Нийтлэл 10 сарын 15, 2019

''Сайн уу, гуниг минь'' номын тэмдэглэл

Хоёр өдрийн хоёр эргэлзээ
Өнгөрсөн зууны дунд үед, нялхын хонгор үнэр нь арилаагүй шахуу 18 настай охины бичсэн бүтэлгүй дурлал, том хүн болж чадаагүй ч томчуудын амьдралд хөл алдсан нүгэл хилэнцийнх нь тухай бичилхэн туужийг яах ийхийн зуургүй уншаад дуусчхав. Харин уншаад төрсөн сэтгэгдэлдээ эргэлзэж хоёр хоног бодсоны дараа тэмдэглэл бичээд үзэхээр шийдлээ.


Нэг. Эхний эргэлзээ
Эхлээд төрсөн сэтгэгдэл бол “ Тэгээд юу гэж?”, “ Юу нь болохгүй гэж?” “ Азгүй юмаа” гэх мэтийн хөнгөн хөвөргөн бодлууд. Дотор загзайлгаад хоёр хоног бодогдоод болохгүй байсан гол шалтгаан нь эд юм.
Охины эцэг Реймондыг хөнгөн хийсгэлэн хүн гэж бодсоноос ёс зүйгүй хүн гэж бодохгүй байгаа минь, Аннаг тээртэй юм гэж хажиглан охинтой адил айх, гайхах сэтгэл зэрэгцэн төрж, Серилийн тухай бичсэн мөрүүдээс бас адил таашаал мэдрэх шиг болж байсан нь намайг бас их эргэлзүүлж орхилоо. Миний ёс суртахуун хаачсан хэрэг вэ? Хэзээнээс би ийм задгай, жаргал хөөсөн амьдралыг байх л зүйл гэж бодож эхэлсэн юм бол? Тэр салахгүй дагаад байгаа “ Тэгээд юу гэж?”, “ Юу нь болохгүй гэж?” “ Азгүй юмаа” гэх мэтийн хөнгөн хөвөргөн бодлуудыг би хаанаас тээж авчраад сэтгэлдээ шингээчихэв ээ? “Ээжгүй болохоор л энэ” гэж охиныг өмөөрөөд байгаа нь юу юм бол? Зүгээр л шалтаглан бурууг нь зөвтгөж байгаа хэрэг биз дээ энэ чинь.
Миний нэг дам танил одоо 40 гаран насны нэг эр байдаг юм. Бэлэвсэн биш л дээ. Салчихсан. Гэхдээ л Реймондын дүр яг тэр хүнийг санагдуулсан. Өрөвдөөд байдаг юм. Сайхан залуу л даа. Хөнгөн хөвсөргөн юм шиг хэрнээ охиндоо жигтэйхэн хайртай, өөрөө өсгөдөг сайн аав. Гэхдээ жинхэнэ эмэгтэйгээр хайрлуулах хувьгүй азгүй залуу. Тэгээд тэр хувь тавилантайгаа эвлэрсэн юм шиг байнгын хийсгэлэн, цэцгэнд төөрсөн эрвээхий шиг амьдардаг. Түүний өтөл насыг би одоо бодохоор өмнөөс нь айх шиг болдог.
Хоёр хоног бодсоны дараа амьдралын мөнхийн үнэ цэнэ дийллээ. Хэрвээ охин хязгаарлагдахаас, хазаарлагдахаас, хамтрахаас, хайраа хуваахаас айгаагүй бол Анна амьд, аав нь харин аз жаргалтай нэгэн болох байсаан. Өөрөө харин хүсээгүй ч өөрчлөгдөж, буурь сууж ухаан нэмэх байсан болов уу. Гэхдээ охин одоо байгаа өөрийгөө алдахаас айсан. Өөрийгөө өсөж том болсноор, мөнхийн үнэ цэнийг хүндэтгэдэг нэгнээр төсөөлж чадахгүй, бусдын үг, хөндлөнгийн дүгнэлтээр ирээдүйгээ төсөөлсөн болохоор тэр байх. Зуурдын жаргалын сорилд бууж өгсөн ухаангүй аав, охин хоёр юу ч болооогүй мэт үргэлжлүүлэн амьдрах ч тэд “Гуниг” гэдэг үгийг одоо өөр өнгөөр мэдэрнэ. Нэг тийм гашуун, гол зурам, хэзээ ч өөрчилж, мартаж чадамгүй гуниг. Бодох тоолонд өөрийн эрхгүй цээж дүүрэн амьсгаа авч санаа алдах ч хөндүүр нь арилахгүй тийм гуниг, яг л үрчлээ шиг.
Хоёр: Удаах эргэлзээ
Харин хоёр дахь эргэлзээ бол номыг уншиж байхад үүнийг яагаад ч жаахан охин бичээгүй, харин өтөл эмэгтэй өөрийн залуу цагийн явдлаа дурсан бичсэн мэт сэтгэгдлээс салж чадахгүй байсан явдал билээ. Ганц би тэгж бодоогүй ажээ. Тухайн үедээ утга зохиол судлаач нар ч ийм таамаг дэвшүүлж байсан аж. Гэхдээ энэ бол яах аргагүй Франсуаза Саган өөрөө байсан гэдгийг түүний золгүй амьдрал нь батлан харуулах шиг. Тэр хоёр ч удаа гэрлэж байсан. Гэхдээ тун удалгүй салж байсан. Амрагийн харилцаатай байсан хүмүүс дотор нь эр ч байж, эм ч байж. Хамгийн удаан харилцаатай байсан нь хувцасны стилист агсан Пегги Рош хэмээх эмэгтэй гэнэ. Хурдны машинд ухаангүй дуртай бас архины, мөрийтэй тоглоомын, хар тамхины гээд зүсэн зүйлийн хамаарлаас орж гарч янз бүрээр л амьдарсан. Францын ерөнхийлөгч асан Франсуа Миттерантай үдийн зоог хамт барихаар дотно, өөрийн номын ашиг орлого нь гомдохооргүй их байсан ч тэрээр үхэхдээ бараг нэг сая еврогийн өр үлдээсэн гэх. Хамгийн их алдар нэр авчирсан энэ бяцхан туужийнх нь ч эх бичмэл нь үрэгдэж алга болсон. Хайран залуу насыг гамгүй үрсэн бүсгүй гэж түүнийг л хэлмээр.
Гэхдээ үнэхээр сод сэтгэлгээтэй, уран яруу бичлэгтэй, гэнэн цагаан гээд их магтмаар байвч эвгүйрхмээр үнэн үгтэй гэж хэлэх нь түүнд илүү зохих мэт. Тухайн үеийн нийгэмд нэрэлхээд ярьдаггүй, хийдэг ч хийгээгүй царайлдаг байсан бүхнийг ил гаргаж гэрчлэн бичиж орхисон түүнийг аргагүй л тухайн цаг үеийнхээ дууч шувуухай нарын нэг байсан гэдэгт би бат итгэнэ. Баян гэр бүлээс гаралтай, ухаалаг, царайлаг ч үнэнч биш, сэтгэлийн хатгүй, зугаа хөөсөн хүмүүжилтэй нь түүний энэ хэн ч давтахгүй сонирхолтой хэрнээ гунигт амьдралынх нь замналыг зурсан гэлтэй.
Эрх чөлөө мандтугай гэх ёс суртахууны хазаарлалгүй, хүслийн эргүүлэг болсон энэ цагт жаргалтай амьдрах хэцүү, сэтгэлийн тэнцвэр олох бүр хэцүүг энэ зохиол улам батлах шиг.
Хоёр өдрийн хоёр эргэлзээний нэг нь (удаах нь) хурдан тайлагдсан бол харин эхнийх сэтгэл зураад л үлдлээ. Эргэлзсэндээ өөрийгөө нэг янзаар танив аа би.


 

Сэтгэгдэл бичих

arrow icon