2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах /цаашид төсөл гэх/ амлалтаа ажил хэрэг болгохоор бүрэн эрхийн хугацаа эхэлсэн үеэсээ эхлэн ажиллаж байгаа. Үүнийгээ ч өнгөрсөн өвөл, хавраас эрчимжүүлсэн. Энэ оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж мөн сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн.
Одоо дараах хоёр үр дүнгийн аль нэгэнд хүрэх ёстой.
Нэгдүгээрт. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.
Хоёрдугаарт. Үндсэн хуульд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй. Энэ нь үйл явцын хувьд хоорондоо бага зэргийн зөрүүтэй хоёр аргаар хийгдэнэ.
Одоо болж буй УИХ-ын нэгдсэн чуулганы 2-р хэлэлцүүлгээр ороод Гуравдугаар хэлэлцүүлэгт хүрч төслийн зүйл, хэсэг, заалт бүрээр хэлэлцэн санал хураана. УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүний дэмжлэг авсан санал батлагдсанд тооцогдоно. Мөн дөрөвний гуравын дэмжлэг авч чадаагүй саналуудыг хассаны дараа бүхэлд нь батлах санал хураалт явуулж 57-оос доошгүй гишүүд дэмжвэл сая нэг төсөл батлагдана.
Хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд хууль санаачлах эрх бүхий этгээд ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төсөл санаачилвал, цаашлаад энэ асуудлаар санал хураагаад 51-ээс дээш гишүүн дэмжвэл төслийг батлах эсэхийг иргэдээс асууна. Энэхүү шийдвэр гарсанаас хойш 45 хоногийн дотор санал асуулга явагдана. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн иргэдийн олонх оролцож байж санал асуулга хүчин төгөлдөр тооцогдох ба иргэдийн олонхи дэмжвэл уг төсөл батлагдана. Одоогоос хойш явагдах үйл явц нь товчоор ийм. Үүнийг МАН-ын УИХ дахь мундагууд, хашгирдаг, сүрдүүлдэг улс төрчид хэлээд заагаад байгаа юм биш. 2010 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар ийнхүү зохицуулагдсан юм.
2-р хэлэлцүүлэг бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үйл явцын магадгүй хувь заяаг шийдэх хэсэг. Аль зүйл, заалт дэмжигдэж аль нь хоцрох вэ? Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж дэмжигдсэн, дэмжигдээгүй 150 гаруй санал чуулганы хуралдаанаар орно. Төслийг өргөн барьсан ажлын хэсгээс боловсруулсан заалтыг эхэлж хэлэлцээд дараа нь үг үсэг нэмэх, хасах өөрчлөн найруулах, өөр зүйл нэмэх гэх мэт Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ардчилсан намаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж санал хураана. Хэлэлцэнэ гэдгийн учир нь үндсэн болон зарчмын зөрүүтэй санал бүр дээр гишүүд байр сууриа илэрхийлж нэг гишүүн 10 минутад багтаан үг хэлэх боломжтой. Тэгэхээр энэхүү 2-р хэлэлцүүлгийн үйл явц налгар намрын сарыг нилээдгүй уяна. Өнгөрсөн долоо хоногийн 3 өдрийн хуралдаанаар 20 гаруй гаруй саналыг хэлэлцлээ. 1 санал дээр 2-6 гишүүн үг хэлж, техникийн болон горимын саналаар хэд дахин санал хураасаар 1 цаг орчим үргэлжилж байна. Баримжаагаар 150 орчим цаг буюу ажлын цагаар дунджаар 19 өдөр үргэлжилж мэдэх нь.
Үүнд:
1. МАН-ын бүлэг нэгдсэн байр суурьт хүрэх үйл явц
2. Саналууд нийгэмд хүрч буй ач холбогдолоос хамаарч гишүүдийн байр сууриа илэрхийлэх эрмэлзлэл
3. Ерөнхийлөгч, УИХ дахь цөөнхийн зөвлөл, сул гишүүдийн улс төрийн үйлдлүүд
4. Хуралдаан эхлэх, сунгаж хуралдах зэрэг шалтгаанууд нөлөөлж тооцоолсон цаг наашлах эсвэл сунжрах магадлал бий.
Мөн ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө бүрдүүлэх болон шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудыг МАН-ын бүлэг ойлголцож байж хэлэлцүүлгийн сүүлээр хуралдаанд оруулахаар болсон. Энэ мэт хойшлогдох заалтууд нилээд гарах бололтой. Алтны шижирийг л тунааж байгаа. Уг нь энэ нэмэлт, өөрчлөлтийг хийж буйн утга учир болсон заалтууд. Энэ намрын гол мэдээг дуулгахад хүссэн ч эс хүссэн ч телевиз, утасны дэлгэцэнд ирэх 1 сарын хугацаанд УИХ-ын гишүүд хадаатай байх нь.
Ийнхүү нуршсаны учир нь үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол ирээдүйн 20, 30 жилийн нийгмийн өрнөл, улс орны хөгжил дэвшил, бууралтыг тодорхойлох үйл явц учраас цаг авч нухацтай хэлэлцэх ёстой
гэдгийг бодож залхалгүй, залхууралгүй ажиглахыг сануулах гэсэн хэрэг. Харсаар л байцгаая.
Нийгмийн суурь гэрээг хөндөж буй учраас цаг зарцуулах нь зайлшгүй.
1992 онд Ардын их хурал төлөвлөгөөт хугацаанаас хэд дахин уртаар буюу 76 хоног хэлэлцэж байж Үндсэн хуулийг баталсан байдаг. Харин 2000 оны нэмэлт өөрчлөлт чуулганы хуралдаанаар 1 өдрийн дотор хэлэлцэгдэж батлагдсан. Тэрхүү нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан зарим заалт тухайлбал, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бөгөөд бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэснийг “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчлөн найруулсан нь Засгийн газар УИХ-ийн хууль тогтоох бүрэн хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг үүсгэсэн. Үүнээс үүдэн давхар дээл хэмээх нийгмийг бухимдуулсан асуудал үүсэж хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа бүдгэрсэн юм. Тэгэхээр нэмэлт, өөрчлөлт гацаанд орлоо, дэндүү удаж байна гэх зэргээр хэвлэлийн мэдээнд хөтлөгдөн УИХ-аа шахах нь гишүүдийг тэвдүүлэх, байр сууриа нэгтгэж чадахгүйд хүргэх вий. Явж явж энэ сэдвээр гарч буй нийтлэл, ярилцлага, хурал, цуглаан, сошиал орчин дахь сэтгэгдэл зэрэг олон нийтийн хандлага л энэ үйл явцыг чиглүүлж байгаа. Энд хүрчихээд хэлэлцүүлгээ зогсоох эсвэл төслийнхөө суурь заалтуудаа баталж чадахгүй бол сахил хүртээд шал дордов гэгч юм болно.
Цаад утгаараа бид УИХ-аар дамжуулаад Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм.
2012-2016 онуудад Ардчилсан нам нэмэлт, өөрчлөлт оруулж чадаагүй. Зөрүүлээд Монгол Ардын нам Ардчилсан нам үүнийг хийж чадахгүй юм байна бид хийе гэсэн. Олон нийтийн хүсэл ч үүнтэй нийцэж байсан. Сонгуулийн санал хуралтад оролцсон нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга таван зуун сонгогчдын 45 % нь буюу олонх нь ийм сонголт хийсэн. Нэг үр дүн ганц шалтгаантай байдаггүйн адил эдгээр сонгогчид МАН-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэхүү амлалтад тулгуурлаж сонголтоо хийжээ гэх нь өрөөсгөл ч сонгосон мөрийн хөтөлбөрийнх нь нэг заалт яах аргагүй мөн. Тэгээд ч бүх нийтийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч, АН, МАХН-ын гишүүд /Бие даагч С.Жавхлан гишүүн хэлэлцүүлэгт оролцоогүй, байр суурь тодорхой бус/ нийтээрээ л оролцож байна. Тиймээс төлөөллийн ардчилал хэрэгжиж байгаа тул нийтээрээ төлөөлүүлэх эрхээ тодорхой эдэлцгээе. Байр сууриа илэрхийл.
Харин иргэн та google-ээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гэж бичиж хайгаад хэлэлцэгдэж буй төслийг уншчих. Заалт бүрээр нь хар. Улс төрчид болвол судлаачдын үндэслэл, тайлбарыг үзээд бод.
Зөв үү? буруу юу? Өөрчлөлт, оруулах уу? үгүй юу? Мөн үндсэн хууль гэж юу билээ? Надад хамаатай бил үү? гээд бодъё. Тэгээд тойргийнхоо гишүүдийг ямар байр суурьтай байгааг хар. Ахиад бод.
Э.Сундуй, Улс төр судлаач
Сэтгэгдэл бичих