Нийтлэл 08 сарын 13, 2020

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Халуун шоколад шиг сэтгэл

Хорвоод шинээр мэндэлсэн хүүхдийг өөрт нь тусгайлан зориулсан амьдралын жор бүхий ном хүлээж байдаг болов уу? Хоолны жорын ном тухайн хоолонд орох хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг зааж өгдөг шиг яаж амьдрах тухай нь ширхэгчлэн заасан гарын авлагатай байсан бол хүмүүс хэрхэх бол? Зөв, сайхан, жаргалтай амьдрах аргыг алхам тутамтай нь заагаад өгчихсөн байхад түүнээс зөрөх тэнэг гарч ирэхгүй л болов уу. Тэгээд амьдрал өнөөдрийнх шиг адармаатай биш, нийгэм өнөөгийнх шиг ундуй сундуй бус байх байсан уу. Сайхан л юм. Жорын дагуу хоол хийхэд амархан бас төгс амттай болдог ч өөрөө зохиож хийсэн хоол хамгийн шилдэг нь биш гэж үү. Учир нь та үүнийг өөрийн мэдрэмжээр, өөртөө зориулж хийсэн шүү дээ.

Хоолны жорыг амтлах, үнэрлэх чадвар нь төрөхөөсөө л өндөр заяагдсан, нарийн мэдрэмжтэй хүмүүс зохиодог. Тэд ямар махыг аль ногоотой цуг хуурч болгох,  хэдэн ширхэг үр, буурцгийг хэчнээн гр амтлагч, эсвэл цөцгийтэй холих зэргийг олон дахин туршиж үзэж, бүтэлгүйтэж байж эцэст нь төгс амтыг гаргаж авдаг. Амьдрал яг л хоолны шинэ жор зохиохтой адил. Чи шуудхан л төгс амьдралаар амьдраад, хүн болгонд таалагдаад эхэлнэ гэж үгүй. Тогооч хүн шинэ жор зохиохдоо гр, халбага, унциар хэмжээ андуурч, хэрчим, атга, ширхгээр нь орц алддагтай адил  чи ч бас амьдралд гишгэгдэл алддаг. Тогооч хүн өөрийн санаандаа ургуулсан төгс амтыг гарган автлаа олон дахин хэмжээ алдаж, алдаа бүр дээрээ ахин суралцдаг. Яг үүн шиг амьдрал гэх урт аяны бартаат замд хэрвээ чи бүдэрч унавал бүдэрсэн газраа босож зогсоод шороо тоосоо биеэсээ гөвж унагачхаад тээглэсэн мод чулууг сайтар харж аваад, замын энхэл донхлыг хэмжиж тооцоолоод цааш зөв гишгэх хэрэгтэй. Энэ бол амьдрал, жинхэнэ амьдрал, жинхэнэ амьд хүний амьдрал билээ. Бидэнд хэрвээ “амьдралын жор” хэмээх ном байсан бол та ямар хоол байхыг хүсэх байсан бэ? Миний хувьд “халуун шоколад шиг сэтгэл” романы Титагийн “Хуримын Чабелла бялуу” л байх байлаа.

"ЗООГИЙН ШИРЭЭ РҮҮ Ч, ХАЛУУН ОР ЛУУ Ч ХҮН ДУУДАГДСАН ДАРУЙДАА ОЧИХ УЧИРТАЙ"


ЛАУРА ЭСКИВЕЛЬ

Мексикийн зохиолч Лаура Эскивелийн “Халуун шоколад шиг сэтгэл” романыг уншсан хүний хувиар, уншсан хүний сэтгэгдлээр ч гэх юм уу, энэхүү бичвэрийг “товшиж” сууна. Аялал, амралтын үе таарсан болохоор ном уншаад тухлаад байх боломжгүй, дээрээс нь амьдралд минь нэг соньхон мөчлөг үе таарсны улмаас номоо авчихаад уншилгүй хойш тавьсаар уджээ. Аялал дуусаж, найз нөхдөөс салж, холдсоны дараахан, нэгэн бороотой лхагва гаргийн өглөө кофе бэлдэж аваад галын өрөөний цонхон доор зөөлөн сандалдаа тухалсан юм. Нэрнээсээ л хоол унд, амттан ундааны нэгдэл яах аргагүй орж дээ гэж бодож байсан ч “Зул сарын хачиртай талх” гэх нэгдүгээр бүлгийг уншиж эхлээд жаахан самгардчихлаа. Өмнө нь ийм төрлийн ном уншиж байгаагүйг ч дурдах уу, уламжлалт романы хэв маяг болох дүрслэл, үйл явдал хүлээж байсныг ч хэлэх үү, ямартай ч хоолны орцоор эхлэх эхний бүлгийг гайхширалтайгаар уншиж эхэлсэн юм. Хэдэн хуудас эргүүлсний ар дээр ферм эрхлэн амьдардаг Гарса гэх эртний сурвалжит гэр бүлийн аж байдал, амьдрал ахуй, голомтоо сахин үлдсэн Элена эмгэн, түүний гурван охин болон наян таван настай тогооч Начагийн ажил хөдөлмөр, гэр бүлийн чанга хатуу дэглэм, нэгэн хэвийн уйтгартай амьдралын хэв маягийг тэрхүү хуучин эдлэнгийн гал тогооны өрөөнд суугаад нүд салгалгүй ажиглах шиг л болов оо, би. Эхийгээ үхэн үхтэл нөхөрт гаралгүй асарч тойглох хатуу үүргийг төрөхдөө л үүрсэн бага охин болох гоо үзэсгэлэнт Титагийн нулимс дуссан хоол унд, Титад тачаадан дурлах цэл залуухан Педрогийн хэзээ ч тайлагдашгүй хүслийн цангаа, хөөрхий охиноо алхам тутамд нь хорьж, хянаж байх “үйлтэй” үүргийг өөрөө өөртөө үүрүүлсэн Элена эзэгтэйн шонхор шувуу шиг хурц хараа, Титагийн хайртай залуутай юу ч бодолгүйгээр дэр нэгтгэсэн хувиа хичээсэн “үл үзэгдэгч” эгч Росаурагийнх нь гонгиноон, өндөр настай тогооч Начагийн халуун дулаан илч эд бүгд нийлж энэ айлын гал тогоонд амьдрал хэмээх шорвог хоол болон буцалсаар 22 жил болоход сая л нэг ном дуусна.  Ер нь энэ роман яг л нэр шигээ амтлаг бас халуухан аж. Шоколад өөрөө чихэрлэг, гашуун хоёр амтны төгс зохицол. Яг л үүн шиг эл зохиол нь гайхам сайхан хайрын түүхийг хагацал, хясал, хар хороор сүлсэн болохоор гашуун, нялууны нэгдэл болсон аяга халуун шоколад шиг л санагдлаа.

БУЦЛАМ ХАЛУУН ТОСОНД ХИЙХ ҮЕД ЗУУРСАН ГУРИЛД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРДГИЙГ ОХИН ТЭГЭХЭД Л ОЙЛГОЛОО

Романы гол дүр Тита охин эхийн хэвлийд байхаасаа сонгинод мэдрэг болж, ээжийнхээ гэдсэнд уйлж нулимс асгаруулсаар хорвоод мэндлэхэд гал тогооны өрөө нулимсанд автаж байжээ. Эндээс л ид шид эхэлнэ. Латин Америкчуудын дэлхий дахины уран зохиолд оруулсан үнэтэй хувь нэмэр болох шидэт реализмын аргаар уг роман бүтэж бүрэлджээ. Эхийн хэвлийн цаанаас сонгинын аагинд урсаж эхэлсэн нулимс хожмоо хайртай залуу, төрсөн эгч хоёрынхоо хуримд зориулан хийж буй бялууных нь зуурмагт дуссанаас хуримд ирсэн бүх зочид хордож, бөөлжин хуримыг бусниулахад өөрөө яагаа ч үгүй зогсох Тита, хайртай хүнийхээ хүүхдийг буюу зээ дүүгээ өлсөж үрчгэнэн уйлж байхад энгэртээ наан яахаа мэдэхгүй зогсохдоо дэмий л хөхөө хөхүүлтэл хөх нь эвлэж сүү ордог онгон Тита бол ид шид. Мөнхүү хайртай хүн нь тэвэр дүүрэн сарнай бэлэглэхэд ээж нь уурлаж эгч нь хардаж цамнахад айсандаа сарнайгаа энгэртээ тас тэвэртэл сарнайн дэлбээ цусаар будагдан химийн урвалд орж, тэр цэцэгсээр хийсэн хоол нь хайр, хүсэл, тачаалын маш хүчтэй ерөндөг болон хувирч том эгч Гертрудисд нь үйлчилснээр эгч нь шатам хүслээ дарах гэж шүршүүрт орж байхдаа биеийнхээ илчээр халуун усны банзан байшингаа галдаж, эдлэндээ өнө хожид ч арилахааргүй сарнайн үнэр үлдээчхээд чармай нүцгэн гарч гүйн тэр чигтээ гэрээсээ дайждаг. Энэ ч бас л нэгэн ид шид.

Үйл явдал өрнөдгөөрөө л өрнөж, хүмүүс хоорондоо харьцдагаараа л харьцаж, ер юу ч болоогүй мэт айвуу тайвуу байцгаана. Гэвч жинхэнэ ид шид, гайхамшиг Титагийн эргэн тойронд тохиолдсоор л байна. Реал буюу бодит юмс ид шидтэй нэгдэн нийлэхээрээ шидэт реализмыг бүтээдэг. Уран зохиолын энэ арга миний хувьд “гайхамшиг”. Шидэт реализмаар бүтсэн зохиолд дом шившлэг, хайр дурлал, мансуурал цэнгэл, хөлчүүрхэл үгүй байна гэж үгүй. Уран зохиолын тийм ертөнцөд хүмүүс нь энгийн боловч цаанаа нууцлаг, эд юмс нь эгэл атлаа ид шидийн байдаг. Тэнд ганц очтой харцнаас хожмоо зуу зуун жил дурсагдах хайр дурлал үүсэж, нэг л хөдөлгөөнөөр бүгдийг үгүй хийх ертөнцийн нууц хүч үйлчилдэг. Хүний хамгийн нууц хүслүүд тэнд илчлэгдэж, байж боломгүй зүйлс байж, бий болж, ичгүүр сонжуургүйгээр (Ичгүүр болон сонжуур гэдэг эдгээр үгсийг энэ тохиолдолд би байж болох хамгийн зөөлөн хэлбэрээр хэрэглэлээ. Бид нэгдүгээрт, ичих болон сонжих гэх үйл үгсийн утгыг сайтар, гэхдээ бүр зөвөөр ойлгож сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, ичих болон сонжих үйлд тавих шалгуураа харж, бодолцмоор байдаг) хайрлаж дурладаг юм. Тэнд ер нь л хүмүүс бидний өөрсдөө л өөрсдөдөө зориулаад бодоод олчихсон, түүнийгээ туйлын үнэн гээд итгэчихсэн байдаг хэм хэмжээснүүд бүгд шахуу хэрэг болохгүй дээ. Гайхалтай биш гэж үү. Борхес, Маркес, Аллинде, Салман Рушди, Харуки Мураками гэх төлөөлөгчдийн бүтээлтэй өмнө нь танилцаж байлаа, одоо харин Лаура Эскивель гэх шинэ “гайхамшигтай” болсон жирийн уншигчийн хувьд “Монсудар” хэвлэлийн газарт, орчуулагч М.Сугиррагчаад талархаж байна.

ГЭВЧ ЁС ЖУРАМТАЙ БАЙХ ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ЮМ БЭ? ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮССЭН БҮХИЙ Л ЗҮЙЛЭЭ ҮГҮЙСГЭХИЙГ ХЭЛЭХ ҮҮ?

Хүний унаган зан ямарсан билээ, төрөлх араншин юусан билээ гэдэг нь баларч бүдгэрсэн, хачин ойлгомжгүй ертөнцөд бид амьдарч байна. Бидний өөрсдөдөө зориулж босгосон ертөнц. Та бид төрсөн цагаасаа эхлэн дүрэмтэй, журамтай, хуультай нийгэм гэх байгууллын дор түүнийхээ  жижгэрүүлсэн хувилбар болох уламжлал дагасан, хорио цээр мөрдсөн, ёс жудаг дагасан гэр бүл дотроо хүн болон төлөвшиж байна. Байгалийн зөн совин, амьтны араншингаа умартах тусам хүн төрөлхтөн харгис, хэрцгий, ухаангүй, гөлгөр болж байна. Уг зохиолын хэлэх гэсэн санааг би өөрийнхөөрөө ийнхүү харлаа. Эцэст нь, уран зохиолын аргуудыг маш донжтой хэрэглэсэн, хайр дурлал, гэр бүлийн амьдрал, цаашлаад нийгэм, улс орны амин чухал асуудлыг ч чадварлагаар төншиж чадсан болохоор уран бүтээл талаасаа ч үр өгөөж талаасаа ч эн тэнцүү чансаатай роман болжээ гэх дүгнэлтэд хүрлээ.

Зохиолын дүр, үйл явдлыг бичих нь миний үүрэг биш. Эдгээрийг уншиж мэдэх нь харин уншигч таны эрх учраас сэтгэгдэл болсон бичвэрээ энэ хүрээд өндөрлөе.  

Тэмдэглэлийг бичсэн: А.Мөнхзул

 

Сэтгэгдэл бичих

arrow icon