Ардчилсан Намын гишүүд, улс төрийн идэвхитэй хүн бүр, залууст.
Монгол Улс олон жил засаглалын хямралд урагшаа ч алхаж чаддаггүй, хөгжлийн тулгамдсан асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй явж ирсэн. Үүнийг манай намын лийдэр гэгдэж явсан хүмүүс олон жил улиг болтол ярьцгаасан. Үүнийг л засчихвал улс орон хөгжлийн манлайд хүрнэ хэмээн тунхаглацгаасан.
Энэ удаагийн парламент магадгүй Монголын нэн шинэ үеийн түүхэн дэх, ардчилсан засаглалын он жилүүд дэх хамгийн муу парламент байх. Муучлах олон зүйл бий, төрийн албыг худалдсан, хууль бус схем боловсруулан сонгуулийн санхүүжилт босгосон, ЖДҮ хулгайлсан гэмт хэрэгт шалгагдаж буй гээд тоочивч баршгүй.
Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх боломж бүрдсэн олонхи. Түүнчлэн Ардчилсан намын үед санаачилсан, эрдэмтэн судлаачдын олон жил хэлэлцсэн үндсэн хуулийн төслийг авч, засаглалын хямралалаас гарах оролдлого хийсэн. Олон нийт, боловсролтой хүн бүр үүнийг л засчих болов уу гэж хүлээсэн. Харамсалтай нь үндсэн хуулийн төслийг замхаруулж байна. Тэд луйврын засаглалыг дэмжигчид, хонгилын эзэд, клайнтелистууд гэдгээ нотоллоо.
Гэхдээ би энд Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудлыг хөндөх гэсэн юм. УИХ-ын сонгуульд АН-аас мандат авч нэр дэвшсэн, Ардчилсан намын эгэл жирийн гишүүд гутлынхаа улыг эргэтэл айлын хаалга тогшин байж дэмжүүлсэн эрхэм гишүүд маань Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй хэмээн сайн дураараа хаалганы гадна нь үлдсэнд гайхаж байна. Бид эгэл жирийн гишүүдээсээ эхлээд бүх шатны сонгуульт гишүүний үүргээ биелүүлэн татвараа төлж, намын зохион байгуулсан ажилд хандив өргөж, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцдог. Гэхдээ юуны тулд?
Дэмжиж сонгуулсан гишүүдийн ихэрхэхийг харах гэж үү? Эсвэл тэрүүхэндээ асуудал шийдээд, чимээгүй явахыг нь үзэх гэж үү? Таныг төрд төлөөлөх чадалтай хүн гэж сонгогчдод ухуулж саналыг нь авчихаад улс орныхоо язгуур эрх ашгийн төлөөх шийдвэр гаргахад улс төрийн ашиг хонжоо хайгаад оролцохгүй байхыг нь харах гэж үү?
Ер нь сонгогдсон хүмүүст хариуцлага байх ёстой юу? Тэд иргэд, сонгогчдын өмнө ямар хариуцлага хүлээдэг юм бэ? Тэд өөрийг нь дэмжиж зөөлөн суудалд тухлахад нь тусалдаг намынхаа гишүүдийн өмнө ямар хариуцлага хүлээдэг юм бэ? Эсвэл бид эрхэм гишүүний өндөр нэрийг сэвтээчих вий гээд дүлий дүмбэ оргиж сууцгаах ёстой юу? Эсвэл бүр сонгуульд л ялж байвал улс орон, зарчим, хариуцлага ямар хамаатай юм гэсэн бэртэгчин болж үлдэх ёстой юу?
Үгүй, харин бид, Ардчилсан намын гишүүнийхээ хувьд тэднээс хариуцлага асуух эрхтэй ч, ёстой ч!
Тийм ч учраас миний бие Ардчилсан намын гишүүнийхээ хувьд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга таныг
1. Ардчилсан намын зөвлөлийн шийдвэр хэрхэн гардагийг тайлбарлах
2. Ямар үндэслэлээр Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээс гарах болсныг тайлбарлахыг шаардаж байна.
Ардчилсан намын гишүүд, дэмжигчид та бүхнийг ч бас энэхүү шаардлагад нэгдэхийг уриалж байна. Ялангуяа улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйлс, зарчим ярьж яваа залуучууд миний энэ саналыг дэмжиж намынхаа ах нараас хариуцлага нэхнэ гэж итгэж байна. Бид боломж хайсан улс төр хийж, оппортунист хандлага гаргавал бид шинэ үе биш!
Бид шинэ үе юм бол өөрийн зарчим, үнэт зүйлсээ хамтдаа хамгаалж буруу зөрүүтэй эвлэрэхгүй байж Монголын улс төрд шинэ хэм хэмжээ, соёл, хариуцлагыг авчирна.
Сэтгэгдэл бичих