Нийтлэл 12 сарын 01, 2019

ДОХ-той тэмцэх дэлхийн ѳдѳрт

1991 онд Queen хамтлагийн гоцлол дуучин Фреди Меркюри HIV буюу Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-тай гэдгээ зарласнаар дэлхий нийтийг шоконд оруулж байсан. Эмчлэхгүй тохиолдолд ХДХВ-ийн халдвар 10 жилийн дотор AIDS/ДОХ буюу сүүлийн шатандаа орж, түүнээс хойш 1-2 жилийн дотор нѳгѳѳ ертѳнцѳд авч оддог. Сайн судлагдаагүй, эмчилгээ хѳгжѳѳгүй байх үед “HIV/ХДХВирус халдлаа, AIDS/ДОХ болж хүндэрлээ, хорвоог орхилоо” гэдэг ганцхан замыг бүгд туулж байв. Домогт дуучин ч ѳвчний статусаа зарласныхаа маргааш ѳѳд болсон байдаг.

Ямар ч гадны вирус хүний биед орж үржихэд дархлааны систем ажиллаж вирусын эсрэг биет (антибоди) ялгаруулдаг. Жишээ нь, ердийн ханиад хүрэх үед вирусын идэвхтэй цикл ойролцоогоор 7-10 хоногт дуусч, дархлааны систем вирусыг бүрэн устгаснаар ѳвчин эдгэдэг. ХДХВирус ч бас үүнтэй тѳстэй. Вирусын эсрэг дархлааны систем тэмцэх үеийн симптом ердийн ханиад томуу шиг хоолой ѳвдѳх, толгой ѳвдѳх, бие зарайх, ядрах эсвэл халуурах хэлбэрээр илрээд арилдаг. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарааад симптом хүчтэй, орноосоо ч босч чадахгүй байж болно. Эсвэл ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх ч боломжтой. Гэхдээ ханиаднаас ялгаатай нь эсрэг биетүүд вирусыг бүрэн устгаж чаддаггүй. Учир нь вирус дархлааны эд эс рүү нь нэвтэрч ороод нуугдчихдаг. Вирус тэндээ үржиж, дархлааны системийг ѳѳрийг нь устгаснаар хүний бие ямар ч хамгаалалтгүй болж үлдэнэ. Ингээд хортой эсүүд үржих, гадны нян бактери, хэвийн үед хүний биед аюул учруулдаггүй микро организмууд ч аюулт дайсан болон хувирна. Ингэснээр бүхий л тѳрлийн ѳвчин тусч, эцэстээ аль нэг нь үхлийн шалтгаан нь болдог байна.

80-аад он, 90-ээд оны эхээр Америк, Европын гол хотуудад энэ шалтгаанаар нас барагсдын тоо экспонент ѳсѳлттэй, ѳдѳрт хэдэн мянгаар хэмжигдэж дийлдэхгүй байсан гэдэг. Эрүүл саруул байх ёстой цэл залуу хүмүүс гэнэт л танигдахгүй болтлоо турж, элдэв тѳрлийн хорт хавдар, арьсны ѳвчин, яр шарханд баригдан, ѳндѳр халуурсаар амьдрал нь дуусч байлаа. Нийгэм ч ийм ѳвчтэй хүмүүсийг үзэн ядна, хүчтэй гадуурхана. Эмнэлгийн ажилтнууд ѳѳрсдѳѳ ч юу нь мэдэгдэхгүй шинэ ѳвчнѳѳс айдаг байв. Ѳвчтѳнийг ганцааранг нь тусгаарлаад, ѳгѳх зүйл байвал хаалганы доогуур холоос шиднэ.

Харин ѳнѳѳдѳр шинжлэх ухааны ачаар энэ вирус “үхлийн ял” биш болсон. Алдарт сагсан бѳмбѳгч Мэжик Жонсон үүний нэг жишээ юм. ХДХВ-ын халдвартай ч, эмчилгээ хийлгэснээр бараг л вирусгүй хүн шиг урт насалж, хэвийн амьдарч, гэр бүл зохион үр хүүхэд тѳрүүлж, бусдад халдаахгүй байх боломжтой. Гэхдээ насан туршийн эмчилгээний зардал $500 мянган ам.доллар давдаг тул эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалын тогтолцоо сайтай хѳгжсѳн орнуудын иргэдэд л энэ боломж нээлттэй юм.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх, эсвэл халдвар авлаа ч 72 цагийн дотор уугаад вирусыг дарчихдаг эм (Truvada) хүртэл бий. Гэхдээ эмчилгээ үнэтэй, ѳдѳр бүр уудаг эмийн зардал нь сардаа $1000 давдаг тул хѳгжиж буй, ядуу орнуудын хувьд вирусаас амь насаа мѳнгѳѳр аврах боломж хомс байна. Ѳнѳѳдѳр дэлхийд 37 сая ХДХВ-тай хүн амьдарч байгаагаас 22 сая нь эмчилгээнд хамрагдан вирусыг дарах эм ууж буй. Үүний дийлэнх нь хѳгжилтэй орны иргэд юм. Африкийн зарим орнуудын хувьд хүн амын 20%-30% нь халдвар авсан тул эдийн засагтаа ч маш том дарамт болоод зогсохгүй, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчээ.

60, 70-аад оны “Сексийн хувьсгал, эрх чѳлѳѳ”-тэй зэрэгцээд хурдтай ѳссѳн нэг зүйл бол БЗХѲ байдаг. Бусад тѳрлийн БЗХѲ-нуудын хувьд шинж тэмдэг нь илүү ойлгомжтой, мѳн антибиотикээр эмчлэгддэг тул удирдаж болдог байв. Харин ХДХВ ѳѳр байлаа. Энэ вирус хүний биед ороод эхний 2-3 долоо хоногт маш хурдтай үрждэг. Халдвар тараах магадлал энэ үед хамгийн ѳндѳр бѳгѳѳд “хувьсгал хийн, эрх чѳлѳѳгѳѳ мэдэрч” байсан барууны залуус вирусыг маш эрчимтэй "авч ѳгѳлцѳж" байв. Ялангуяа сардаа л хэдэн зуун партнераар хэмжигддэг гей коммюнити ДОХ-ын халдварын голомт болж байсан гэдэг. Халдвар авсан ижил хүйстэн залуус бѳѳн бѳѳнѳѳрѳѳ нас барахыг харсан хүмүүс үүнийг бурхны гэсгээл ч гэж ярьж, шинжлэх ухааны хүмүүс ч "gay related immunodeficiency disease" гэж тодорхойлж байв.

Гэхдээ бодит байдал дээр ХДХВ нь хэнийг ч ялгахгүй вирус юм. Статистикийн хувьд хэт замбараагүй хувийн амьдралтай, хар тамхи хэрэглэдэг, ижил хүйстэн, трансжендер, биеэ үнэлдэг хүмүүсийн риск хамгийн ѳндѳр байдаг боловч ѳвчний тархалт зѳвхѳн үүгээр хязгаарлагдсангүй. Аваарт ороод эсвэл мэс заслын үеэр цус хийлгүүлсэн, ердѳѳ шивээс хийлгээд л ХДХВ-ын халдвар авсан хүмүүс байв. Халдвартай зүү тариурт санамсаргүй хатгуулсан эмнэлгийн ажилтнууд, эсвэл үнэнч биш эхнэр нѳхрѳѳсѳѳ ѳвчин авсан хүмүүс ч байв. Хүчирхийлэлд ѳртѳѳд халдвар авсан эмэгтэйчүүд, бүр дѳнгѳж тѳрѳхдѳѳ л халдвартай эхээс вирус авсан хүүхдүүд ч байлаа.

Эмчилгээ хѳгжѳѳгүй, "ХДВХ=Үхэл" байх үед медиа, ѳвчнѳѳс сэргийлэх кампанит ажлуудад вирусыг хадуур барьсан хар нѳмрѳгтэй эрлэгийн элчээр тѳлѳѳлүүлдэг байсан нь олон нийтийн дунд гүн айдсыг үлдээсэн байдаг. Үр дүнд нь вирустай хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэгдэл маш түгээмэл юм. Диана гүнж энэ сѳрѳг хандлагыг ѳѳрчлѳхийн тулд олон нийтийн ѳмнѳ вирустай хүнтэй гар барьж үзүүлснээс хойш олон ч одууд ДОХ-ын эсрэг тэмцлийг зѳв мэдлэг, мессежийг түгээх замаар ѳрнүүлэх болжээ.

ДОХ-ын эпидемик 90-ээд оны дундуур оргилдоо хүрээд, сүүлийн жилүүдэд халдвар авагсдын тоо ч, ДОХ-оор нас барагсдын тоо ч дэлхий дахинд хурдтай буурч буй. Халдвар авсан ч эм ууснаар биед агуулагдах вирусын хэмжээг маш бага буюу цусны шинжилгээгээр илрэхээргүй болгож дардаг болсон учраас тэр. Гэхдээ симптом илэрдэггүй учрас ѳвчний нууц үедээ байгаа халдвартай хүмүүсийн 25% орчим нь вирустай гэдгээ мэдэлгүй бусдад халдаах, хэт хожуу мэдсэнээр амьдралаа эрт дуусгах явдал ч байсаар. Иймд тогтмол шинжилгээнд хамруулах, эрсдэлээс хамгаалах мэдлэгтэй байхыг эрүүл мэндийн байгууллагууд зѳвлѳдѳг.

Хэнийг ч гаднаас нь хараад халдвартай гэдгийг мэдэхгүй, зѳвхѳн шинжилгээний хариугаар л мэдэх боломжтой тул ямар үйлдэл ямар эрсдэлтэй вэ, түүнээс ѳѳрийгѳѳ яаж хамаагалах вэ гэдэг мэдлэгтэй байх нь маш чухал юм. Хэдийгээр аюултай вирус боловч, ХДХВ нь маш эмзэг бѳгѳѳд халдвартай хүний зѳвхѳн зарим биеийн шингэнүүдээр дамжиж ѳѳр хүний хамгаалалтгүй тодорхой хэсгүүд, эсвэл зүсэгдсэн газраар дамжиж л биед нь нэвтрэх боломжтой. Нэвтэрлээ ч вирусын хэмжээ нь бага үед заавал халдвар авах албагүй. Тухайлбал, Мэжик Жонсон халдвартай болсон ч эхнэр нь 3 сартай жирэмсэн, эрүүл байжээ. Вирус шууд цусанд орох үед халдвар авах магадлал хамгийн ѳндѳр гэгддэг ч ХДХВ-тай донорын цусыг 10,000 хүнд хийхэд 750 тохиолдолд нь халдвар тархдаггүй гэдэг баримтыг АНУ-ын Халдварт ѳвчнѳѳс сэргийлэх, тэмцэх тѳв мэдээлсэн байдаг. Гэхдээ энэ нь эрсдэлтэй үйлдэл хийж болно гэсэн үг биш бѳгѳѳд, харин яаж хамгаалахаа мэдэж байгаа үед эрсдэлд орохгүй байх боломж нь маш ѳндѳр гэсэн үг юм.

Монголын хувьд, энэ халдвар харьцангуй цѳѳн, албан ёсоор бүртгэгдсэн нь 300 дотор буюу хүн амын 0.1%-аас бага бѳгѳѳд эмчилгээг нь улсаас даадаг. Гэхдээ хүн амын бүтцэд хүүхэд, залуусын тоо нь давамгайлдаг, вирусын талаарх мэдлэг хангалтгүй тул дараах 2 эрсдэл бий. Нэгт -- халдварын статусаа мэдэхгүй яваа хүмүүс бусдад санамсаргүй вирус тараасаар яваа. Хоёрт, сүүлийн үед монголчууд гадагш их явдаг болсон. Монголчууд их зорчдог Тайланд, Индонези, ОХУ г.м. орнуудад ХДХВ-ийн тархалт бага биш юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon