Нийтлэл 03 сарын 06, 2020

Мартын 8-ыг хүмүүнлэг марксист орнууд тэмдэглэдэг

"Надад хэлэх үг байна" буланд ирүүлсэн уншигч Б.Хишигтөгсийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлсэнийг хүргэж байна.

Бидэнд цэргийн баяр хамаагүй харин Мартын найман бол хамаатай баяр. Цэргийн баяр бол бүх эрчүүдэд хамааралгүй. Эрчүүдийн баяр биш. Тэр байтугай цэрэгт 1 жил явж байсан хүмүүст ч одоо хамаагүй. Харин яг одоо цэргийн албанд хамааралтай ажиллаж бас цэргийн алба хааж буй хүмүүст л хамаатай. Цэргийн албыг хашиж буй эмэгтэй хүнд ч хамаатай. Тиймээс энэ бол эрчүүдийн баяр биш харин цэргийн эмэгтэйчүүдийн ч баяр мөн. Тиймээс хүүхдүүд нь аавдаа, оюутнууд нь эрэгтэй багшдаа, эхнэрүүд нь нөхөртөө бэлэг сэлт болоод ачаалал үүсгэж утга өгч хүндрүүлээд байх шаардлагагүй. Батлан хамгаалах салбарт хамаатай баяр. Харин Мартын 8 бол улс даяар тэмдэглэх баяр. Бид анх удаа социализмын үеэс л эхэлж эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж ирсэн. Түүнээс өмнө, ялангуяа бидний шүтдэг хаадууд олон эхнэртэй байсан.

Социализмаас өмнөх Монголын нийгэм патриарх төвтэй байсан. Монголд ч гэлтгүй дэлхийн бүхий л улс оронд эрчүүд л дэлхийн төв байсаар ирсэн. Жендер, феминизм гэсэн нийгмийн онолууд болон хөдөлгөөнүүд дөнгөж саяхных. Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхээс авахуулаад нийгмийн эрх саяхны л нээлт. 1950-иад он гэхэд Симон де Бовуар эмэгтэй хүнийг Хоёрдогч хүйстэн байхыг болиулахын төлөө судалгаа хийж тэмцсэн. Нийгэм зөвхөн эрчүүдээс биш эмэгтэйчүүдээс бас бүрддэг шүү дээ. Гэтэл 1950 он хүртэл эрчүүдэд л зориулагдсан мэт байв. Энэ түүхээс үүдэж Мартын 8-ийг орон даяар тэмдэглэх хэрэгтэй. Тэмдэглэхдээ эрх тань зөрчигдөж байвал эрхийнхээ төлөө, зөрчигдсөн эрхээ сэргээхийн төлөө боловсон үйл ажиллагаа явуулж зөвөөр тэмдэглээрэй.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon