Нийтлэл 07 сарын 22, 2020

Төр иргэдээ гадаадад цөлөх нь цар тахлаас илүү ноцтой асуудал

Коронавирус бүх дэлхийд шинэ эрсдэл учраас тэр нь энэ нь шилдэг гэх практик одоогоор алга. Хятад харьцангуй хурдан дарж авсан ч түүхч, сэтгэгч Хараригийн бичсэн байсанчлан тэр нь хувь хүний мэдээлэлд нэлээн коммунист интервенц хийсний үр дүн байх жишээтэй. Иргэдийн хариуцлагад найдаж хөл хорио сулласан Токиод гэхэд эргэж тархаад хэрэг алга. Америкт бол бүр гамшиг, сүүлийн хэдэн арван жил бага багаар суларч байсан тэргүүлэх гүрний байр сууриа улам алдахаар юм болж байна. Монгол одоогоор ойр дотнын хүнээ гаргаж ч чадахгүй чандарлуулах гэх мэт эмгэнэлээс (миний бодлоор амьдралын хамгийн хүнд хагацал) хол явж байгаа ч тусгаар улсын түүхэнд гамшиг болж бичигдэхээр нэг үр дагавар гарч байгаа нь гадаадад гацагсад.

Гадаадад зарим иргэдээ удааж, цөөн цөөнөөр татаж байгаа бодлогоо дотоодод ижилхэн үнэт цэнэтэй хүний амь хамгаалах зорилготой, тэр зорилгодоо хүрч ч байна гэж зөвтгөх байх. Гэхдээ хүний амь, эрүүл мэнд гэдэг нь улс үндэстний нэг л салбар буюу эрүүл мэндийн салбарын асуудал байгаа. Харин иргэн, газар нутаг, төр гэсэн тусгаар улсын гурван үндсэн бүрдлийн харилцаа нь ямар нэг салбараас, мөн ямар нэг үр дүнгээс үл хамаарах суурь зарчмын шинжтэй юмаа. Энэ талаар бүр 3 сард гаднаас вирус оруулахгүй гэсэн улстөр явж байхад ч бичсэн.

Нэгийг нөгөөгийн дээр доор эрэмбэлэхгүй, ямар ч үр дүнгээс үл хамааран юу ч гэсэн хамт орших нь улс нийгмийн бичигдээгүй гэрээ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл энэ хэдэн сард манай төр суурь консептоо зөрчих, нэг хэсэг иргэний амь биеийг нөгөө хэсгийн дээгүүр эрэмбэлэх гэсэн хоёр хэцүүгээс аль мууг нь сонгох маягаар явж ирлээ. Энэ хэдэн сардаа энэ хэцүү дилеммаг шийдцэн бол яая гэхсэн, одоо гэтэл дэндүү урт хугацаа өнгөрч суурь гэрээгээ зөрчсөн нүгэл улам хүндэрч ирж байна. Монгол Улсын иргэн монгол газар нутагтаа ирэх гэдэг юунд ч эрэмбэлэгдэхгүй бүрэн эрхийг нь Монголын засгийн газар өөрийн гараар эрэмбэлж байгаагаас болоод ирэх дараалал, авилга тойрсон хардлага хэрүүл улам гаарч байна. Энэ талаар Саруул-Эрдэнэ багш сайн пост бичсэн байсан. Энэ нь дээр дурдсанчлан эрүүл мэнд, тахлын гамшиг биш юм гэхэд төр иргэний харилцаанд гарсан гамшиг болж түүхэнд бичигдэхээр харагдаж байна.

Шуурга шуурч байхад хашааны гадаа зарим хүүхдээ түгжсэн эцэг эх гэрт багтаж амжсан хүүхдүүддээ бас давхар нүгэл үүрүүлж байна. Угтаа бүгдийг нь оруулж түгжээд гэрээрээ нурах, үлдэхээ үзэх ёстой бус уу? Ядаж гадаа шуурга намжихгүй, намраас улам ширүүсч ч магадгүй бн. Аливаа бодлого, арга хэмжээний сууринд консепт байдаг. Одоо коронавирусын үеийн төрийн бодлого “иргэний амь бие эрүүл байх” гэдэг салбарын үр дүнгийн шинжтэй зорилтоос илүү “төр иргэний харилцаа эрүүл байх” гэсэн суурь консепт руу өөрчлөх болсон гэж бодож байна. Монгол хүн бүр Монгол Улсад ирэх эрхтэй. Утга уянгын биш онолын утгаараа тийм эрхтэй учраас эх орондоо энэ тэр гэлгүй улсын нэрээр бичлээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon