Оросын шинэ ҮХ-ын талаар бичсэн өмнөх нийтлэлдээ дурьдаагүй сонирхолтой, ирээдүйд бидэнд шууд болон шууд бусаар нөлөөлж болохуйц 2 асуудлыг та бүхэнд товч танилцуулья. Манай гэлтгүй дэлхийн ихэнх ХМХ Оросын ҮХНӨ-ийн талаар бичихдээ Путины засаг барих хугацааг л онцолж байна. Ер нь тэр хамгийн чухал заалт мөн. Тэгэхдээ түүнтэй хамт 206 зүйл заалтад өөрчлөлт орсон буюу шинээр батлагдсан. Тэр бүх өөрчлөлтүүд Путины “тэглэлттэй” цуг хүчинтэй болж удахгүй дагалдах хуулиуд нь гарна гэсэн үг. Путин явсан ч тэр заалтууд үлдэнэ.
Тухайлбал, миний анхаарлыг татсан заалт бол ҮХ-ын 68.1-д “...төрийн бүрдүүлэгч ард түмний хэл болох орос хэл нь төрийн хэл байна” гэсэн заалт юм. Хуучин ҮХ-д нь орос хэл бол төрийн хэл гэсэн заалт байсан. Өөрөөр хэлбэл шинэ ҮХ-д орос үндэстнийг гол үндэстэн ард түмэн гэж онцолж өгсөн. Оросд амьдардаг бусад үндэстнүүдийг гол биш гэж гомдоосон энэ заалтыг ирээдүйд Оросыг задалж магадгүй тэсрэх бөмбөг гэж зарим хүмүүс ярьж, Татарстан, Якут улсын парламентаас эсэргүүцэл илэрхийлсэн боловч зүтгүүлээд баталчихсан.
Сонирхуулахад гуравдугаар Александр хаан Их Оросын газар нутаг дээр оросоос өөр хэлээр ярихыг хориглож байсан бөгөөд тэр байдлыг Ленин гярхай ажиглаж бүх ард түмнүүдийн хэл соёлыг хүндэтгэнэ хэмээн амалж хувьсгалын үеэр хаант оросын бүрэлдэхүүнд байсан бүх улсуудын дэмжлэгийг авч байсан түүхтэй.
Дараагын чухал заалт бол ҮХ-ийн 3.67 хэсэгт “ОХУ-ын нутаг дэвсгэр дээр холбооны эзэмшлийн бүс нутаг хуулийн дагуу байгуулж болно. Тухайн бүс нутгийн удирдлагыг холбооны хуулиар хэрэгжүүлнэ” гэж шинээр оруулсан. Өөрөөр хэлбэл ямарч БНУ-ын газар нутгаас холбооны мэдэлд аваад, нутгийн биш холбооны засаг захиргаанд оруулна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор Буриад улсын Ардын Хуралын гишүүн Баир Цыренов тус улсын тэргүүн Алексей Цыденовыг шүүмжилсэн. Манай Байгаль нуурыг холбооны мэдэлд авах гэж байгааг үгүйсгэж худлаа ярьсан. Энэ талаар Думд хэлэлцэж байхад энэ заалтыг санаачилсан нөхөд Байгаль нуур, Кавказын Минеральный воды, Арктик зэрэг газруудад зориулсан гэж ярьж байхыг мэдсээр байж үүнийг үгүйсгэсэн яриа өгч олныг төөрөгдүүлж байна гэж тэрээр тэргүүнээ шүүмжилсэн.
Үүнээс харахад Байгаль нуурыг Буриад улсын эзэмшлээс гаргаж холбооны мэдэлд авах магадлал өндөр байна.
Энэ тохиолдолд манайхны хамгийн их очиж амардаг Байгаль нуурт амрахын тулд холбооны засгаас зөвшөөрөл авдаг болж ч магад.
Манай тв-н эфирээр юу явуулахыг шийдэх гэж оролддог элчин сайд хэнийг нь тэнд амраахыг шийддэг болж ч магад. Ийм нөхцөлд ах дүүгийн гэсэн аргадсан байдлаараа хойд хөрштэйгээ харилцсаар байх нь хэр үр дүнтэйг мэргэжлийн дипломатууд маань болгооно биз дээ.
tiimee tiim bna