Нийтлэл 11 сарын 04, 2019

Монгол Зимбабве хоёр юугаараа адилхан бэ?

Энэ тэмдэглэл “ТОВЧ ЗУРАГЛАЛ: Монголын өнөөдөр” тэмдэглэлийн үргэлжлэл болно. Гадаад дотоод нөхцөл байдлаа нэг тоймлож харахгүй бол хол ойрыг харах боломжгүй хөл толгойгүй сенсаацид живэх боллоо. Саарал жагсаалтад Зимбабветэй хамт орчихлоо гэнэ, манай улс үнэхээр тийм дор орсон юм уу? Популизм Монголыг сөнөөж байна гэх утгатай агуулга байсгээд “Өдрийн Сонин” дээр гарч харагдана, популизм гол асуудал мөн үү?  МАНАН гэдэг зүгээр нэг улстөрийн үлгэр үү, эсвэл бодитой юу? Энэ бүх асуудлууд цаг үеийн шижмээр хоорондоо холбоотой болох тухай.

Популизмын эрин үе

Мэдээж түүхэнд сонирхолгүй цаг үе гэж байдаггүй байх. Гэхдээ л бид их сонин цаг үеийг гэрчилж амьдарч байна. Сүүлийн 10 орчим жилд дэлхийн улстөрд  Арабын хавар бүтэлгүйтэж, Венесуэль улс дампуурч, Их Британи Европын Холбооноос гарах санал өгч, Америкт Трамп сонгогдох зэрэг кино шиг үзэгдлүүд дараалав. Трамп Хаадын тоглоомоор уриа хуудас хийж, Италичууд ч хошин шогчдын нам сонгож, үнэхээр л маазрал амьдралын зааг мэдэгдэхээ байжээ. Манай Монгол юу гэж дутах билээ. Загалмайлсан эцэг шиг Ерөнхийлөгчтэй, Рэмбо шиг Ерөнхий сайдтай болж амжлаа. Ар араасаа төрж байгаа комедианууд дундаас яваандаа нэг Зелинский гарах л байх.

Украйнийн экс ерөнхийлөгч Порошенко энэ оны сонгуулиар хошин шогийн жүжигчин Зелинскийд ялагдсаныг бид мэднэ. Манайд дэлгүүрүүдээр Rochen гэж шоколад байдаг даа. Тэрбум долларын бизнес гэж байгаа.  Rochen гэхэд Порошенкогийн бизнес группийн ердөө нэг хэсэг нь. Дээр нь мэдээж медиа сувагтай. Манайхаар бол МАНАН буюу банк, уул уурхай, нам дамнасан, өөрийн гэсэн медиатай улстөрчидтэй л адил гэсэн үг. Түүхэнд Порошенко шиг хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь тоглоомын дүрмийг бичиж ирсэн үү гэвэл ирсэн. Арай дэндүүлээд ирэхээр нь амьдрал хариугаа авч Францын хувьсгал шиг огцом булгиж хаядаг хэв маяг давтагдаж иржээ. Цаг үеийн цикл одоо тэднийг булгидаг дээрээ ирээд байна. Гэхдээ ардчилсан оролцоо хийх, сонгуулиар халах боломжтой болсон учраас процесс цус урсгасан хүчирхийллээс арай өөр хэлбэрээр өрнөж байгаа хэрэг.

Порошенко шиг олигархиуд очиж очиж хошин шогийн жүжигчинд ялагдаж улстөрийн төвөөс шахагдаад ирмэгц мэдээж эргээд галлана. Тэд өөрсдийг нь цаашаа гэсэн олон нийтийн сонголтыг бөөнд нь популизм гэж нэрлэх боллоо. 2000-аад онд терроризмын аюул ба даяаршлын агуу сайхныг сурталддаг байсан  гол медиа сувгууд популизм хэмээх аюулын талаар байнга бичих болов. Венесуэль  популизмаас болоод сүйрчихлээ гэнэ. Монгол бас популизмаас болоод сүйрэх гээд байгаа гэнээ. Манай өдөр тутмын сонин ч юу гэж дутах вэ. Манай өнөө хэд нийлээд популизмын эсрэг төрийн бус байгууллага хүртэл байгуулсан харагдана лээ. Төр оройлж явсан байж төрийн бус болж шалдаа буудаг нь ч бас юув.

Иймэрхүү үзэл санааны машинууд ашиг сонирхолд нь нийцэхгүй болгоныг популист гэж цоллох хандлагатай болсон учраас юуг заан нэрлэж байгаа нь их бүрхэг болсон. Ерөнхийдөө бол попули буюу олон нийтэд богино хугацаанд таалагдах боловч урт хугацаанд хохиролтой улстөрийг хэлэх нь түгээмэл. Энэ тодорхойлолтоор бол популизм хортой, хямрал дагуулдаг нь үнэн. Гэхдээ популизм нь тогтолцооны шинжтэй, бүр ужиг асуудлын үр дагавар болохоос биш шалтгаан нь биш юм. Олон нийт ядуу учраас л халамж амалсан улстөрчийг сонгодог. Боловсролгүй учраас л боорцгийг бодлогоос илүүд үздэг. Өөрөөр хэлбэл ядуу, боловсролгүй сонгогч олширч иржээ гэсэн үг. Тийнхүү олширсны цаана популизмаас арай ахисан түвшний улстөр, эдийн засаг бий.

Хуваарилалт нь шог дэлхий

Энэ жилийн Нобелийг ядууралд шийдэл гаргасан эдийн засагчид авлаа. Тэгш бус байдал нэгэнт дэлхийн эдийн засгийн гол сэдэв болж ирэв. Хүн төрөлхтөн хэзээ ч бүгд ижил тэнцүү орлоготой байж үзээгүй нь үнэн. Гэхдээ 1980 оноос хойш гэхэд дэлхийн хүн амын нэг хувийн орлогын нийт орлогод эзлэх хувь хоёр дахин өсөөд байна.  Өөрөөр хэлбэл 100 хүн дундаа 100 хоньтой байлаа гэж үзэхэд хэрэв бүгд тэнцүү бол хүн бүр нэг хоньтой байх юм. Одоо гэтэл ганцхан хүнд нь 45 хонь ногдох маягийн шог хуваарилалт үүссэн гэсэн үг. Жишээг маш хялбаршуулж авч байгааг анхаарна уу.

Орлогын ялгаа ингэтлээ гүнзгийрсэн энэ 50 жил ямар цаг үе байв? 1970-аад онд дэлхийн эдийн засаг томхон инфляцид нэрвэгдсэн. Төрийн зарцуулалтаар ажлын байр үүсгэх эдийн засгийн онол буюу Кейнсийн эдийн засгийн буруутгах үзэл хандлага энэ үеэс хүчийг авсан гэж хэлж болно. Чөлөөт зах зээлийн онолын загалмайлсан эцэг Хаек, мөнгөний онолын Милтон Фридман нар толгой дараалан Нобелын шагнал авав. Хаекийг шүтэн биширдэг  төмөр хатагтай Маргарет Тетчер мандаж байсан үе. Эдний амжилтыг Хүйтэн дайны төгсгөл залгаж, ЗХУ задарсан. Ийнхүү ардчилал, зах зээл эгнэгт “ялан мандсан” мэт дүр зураг үүсч, Азийн Монголд ч ажил эхэлснийг бид мэднээ. Яг энэ үеэс хойш 30 жил өнгөрсөн өнөөдөр 45 хонины асуудал дэгдээд байна гэсэн үг. Манайд ч байдал ямар байгааг энд бичилтгүй гэж найдаж байна.

Яагаад ийм шог болчдог байнаа гэдэг бол мэдээж том асуулт. Зөв хариулахгүй бол бас л буруу замаар будаа тээх болно. Хэрвээ зах зээл ажиллахгүй юм байна гээд хариулчихвал ХХ зууны түүхийг давтаж төрийн эдийн засаг руу ухарна. Ардчиллын буруу гэж шийдвэл дарангуйлагчдын олз болно. Тиймд цаг үеэ бодитой үнэлж харахгүй бол маргаашийн баримжаа алдуурна.  Дэлхий нийтээрээ ид хэлэлцэж судалж байгаа асуудалд энд нэгмөр хариу өгөх боломжгүй ч зарим нэг гол чиг хандлагаас тоймлоё.

Өр өр бас дахин өр

Дээр дурдсан хугацаанд дэлхийн эдийн засгийг тодорхойлох нэг гол үзэгдэл “өр” байлаа. 2018 оны эцсийн байдлаар дэлхийн нийт өр түүхэнд байгаагүй 184 триллион доллар болж, 1 долларын бүтээгдэхүүн тутамд 2,5 долларын өр хуримтлагджээ. Энэ их өрийг төрийн ба хувийн хоёр салбарт хувааж харах хэрэгтэй. Хувийн салбарын хувьд товчдоо кредит буюу зээл моодонд орсон. Машинаа, байраа, тэр байтугай цагаан сараар өмсөх цамцаа зээлээр авч байгаа бидэнд энэ нэг их сонин мэдээ биш. Глобал түвшинд ч  зээл хурдтай нэмэгдэхийн зэрэгцээ технологи хөгжиж, санхүүгийн хөрөнгө агшин зуур хаанаас ч хаашаа ч шилжих, хөрвөх боломжтой болжээ.  Эдийн засаг банкууд, хөрөнгө оруулагчид ямар нэг компанид зээлүүлж махаа идэхийн оронд хэрэглээний зээл өгөөд хүүгээ аваад сууж байх маягийн загварт орно гэсэн үг. Тэр байтугай зээлэх чадваргүй хүмүүст гоё гоё моргэж зарж(зээл гаргах тусам банкнуудын ашиг нэмэгдэнэ) байгаад 2008 онд 1930-аад оны их хямралаас хойших хамгийн том хямрал гарлаа. Давхар давхар асар их зээлийн эрсдэл дээр тогтсон тогтолцоо нурж унасан учраас хохирлын дүнг нарийн тооцох боломжгүй гэгдэнэ. Дэлхийн эдийн засагт хэдэн триллионы алдагдал гарсан гэгдэх энэ хямралаар татвар төлөгчдийн мөнгөөр банкуудыг торгоож үлдсэн.  

Эндээс дараагийн асуудал урган гарна. Лобби компаниуд ба төрийн нөхөрлөл хэзээ хэзээнээс илүү зузаарч, элдэв тендер концесс хөтөлбөр төсөвт суулгах болжээ. Энэ нь өрийн нөгөө тал буюу засгийн газруудын өр асар хурдтай нэмэгдсэний нэг шалтгаан болно.

Төрийн буюу засгийн газруудын өр 1980 оноос хойш огцом өсч, дэлхийн нийт өрийн гуравны нэгийг эзлэх болоод байна. Өөрөөр хэлбэл төр зах зээлээс гараа татсангүй, харин ч өөрөө зах зээл болж хувирч. Төсөв томрохын хэрээр төр гэдэг олон нийтийн эрх ашгийн төлөөлөл биш хувийн эрх ашгуудын бөөгнөрөл, авилгын уурхай болох болов. Энэ талаар өмнө нь олон бичсэн. Саяхан Монголд Чехээс Клима доктор ирж, гажуудсан ардчиллын тухай лекц уншсан. 1990-ээд оны романтик туршилтаар ороод өдгөө төр нь манантсан орнууд зовлонгоо хуваалцаж байгаа л хэлбэр гэх үү дээ.

Клиентелизм

Төсвийн эдийн засаг тэлж, түүний дор авилга цэцэглэхийн хэрээр  сонгууль хийдэг л бол ардчилсан гэж хамтатган нэрлэж асан романтик нэршил хууширч, клептокраси, клиентелизм зэрэг эмгэг системүүд бодлогын болон академик түвшинд хүлээн зөвшөөрөгдөж судлагдах болов. Эдийн засгийн элитүүд цугладаг Давосын чуулган дээр хүртэл манай хэлээр бол “Неолиберализм нь манангийн төлөө” дэглэм юм гэх ухааны илтгэл тавигдах өдрийг ч үзлээ. Манай Монгол ч яг энэ замаар замнаж, бодит эдийн засгаасаа илүү төрийн эдийн засаг хоёр дахин хурдтай томрох замаар шааригдаж ирлээ. Тэгэхээр дээр асуусан нэг асуулт, МАНАН бодитой юу бодитой. Иймэрхүү чиг хандлага, глобал асуудлыг мэдсэн мэдээгүй амьдралаас буюу олон нийтийн саруул ухаанаас хонгил, манан гэх мэт  энгийн нэршил төрж гардаг.

Энэ маягаар хүзүү сээрээ нягт холбосон клиент бизнесүүд ба төрийн холбоо сүлбээнд санхүүгийн либералчлал сайхан орчин болж өгчээ. Мөнгө хил хязгааргүй болж, санхүүгийн диваажин гэгдэх бүсүүд үүслээ. “Global Financial Integrity” хөгжиж буй орнуудаас нэг триллион долларын хууль бус хөрөнгө эдгээр бүсүүд рүү шилжсэн гэж тооцсон байх аж. Өөрөөр хэлбэл манайх ба Зимбабве мэт орнууд дахь авилгын хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хааж, хэрэгтэй хэрэггүй төсөл хэрэгжүүлж цавчиж, гадагш байршуулсан мөнгө нийлсээр ийм дүнд хүрээд байна гэсэн үг. Хил хязгааргүй мөнгө эргээд барууны өөрсдийнх нь ардчилал, тогтвортой байдал, төрийн бодлогод нөлөөлөх хэмжээнд хүрмэгц эргээд хяналт чангарч хар, саарал гэх мэт жагсаалтууд моодонд оров. Ийм жагсаалтууд үнэхээр шударга гарч байгаа эсэх нь бол бас нэг өөр асуудал.

Асуудал ийм бодитой атал манан, шударга ёс гэж ам ангайсан бүхнийг манай олинууд тэнэг мангар попоор нь дууддаг. Өөрсдөө бол хувийн хэвшил, баялаг бүтээгч. Тэднийг шүүмжилсэн бүхэн популист. Тийм даварсан юм байхгүй. 

Ямар орнууд авилгад живдэг вэ?

Академик судалгааны түвшинд бол төр манантах үзэгдэл, түүний учир шалтгааны судалгаа, хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энд жишээ нь барууны системийг шууд хуулж өнгөн дээрээ орчин үеийн төр, шүүхтэй болсон хэрнээ тэр нь гэр бүл отог омгоо гэх уламжлалт соёлтой нийлээд улам гүнзгий гажуудалд унасан Африкын орнуудыг судалсан судалгаа байна. Өөрөөр хэлбэл төрийн аппарат бүхэлдээ эзэнд буюу цөөн клиентэд үйлчлэх маягтай орнууд гэсэн үг.

Эдгээр орны хамгийн гол нийтлэг шинж нь төр хувьчлагдсан байдал. Нутаг, фракц дотроо л эзэн зарцын харилцаатай (патримониал) шатнаас хальж явцуу эрх ашгууд албан систем дотроо байршиж шимэгчилдэг ийм хэв шинжтэй нийгмүүдийг нео-патримони хэлбэртэй гэж нэрлэх болов.

Төрийн албан систем нь хувьчлагдсан эдгээр оронд түүхэн замнал, нийгэм соёлын нийтлэг хэв шинжүүд ч давхардаж байгааг манай судалгааны байгууллагууд анхааралдаа авч, улстөр эдийн засагтаа бодитой онош тавих ажил хийх шаардлагатай. Хантингтон нарын судлаачдын үзэж байгаагаар нэгдүгээрт өмч хувьчлал зэрэг шинэчлэлийн дүнд цөөнхийн гарт баялаг төвлөрсөн, хоёрдугаарт улстөрийн институцийн хөгжил хоцрогдсон, гуравдугаарт соёлын хувьд патрон буюу эзнийг дагалдах соёлтой нийгмүүд. Өөрөөр хэлбэл хурдтай хийгдсэн эдийн засгийн шинэчлэлээс давуу тал олсон клиент  бүлгүүд сул хөгжилтэй төрийн институци дотор байршиж, отог омог зэрэг уламжлалт соёлд дулдуйдан төрийг явцуу эрх ашигтаа ашигладаг.  

Эндээс эхэнд асуусан нэг асуултдаа хариулт олно. Бид үнэхээр Зимбабвегийн түвшинд унасан юм уу? Үнэхээр унасан. Нийгэм, эдийн засаг, улстөрийн маш олон шинжээр бид 60-аад онд колониос чөлөөлөгдсөний дараа  төрийн ба эдийн засгийн огцом шинэчлэл хийгээд авилгад идэгдсэн гуравдагч ертөнцийн орнуудын түвшинд унаад байна.

Эндээс хаачих вэ?

Энд ирээд эхэнд дурдсан элдэв кино шиг улстөр хаанаас гарч байгааг дахин нэг харвал ердөө нэг популизм төдий зүйл биш. Хувийн салбарын хүчирхэг тоглогчид ба төр гар нийлж, хэрэглээний зээл болон төсвийн хөтөлбөр гэсэн хоёр сувгаар зах зээлийн хосыг  шувтрах явц хэт удаан үргэлжилж, орлогын ялгаа улам бүр гүнзгийрсээр тэр мэт улстөрд хөрс болжээ.  Орлогогүй олон нийт дээр тоглох улстөрийн жигүүрүүд популистуудаар тогтохгүй. Хужаа ялна, Мексикийг блокдоно гэх мэт хэт барууны үндсэрхэг үзэлтнүүд, нийгмийг элдэв ядарсан зүдэрсэн жижиг сегментүүд, зөрчлийн бүлэгт хуваах хэт зүүний хүний эрхийн намууд төрөн гарах боллоо.

Манай улс нэгдүгээрт дэлхийн дүрэм бичигч биш хүлээн авагчийн хувьд, хоёрдугаарт 90 оноос улам бүр өндрөө авсан неолиберал туршилтаар орсон лаборатори ардчиллын хувьд дээр өгүүлсэн бүх чиг хандлагыг өөртөө агуулж, сайнаар хэлбэл дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхаж, Монголын гэсэн хувилбарыг хуулсаар энэ хүрснийг өгүүлэв.

Одоо тэгээд гол нь эндээс хаачих вэ? Хэт зохицуулалтгүй хөрөнгийн урсгал, клиент улстөр, орлогын ялгаанаас үүдэн гардаг нийгмийн хямрал, эсвэл дарангуйлагч төрүүлдэг хэв маягийг бас давтаад явах уу? Эсвэл энэ бүхнээс улстөрийн хонжоо хийдэг популистуудаа өөгшүүлээд явах уу? Хариултаа олох тийм амаргүй нь ойлгомжтой. Гэхдээ нэг л зүйл маш тодорхой. Зах зээл ба ардчиллыг буруутгаж төрийн эдийн засаг юм уу дарангуйлагч, эзэн хүсэхээсээ өмнө чөлөөт зах зээл, ардчиллын нэр барьсан тэс өөр систем болж хувирсан биеэ бодитоор оношлох шаардлагатай байна. Энэ оношийг зөв тавьж, зөв нэрлэх, цаад суурь соёл сэтгэлгээгээ гүн гүнзгий шинжлэхгүй  бол орчин үеийн арьс нөмөрсөн эзэн зарцын харилцаа нэг бол олигархуудын тоглоомын талбар, үгүй бол популизм, эсвэл бүр дарангуйлал хүссэн хоёр туйл руу савж олон нийтээр наадах улстөр үргэлжилсээр байна.  Зөвхөн өөртөө эзэн болсон, жинхэнэ чөлөөт зах зээл, ардчилсан нийгмийн үнэт зүйл бүхий иргэн төрж байж л барын амнаас чонын аманд орох, буцаад барын аманд орох циклээс гарах болно. Эргэн төрөх зовлонгийн хүрднээс энэ биеийн гэгээрлээр л гэтлэх болно гэж сургасан байдагтай төстэй юм уу даа.

Төгсгөлд нь нэг сайн мэдээ. Цаг үеийн луужин нэг л үзэл санаа, хөгжлийн нэг л загвар зааж халуурч бярдаж байсан нэг эрин дуусч байна. Монгол төдийгүй дэлхий дахинд хаа нэг газар бэлэн чанагдсан хоол, нэг л баагий ганцаараа мэдэж цэцэрхээд болдог хорин мянган хувьсагчтай хөгжлийн жор гэж алга. Монгол хүн өөртөө итгэж өөрийн толгойгоор үнэт зүйлээ тодорхойлох ёстой цаг үе ирж байна. Үүнд нэмэр болох зорилгоор зарим нэг мэдээлэл хуваалцав.

 

@bolushka 

arrow icon