Мэргэжилтэн мэргэжлийн ажлаа хийгээд завгүй. Түүний хүрээлэл салбарын танилуудаар голдуу хязгаарлагдана. Тэр ажилдаа хариуцлагагүй хандвал цахилгаан станц зогсоно. Улаанбаатар хөлдөнө. Сэхээний орон дээрх өвчтөн хэцүүднэ. Маргаашийн тоглолт бөмбөрчингүй бол 500 үзэгчдээ юу хэлэх билээ.
Мэргэжилтний ажиллах дүрмийг төрийн эрхэнд гарсан улстөрч тогтооно. Тэр салбарын хуулийг бичнэ. Хэдэн цаг, хэд дэх өдөр ажиллах ёстойг заана. Хэдэн төгрөгний НДШ төлөхийг тогтооно. Дүрэм журмаа зөрчсөн мэргэжилтэн ямар хариуцлага хүлээхийг шийднэ. Тэр улстөрч төрд гарахын тулд олонд таалагдаж сонгогдоно. Битон, данх, гутал, чихэр тараана. Дуу дуулна, бөх барилдана, яг бариад авья гэхээр барьцтай утга үгүй "за., одоо., сайхан., сайхан" нтр гэсэн олон үгтэй хэрнээ агуулга багатай яриаг ихээр хийнэ. Гуталчин хүү эцэстээ УИХ гишүүн болоод, дараа нь давхар дээлтэй салбарын сайд болоод гэмтлийн эмнэлгийн сэргээн амьдруулах тасаг яаж ажиллах ёстойг заана гэнэ! Цахилгаан станцыг хэрхэн ажиллуулах ёстойг сургана. Данх савны наймаачин найзуудаа эмнэлэг, станц руу томилох гэнэ. Мэргэжилтэнүүдийн цалинг тогтооно, зэрэг олгоно.
Мэргэжилтэн энэ хооронд дэмий л бухимдана. Тэр завгүй. Шинэ жилээр шагнал авч, сайн уугаад халамцахаараа нэг бут авчаад өөр үед бол дуу гаргахгүй. Амьдралаа залгуулж яваа цалингаасаа салахыг хэн хүсэхэв. Тийнхүү нарийн мэдлэгтэй мэргэжилтэн өнөөх гутал, чихэр тараагч улстөрч даргадаа тал олохыг хичээж эхэлнэ. Эмгэнэл.
Хүссэн хүсээгүй эвлэрэх нэгэн зүйл бол манай нийгэмд хэн нэгэн улстөрч болж төр барих ёстой болдог. Тэгэхээр улстөр пий паа баба биш хэнийг тийш нь явуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй болох нь.
Битончин, гуталчин, тохиолдлын нэгэн байх уу эсвэл мэргэжилтэн байх уу.
Мэргэжилтэн "би улстөрөөс хол явдаг" гэж зарлаад тохиолдлын "би чадна" улстөрчдөд боломж олгодог. Тэгэхээр мэргэжилтэн боломжтой бол зориг гаргаад өөрөө улстөрч бол. Чадахгүй бол зориг гаргасан бусад мэргэжилтэнүүдээ баалахын оронд чадлаараа дэмж. Мэргэжлийн чадвар мэдээж ганц шалгуур биш. Гэхдээ нэг их нийгмийн идэвхтэй хоосон толгойтой улстөрчөөс нийгмийн идэвхтэй хэрнээ мэргэжилдээ чадвартай улстөрч илүү.
Салбараараа битгий тоглуул. Нутгаараа битгий тоглуул. Одоо хаваажид!
Яг үнэнийг бичжээ. Салбараа хамгаал мэргэжлийн хүмүүсээ дэмж