Найруулагч М.Батболд “Альфа” постдрамын театр байгуулжээ. Энэ талаараа “Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан боловсрол олгох зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгууллаа” гэв. Уран бүтээлчид тус театрынхаа нээлтийг И.В.Гётегийн “Фауст” жүжгээр хийх болжээ. ОХУ-ийн ГИТИС-ийг дүүргэсэн найруулагч М.Батболд “Фауст” жүжгийг 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн юм. Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг. Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт эл жүжгийг нээлтийг ирэх есдүгээр сарын 11-14-нд “Корпорэйт” зочид буудлын тоглолтын танхимаас үзэх боломжтой.
“Фауст” жүжгийн гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Т.Анхзул, Б.Хатанбаатар нар тоглоно.
Сэтгэгдэл бичих