Нийтлэл 08 сарын 18, 2019

С.Баяр: Баттулгад гомдох юм надад үгүй

Овоо зузаан тэмдэглэлийн дэвтрийн хуудас бараг гүйцжээ. Босон суун тэмдэглэсээр овоо юм сараачсан байна. Гаргац муутай, үгээ товчилж бичсэн энэ тэмдэглэлийг надаас ѳѳр тайлж дѳнгѳх хүн бараг олдохгүй биз.

 Ѳнгѳц гүйлгэсэн хүнд бол Н.Энхбаяр гэх нѳхрийг ад үзсэн, Х.Баттулга гэх хүнд гомдсон, ойрын хоёр хѳршдѳѳ дургүй хаа холын барууны хүн бичжээ гэмээр. Аль нь ч тийм биш юм уул нь.  Тэгээд ч тухайн үед бодсон, буулгаснаа одоо нэг их засаж янзлах, зѳѳлрүүлж, мѳлийлгѳх хэрэггүй гэж бодогдоно. Яах юм. Оочин цоочин оволзож буусан энэ байдлаараа л үнэ цэнэтэй үнэний үнэртэй биз. Энхбаярыг ад үзэх юм надад үгүй. Би түүнтэй ойр дотно байж түүнийг үнэлж, хүндэлж явсан үе бий. Эрх баригчид эсрэг тэсрэг хоёр ѳѳр тѳрлийнх байдаг.  Нэг хэсэг нь "Хариуцлага үүрэх, эрсдэлд орох нь хамаагүй, дэвшил гаргах нь чухал" гэж зориглоод зүтгэдэг. Нѳгѳѳ хэсэг нь "Хариуцлага үүрч эрсдэлд орохгүй байх нь чухал, дэвшил гарах эсэх нь хамаагүй” гэж хар амиа боддог. Д.Бямбасүрэн, М.Энхсайхны адил Н.Энхбаяр бол эхний төрөлд нь гарцаагүй багтдаг байсан эрх баригч. Миний өмнө Ерөнхий сайд хийж байсан тэр хэдийн зориг намайг бас хурцалсан.

Н.Энхбаяр л гэхэд их өрийг тэглэх, газар өмчлөлийг эхлүүлэх, улс төрийн намаа дэлхийн жишигт нийцүүлэн Социнтерид элсүүлэх гээд улс, нийгэмд хэрэгтэй, зөв зүйтэй олон ажлыг удирдан зохион байгуулж байсан Монголын хүчирхэг Ерөнхий сайд нарын нэг яахын аргагүй мөн байсан. Гэтэл одоо тэр танихын аргагүй өөрчлөгдсөн.

Бид хоёр бол бага залуудаа үерхэж явсан сайн найзууд гэж би боддог байв. Гэтэл Энхбаяр бол найзгүй хүн юм билээ. Шууд болон дам утгаараа.  Аливаа хүнд, тэгэх тусмаа  төрд зүтгэж яваа хүнд, итгэл үнэмшил, тууштай чанар гэж байдаг аа. Энхбаярт тэр нь байхгүй болсон юм шиг. Одоо түүний хэлж, хийж байгаа нь урьд хэлж, хийж байсныгаа бүрэн үгүйсгэдэг. Үүнийгээ мэдрэх, анзаарах ухаангүй болсон мэт явж харагддаг. “Салаа цэрэг буруу алхаад, би ганцаараа зөв алхаад” гэх онигоонд гардаг шиг хамтран зүтгэж явсан бүх нөхдөө муулаад л, өөрийгөө магтаад л явдаг. Буруу бүхнийг бусдад нялзаах, зөв бүхнийг өөрийн нэрэмжит болгох гэсэндээ юу ч хамаагүй “залдаг” болсон. “Таван толгойг би төрд эргүүлж авсан” ч гэж байх шиг. Гол оролцогч болон гэрчийн этгээдүүд нь өдгөө амьд сэрүүн байгаа шүү дээ. Өмнөөс нь заримдаа ичмээр болдог.

Баттулгад гомдох юм надад үгүй. Гомдохдоо хүрвэл хүн бүр ойр дотныхоо л хүнд гомддог биз. Тэр надад ойр дотно биш учраас гомдох асуудал байхгүй. Байх ч учиргүй. Улс төрд шогшиж явсан, яваа хүмүүс нэг нэгэндээ гомдоод байх утгагүй. Бид хоёрын зам, амьдралын нэгэн зурвас үед учрах, зэрэгцэх, огтлолцох учиртай л байсан юм байж. Түүнд муу санаж явсангүй. Намайг энд суулгахад нөлөөлөөгүй байж болох ч суух хугацааг сунгахад нөлөөлсөн гэж бодохоос дургүй хүрч байна. Дургүй хүрэхийн хажуугаар гайхаш төрөөд байх. Энэ зэргийн яваа эр хүнд эрийн хуйх гэж нэг юм байх ёстой доо гэж бодогдоно. Хүний муу үзэж, тэрүүхэндээ бахаа хангадаг нь жижиг гарын чанар. Гэтэл үзсэн туулсан амьдрал, байгаа байдлаараа тэр жижгэрэх учиргүй нөхөр юм.

Өгөгдөхүүн гэх ойлголт бий. Зөвхөн тоо, хими, физикийн өгөгдөхүүн биш. Байгалийн, нийгмийн, аз хийморийн өгөгдөхүүн гэж бас бий. Хорвоо Баттулгад өгөөмөр хандсан. Ховор олдох хувь заяа түүнд хайрласан. Тамирчин яваад дэлхийн аварга болсон. Бизнес хийгээд тэрбумтан болсон. Өгөгдсөн саваа хэн, яаж дүүргэхээс бүх юм хамаарна. Сав дүүрэн яваа атлаа дутуугийн архаг комплексдоо идэгдсэн хүн шиг ямагт л илүү харж, билүү долоож байх хэрэггүй.  Бусдад байнга атаархан хорсож, хөмхийгөө зууж хөмсөг зангидан явах нь хувь заяагаа гомдоохын нэмэр.

Тээр жил бид хоёрын хооронд нэг ийм шог яриа болов. “Энэ муу Эм-Си-Эс”-ийнхэнд дургүй хүрээд байдаг юм” гэж байна. “Яагаад тэр вэ” гэж би асуув”. “Оготно шиг хаашаа ч хамаагүй шургаад орчихно. Хэнтэй ч хамаагүй нийлнэ. Хоосон газраас ч мөнгө шүүрнэ. Одоо бүр долларын тэрбумтан боллоо. Будаа болгоод өгөх юмсан” гэж байна.

Тэгэхэд нь би өөдөөс нь инээнгээ “Больж үз, Тулгаа! Чи Монголынхоо ардчилсан хувьсгалд оролцож, санхүүжүүлж явсан демократ маркийн хүн. Гэтэл битүү хатуу “большевик” хүний залбирал шиг юм ярьж байх юм” гэлээ: “Юун большевик залбирал” гэж тэр надаас асуув. “Бурхан минь, намайг тэдэн шиг ухаантай, тэдэн шиг баян болгоод өгөөч гэж демократ хүн залбирах ёстой. Харин большевик нөхөр бол “Бурхан минь, тэднийг над шиг тэнэг, над шиг ядуу болгоод өгөөч” гэж шүдээ зуудаг. Чи бол ядуу биш, тэнэг биш. Гэхдээ хувьчилж авсан хэдэн юмаа тордох төдий л яваа хүн. Гэтэл тэр хэд муу ч сайн ч хаашаа л орно уу дандаа цоо шинэ юм бүтээж босгож яваа улс. Эргэн тойрноо нэг хар даа. Тэдэнд бүү атаарх тэднээс суралц” гэлээ.

Мань хүн тэгэхэд хариу юу ч хэлээгүй. Эрхбиш юм ойлгосон болов уу гэтэл, тархиндаа юм бодох биш, араандаа юм зуусан бололтой. Би ч гэж би. Том дуугараад л, хорсож яваа хүнийг санаатай  санаагүй доош нь хийж шоолоод л . Эм-Си–Эс-ийн ганц нэг “даварсан гаруудад” тэрээр хар буруу санаж, “будаа болгоно” гэж зүтгэх нь бага хэрэг. Харин Женко Баттулга маань ийм сайхан хувь заяа түүнд хайрласан улс орноо санаатай, санаагүй “будаа болгочих гээд” явдаг учрыг нь олох гээд би чадахгүй сууна. Бодно доо, олно доо...

С.Баяр  Жаран хоног, "Жаран"-ын бутархай номоос

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2019-08-19

    Jenko uuriin hucheer uuriin hicheer, uuriin zutgeleer sn tamirchin, sn biznesmen bolson, ter ataarhaagui, Bayriig bodvol mungunii hor ni garcan biznesmen.

    • Zochin
    • 2019-08-19

    Battulga uuriin hudulmuruuruu , hicheel zutgeleeree sain tamirchin, sain biznesmen bolson. Ter odoo buruu zuilsiig uurchluhiig husch bgaa bolohoos ataarhaagui.

arrow icon