Маргааш бичиж болдог байгаад ямар нэг юм хэлмээр болоод байхгүй бол энэ магадгүй миний энэ сонгуулиар бичих сүүлийн тэмдэглэл байх. Миний бие энэ сонгуулиар 2016 оны сонгуулийг бодвол 4 жилээр хөгширч, бас 4 нэгж тайван хандаж оролцлоо. Тэр нь энэ 4 жилд манай Монголд ямар өөрчлөлтийг би өөрөө үйлдэл хийснээр авчирч болохыг, ямрыг нь цаг хугацаа, жам ёсонд даатгах ёстойг ялгаж салгах мэдрэмж бага боловч суусных болов уу.
Олон нийтийн боловсролд хандаж сонгуулийн бус “энхийн” цагт хийж чадах зүйлсээ хийгээд ирсэн учраас сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд юуг өөрчилж амжих, юу нь амжихгүйг, бас юуг амжуулах гэж яарах ёсгүйг ч багцаалах баримжаатай оролцлоо гэж бодож байна. Амар амгалангийн залбирал гэгдэх ийм алдартай эшлэл байдаг.
"Өөрчилж чадах юмаа өөрчлөх эр зориг
Өөрчилж чадахгүйгээ хүлцэх ухаан
Аль нь болохыг ялгах эрдэм хайрла"
Энийг ухаандаа тогтоож аваад нөгөөдөр өгөх сонгууль, түүнээс гарах үр дүнд тайван хандаарай гэж хэлмээр байна. Олон улсын нөхцөл байдал, түүх, соёл, олон нийтийн сэтгэлгээ гээд нэг сонгуулиар өөрчлөх боломжгүй янз бүрийн хүчин зүйл бидний амьдрал, манай нийгмийн гүнээс гүнд амь бөхтэй ажиллаж байнам.
Ялангуяа гадаадад байгаа эх орноо санасан монголчууд энд байгаа улстөрчдийн нэг нэгэндээ зориулж хийсэн хар мэдээ, өдөөн турхиралтыг уншсаар байгаад ч юм уу нэг л энэ улс юу юугүй сүйрч дампуурах гэж байгаа юм шиг эмоцтой хандаж харагддаг. Тийм юм байхгүй. Монгол Улс улс шиг оршин байна, ардчилсан тайван сонгуулиар парламент, Ерөнхий сайдаа сонгоно, засгийн газраа бүрдүүлнэ. Тэр нь ч дээр дурдсан гарцаагүй хүчин зүйлсээр нөхцөлдсөн үр дүн байх болно. Эсвэл хамаг баатар нь ордны гадна үлдээд ордон дотор баахан хуйвалдаан ажиллаж байгаа юм шиг бас нэг супер онол байна. Тэр ч бас тийм юм байхгүй, ордны гадна ч дотор ч, төгсөөд ирсэн нь ч, эндээ байсан нь ч, улстөрд удсан нь ч, шинээр орж байгаа нь ч нөгөө л алимны модноосоо хол унаагүй адилхан монгол хүн л байдаг. Туйлшрал хэрэггүй.
Тиймд, эхлээд нэг л их режим буюу дэглэмийг орвонгоор нь эргүүлэх маягийн амбиц, өдөөн турхиралтад автахгүй байх нь чухал. Режим дотроосоо хөгжөөд явна. Тэрийгээ орвонгоор нь эргүүлж хаях оролдлогууд амжилт гэхээсээ нийгмийн хөрс сууриа эвдэж хаясан гашуун үр дагавар дагуулсан байдаг. Иймэрхүү амбицтай нь гэвэл мэдээж босоо хэвтээ элдэв экстрим хөдөлгөөн, мөрийн хөтөлбөрөөрөө бол “Та бидний эвсэл”, Шинэ эвсэл, бас байсгээд нэг Ерөнхийлөгчийн засаглал, цаазын ял ярьдаг З.Энхболд, Г.Уянга нарын улстөрчид байна. Хоёрт, Сүхбаатар дүүрэгт манай тойрогт дэвшсэн Э.Долгион гэх мэт илэрхий салбар дамжсан бизнес бүлэглэлийг төлөөлж шөнийн дотор тойрог авч орж ирсэн хүмүүс системийн паразит л болно. Эд сууж яваа машины зүг чиг алдуулж, мотор цохиулж, эд ангиар нь салгаж авах хүмүүс. Бусдаар бол мянга мянган жил оршсоор ирсэн Монгол энхэл донхол боловч замаар хурдтай удаантай боловч хөгжөөд явна.
Таны сонголт мэргэн, төр нийгэм тогтвортой байх болтугай.