2019 онд Монгол улсад төрсөн 1000 хүүхэд тус бүрийн 17 хүүхэд нь 5 нас хүрэлгүй хорвоог орхижээ. Мөн онд Өмнөд Солонгос улсад төрсөн 1000 хүүхэд тутмаас 3 хүүхэд өөд болсон бол, Афганистан улсад энэ тоо 62 байсан юм. Тэгвэл эдгээр улсуудын аль нь илүү тогтвортой хөгжилтэй вэ?
Дээрх асуултын хариу бол мэдээж Өмнөд Солонгос юм. Яагаад гэвэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл маш бага байна гэдэг нь, Өмнөд Солонгост иргэд нь харьцангуй эрүүл мэндийн үйлчилгээг сайн авч чаддаг, амьдрах орчин амгалан тайван, өлсгөлөн болон ядуурлын хэмжээ бага, эрүүл ахуй болон цэвэр усны хэрэглээ хангалттай хүртээмжтэй байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгос улс нь бусад улсаас харьцангуй, хүн бүрэн бүтэн амьдрахад хэрэгтэй хамгийн доод хэмжээний шаардлагуудыг хангасан, найдвартай, “тогтвортой” нийгмийг бүрэлдүүлсэн байна гэж хэлж болно.
Гэвч үнэхээр харамсалтай нь дэлхий дээрх нийт улс орнуудаас ердөө тоотой хэд нь л Өмнөд Солонгос шиг нийгмийг цогцлоож чадсан юм. Иймээс 2015 онд, энэхүү улс хоорондын амьдралын чанарын хэт зөрүүтэй байдлыг арилгахын тулд, олон улсын хамтын хүчний туслалцаатайгаар дэлхий даяар тогтвортой хөгжлийг хурдасгахын тулд, НҮБ-аас “Тогтвортой Хөгжил – 2030 Хөтөлбөр”-ийг зарласан билээ. НҮБ-аас хүн төрөлхтөн тогтвортой хөгжилд хүрэхийн тулд биелүүлэх шаардлагатай 17 зорилгуудыг тодорхойлж, түүнийгээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд”(Зураг 1.) хэмээн нэрлэсэн юм.
Зураг 1. Тогтвортой хөгжлийн 17 зорилгууд
НҮБ-аас тогтвортой хөгжлийн зорилгуудыг тодорхойлж өгснөөр, хөгжил гэж яг юу вэ гэдгийг хүн бүр ойлгоход хялбар болгож, зөвхөн улс орон гэлтгүй, хувь хүн ч гэсэн ажил амьдралдаа эдгээр 17 зорилгуудыг өөрийн зорилго болгож, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад асар их туслалцаа үзүүлсэн юм. 2015 оноос хойш ялангуяа бизнес эрхлэгчид, бүх төвшний компани болон төрийн бус байгууллагууд эдгээр 17 зорилгыг чухалчлан үзэх нь эрс ихэссэн байна. Аливаа улс орны засгийн газар, улс төрчдийг үнэлэхдээ ч гэсэн эдгээр 17 зорилгыг биелүүлэхийн төлөө ямар ажлыг хэрхэн хийснийг нь чухалчлан үзэж байна.
НҮБ тогтвортой хөгжлийн хөтөлбөрөө зарлахдаа “… ядуурал болон бусад бүх амьдралын хэрэгцээний хомсдлыг арилгах арга хэмжээнүүд нь боловсрол болон эрүүл мэндийг сайжруулах, тэгш бус байдлыг багасгах, эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэхтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд авагдах ёстойгоос гадна, эдгээр бүх зорилгууд нь цаг уурын өөрчлөлттэй тэмцэж ой болон далайн экосистемийг хамгаалсан байх ёстой.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжилд зайлшгүй шаардлагатай нөхцөл нь “байгаль орчноо хамгаалсан, цаг уурын асуудалтай тэмцсэн” байх ёстой гэсэн үг юм. Хүн төрөлхтөн байгаль орчны асуудлаа шийдвэрлэлгүйгээр хэчнээн хөгжсөн ч, тэр нь тогтвортой хөгжил бус, хэзээ нэгэн цагт устаж үгүй болохоос өөр гарцгүй хөгжил байх болно. Харин олон улсын хэмжээнд НҮБ зэрэг томоохон байгууллагууд энэхүү асуудлыг анхааралдаа авч эхэлсэн нь 20-р зууны сүүл хагасаас гэж хэлж болох юм.
Анх 1972 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөр (UNEP), мөн 1988 онд Уур Амьсгалын Өөрчлөлтийн Засгийн Газар Хоорондын Хороо (IPCC) байгуулагдсанаар, улс орнууд байгаль орчны асуудлыг шийдвэрлэхээр хамтран ажиллаж эхэлсэн гэж хэлж болно. IPCC-гийн гол үүрэг бол олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг нэгтгэн шинжилж, түүн дээр тулгуурлан дэлхийн дулаарлын талаарх томоохон дата статистикийг гаргах, засгийн газрууд байгаль орчны асуудалтай тэмцэхийн тулд ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг зөвлөх, үнэлгээ хийх явдал юм. Өөрөөр хэлбэл, аливаа улс орны засгийн газар байгаль орчны асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлэх бодлого, зорилт нь IPCC-ээс гаргасан тайлан зөвлөгөөг бодит ажил болгон хэрэгжүүлэхийг нэн чухалчлах хэрэгтэй аж. Түүнээс гадна, цаг уурын өөрчлөлттэй тэмцхийн тулд олон улсын хэмжээний гэрээ хэлэлцүүлэг, хурал уулзалтыг зохион байгуулж, гэрээний хэрэгжилтийг хянах нь ч гэсэн IPCC-ын үүрэг билээ. Жишээлбэл, 1997 онд Киото хотод олон улсын уулзалтыг зохион байгуулж, “Киотогийн Протокол” хэмээх гэрээг байгуулж, цаашлаад 2015 онд “Парисын Гэрээ”-г байгуулсан юм.
2015 оны “Парисын Гэрээ”-р дэлхийн 196 улс орнууд хэлэлцээр хийж, аж үйлдвэрийн хувьсгалаас хойших дэлхийн дундаж температурын ихсэлтийг 1.5°С-ээр хязгаарлана хэмээх зорилтыг тогтоосон байдаг. Гэвч энэхүү зорилтдоо хүрч чадахуйц хэмжээний арга хэмжээг авч буй улс одоогоор цор ганц Марокко л байна. Улс төр, эдийн засгийн хүчээрээ дэлхийд хамгийн том нөлөөтэйд тооцогддог АНУ энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хамгийн том нөлөөтэй улс боловчиг, эдийн засгийн ашиг сонирхол, хэт үндсэрхэг үзлийн зөрчилдөөний улмаас Парисын гэрээнээс гарахаа хүртэл зарлаад байна. Хэрэв нөхцөл байдал одоогийнхоороо үргэлжилсээр байвал 21-р зууны төгсгөл гэхэд дэлхийн дундаж температур аж үйлдвэрийн хувьсгалын үеэс 4.1°С-4.8°С-р өсөх нь тодорхой юм. Энэ фактыг дэлхийн лидерүүд, улс орны засгийн газрууд мэдсээр байж яагаад зохимжтой арга хэмжээ авч чадахгүй байна вэ? Дэлхийн дундаж температурыг 1.5°С-р хязгаарлаж чадахгүй бол хүн төрөлхтний ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ? Дэлхийн байгаль орчны асуудлыг шийдвэрлэхийн тулд, цаашлаад хүн төрөлхтний дэлхий дээрх иргэншил устаж үгүй болохгүйн тулд улс орнууд хэрхэн хамтран ажиллах хэрэгтэй вэ? Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх гол хүчин зүйл нь НҮБ-ын доорх олон улсын байгууллагууд, ТББ-ууд болоод байна.
эх сурвалж: NASA Earth Observatory
Зураг2. Дэлхийн дундаж температурын өсөлт ( 1951-1980 оны дундаж температуртай харьцуулав )
Зураг 3. IPCC-с гаргасан 2014 оны үнэлгээний тайлан ( эх сурвалж хэсгээс унших боломжтой )
Эцэст нь хэлэхэд, хөгжил гэдэг нь зөвхөн хүн төрөлхтөн л тав тухтай, баян чинээлэг амьдарч байвал болох бус, байгаль эх дэлхийнхээ экосистемийг хамгаалах явдалтай салшгүй холбоотой юм. Дэлхийн улс орнуудад хувийн эрх чөлөөг чухалчлахын хирээр нэгж иргэн бидний өдөр тутмын сонголт, үйлдлүүд дэлхийн тогтвортой хөгжилд шууд нөлөөлж байна.
Харин та ирээдүй хойч үеийнхээ төлөө, байгаль эх дэлхийнхээ төлөө өөрийн тав тух, эдийн засгийн эрх чөлөөгөө хэр зэрэг золиослоход бэлэн байна вэ?
Г. Тэнгисболд, Токиогийн их сургууль
Эх сурвалж :
Сэтгэгдэл бичих