Нийтлэл 02 сарын 07, 2020

Оном гуай!

Ерөнхийдөө бол амьдралд утга учир гэхээр юм үгүйгэж хэн нэг нь хэзээ нэгтээ хэлсэн л байх. Арай ч би анхдагч биш байлгүй.
Уул нь бидний ихэнх маань ингэж боддоггүй байх л даа.
"Миний амьдралын утга учир бол үр хүүхдүүд минь" гэж зарим нь хэлдэг. Зарим нь аз жаргал ч гэдэг, эсвэл хайр дурлал ч гэдэг.
Заримынх нь хувьд эд хөрөнгө байдаг боловч, тэрийгээ өөртөө ч зөвшөөрч чадахгүй тавгүйрхэж явдаг нь ч бий биз.
Ямар ч байсан л хүмүүс амьдралдаа утга учир оноохыг оролдож, үгүйдээ л ямар нэг юм байгаа гэдэгт итгэхийг хүсцгээдэг.
Тэгвэл яагаад бид амьдралыг утга учиргүй гэж бодож чаддаггүй юм бол? Магадгүй, тэгж бодох нь цаашаагаа ахиад олон тавгүйтлыг босгож ирэх гээд байдагт байж мэдэх юм.
Ухаандаа, амьдрал үнэхээр л утга учиргүй юм гэвэл, хүн хэрхэн амьдрах ёстой болж байна? Юуг зорьж, юунд итгэж насыг барах юм бэ? Зөв буруу, үнэн худлын хэмжүүр гэж байхгүй юү? Ёс суртахуун, шударга ёс, энэ бүгд хий хоосон үлгэр үү?
Насаараа хорвоогийн тоосонд бужигнасаар хөгшрөхийн цагт хэн бүхэн л өнгөрсөн амьдралдаа утга учир оноож харахыг оролдох байлгүй.
Жишээ нь, одоо удахгүй сонгууль болно. Нөгөө л нэг цайрсан нөхдүүд дөнгөж өчигдөрхөн бархасбадь гаригаас нисэж ирсэн аятай бүр нэг юу ч болоогүй царайлан нэр дэвшинэ. Тэгээд бүр сонгогдож ч орхино. АН, МАН гээд хоёр нам цаашдын Монголд нэмэр болохоосоо нэгэнт өнгөрсөн болохыг олонх монголчууд өөрийн амь амьдралаараа мэдэрвэл мэдрэхээр, ухаарвал ухаарахаар хангалттай хугацаа өнгөрчөөд байхад л, энэ хоёроо л бараадах тухай бодно.

Ер нь бид нар угаасаа аль хэдийнэ урьдынх шигээ бадрангуй итгэл найдвар тээж, өөдрөгөөр ирээдүйгээ төсөөлөхөө нэгэнт больцон ч юм шиг. Тэгж горьдох болгондоо дахин дахин хулхидуулаад байхаар нээрээ ядралгүй ч яахав. Тэгээд том юм мөрөөдөх тэнхэл ч үгүй болж, нөхцөл байдлаасаа мултран гарах гэж тйичлэхээсээ ч айдаг болж. Муушиг тоглоход 3 дараалаад үсэрчхээр, тэрнээс цаашаа өнжих ч утгагүй болдог доо?

Тэгэхээр тийм л гаргуундаа гарсан амьдралтай юм бол, амьдралд ер нь ямар юмных нь утга учир байх юм бэ?
Зомби ч юм шиг, цогцос ч юм шиг болсон АН, МАН гэдэг хоёр биетийг улс төрчид ердөө л төрд шургалах лифт гэж харж бас ашиглаж байна. Яагаад гэвэл энэ хоёр нэр монголын түүхэнд гавьяа байгуулж явсан ул мөртэй, ердөө л тэр. Даанч тэр сайн нэрийг 3 хугалж идлээ, 10 хугалж идлээ, одоо эрхбиш барагдаад дуусвал дуусахаар их балаг тарьсаар байтал бид нар л өөрсдөө намирч ханахгүй юм.

Хүний биеийн эд эс мутацид ороод өөрийгөө хэн гэдгээ мартан зомбирохыг хорт хавдар гэдэг. Өөрөөр хэлбэл, хорт хавдар гэдэг бол гаднаас халддаг мангас бус, дотроос үүсдэг урвагчид байдаг. Урвах ч гэж дээ зайлуул, юу хийж байгаагаа ч мэдэхээ байсан босоо ороолонгууд гэх үү дээ. Хорт хавдрын эс маш амь бөхтэй, сувдаг шунахай, дээр нь зальжин сэргэлэн гэдэг. Тиймдээ ч хорт хавдартай байлдсан ихэнх хүмүүс өнөөдөр ялагдаад дуусч байна.
Үүнтэй адилаар улс орон маань өдий болтол өөдлөхгүй улам идээ бээрэнд баригдаад байгаа нь гарцаа байхгүй хорт хавдар туссаны шинж биз. Тэгээд тэр хорт хавдрын голомт нь зайлбаргүйгээр АН, МАН хоёр. Дээр нь МАХН, ШИНЭ мэт бол тэдний үсэрхийлэл гэдэг нь ойлгомжтой.
Яагаад гэж асуухын хэрэг байна уу даа? Өөр хэн засагласан юм бэ? Өөр хэнийг бид туршиж үзсэн билээ? Тэгэхээр өөр хэнийгээ бид хардах вээ дээ?
Бүхнийг таширдуулан туйлшрах нь сайнгүй л байх. Гэлээ гээд одоо тэдгээр голомтонд байгаа хүмүүсийн хэнийг нь мутацид орсон ороогүй гээд ялгаж суух вэ. Алдаж оноод ахиад л цаг алдана. Ер нь өдийг хүртлэх цаг алдалт бол яг л тэгж ялгах гээд бүтэлгүйтсэн оролдлогууд байсан бус уу?

Тэгэхээр одоо бидэнд арга ядсан ганц л зам байна. Зориглоод, хуучин кадруудад бүгдэд нь ҮГҮЙ гэж хэлэх. Тэд маань ч одоо байдлыг ухаараад зайгаа тавьцгааг. "Би мутацид ороогүй" гэж бодож байгаа бол тэр тусмаа том эрх ашгийн төлөө хойшоо нэг алхаад өг. Мутацид орчихсон босоо ороолонгуудаас угаасаа тийм ухаан хүлээх нь утгагүй. Ухаанаа алдаагүй нь сайн дураараа ганц удаа өнж, ухаангүй зомбинуудад нь ҮГҮЙ гэж хэлье.

Тэгэхээр юу болох юм гэж үү?

... Амьдралыг утга учиртай гэж бодсоор л байна уу? Алдах юм одоо ч цаана нь байна уу? Байгаа бол алдаагүй дээрээ одоо л сайн бод!.

Төгсгөлд нь тайлал болгож нэрний учрыг хэлье.
- ОНОМ гуай! Би бол физикч, математикч, философич, ер нь юу ч биш ээ. Би зүгээр л дуулснаа өсгөж цацдаг цагаан хоолой юм аа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon