Яг нэг жилийн өмнө буюу 2019.05.14-нд Үндсэн хуульд заасан "хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй" байх шаардлагыг хангасан гэдгээ үйл ажиллагаагаараа нотлон харуулаагүй гурван хүнийг Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэц рүү нэр дэвшүүлж 2.5 өдөрт яаравчлан томилуулахад нь бидний хэсэг судлаач, хуульчид эсэргүүцсэн.[1] Учир нь, өндөр мэргэшилгүй, хараат бус гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөөгүй хүнийг ингэж томилоод байвал Цэц эргээд үндэслэлгүй шийдвэр гаргаж, зүй бус нөлөөнд ордог, улмаар “Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт” нэр төдий болно. Энэхүү эсэргүүцэл үндэслэлтэй байсан гэдгийн нэг баримт нь 2020.05.13-нд Үндсэн хуулийн цэцээс хаалттайгаар хэлэлцэж гаргасан 4 дугаартай дүгнэлт болж үлдэв. Энэ дүгнэлтийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор А.Бямбажаргалын Фэйсбүүкээс өнөөдөр анх олж мэдээд нягталж үзлээ. Үндсэн хуулийн цэцийн талаар судалгаа хийж Өмнөд Солонгот доктор хамгаалсан, энэ чиглэлийн хичээлийг олон жил зааж буй А.Бямбажаргал доктор “Агуулга талаас Цэц зөв буруу шийдвэр гаргасанд бус ТӨРИЙН ӨНДӨР албан тушаалтнуудыг Захиалгаар л шийдвэр гаргаж буй асуудал байгаа талаар хөндөв” гэж дүгнэсэнтэй бүрэн санал нэг байна.[2] Олон жил улс төрийн хувьд хамгийн маргаантай сэдэв болж хэлэлцэгдэж ирсэн төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлыг өөрсдийг нь нэр дэвшүүлсэн албан тушаалтанд ашигтайгаар шийдэж, үүнийгээ Үндсэн хуулийн зөрчлийг зассан мэтээр зөвтгөж гуйвуулсанд үнэхээр дургүй хүрч байна. УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байхад УИХ-ын чуулган завсарлахаас өмнө ийм хачин, буруу шийдвэр гаргаж буйг нь улс төрийн нөлөөнд орсон гэхгүй юм бол юу гэх вэ? 2016 оны хаврын ээлжит сонгуулийн яг өмнөхөн сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуулийн шууд сонгох эрх зөрчсөн гэж илт үндэслэлгүй, ичгэвтэр шийдвэрийг гаргаж “улс төрийн гар хөл” болсон хэмээн цоллуулж байв.[3] Цэцэд улс төрийн даалгавар өгч захиалгат шийдвэр гаргуулах ажиллагаа сонгуулийн өмнө бүр эрчимждэг нь харагдаж байна.
Үндсэн хуулийн цэцийг хэрхэн хараат бус, мэргэжлийн болгох, Үндсэн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэдэг болгох вэ гэсэн сэдвийг судалж докторын ажлаа бичсэн хүний хувьд Цэцийн 2020 оны 4-р дүгнэлтэд яагаад дургүйцэж буй үндэслэлээ товч танилцуулъя. 2014 онд УИХ-аас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоол баталж, “Тавантолгой–Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Чойбалсан, Хөөт–Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг” Засгийн газарт даалгаж, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд үүрэг болгожээ. УИХ энэ тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн 1.2-ын “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн гэдэг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр (түрүү жил Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлж томилуулсан гурван гишүүний нэг) танилцуулснаас харагдаж байна.[4] Энэ танилцуулгаас харахад хоёр ноцтой асуудал байна.
Нэгд, Цэц Үндсэн хуулийн 1.2-т буй “хууль дээдлэх ёс” (the rule of law) гэх ойлголт нь хуульд тавигдах агуулгын болон хэлбэрийн зарчмуудыг илэрхийлдэг цогц үзэл санаа юм. Гэвч, Цэц ихэнхдээ энэ чухал ойлголтыг зүгээр л хуулийн үг үсгийг муйхраар дагах мэтээр явцууруулж хэрэглэж ирсэн. Цэц энэ буруу жишгийнхээ дагуу “УИХ-ын 64-р тогтоолын төслийг өргөн мэдүүлж батлахдаа хуулийн заалтыг буюу дэгийг баримтлаагүй” гэж үзээд хууль дээдлэх зарчим зөрчигдсөн гэжээ. Урьдын адил хуулийг яаж зөрчсөн бэ гэдэг үндэслэлийг тайлбарласангүй. Үндэслэл нь байхгүй учраас Цэц дур зоргоор шийдсэн эсхүл зүй бус нөлөөнд орсон гэж хардахаас аргагүй.
Хоёрт, Цэц дүгнэлтийн үндэслэх хэсэгтээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2-т “Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцын асуудлаар оновчтой бодлого баримтална,” 3.2.1.4. “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ.” гэж заасныг тус тус дурдав. УИХ-ын 64-р тогтоолд төмөр замын шинэ шугамыг ямар чиглэлд, ямар хэмжээний царигаар барих вэ гэдгийг заасан нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын эдгээр хэт ерөнхий заалтад нийцээгүй гэж үзсэн мэтээр ойлгогдож байх боловч яагаад нийцээгүй тухай үндэслэлийг Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр хэлсэнгүй.
УИХ-ын 64-р тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэхдээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг дурдаж үүнийг УИХ зөрчсөн мэтээр хэлж буй нь өөрөө УИХ “төрийн дотоод, гадаад үндсийг тодорхойлох” онцгой бүрэн эрхтэй гэсэн Үндсэн хуулийн 25.1 дэх заалтыг хүндэтгээгүйг итгэнэ. УИХ-ын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баригдах төмөр замын шинэ шугамын чиглэл, царигийн хэмжээний асуудал, “төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг” эрхэмлэсэн эсэх бол цэвэр бодлогын асуудал тул УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой. УИХ-ын өнөөдрийн чуулган дээр Ц.Мөнх-Оргил гишүүн сонгуулийн өмнө ийм асуудал оруулж ирж буйд гайхаж буйгаа илэрхийлээд УИХ-ын 64-р тогтоолыг хүчингүй болгосноор манай улсын нүүсний экспорт болон эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ, салбарын сайдын байр суурь юу вэ, үр дагавар нь юу вэ гэх мэт асуултад хариулаад шийдье гэсэн нь зүйн хэрэг. Энэ мэт асуултад үндэслэл, судалгаатай хариулаад төмөр замын бодлогыг шийдвэрлэж хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм улс төрийн бодлогын асуудалд Цэц оролцож хутгалдах нь Үндсэн хуулийн эрх хэмжээгээ хэтрүүлээд зогсохгүй нийтлэг ашиг сонирхлыг ноцтой хохирооно.
Цэцийн энэ байдлыг засах оролдлогыг зогсоосон учраас 2019 оных шиг алдаатай томилгоо, түүний сөрөг үр дагавар энэ дүгнэлтээр хязгаарлагдахгүй удаан үргэлжлэх нь тодорхой. 2019 оны зун Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүнийг төлөөлж зөвшилцөлд оролцсон ЕТГ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх Цэцийг хараат бус, мэргэжлийн болгох тухай маш чухал заалтуудыг[5] хас гэж шахаж, шантаажилсаар бүгдийг нь хасуулсан. Цэцийг хараат бус, мэргэжлийн болгох хүсэл энэ мэт улс төрчдөд алга.
Цэцийг цэгцэлж Үндсэн хуулийн шүүх шиг болгохгүйгээр Монголд Үндсэн хуульт ардчилал бүрэн төлөвшиж чадахгүй. Хэн хэзээ үүнийг хийх вэ?
Цэц Үндсэн хуулиа манаж байна уу, томилсон хүнээ манаж байна уу?
Холбоотой нийтлэлүүд:
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлага, түүний томилгоо
Үндсэн хуулийн цэцийн ээлжит нэг захиалгын дагуух шийдвэр!
Монгол Улсын Үндсэн хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хориглоогүй (товчлол)
Мөнхсайхан шүүх дээр нотолж чадах л юм байхдаа. Хардах чинь нотлох баримт биш дээ. Хуульч гэж өөрийгөө бодож байгаа бол хуульч шиг л бай.
Цэц Үндсэн хуулийг манах, сахиулах үүргээ умартаад улс төрчдийн захиалгаар үйлчилдэг байгууллага болоод удаж байгааг энэ нөхөр одоо л ойлгож байгаа юм уу?