Нийтлэл 10 сарын 04, 2019

ТӨВДӨД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Шашин эдийн засгийн салбар болох нь

Төвдөөс эргэж ирээд хэдэн мэдээлэл оруултал “харанхуй бүдүүлэг Төвдөөс хол байх хэрэгтэй” гэсэн сэтгэгдэл хэд ирж байна. Ер нь Төвд орон гэдэг сүсэгтэй монголчуудын хувьд ариун номын газар, харин сүсэггүй мань мэтийн толгойд бол бурангуй шашинд хүлэгдэж бөөс хуурсандаа баригдсан газар байдаг маягийн догма хаа нэгтэйгээс коодлогдсон байдаг ч юм шиг. Би гэж нэг тиймэрхүү ерөнхий төсөөлөлтэй хүн дэлхийн хөгжлөөс тасарсан ‘музей’ үздэг жуулчны хувиар онгоцонд суулаа. Тийм дээгүүр санаатай хүн яахав, мөнгө сэлт ч олигтой базаасангүй. Очоод харин хамт яваа хүнээсээ мөнгө зээлэхэд тулав. Юун мань мэт нь өрөвдөж өглөг барьц болох, харин ч шашин соёлдоо түшиглэсэн арилжааны зах зээл жинхэнэ буцалсан газар байдаг юм. Токио, Сингапурын нэг хэвийн их дэлгүүрүүдээс уйдсан шоппингчдын хармааг харин ч нэг сэгсрээд үлдэнэ.

Хаа сайгүй шашны эд өлгийн зүйл, сувинер, ээмэг бөгж, эрдэнийн болон дуураймал чулуу, элдэв гар урлалын зүйлийн худалдаа явагдаж байна. Хэдэн мянган метр өндөрт уулын орой дээр ч байна, Лхаса хотын төвөөр нэг байна, хурмастын хаалга гэгдсэн Будала ордон дотор ч байна. Үнэхээр хаа сайгүй!

Төвд үсэгтэй  архи дарс, бусад сувинерийн зүйлийн хайрцаг баглааг үзвэл яг ч Төвдийн гэхээсээ Хятадын үйлдвэрлэл, технологи ажлаа хийж байгаа юм уу гэж бас хардахаар чанартай бөгөөд үзэмжтэй. Манайхны нэг нь буцаж ирээд алтан хайрцагтай жижиг архи бэлгэнд өгтөл үнэртэй ус гэж андуурсан байх жишээтэй. Зарим үнэт эдлэл, ээмэг бөгж, хатгамал алчуур, гар урлалын зүйлс Балбаас их орж ирдэг гэнэ. Буддын шашны өлгий гэгдэх Их Зуу хийдийн гадаа үнэхээр л нэг ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байна уу гэмээр эд агуурсаар битүү дүүргэсэн хэдэн салаа худалдааны гудамж байх агаад Шагжамуни бурхан залсан буян номын гол хэсгээсээ хэдэн арав дахин том байх нь ариун номын орон гэгдсэн Лхаса хотод хүртэл эдийн засаг буюу хүний хэрэгцээ арван хар нүгэл, ахуйн шуналаас огоорохыг сургасан шашин номлолоо хэдэнтээ нугалж харагдаад бас даажинтай.

Миний мэдэх номоор бол аливаа улсын цэвэр алтны нөөц гэдэг маань дэлхийн эдийн засагт ямар нэг эрсдэл хямрал үүсэхэд дотоод валютаа унагалгүй дэмжих чадамжийг илэрхийлдэг. Ер нь орчин үеийн дэлхийн эдийн засаг бол нэг талаар махаа зулгааж үйлдвэрлэл технологийг хөгжүүлээд, хүний эрэлт хэрэгцээ хангах эд зүйл борлуулж, үүнээсээ олсон ашгаас албан нөөц бүрдүүлж, бага багаар алтны нөөцөө нэмээд явах маягийн систем юм. Харин Будала ордон орсон даруйд миний энэ онол ном утгаа алдлаа. Алдарт Улаан уулын оройд ихэмсэг сүндэрлэх Будала ордон дэлхийн жуулчдын заавал очих газарт дээгүүр бичигддэг нь аргагүй ажээ. Өнөөг хүртэл тодорсон 14 далай ламаас найман далай ламын бунхан, занданшуулсан шарилыг тэдний ном сурсан ширээ, унтаж амарсан ор, сууж заларсан сэнтий, амьдарч асан өргөө гэртэй хамт бүхэлд нь хадгалж буйгаараа буддын сүсэгтнүүдийн хувьд эгнэх газаргүй хурмастын дээвэр мөнөөсөө мөн. Мань мэт шиг усан нүд цусан зүрхтэй онолын хүн бол тэдгээр бунханд хэрэглэсэн шижир алтны хэмжээ, эрдэнийн чулууны ширхэг тоог сонсоод албан ёсны алтны нөөцтэй харьцуулж бодсон шиг явлаа. Нэг бунханд л 400 тонн шижир алт, 18000 ширхэг эрдэнийн чулуу хэрэглэсэн байхыг бодоход тэнд лавтайяа хамгийн их нөөцтэй гэгддэг орнуудад дүйх бодит баялаг шашин, соёлын хэлбэрт хадгалагдан үлджээ. Ерөөсөө хүний түүхэнд одоог хүртэл олборлосон алт 190 мянга гаруй тонн гээд бодоход л тэнд хэчнээн их жин эзлэх баялаг байгаа нь мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл тэнд бүхэл бүтэн өөр загварын эдийн засаг байна. Тэр нь ч ажиллаж байна.

Ажиллаж байна гэдгийг эдийн засгийн өгөөжөө өгч байна гэсэн утгаар хэллээ. Биднийг өглөө 9 цагийн үед очиход сүсэгтэн мөргөлчид ба дотоод гадаадын жуулчид битүү. Өмнө дурдсанчлан өөр эдийн засгийн тогтолцоонд эргэж, өдөр шөнөгүй үйлдвэрлэл технологи хөгжүүлж хураасан цалингаа тэр шашин соёлыг үзэхэд зарцуулахаар зорьж ирсэн байгаа нь тэрээ. Жуулчдыг татах гэж царай алдах байтугай харин ч 1400 жил болж байгаа дээшээ эгц босоо хийцтэй ордныг хамгаалахын тулд хамгийн дээд талын 13 давхрыг хааж, өдөрт орох жуулчны тоог 6000 орчимд хязгаарласан байх аж.

Тэмдэглэлийн эхэнд дурдсан жижиг том гар урлалын худалдаа наймаа бол чухам эндээс эхээ авах асар том шашны эдийн засгийн загварын сүүл хэсэг. Бурхан зурах танка уран зураг л гэхэд нэг харахнээ юунд ингэтэл хүч хөрөнгө зарна вэ гэж бодмоор атал хамгийн үнэтэйдээ 74 сая юунаар үнэлэгдэж зарагдах жишээний үлэмж чимхлүүр төгөлдөр урлаг байх юм.

Миний бие ч хүний итгэл бишрэлд суурилсан арилжааны загварт нь бүрэн дагаар орж, энийг ч аваад явбал аав баярлана, тэр маань ч шүтлэгтэй энийг ч аваачаад өгвөл залбирна гэх маягаар элдвийг цуглуулсаар мөнгө нэмж зээлэхэд хүрсэн нь тэр юм. Ирээд өгөхөд нээрээ л хүмүүс баярлана. Ерөөсөө хүний оюун санаа, итгэл үнэмшил хаана байна, тэнд ахуй буюу эдийн засаг дагаж бий болдгийг өөр олон жишээнээс харж болно. Хөлбөмбөг гэхэд тоглолтын тасалбараас илүү дагалдах эд зүйлийн худалдаа нь илүү том эдийн засаг байдаг гэгддэг. Газар асар үнэтэй Токиогийн зүрхэнд нэг дүүрэг кориан таун үүсч бий болсон нь тв драма, к-поп зэрэг урлагаар дамжаад Солонгосын соёл тэлж газар авсантай холбоотой. Католик сүм гэхэд хэдэн зууны туршид Европт хэн нь өв өвлөж, хэн газар эзэмшихийг мэддэг бүхэл бүтэн улстөрийн эдийн засгийн дэглэм байлаа.  Төвдийн Будала руу Монголын эзэнт гүрнээс үлдсэн алт эрдэнэс сүсэгтнүүдийн өглөг хэлбэрээр тийш урссан нь ч бид итгэл үнэмшил, шашны эдийн засгийн өрсөлдөөнд ялагдсаных ажээ.

Өнөөг хүртэл дэлхийн эдийн засгийн ерөнхий чиглэлээс сөрж, зуун зууны туршид технологид биш бурхан бунхандаа хамгаа өргөж, тийм ч болохоор хоцрогдож сөнөснөөрөө дуудуулж ирсэн Төвдийн ард түмэн. Балба ба Хятадын бусад мужууд руу шууд холбогдсон хурдны зам, төмөр замын дэд бүтэц бүрдэхийн хэрээр өнөөг хүртэл барьж хурааж ирсэн бүхнийхээ ургацыг хураахад ер нь бэлэн болжээ. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, нэг хүнд ногдох ДНБ нь 6000$ даваад байна. Хятадын коммунист нам ч энэ загвараар хөгжүүлэхээр хатуу шийдсэн бололтой агаад хаана ч, аль ч түвшинд Төвдийн байгаль ба уламжлалыг хамгаалах бодлого яригдах юм. Манай түүхэнд эсрэг тэсрэгийг илэрхийлж асан хийморийн дарцаг ба коммунист намын туг хоёр хаа сайгүй цуг намирч харагдах нь бас нүдэнд содон тусна. 

Эцэст нь өгүүлэхэд үл тоомсор ignorance буюу буюу үл мэдэж, үл үзсэний харгайгаар бусдыг дорд үзэх үзэл ер нь өөрт л хортой юм. Бусдыг илүү мэдэж аваад үл тоомсор арилахад өөрийн бодит байдлыг илүү тод харна. Аяллаас эргэж ирээд анх удаа хаанаас гарснаа ойлгодог гэдэг. Эргэж ирээд машин зогсоол, хуучин хувцас засварын газар болж хувирсан манай худалдааны гудамж, тоос шороо тагтааны баасанд дарагдсан Гандантэгчилэн хийдээ, өөрсдийгөө арай өөр нүдээр харлаа. Нэг сахалтай багш Энэтхэгээс ирж талбай дүүрэн хүн цуглуулж ном уншаад явсан гэнэ. Манай хамбыг улстөрч дагаад Энэтхэгт явж байх зуур араар нь энэтхэг багш сүсэгтнүүдийг нь суйлж байгаа маягийн даажинтай дүр зураг юм уу даа. Монголын эзэнт гүрний эд агуурсыг гадагш зөөсөн урсгал гэдрэг эргэсэнгүй, одоо бүр очиж мөргөх хэрэггүй өөрсдөө орж ирээд өргөл барьц аваад явдаг болж байгаа бололтой.  

Ингээд бодохоор коммунизмын дараах Монгол орон гэдэг модерн хөгжлийн төлөөсөнд 400 гаруй сүм хийдээ нураалгаж, шашин соёлын эдийн засгийн капитал хийх өв соёлгүй үлдсэн юм байна. Тэр цагаас хойш технологи, үйлдвэрлэлийн эдийн засагт багтах гэж алдаж оносон 30 жил өнгөрлөө. Шинжлэх ухаан, учир шалтгаанд суурилсан эдийн засгийн загвар ба түүний боломж, уламжлал соёлд түшиглэсэн аялал жуулчлал. Энэ хоёрын тэнцвэр ямар байх талаар үндэсний хүсэл эрмэлзлээ дахин нэг тодорхойлох ажил өнөөгийн бидний өмнө байх шигээ. 

 

Фото: Их Зуу хийдийн худалдааны гудамжинд

Фото: Их Зуу хийдийн худалдааны гудамжинд

Фото: Шашны эд өлгийн зүйлийн дэлгүүрт

Фото: Лу Лан уулын замд гарсан худалдаа, вичатаар төлбөр хийх бааркод

Фото: Лу Лан жуулчны тосгоны 'явдаг дэлгүүр'. Автобусны цонхоор унаа хөдөлтөл наймаа шална.

 

 

arrow icon