гэдгийг дэлхий нийтэд харуулжээ.
Харин ѳнѳѳдрийн Нидерланд улс бол хүний хѳгжлийн индекс (HDI), инновациас гадна хѳдѳѳ аж ахуйн экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.
Royal Dutch Shell, ING Bank, Heineken, Airbus, Phillips, KLM тэргүүтэй олон мультинациональ корпораци, санхүүгийн байгууллагуудын тѳв офис энд байрлана. Ердѳѳ 40 мянган кв.км газар нутагтай (Сэлэнгэ аймагтай ойролцоо) хэдий ч Нидерланд жилдээ хѳдѳѳ аж ахуйн экспортоос 90 тэрбум еврогийн орлого олж, Америкийн дараа буюу дэлхийд No.2-т ордог.
Тэд дрон нисгэж ургацынхаа эрүүл мэндийг хянаж, амттай бяслагаа дэлхий даяар борлуулж, эко амьдралын хэв маягаараа хүн тѳрѳлхтѳнд үлгэр жишээ үзүүлж байна.
PS: Нидерландын Тѳв банкныхантай уулзах үед ѳмнѳ нь Сангийн яамандаа ажиллаж байсан мэргэжилтэн 10 жилийн ѳмнѳ Монголд ирж "Голланд ѳвчин"-ий талаар Тѳрийн ордонд лекц уншиж байснаа ярьж байв. Лекцийн материалыг эндээс үзэх боломжтой:
Бүгдээрээ сайн уу! Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: [email protected] Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: [email protected] хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593 Баярлалаа Эсен
Сонирхолтой зүйл нийтэлдэг шүү дандаа уншдаг шүү амжилт