Нийтлэл 11 сарын 04, 2019

''Сүнсний томьёо'' номын тэмдэглэл

Ирээдүй рүү явмааргүй, цаашаа алхмааргүй, хаашаа ч зүглэмээргүй тийм тэвчишгүй амьсгал түгнэ. Дэргэд нь тэр байхгүй амьдрал хоосон, харанхуй, тэсвэрлэшгүй байх болно. Тэсвэрлэшгүйг тэсвэрлэх шаардлага гардаг гэдгийг төсөөлөө ч үгүй явсан учраас яг тэр мөчид өөрийгөө үхэж байгаагаар мэдэрч билээ. Гэлээ ч, үг дуугүй гараад явчихсан л юм даа. Хайр сэтгэл нь амиа хорлож байсан нь тэр биз.
Эргэн тойрон ямар ч баяр баясгалангүй, улбар саарал, ягаан саарал, зэгэл саарал, ногооноор саарал, хөхөлбий саарал, бор шаргал саарал, бараан саарал, хар саарал ,сав саарал... Хайргүй нь хайртайгаа доромжлох эрхтэй гэж бодоо юу? Харин би үнэхээр л хэн нэгэнд хайрлагдаж болмоор хүн гэж үү?..

Үргэлж номны маань сонголт цаг үетэй болон сэтгэл санааны байдалтай минь хоршин байдагт үргэлж би номондоо талархаж, өөрийгөө уншиж чаддагт мөнхүү номонд дурласандаа баярладаг. Тиймээ энэхүү номыг уншинаа гэж бодож байсан боловч яг захиж авчруулахгүй өөр олон ном сонирхсоор, тэднийгээ уншсаар энэ номын сургыг нь сонссоор уджээ. Хүнээс хэд хоног зээлж аван ёстой ойрд ном уншаагүй хурдаараа уншиж дуусгав. Тиймээ энэ цаг үед яг энэхүү мэдрэмжээрээ номыг уншсан минь надад өөртэйгөө ярьж бусдын сонголтыг хүндэтгэж эргэлзсэн харилцаанд цэг тавихад тус нэмэр боллоо. Тэд надтай хэний ч ойлгохгүй үгсээр ярилцаж, сэтгэлийг маань ойлгож надтай ярилцдаг. Тэд биет, амьд бодь хүмүүсээс ч илүү юм шиг хааяа санагддаг. Зарим зүйлсийг илүү ухаж ойлгох төдийгүй өөр лүүгээ болон өрөөл бусдын зүрх сэтгэл рүү өнгийн харахад ч тус болдог...

Хувь тавилан, зурсан зураг, оноогдсон хувь тавилантайгаа эвлэрэх үү, эрсэлдэх үү? Чадлын хэрээр чангаан үлдэх үү? Эцэст нь ганцхан энхрийлэн үнсчихээд эргэж хэзээ ч уулзахгүй огтолцохгүй одох уу
Хайр бол үржүүлэхийн хүрд юм. Хоёул нэгэндээ хайртай байвал хэд дахин үржигдэж өснө. Нэг нь арай бага бол хариу нь дагаад багсана. Харин хэн нэгэн нь ямар ч хайргүй бол тэр хайр бүтэхгүй юу ч биш. Ямар ч тоог тэгээр үржүүлвэл тэрхүү тоо хэд ч байсан хариу нь тэг гарна. Үржигдхүүн буюу нэг нь хязгааргүй их тоо буюу зөндөө их хайртай байлаа ч нөгөө үржигдхүүн буюу нөгөө хүн нь тэг л буюу хайргүй байвал оргүй хоосон бүтэлгүйтэл буюу тэнцэтгэлийн хариу тэг юм.

Ном маань ч гэсэн үржүүлэхийн хүрдээр эхэлж явцын дунд Математик болон алгоритм-тэй холбоотой олон ухагдахуун, тодорхойлолт томьёо, аксиомуудыг амьдралын жишээн дээр тайлбарласан нь сонирхолтой санагдлаа. Дурьдваас:
• Магадлалын онол => Казино
• Тоглоомын онол => Ял эдлэх
• Пи тооны нарийвчлал болон тайлбар түүх => Нум
Гэхдээ Магадгүй ийм шинжлэх ухаанч, эрдэмтэн доктор профессор хүмүүс ихэвчлэн ганц бие байдгын шалтгаан байх. Би анзаардаггүй байж байгаад саяхан 2 сарын өмнө Кембрижийн профессор хүнтэй санаандгүй танилцаж, найз нөхдийн харьцаатай болох боломж олдсон юм. Уулзаад сууж байхад социологич эмэгтэй найз маань түүнийг эхнэр хүүхэдтэй эсэхийг асуугаад ганц бие гэдгийг мэдсэнээ яг энэ карьер болон эрдмийн мөр хөөсөн, шинжлэх ухаанд цаг зав болон, бие сэтгэлээ тушаасан хүмүүс ихэвчлэн ганц бие байх нь олонтаа гэж билээ. Магадгүй тэдний ажил болон амжилтанд нь ар гэр, үр хүүхэд арчилгаа тордлого, хайр халамж хүсэлгүй бие даан гэр бүлээ авч явж чадахаар эхнэр хэрэгтэй байдаг байх.

Бас нэг миний онцлох зүйл гэвэл уншиж буй ном дуутай холбогдсон байх нь надад ямагт таалагддаг юм (Норвегийн ой, 1Q84) өөр ямар номнууд ч билээ. Дараа нь тэрхүү холбогдсон дуунуудыг сонсохоор тухайн номын үйл явдал толгойд зураг шиг, эсвэл яг л кино шиг буудаг юм. Номонд Pink Floyd, Цой дуудагддаг нь дараа нь би дуунуудыг нь сонсох бүртээ номнуудыг санана гэсэн үг. Гоё байгаа биз... Олон мэдрэмжүүд давхцах намайг зорьж ирнэ.

Нэрний утга учир болсон сүнсээ томьёолон орон зай цаг хугацаагаар аялах боломжтой юу?
Энэхүү асуултанд гол дүр болох Инжинаш багш өөрийн биеэр хариулжээ. Тиймээ энэ боломжтой аж. Нэг нь зүүдээрээ хэн нэгэнтэй холбогдож бясалган, мөнхүү бие энд ч сүнсээ орон зай цаг хугацаагаар аялуулах боломжтой ажээ. Тэрээр бүх сэтгэл зүрхээрээ мөнхүү зүүдээрээ дамжуулан “Тэнгэр шагайсан сүрлэг оргилуудын зүг түвдүүд сацал өргөж. Мөргөн залбирцгаана. Сүсэлж залбирахаас ч аргагүй, үлгэрийн юм шиг гайхимшиг аж. Нарны гэрэл гялбуулсан энэ цаст оргилууд буй байгаагаараа гоо үзэсгэлэнг тунхаглаж, Туйлын гоо сайхан гэдэг бол бид хэмээн гэдгээ баталж нотлох шаардлага алга сайхан” хэмээн дүрсэлсэн энэхүү уул бол төвдөөр Жомолунга(ཇོ་མོ་གླང་) юм.
Харсан мэт цаг хугацаагаар сүнсээ томьёолон аялсан энэхүү газар эх дэлхийн зулай, эх дэлхийн ээж хэмээн нэрлэгддэг ноён оргил Эверест рүү зүүд болон сүнсээ томьёолон бичиг баримтгүй хил гарч буйгаар дүрсэлжээ.

Мөн зохиолын нэр билэгдэл санаатай авцалдсан бодол гэвэл Инжингийн аав бол энэ ном дээр гарж буй 2 залуугийн эсрэг тэсрэг дүр юм. Бие сэтгэлээрээ биш насан туршдаа сүнсээ тэр чигт нь хайрт бүсгүйдээ зориулчихсан санагдсан. Насан туршдаа нэг л бүсгүйд дурлан, түүндээ үнэнч, ганц Монголоос ч биш, түүгээр ч барамгүй Оросоос ч биш, цаашлаад Унгараас ч биш дэлхийгээр тэр ертөнцөөр тэр хайж харуулдан сураг ажиг тавин гансарч байгаагаар дүрсэлжээ. Харин 2 амьдаа бол эмэгтэйчүүдийг чин сэтгэлээсээ юу? сэтгэл хөдлөлөөрөө юу? гэдгээ мэдэхгүй, хайр уу? зүгээр л шунал хүсэл үү? гэдгээ ч насыг элээж буй нь нэг бодлын өрөвдмөөр атлаа бахархмаар ажээ. Мөнхүү хүүхдүүдээ ямар сайхан хүмүүжүүлж, ганц жинтэй үг хүйтэн харцаар сургаж байгаа нь жинхэнэ монгол эр хүний зан гэлтэй.

Онцлох ишлэлүүд:
• Яг л усанд хаясан чулуу шиг, галд шатсан цаас шиг, самбараас арчсан шохой шиг, агаарт замхарсан ямар нэгэн үнэр шиг ор сураггүй
• Арван ёс хүртлээ дурлаж үзээгүй залуу хорь хүрүүтээ арван охинд зэрэг дурладаг.
• Түүнд хайртай. Гэхдээ ухаан жолоогүй хайртай биш. Харцанд нь, инээмсэглэлд нь, жижигхэн мөртлөө бумбагар хөхөнд нь шунадаг.
• Бидний өмнөөс л амьдрал бүхнийг шийдээд явдаг. Магадгүй, тэр амьдрал гэдэг нь математикийн ямар нэгэн тогтмол өөрийн хуультай зүй тогтол байх.
• Тэр л хорвоо дэлхийг бүхий сэтгэл зүрхээрээ тэмтчин, аль эрт хаяад явчихсан хайртай эмэгтэйгээ хайгаад байгаа...
• Ганц хүнийг хорвоогоос шүүгээд олчих амаргүйг би мэдэж байна.
• Математикийг жинхэнээс ойлгоё гэж байгаа бол тэгшитгэл бодоход хамаг цагаа үрж хэзээ ч болохгүй. Математик бол тоо бодлого биш, сэтгэлгээний төгөлдөржилт рүү хөтлөх учиртай урлаг. Сэтгэлгээний төгөлдөржилт гэж юу болохыг би мэдэхгүй. Хүн хүн өөрсдөө олох ёстой.
• Гайхамшиг бол аксиом, баталгаа хэрэггүй илэрхий үнэн юм.
• Өөрт нь сайн ханддаг хүний муу талыг уучлахад бэлэн, юутай ч шууд буруутгаж, зүрхлэдэггүйгээ олж харсан хэрэг. Үнэхээр ичмээр, шударга бус явдал.
• Цаг хугацаа юуг ч анагаадаггүй. Өчнөөн жил өнгөрсөн ч, бид нэгэнт шархалсан бол шархтайгаа
• Тэр өөрийхөөрөө л амьдарч болж байвал, өөр бусад зүйл хэрэггүй. Тийм дээгүүр хүн. Амьдрал бол түүний хувьд,яг өөрийх нь хэлсэнээр, ихсэх, багасах, өгсөх, буурах бүх давтамж нь төгс зохицлоо олчихсон, тийм гоё, ямар ч мэрийлт чармайлтгүй зүгээр л нижигнэн урсаад гарч байгаа аялгуу шиг зүйл. Түүний урсгалыг боож, амьдрал ийм л байдаг жамтайг хүлцэн зөвшөөрч чадахгүй хүн л дээ. Тиймээс түүнийг шахаанд оруулж! Тэгээд л тэр зүгээр л яваад өгч. Харахгүйн тулд. Нөгөө нэг, алдаатай хэвлэгдсэн, тэр алдаа нь давуу тал болчихсон пянзаа сугавчлаад л.
• Томьёо л олдчиход бүх зүйл тодорхой болно гэж би буруу бодож байж ч магадгүй. Учир нь яагаад ч нэмэргүй хүн маш олон. Ярилцаад, хэрэлдээд, зодолдоод, алалцаад, бүр яагаад ч нэмэргүй. Тийм хүмүүсээс зүгээр хол явахаас, уулзахгүй байхаа өөр аргагүй
• Орчуулга гэдэг бол үгийн эрэл. Үгийн эрэлд хатах явцдаа тэр монгол хэлнийхээ нууц түлхүүрүүдийг таньж хүндэлсэн.
• Өөрийн туурвилд сэтгэл дундуур үлдлээ гэхэд, тэднээс тэнгэрийн санааг хэрхэн гүйцэлдүүлэх вэ гэдгийг олж харах хэн нэгэн хожим төрж л таарна. Нэгэнт түлхүүр нь тэнд байгаа юм чинь.
• Аливааг мартана гэдэг тайвшрал, харин эргэн санана гэдэг бариц алдмаар зүйл.
• Тэр хэн нэгэнт үнэхээр хайртай л байж шүү дээ. Хайр...
• Дурлал гэж нэрэлэхэд хэцүү ч сэтгэл догдлуун өдрүүд хэнийг ч уруу татдаг. Бясалгах завгүй энэ амьдралаараа үнэндээ амьдрах чөлөөгүй бясалгалыг сольсон ч юм уу?
• Сэтгэл эргээд төвшрөх үед бясалгалын талаар бодохоосоо илүү хийсвэр санаандаа төрсөн томьёо хэмээх бүүр түүр ойлголтдоо донтож эхэлжээ.
Бидэнд эхлээд итгэл төрдөг. Сүүлд нь нотолдог, эсвэл няцаацгаадаг. Яг л нөгөө, эхлээд үг хэлэгдэж, дараа нь түүний утгад тохирох бүх юмс бий болцгоосон гэдэг шиг.
• “Цаг хугацаа бол хэлхсэн эрих” ~Лаварангийн лам
• “Цаг хугацаа бөөмлөг чанартай” ~Айнштайн
• “Цаг хугацааны хэлхээс квантуудыг шатны гишгүүр болгон хувиргаад буц!” Бид буцаж л чадвал, юм бүхний уг язгуурт хүрч чадна.
• Амьдрал гэдэг ч эсэн бусын зүйлсийн эхлэл төгсгөлүүд л юм аа даа. Гайхаж биширнэ, гайхахаа болино. Баярлаж баясана, баярлахаа болино. Дурлана, дурлахаа болино, хөгжимд автана, тэгснээ бүр сонсохоо ч болино.
• Дуу сонсож суух үеийн амилах дурсамжийн хүндийг зүрх тэсвэрлэхгүй байх.
• Хосгүй үнэ цэнтэй санагдаж байсан бүхэн ямар ч үнэгүй болох нь алга урвуулахын төдийхөн хэрэг.
• Сайн нь муугаасаа хавьгүй олон шүү дээ. Харамсалтай нь муу хүмүүс хэзээ ч цөөддөггүй юм билээ.
• Ид шид, уран зохиол гэх мэт өнгөцхөн харахад математикаас хол юм шиг мөртлөө, яг нарийндаа бол амьдралын хамгийн чухал математик илэрхийлэл болдог зүйлсийг ойшоодоггүй хүмүүстэй математикийн тухай ер юуны ч тухай ярилцах боломжгүй.
• Шаналсандаа орь дуу тавин уйлж байгаа нь бус, шаналалдаа бөглөрөн таг чимээгүй суугаа нь л зовлонд гүн нэрвэгддэг.
• Дурсамжаа эрхэмлэдэг хүмүүс байдаг л биз. Харин би математик хүн атлаа одоо цагт хамаагүй зүйлсийг чухалчлан бодож, түүндээ автах нь мунхаг хэрэг.
• "Хайрлан санагалзах ч, зүүдэндээ шаналан гашуудах ч үйлийн үрийн хандив. Цаг хугацаа гэдэг эрин хэлхсэн мэт юм. Хойш буцааж дурсамжаа тэмтрэх, урагш ахиад мөрөөдлөө имрэх аль аль нь хурууны үзүүрт. Гэвч дурсах, мөрөөдөх тусмаа чи тэр хэлхээсд улам л бат бөх уягдаж, сүүлдээ өөр юуг ч бодох сөхөөгүй болтлоо баглагдана." ~Лаварангийн лам
Цаг хугацаа бол зогсолгүй жирэлзэх урсгал огт биш, харин тус бүртээ хөдөлгөөнгүй тайван зогсож буй квантуудын л хэлхээс. Яг л харвасан сумны тухай эртний анчдын дуу шиг.
• Гэвч ямар ч шархыг зөнд нь орхичих юм бол, цагийн эрхээр сэтгэл өвдөхөөргүй болдог. Шархалсан зүрхийг хүрээлэн буй хөндүүрлэгч агаар мандал бас л хувирамхай; сэтгэлийг дагаад тэлж, сэтгэлийн аясаар агшина

Дөлгөөн

2019 оны 09 сарын 25

Берлин хот, ХБНГУ

 

Сэтгэгдэл бичих

    • Real Shura
    • 2024-03-29

    Goy

    • Зочин
    • 2020-12-23

    Баярлалаа ийм гоё эмх цэгтцтэй тэмдэглэл үлдээсэнд, 2 жилийн өмнө уг номыг их л сэтгэл хөдлөн догдлонгүй уншсандаг бас л зөв цаг үедээ уншсан мэт.. Тэгээд зүгээр л дотроо байгаа бүхнээ дэвтэр дээрээ ганцхан өөртөө л гэж тэр бүх догдлол мэдрэмжийг авч үлдэхийн тулд үлдээсэн. Гэвч хэд хоногийн өмнө найз маань уншиж байгаагаа дуулгаад дуусаад номны талаар ярилцмаар байгаагаа хэлэхэд дуртай зөвшөөрөөд дахин тэмдэглэлээ харсан ч өсвөр насны охины энгийн баахан догдлол /хэн нэгнийг шохоорхож бичсэн юм шиг л/ тэгээд энийг уншаад номоо дахиж уншихаар шийдлээ.

arrow icon