Үрчгэр хар царайтай, хэн ч харсан нөгөө өвгөнтийн хөндийн хүн гэмээр сахал үсэндээ баригдсан хүн. Автобусанд хамт явж байвал хүмүүс хараад цэрвэдэг, хамраа дараад холддог нэг ах байдаг юм. Намайг л 8,9 настай байхад анх танилцаж байсан энэ ах сэтгэлд нэн дотно. Аавын ажлын хар бор ажилд зарагдаж явдаг /одоогоор манайд манаач хийж байгаа/ хамаатан садан муутай үр хүүхэд хань ижлийн талаар би сайн мэдэхгүй, жинхэнэ нэрийг нь ч мэдэхгүй авгайлж дууддаг Маам нэрээр нь таних энэ ахад одоо манай хамаатны жаахан хүүхдүүд /Сонин юм шүү , хүүхэд л хүнийг царай зүс, нийгмийн гарал угсаагаар үл ялган хайрлах юм хүмүүсийг/ бүгд сайн.
Сурсан сургууль олж авсан мэргэжил байхгүй ч номыг бол ёстой сайн уншнаа. Би өөрийн номуудаас ялгаж байгаад настай эрэгтэй хүнд тохирох номыг анх манайд манаач хийдэг болсоноос хойш анх удаа 5 ном өгч явуулахад буцааж надад тэр номын хавтсыг халтар ч болгоогүй, хуудас нугалаагүй, нугаслаагүй/номны уншсан хуудсыг эргүүлээд бөөрөнхийхийлж нэг гараараа барьж уншихыг би ингэж нэрлэдэг / нямбай уншсан буцааж өгөөд ахиад 5 ном нэхсэн юм. Ингээд би аавд дайж номуудаа өгч явуулж буцааж уншсан номоо ааваар дамжуулан надад тушаадаг болов. Хамгийн сүүлд өгсөн 5 номыг маань бараг 7 хоногт уншчихсан ахиад ном нэхээд сүүлдээ өгөх номгүй болоод өөрийнхөө уншиж байсан Сармагчин биш сармагчин өгөөд явуултал нэг өдрийн дотор уншчихсан гээд ахиад ном нэхэв ээ. Харин би худалдаж аваад уншаагүй Стивен Хокинг Сэтгэлгээ хүлээсгүй ухаантан ном өглөө.
Тэгсэн өнөөдөр уулзсан чинь надад 10,000 төгрөг өгч байна. Яах юм бэ гэсэн чинь ах нь тэтгэвэрээ авсан юм. Сүүлд өгсөн ном чинь гоё сонирхолтой физикийн тухай ном байсан. Миний дүү ном авч унш энэ мөнгийг нэмэрлэ гэнэ ээ. Эгээ л өөдөөс нь хараад уйлчихсангүй. Өөртөө ч хувцас авч өмсөлгүй, тамхи авч татахгүй надад илүүчилж байгаа нь энэ. Зайлуулдаа хааяа дэлгүүр ороод ганц ширхэг модтой чихэр авч хүлхдэг гэсэн. Амттан ч авч идэлгүй автобусны картаа ч цэнэглэлгүй хадгалж хадгалж өгч байгаа сэтгэл шингэсэн үнэт цаас.
Хар үрчгэр царайтай уранхай ноорхой хувцастай ч ийм л сайхан сэтгэлтэй, магадгүй сэжиглээд хамраа дараад дэлгүүрээсээ хөөж байгаа нэгэн хүн таниас ч олон ном уншсан байх нэг ийм хүний түүх байна.
2018 оны 01 сарын 20
Б.Дѳлгѳѳн
Сэтгэгдэл бичих