Нийтлэл 08 сарын 12, 2020

Гадаад ертөнцөд юу болж байна вэ?

1. Хятадын Си Зиньпин дарга "Хоол ундны замбараагүй хаягдлыг цэгцлэх тухай заавар" гаргасныг гадаад ертөнцөд ихэд анхааралтай хүлээн авлаа. Хүнсний хэрэглээнийхээ 30-аас дээш хувийг импортоор авдаг. Гол хүнс ханган нийлүүлэгч АНУ-тай харилцаа туйлын тааламжгүй байгаагийн зэрэгцээ үер, ган гачиг, царцааны нүүдэл зэргээс шалтгаалаад үр тарианы дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ эрс хорогдсон нь өнөө жил хүнсний хомсдол үүсгэж болзошгүй. Тийм учраас ийм заавар гаргасан байж болзошгүй хэмээн таамаглах гадаадын судлаачид цөөнгүй байна.

2. Америкийн эрүүл мэндийн сайд Азар Тайваньд айлчилсан нь тус арлын хувьд сүүлийн 49 жилийн хугацаанд хүрэлцэн ирсэн Америкийн хамгийн том албан тушаалтан юм. Тэрбээр Тайваны гадаад явдлын яаманд болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Дундад иргэн улсын гадаад явдлын яам" гэсэн бичигтэй индэр дээр зогсож оролцсон нь өмнөд хөршийн хувьд тэвчээрийн хязгаарыг нь тэнссэн том сорилго болсон байх аа.

Тайваний анхны ардчилсан ерөнхийлөгч Ли Дөнхүй өөд болсныг тохиолдуулан Японы ерөнхий сайд асан Мори Ёшироо тус аралд хүрэлцэн очсон нь ч олон улсын тавцанд чамгүй анхаарал татахуйц үйл явдал боллоо. Японы бүхий л том хэвлэлүүд "Мори Ёшироо Тайваний ерөнхийлөгч Цай Ен Вэнь лүгээ уулзлаа" хэмээн мэдээлсэн нь бас л жишиг эвдсэн хэрэг бөлгөө. Урьд өмнө Хятадтай харилцаа хэвийн байх үед Японы хэвлэлүүд "Тайваний ерөнхийлөгч" гэдэг үгийг хэрэглэхээс цэрвэдэг байсан юм.

Удахгүй Чехийн парламентын дарга 90 хүний бүрэлдхүүнтэй Тайваньд айлчлахаар төлөвлөж байна. Энэ бүхэн нь олон улсад Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийн эхлэл биш биз хэмээх таамаглалыг зарим судлаачдад төрүүлж байгаа нь санамсаргүй хэрэг биш л дээ.

Манай иргэдийн дунд сүүлийн үед "Хужаа вакциныг үхсэн ч тариулахгүй. Орос вакцинаа тариулах минь" гэсэн хандлага ажиглагдаж байгаа нь арай л туйлширсан хандлага байж мэдэх юм. Эмийг өвчтэй хүнд хийдэг. Эрсдэл гарвал тухайн хүнтэй л холбоотой байж таарна. Харин вакцин, тэр дундаа шинэ вакциныг хэдэн зуун мянгаар тоологдох эрүүл хүнд хийдэг. Хэрвээ эрсдэл гарвал үндэстэн даяарыг хамарсан аюул нүүрлэж мэдэх тул туйлын хашир болгоомжтой хандах нь зүйтэй бус уу?

Орос Хятад гэлтгүй хоёулаа л вакцины судалгааны материалыг хулгайлсан хэмээх хардлага олон улсын хэмжээнд яригдаад байгааг мэдээллийн эх булагт ойр дөт байдаг уншигчид гадарлаж байгаа байх аа. Ялангуяа саяхан Америкийн тал Хьюстон хот дахь Хятадын консулын газрыг хаадаг нь дээрх асуудалтай холбоо бүхий хэмээх таамаглалыг уншигч та дуулсан уу?

Гэтэл манай ГХЯ-ны шинэхэн сайд Хятадын элчинтэй уулзахдаа "Вакцинаасаа өгөөрэй" хэмээн гуйдаг нь арай л түргэн түүхий хөдлөсөн хэрэг биш байгаа даа. Эрхэм сайд гуай гэрийн мухар сахин суудаг над мэтээсээ дор мэдээлэлтэй байдаг гэхэд хэн итгэх билээ дээ.

Гадаадад ертөнцөд энэ мэт сонин содон үйл явдлууд үргэлжлэн хөвөрсөөр л байна. Гучин сая биш, 300 сая бүр ч биш хүн амтай 3-хан сая Монголчууд маань гадуур болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж гай түйтгэр мань мэтээс холуурхан өнгөрөөсөй хэмээн ханцуй дотроо сүслэн залбирч байх нь л аминд өлзийтэй хэрэг болж таарах буй за.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2020-08-13

    Вакцинаасаа өгөөрэй гээд гуйхаас өөр яах ёстой юм болдоо? Тэртэй тэргүй бид өөрсдөө юу ч чадахгүй байна шүү дээ, 200хан км зам тавьж чадахгүй хэд жил болж шившиг болж байж олон долоон юм ярьж, бодож сүрхий болох гэж байснаас малийтлаа инээгээд маанаг царайлаад царайчлаад байж байсан нь арай өлзийтэй байхаа

    • Vaccine tuhaid
    • 2020-08-13

    WHO batalguujuulah baihgui, olon ulsiin experts Hytadiin chadvar, vaccine Chanart Orostoi haritsuulah argagui itgeltei baina shuu dee. Bi bol Gadaad saidiin hussenii achaar harin ch Mongold terguun eeljind uguh bolsond ard tumniihee umnuus talarhal ilerhiilmeer baina. Covid ediin zasgiig tun udahgui ballah yanztai, iimerhuu tsohiltoig daag chadvar Mongold mash sul shuudee

arrow icon