Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагтай ярилцлаа.
Танд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг хүргэе. ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?
Баярлалаа. Эрүүл мэндийн салбарын бүх эмч нартаа дэлхийн эмч нарын баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Би гэдэг хүн эрүүл мэндийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 25 дахь жилдээ ажиллаж байна. Дотрийн эмч мэргэжилтэй, ахлах тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой. Элэг, цөс, ходоодоор нэлээн дагнан ажилласан. Анагаах ухааны дээд сургуулийг 1985 онд төгсөж эмч мэргэжлийг эзэмшиж байсан даа. Дараа нь Төв аймгийн Баяндэлгэр сумын эмнэлгээс ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Хоёр жилийн дараа Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ирж 10 орчим жил ажиллаж байлаа. Тэгээд 1995 онд ХӨСҮТ-д тэр үеийнхээ элэгний архагийн тасагт эмчээр анх ажилд орж 25 дахь жилдээ явж байна даа.
Та бишгүй олон халдварт өвчнийг эдгээж явсан байх. Энэ талаараа дурсахгүй юу?
Халдварт өвчин судлалын үндэсний төв бүх аймаг орон нутаг, дүүрэг, лавлагаа төвүүдэд халдварт өвчний чиглэлийн мэргэжил арга зүйгээр хангадаг байгууллага. Миний санахын анх 1995 онд эмнэлгийн ажилчдын баяр гэж тэмдэглээд удаагүй байх үед Монголд “холер” өвчин гарч, голомтод нь бид ажиллаж байлаа.
2002 оны улаанбурхны дэгдэлт, 2003 оны “сарс” буюу амьсгалын замын цочмог халтай хам шинж, 2008 оны гар, хөл, амны өвчин, 2009 оны H1N1-ийн халдвар болон 2015, 2016 оны улаанбурхны дахин дэгдэлт гээд эдгээр үеүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв голомтод нь ажиллаж байв. Одоо ч тэр "Covid-19" цар тахал өвчний үед багаараа ажиллаж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төв "Covid-19" цар тахал дээр ямар бүрэлдэхүүнтэйгээр хэрхэн ажиллаж байна вэ?
Өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй эмч ажилтан, үйлчлэгч, ариутгагч, сувилагч нар тусгаарлалтад байна. Хоёр эмч маань батлагдсан тохиолдол дээр ажиллаж байгаа. Ийм үед менежмэнтээ зохицуулаад, хөдөө орон нутаг, дүүрэг, лавлагаа төвүүдийн дуудлагыг зохицуулна.
Эмнэлгийн тусламжийн дэд захирал гэдэг хариуцлагатай ажил шүү дээ. Цайны цагаараа ч гадагшаа гарах боломжгүй.
Эмнэлгийн тусламжийн тамга гэж байдаг. Үүний лист, эмчилгээ, ганцхан "Covid-19" өвчнөөс гадна, сүрьеэгийн өвчлөл, яаралтай хагалгаанууд, нас баралтын гэрчилгээн дээр тамга дарах гээд ажил их. Энэ бүгдийг хаяад гарах боломжгүй.
Энэ дашрамд захиргаан дээр байгаа хүний нөөцийн И.Орхон, чанарын албаны дарга Э.Одмаа, клиникийн судлаач С.Оюунгэрэл мөн санхүү албатууд гээд бүгдэд нь дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэе. Би ганцаараа бол энэ ажлыг хийж чадахгүй. Манай амбулатори “Элэг бүтэн Монгол” аяны хүрээнд олон хүнийг вирусийн эсрэг эм уулгалаа. Үр дүн ч гарсан. C вирусийн халдваргүй Монгол орон болно гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилт биелж байна. Оньс зүйн тасаг маань сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд зөөврийн рентген аппаратаар Өмнөговь аймгийн жолооч нарыг үзээд ирсэн. Энэ мэтчилэн асрагч, сувилагч, ариутгагч гээд бүгдийг зохицуулдаг ажил бол эмнэлгийн тусламжийн дэд захирлын ажил байдаг.
Та залуу эмч нарт өөрийн ажилладаг арга барил, туршлагаасаа хуваалцахгүй юу?
Би эмнэлгийн тусламжийн дэд захирлын ажил хийснээсээ хойш өөрийн эмч нартаа сахилга, дэг журам, хариуцлагыг л ярьсаар ирлээ. Залуу эмч нар цагаа барьдаг байх ёстой. Хувь хүний соёл бол цаг барихаас л эхэлнэ. Хоёрдугаарт, хүнтэй мэндэлдэг байх ёстой. Хүнтэй мэндлэх, цаг барих хоёроос л би хувь хүний соёлыг хардаг. Гуравдугаарт, хариуцлагатай байх ёстой. Эмч ажил хүлээж аваад түүнийгээ хэлсэн ярьсандаа дуусгадаг байх ёстой. Ямар нэгэн хүнд амлалт өгчихөөд замаас нь хаяад явж болохгүй. Ялангуяа эмч хүн эмчилсэн бол эдгээдэг байх ёстой.
Үүнээс гадна багаар ажиллахдаа бүгд бие биенийгээ хүлээн зөвшөөрч байж ажил урагшилна. Дөрөвдүгээрт, хүний нөөцийн асуудал дээр боловсор гэдэг зүйлийг их хэлдэг. Ялангуяа энэ даяарчлагдсан нийгэмд англи хэлгүйгээр ажиллахад хэцүү. Хэлтэй хүн хөлтэй гэж үг бий шүү дээ. Ер нь чадвартай чадалтай, өөртөө итгэлтэй байх ёстой гэж би үргэлж хэлдэг.
Цар тахлын аюул нүүрлээд буй энэ үед ХӨСҮТ зохион байгуулалт сайтай ажиллаж байгаа харагдаж байна?
Өндөр зохион байгуулалтад ажиллаж байна. Өдрийн 14-16 цагийн хооронд эргэлт оруулж байгаа. Гадаадаас ирсэн хүмүүс онгоцноос буугаад 14 хоног тусгаарлагдахаар хүмүүсийн сэтгэл тавгүйтэх зүйл бишгүй гарна. Бага насны хүүхэд, хүнд өвчтөн, жирэмсэн хүмүүсийн ая эвийг нь олж ямар ч гомдол гаргахгүй ажиллаж байна. Дээрээс нь манай гал тогооны тасаг мундаг байгаа. Өнөөдөр нийт 407 хүн тусгаарлалтад байна. Дээрээс нь өглөөдөө тавь гаруй ажилтандаа өглөөний цай өгч байна. Бүх ажилтнууддаа өглөөний цай уулгадаг болсон. Яагаад гэвэл дархлааг нь сайн дэмжихгүй бол манай ажилчид өвдөх магадлал өндөр. Мөн орой хонож байгаа эмч болон жижүүрүүд гээд 100 гаруй эмч нарт хоол хийдэг. Тийм учраас гал тогооны хамт олондоо салбар удирдаж байгаа захирлын хувьд маш их баярлалаа гэж хэлье.
"Сovid-19" вирусээр өвдсөн хоёр иргэнийг бүрэн эдгээж эмнэлгээс гаргаж байна. Ямар эмчилгээ хийгдсэний үр дүнд эмчлэгдэж байгаа вэ?-Ерөнхийдөө хүмүүс хүндэвтэр орж ирсэн. Халуурах, ханиалгах, хатгаатай байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартын зөвлөмжөөр вирусийн эм өгч байна. Дээрээс нь дархлааг нь дэмжиж, антибиотик өгч, хоол унд сэтгэл санаагаар нь маш сайн дэмжсэнээр өнөөдөр хоёр иргэн эдгээд гарлаа. Энэ бол эмнэлгийн тусламжийн салбар, ХӨСҮТ, ЭМЯ, цаашлаад Засгийн газар маш сайн ажиллаж, урьдчилан сэргийлсний буян юм. Улсын онцгой комисс сайн ажиллаж байна.
Саяхан ХӨСҮТ-д Ерөнхий сайд У.Хүрэлсүх бэлэн байдлыг шалгаж ирсэн. Энд манайд 2007 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй байсан бол гурван пургон машиныг эмнэлгийн тусламж үйлчилгээнд явуулахаар гардуулж өгсөн. Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл зөөврийн гурван эхо аппарат өглөө. Мөн арван амьсгалын аппарат, хүчилтөрөгч, өтгөрүүлэгч гээд. Одоо манайх арвантаван орыг иж бүрэн тоноглон, бэлэн байдлаа хангаад явж байна. Тийм учраас сайд удирдлагууддаа бүх эмч нарынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье.
Эмч, эмнэлгийн ажилтнуудыг хэдэн өдрөөр тусгаарлаж байгаа вэ?
"Covid-19"-ийн халдварын нууц үеийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага эхлээд долоогоос 14 хоног гэж байсан. Одоо дэлхийд гарч байгаа халдваруудыг харахад 21 хоног нууц үе байх магадлал өндөр байгаа. Тиймээс энэ хугацаанд тусгаарлая гэсэн зарчим байна. Тэгэхээр одоогоор 14 хоносон эмч нар маань долоо хоног сунгагдаж ажиллана. Ер нь бол бүрэн гүйцэд тэр хүмүүсээсээ шинжилгээ авч ажиглалт хийнэ. Эмч, ажилчдаа хянана. Тэгж байж л асуудлыг шийднэ дээ.
"Covid-19" вируст өвчнийг эмчлэхээд бэлтгэгдсэн эмч нарын нөөц хэр их байгаа вэ?
-Халдвартын эмч нар бол хангалттай. Мөн сүрьеэгийн эмч нарыг зургаан сарын дотор бэлдэж байгаа. Тэгэхээр сүрьеэгийн тусламж үйлчилгээн дээр хүний нөөц дутагдахааргүй болсон. Халдвартын эмч нар ч гэсэн нэлээн залуужиж байна. Тэгэхээр бүр олон хүн өвчлөөд ирвэл тэтгэвэрт гарсан эмч нараа дайчилна. Эмч нараа баг болгоод гаргачихсан ажиллаж л байна.
Эмч нарын хувийн хамгаалалт хэрэгсэл, хангамж хэр байгаа вэ?
Хувийн хамгаалалт хэрэгсэл бол байна. Дэлхий нийтээрээ жаахан хомс байсан. Одоо бол энд тэндээс тусламж хандив аваад өнөөдрийн хувьд бол дутсан зүйл алга.
"Covid-19" вирусээс гадна манайд ямар өвчин их бүртгэлтэй байна вэ?
Сүрьеэ, халдварт өвчний чиглэлээр дүүргүүд маш их дуудлага өгдөг. Үүнд эмч нараа зохицуулаад хуваарийн дагуу явуулна. 1500 хүнд үйлчилж байна шүү дээ. Үүнд ганцхан машин явдаг. Сүрьеэгийн өвчлөл их байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 150 гаруй хүн байна. Сүрьеэгийн хавьтал нь дандаа хүүхэд болжээ. Хүүхдийн сүрьеэ нэмэгдэх хандлагатай байна. Энэ бол бидний хувьд санаа зовж байгаа асуудал. Манай сүрьеэгийн эмч нар мэргэжлийн, туршлагатай хүмүүс.
Сэтгэгдэл бичих