Салбарын сайдтай яг бодит амьдралын дунд их сонин тохиолоор уулзаж хэд хэдэн санал тавьсан юм. Нэгдүгээрт 14 хоногийн хугацаанд зургаан настай 20 казах хүүхдэд цагаан толгой монгол хэлний сургалтыг өөрийн арга барилаар заав.
Аль ч газрын хүүхэд ямар ч ялгаагүй гэж бодож байсан минь яг санаснаар болж тэд нар маань ердөө хоёроос гурван хоногийн дараа заасан үгнүүдийг бүтэн бүтнээр нь нүдлээд уншаад эхлэсэн шүү. Надад уг нь нэг казах хэлний орчуулагч гаргаж өгсөн л дөө. Гэхдээ би эхний өдрөөс хэрэггүй гээд шууд заагаад эхлэсэн маань зөвдөж хоёр гурван хоногийн дараа монгол хүүхдүүдтэй харилцаж байгаагаас өөрцгүй дотно зөөлөн харилцаа үүсгэж чадсан.
Хол газар суухад толгойд юу эс бодогдох билээ. Намайг засаг даргын тамгын газрын буудалд буулгасан юм. Тэгээд ойроос харж байхад төрийн захиргааны бүх ажил, хурал хуй зөвхөн монгол хэлээр явагдаж байгааг харахад бахархмаар сайхан байлаа. Дийлэнх нь казах үндэстэн байгаа нөхцөлд шүү дээ. Гэтэл УБ хот болон бусад аймаг орон нутгийн төрийн захиргааны ажилтангууд яагаад үндэсний монгол бичигээрээ албан хэргээ шууд хөтлөөд явчихаж болдоггүй юм бэ гэдэг хөнгөн атаархал төрж байсныг нуух юун? 2025 оноос эхлэн төрийн албыг монгол бичгээр хөтлөн явуулдаг болох ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжиж эхлэхэд хамгийн түрүүнд хамгийн сайн хэрэгжсэн газар нь Баян-Өлгий аймаг боллоо гээд ярьж бичээд эхлэвэл би л хувьдаа тэгтэл гайхахгүй ээ.
Казакстаны кирил бичиг болон Шинжаангийн казахуудын араб бичиг хоёрыг хооронд нь хөрвүүлдэг программ хоорондоо огт алдаа заадаггүй гэдгийг та сонссон уу? Хэдхэн секундэд л шууд хөрвүүлдэг гэнэ лээ. Тэгвэл саяхнаас Казакстан улс латин үсэгт шилжсэн. Дээр дурдсан хоёр үсэгтэйгээ огт алдаа мадаггүй хөрвөдөг болсон аж. Ухаалаг удирдагч нар соёлын уламжлалаа ингэж нандигнаж ул үндэстэй ухаалаг шийдвэр гаргадаг ажээ. Өөрөөр хэлбэл Казакстаны шинэ латин үсэг, манай Баян-Өлгийд үлдэж хоцорчихоод байгаа кирил үсэг болон Шинжаангийн казахуудын араб үсэг гурвуулаа алдаа мадаггүй хөрвөдөг боллоо гэсэн үг. Гайхалтай байгаа юм шүү. Би Назарбаевын улс төр эдийн засгийн талаар гаргасан амжилтын талаар төдийлөн олон зүйл мэдэхгүй. Гэхдээ соёлын өвдөө ийм ухаалаг хандаж чадаж байгааг нь хараад гайхан шагшихгүй байхын аргагүй.
Би боловсролын сайдтай хотод очоод тухтай уулзах хүсэлт тавиад нааштай уриалгахан хариу сонссон. Тэр үедээ хэлэх анхны хүсэлт бол кирил болон монгол бичгийн алдаагүй хөрвөдөг программ зохиох санал тавих болно. Гол асуудал бол монгол бичигт биш Дамдинсүрэн гуайн зохиосон шинэ үсгийн дүрмэнд байгаа. Түүнийг л алдаагүй хөрвөдөг байх талыг бодолцож шинэчлэл хийвэл шинэ үсгийн гайхалтай сайхан дүрэмтэй болох боломж бүрдэх юм. Энэ талаар миний хувьд дотроо бодож төлөвлөсөн зүйл их бий. Түүний зах зухаас сайдын айлчлалын багийнханд дуулгаад амжсан.
Удаад нь тавих өөр нэг санал бол "Даалгаваргүй сургууль" байгуулах явдал болой. Түүний тулд эхний ээлжинд бүх хичээлийг 45 минутанд хүүхэд ойлгоход амар хялбар системчлэн зааж чаддаг багш нарыг сонгож олоод уг сургуульд багшлуулах бөгөөд энэ санал хэрэгжсэнээр хүүхэд багачуудын сурлагын үр дүн хуучнаас хувь илүү нэмэгдэх нь тодорхой юм л даа. Тийм сургуулийг л лаборатори дунд сургууль хэмээн нэрийдэж улмаар бусад газар туршлага нь түгээд эхлэвэл улс орны маань хөгжин дэгжихийн уг сурвалж чухам тэр байж мэдэх юм шүү.
Сэтгэгдэл бичих