2017 онд Европын Холбоо Монгол Улсад төлөөлөгчийн газар буюу элчин сайдын яамаа нээсэн юм. Тэр болтол манай хэргийг Бээжингээс хавсран эрхэлж байсан гээд бодохоор гадаад харилцааны хувьд нэг том дэвшил байсан гэж хэлж болно.
Төлөөлөгчийн газрын тэргүүн нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын статустай. Орчин үеийн олон улсын харилцааны архитектурыг гадарлах уншигчид бол энэ статус их сонирхолтой. Өдгөө дэлхийд 50 мянга гаруй олон улсын байгууллага ажиллаж байгаа гэх тоо байх агаад энэ дундаас тусгаар улсуудад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд томилох байгууллага төдийлөн байхгүй. Чухам эндээс “Европын Холбоо” гэж ер нь юу вэ гэдэг асуултыг хөвөрдөөд явж болно.
Эхлээд техник боловч нэлээн чухал нэг асуудал байна. Манайд “United States of America”-г “Америкийн Нэгдсэн Улс” гэж орчуулдаг. Харин “European Union”-ыг “Европын Холбоо” гэж орчуулж дадсан нь зарим төөрөгдөл үүсгэнэ. United, Union гэсэн нэг язгууртай үгс байгааг анзаарч байгаа байх. “Russian Federation” бол холбооны улс, тиймд “Оросын Холбооны Улс” гэж орчуулдаг. Бидний сайн мэдэх “FIFA” буюу “Fédération Internationale de Football Association”-ыг бас “Хөлбөмбөгийн Холбоо” гэж орчуулна. Тэгээд “European Union” гэдэг нь “Европын Нэгдэл” юм уу гэж асуух хүн гарах нь дамжиггүй. Энэ ч бас ЕU гэж юу вэ, нэгдсэн Европ гэж юм бий юу гэсэн асуултад холбогдох юм. Нэг нийтлэлээр байтугай дэлхий дахин гүйцэд хариулж амжаагүй асуултуудаас эхэлж байгаа учраас дээр дурдсан архитектурын үндсэн ойлголтуудаа товч хөндөх хэрэг байна.
Орчин үеийн олон улсын харилцааны тулгуур багана нь “sovereignty” гэх ухагдахуун юм. Товчдоо улс орны өөрөө өөртөө эзэн байх, дотооддоо засаглах бүрэн эрхийг хэлж буй. Манайд “суверенитет” гэж шууд орос галигаар нь, заримдаа совернти г.м галигаар бичсэн харагддаг. Үүнийг бас нэг мөр болгох хэрэг бий. Энэ удаа “совернти” гэж бичье. Дахин давтахад тусгаар тогтносон байна гэдэг нь соверн байхын нэр.
Дэлхий дахин 1648 оны Вестфалийн энхийн гэрээгээр совернтид суурилсан дэг журамд шилжин орсон гэж үздэг. Вестафалийн гэрээгээр Европ тивд дэгдсэн шашны дайныг эцэс болгож,улс үндэстнүүд энх тайвнаар зэрэгцэн оршихын төлөөх дэг журам буюу орчин үеийн олон улсын харилцааны үндсэн араамыг зангидсан юм. Гэхдээ энэ системээр энх тайвныг эцэслэн тогтоож чадаагүй байгааг бид мэднэ. Өнөөдөр ч дэлхий дахинд дайны гал зогсоогүй байна. Хамгийн гамшигтай нь хорьдугаар зуунд гарсан дэлхийн нэг, хоёрдугаар дайн гэдгийг ч бид сайн мэднэ. Адаг сүүлдээ хүн хүнээ цөмийн галд хайлуулахад хүрсэн хоёр дайны хөнөөлийг энд давтан нурших шаардлагагүй бизээ. Харин аль аль нь Европ тивээс эхэлсэн гэдэг нь их сонин баримт.
Европ тив шинжлэх ухаан, соён гэгээрлийн өлгий нутаг гэдэг нь үнэн ч түүхэндээ хамгийн их цус урсгасан дайн хийсэн бүс нутаг гэдэг нь ч үнэн. Тэр утгаараа бидний монголчуудыг зэрлэгүүд, барбариан гэхчлэн цоллох эрх байхгүй гэж хэлж болно. Дайнч европууд 17-р зуунд 30 жил дайтсаныхаа дараа Вестфалийн гэрээ хийсэн бол, 20-р зуунд хоёр дайн хийснийхээ дараа НҮБ, Дэлхийн банк, ОУВС болон Европын Холбоо зэрэг бүс нутаг, дэлхий дахины хамтын ажиллагааны байгууллагуудыг АНУ, ЗХУ зэрэг ялсан гүрнүүдтэй хамтран байгуулсан байдаг.
Ингээд харахаар өнөөгийн дэлхий гэдэг дайны дайвар бүтээгдэхүүн гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй. Хүний түүх гэдэг нэг нэгэнтэйгээ дайсагнаж, өөрсдөдөө сүйрэл дуудаж, тэгээд хаширсандаа хүчирхэг төр, засгийн газруудыг бий болгож, эдэлж чадахгүй эрх чөлөөгөө тушааж ирсэн түүх юм. Олон улс төдийгүй нэгж улс, нийгмийн хувьд ч тийм. Франсис Фүкүяма “Төрийн үүсэл” номдоо омог аймгийн дайны үр дүнгээс нэгдсэн хүчирхэг төр үүссэн түүхийг дэлгэрэнгүй шинжлэн өгүүлсэн байдаг. Хохимой толгойтой хоёр хүн эвээ олоод амьдарч чадахгүй учраас л шүүх хэмээх эрх мэдэл үүсч, түүнийгээ өнөө хоёр маань өөрсдөө татвар төлж тэжээхэд хүрдэг. Монголчууд бид ч “Орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж асан тархай бутархай овог аймгийг нэгэн гарт нэгтгэн зангидсан” Чингис хааныг их удирдагчаа хэмээн шүтдэг. Европ гэдэг нэгдсэн нэршил ч гэсэн бүс нутгийг нэгдсэн хүчээр батлан хамгаалах зорилгоос үүдэж хэрэглээнд нэвтэрсэн гэх тайлбар бий.
Энэ хүртэл нуршсаны дараа бол “Еuropean Union” гэж юу юм бэ гэсэн эхний асуултдаа хариулахад арай хялбар болж ирнэ. EU гэдэг нь Европын улс үндэстнүүд энх тайвнаар зэрэгцэн оршихын тулд тус тусын совернтигээсээ их бага хэмжээнд татгалзах замаар байгуулсан улстөрийн систем юм. Энд хэлж байгаа “совернтигээсээ татгалзах” гэсэн хэсэгт Европын Холбооны хамгийн гол онцлог бий. Европ тивд улс орнууд соверн бүрэн эрхээсээ дундын хууль шүүх, дундын парламентад сайн дураараа хэсэгчлэн шилжүүлж, нэгдсэн систем хийх хичээл зүтгэл өнөөдөр ч үргэлжилж байна. Тэр утгаараа орчин үеийн олон улсын харилцааны дэг журам дахь хамгийн амбицтай, хамгийн сорилттой улстөрийн төсөл гэж хэлж болно. Хүний нийгмүүд төрт улс байгуулж, харилцан соверн харилцахын тулд сая сая биш юм гэхэд мянга мянган жил цаг хугацаа зарцуулсан юм. Үүнийг нь нэгтгэж бүр том нэгжээр совернти хийнэ гэдэг бол аймар амбиц. Өдгөө НҮБ нь хамгийн олон гишүүн оронтой олон улсын байгууллага мөн боловч Европын Холбоо шиг гишүүн орны иргэд шууд сонгуулиар дундын парламент бүрдүүлж, дотоодын совернтигоос хуваалцаж засаглах шинж чанар агуулдаггүй.
Энд нэмээд хоёр онолын нэршил дурдах хэрэг байна. НҮБ шиг гишүүн орны засгийн газрууд хамтран ажиллах шинжтэй байгууллагыг “intergovernmental” буюу засгийн газар хоорондын гэж хэлнэ. Харин засгийн газруудын зарим эрхийг өөртөө шилжүүлэн авсан, давж засаглах шинж чанар бүхий Европын Холбоо шиг байгууллагыг “supranational” буюу үндэстнээс дээгүүр гэх маягийн утгаар тодорхойлно.
Гэхдээ Европын Холбооны гишүүн орнууд тусгаар улсын хувьд өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж байдгаас харж болохчлон бүх совернтигээ дундын цөөрөмд юүлсэн гэсэн үг биш. Жишээлбэл нэгдсэн валюттай еврозоонд мөнгөний бодлого нь супранэшнал шинж чанартай бол төсөв буюу сангийн бодлого нь дотоодын соверн бодлогоо дагадаг. Грекийн өрийн хямрал шиг сангийн бодлогод хамаарах асуудал үүсмэгц супранэшнал гэхээсээ засгийн газар хоорондын хамтын ажиллагаагаар шийдэл олох хэрэгцээ тулгардаг. Тэгэхээр системийн хувьд дээрх хоёр шинж чанарыг хольж агуулсан давхар бүтэцтэй гэж хэлж болно.
Яг энэ совернти хоорондын болон өөртөө совернти агуулсан гэсэн хоёр давхар бүтэц нь Европын Холбоог нэг талаар хамгийн хүчирхэг, нөгөө талаар хамгийн ярвигтай, хамгийн ээдрээтэй, өвөрмөц инстүүц болгодог. Дэлхийлэг үзэлтнүүд соверн эрхийг нь голж бүр нэмэх хүсэлтэй байхад үндэсний үзэлтэй нь бол жийрхэж төвөөс зугтах маягтай. Их Британийн хувьд холбооноос гарсан нь совернтигээ дотооддоо бүрэн эдэлж, бүх асуудлыг уламжлал ёсоор засгийн газар хоорондын харилцаагаар зохицуулах сонголт хийсэн гэсэн үг. Манайд жишээ нь Чех элчин, Герман элчин ажиллаж байгаа хэрнээ эдгээр орныг агуулсан Европын Холбооноос онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд давхар суугаа гэдэг нь ч чухам энэ онцлогоос нь урган гарч буй.
Тэгэхээр цаашид Европын Нэгдэл болох уу, Холбоо болох уу, ер нь юу болох вэ гэдэг ч энэ хоёр шинж чанарын аль нь цаашид давамгайлах вэ гэдгээс хамаарах болно. Холбооны хууль цаашид дотоодын хуулийг давж шууд үйлчлэх супранашнэл шинж чанараа хадгалж чадах уу? Польш шиг шүүх засаглалдаа дур зоргоор өөрчлөлт хийж, нэгдсэн хуулийг зөрчсөн тохиолдолд Европын Холбоо ямар арга хэмжээ авч чадах вэ? 2009 оноос Грек, Ирланд, Испанид гарсан шиг санхүүгийн хямрал дахиад дэгдвэл еврозооноос хөөж гаргах уу, эсвэл сангийн бодлогод нь хүртэл супранэшнал засаглалаар оролцох уу? Хэдэн зуун мянган дүрвэгчдийг гишүүн орнууддаа супранэшнал зохицуулалтаар шууд квот тогтоогоод хуваарилж болох уу? Эсвэл засгийн газар хооронд хэлэлцэж байж хэн юу хариуцахаа хуваарилах уу? Брекситийн араас Грексит, Фрексит гээд үргэлжлэх үү? Эсвэл бүр ерөнхий асуулт: Хүн төрөлхтөн сүүлийн 400 жилийн улстөрийн төсөөлөлдөө гүн живэхээ болих цаг ирж, үндэстэн улс ба үндэсний үзлийг даван гарч нэгдэж чадах уу уу? Дайны гал зогсох уу?
Дундын асуудлаа шийдэх гээд омгийн ахлагчтай болж, тэр нь арай илүү гоёж, хамгаалсан урцанд суудаг байсан үеэс хүн төрөлхтөн мөн чанарын хувьд төдийлөн өөрчлөгдсөнгүй. Соён гэгээрэл, сүсэг бишрэлд мянган жил заравч нэмэргүй, бүтээсэн бүхнээ өм цөм бөмбөгдөж дайтна. Дахин давтахаас сэргийлэх гэж систем хийнэ. Систем нь өөртөө үйлчилж, өөрийгөө тэлэх зарчмаар аварга том бүтэц, хүнд суртал болж хувирна. Зарим тохиолдолд бүтээсэн эзэндээ эргээд дарамт болно. Түүхийн энэ чиг хандлагын хамгийн оройд нь буюу хамгийн амбицтай соверн систем хийж байгаагийн хувьд Европын Холбооны нүсэр том дэд бүтэц, хүнд суртал, түүнийг санхүүжүүлэх төсвийн зардал, ашиг сонирхлын бүлгүүдийн лобби гээд дагалдан гарах асуудлууд мөн л нийтлэг.
Энэ бүх асуултын яг голд үзэж тарж буй аварга том инстүүцийг очиж нүдээр үзнэ гэдэг бичиг номоос л уншиж ирсэн хүнд юутай сонирхолтой. Оффисууд нь хүртэл хүн төрөлхтний систем хийх оролдлогын оройд явна гэсэн шиг агуу том, төөрч алга болмоор түмэн салаа. Олон хэл, олон зүсийн хэдэн мянган хүн нэг дээвэр дор ажиллаж байгаа нүсэр том барилга дотор алхаж явахад үнэхээр л эндээс даян дэлхийн энх тайван эхлэх гэж байгаа мэт нэг нэгэндээ хүлцэлтэй, эв найртай. Гэхдээ эх сурвалжуудтай ярилцаад үзэхэд асуудал бас тийм амаргүй. Ямар ч гэсэн коронавирус ид дэгдэж байх үеэр Ази төрхтэй намайг ялгаварлах хандлага гаргах хүн тэр олон мянган хүн дунд нэг ширхэг ч таараагүйг, харин ч маш соёлтой, найрсаг хандаж байсныг дурдах нь зүйтэй. Хүмүүнлэг үзэл, либерал үнэт зүйлсийн төлөө Европ тивийн тухай хэчнээн уншлаа. Голомт дээрээ бол үнэхээр л либерал үнэт зүйл, итгэл үнэмшилтэй хүмүүс ажиллаж байдгийг нүдээр үзэж, биеэр мэдрэх хувь тохиов.
Европ тив дайнаас ямар их гарз хохирол амссаныг өөрийн биеэр туулж, манлайлж гарсан Уинстон Черчилль нэгэнтээ “United States of Europe буюу Европын Нэгдсэн Улс” шиг систем хийх ёстой гэж захиж үлдээжээ. Ерөөсөө сэтгэлгээний сууринд нь эрх чөлөө байдаг, олон соёл холилдон оршдог Европ тив түүний захисан шиг нэгдсэн систем хийж чадах уу, эсвэл Брексит шиг үндэсний үзэл эргэн сэргэж эсрэг чиглэлд явах уу? Үүнд хариулахад дэндүү эрт байна. Ямар ч гэсэн хоёр зүйл. Нэгдүгээрт, оройд нь очиж үзсэн ч систем хийх хүн төрөлхтний эрэл хайгуулд нэгдсэн шийдэл гараагүй байна. Тиймд хүний эрх, хүнлэг үзэл зэрэг нийтлэг үнэт зүйлсээр чиг баримжаа хийхийн сацуу өөрсдийн хөгжлийн загварыг чөлөөтэй эрэлхийлэх нь зүй. Хоёрт, Европын Холбоо зэрэг олон суурь асуудал өөртөө агуулсан том сорилтын үр дүн, чиг хандлагыг анхааралтай ажиглаж судалж байвал цаашдын загварчлалд сургамж, хөтөч болох болно.