Зургаадугаар сарын дундуур шиг санагдана Өмнөд Монголын хос хэлний сургалттай бага сургуулийн хөтөлбөр өөрчлөгдөх талаар яригдаж байгааг анх Хятад мэдээнээс хальт хараад өнгөрсөн юм. Бид тэр үед сонгууль, наадам, гадаадад байгаа иргэдээ татах, амралт зугаалга, үер ус гээд дотроо зад үзэлцээд анхаарал хандуулсангүй. Сонгуулиа хийлээ, наадмаа ч хийлээ. Их амралтын улирал эхэлж энэ жил Баян-Өлгий аймаг дотоодын 15 000 жуулчин хүлээн авчээ. Баруун тийш Алтай Таван Богд, Хяргас нуурыг “дайлаар” мордоцгоов. Хөвсгөл, Архангай, Завханаар дайрч Дарханы замыг жаал хараацгаав. Үерт боогдов. Хөвөв, живэв. Зам тээврийн ослоор нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үеэсээ 161-с 180 болж нэмэгджээ. Үүний 29 нь хүүхэд. Энэ зөвхөн статистик дүн (Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.)
Статистик: Өнгөрсөн жил 170 мянган машин УБ-с гарсан бол энэ жил 240 мянгад хүрчээ. Бороо орж, үер болж байхад л зүтгээд яваад өгцгөөсөн дөө.
Ямар ч байсан Засгийн газар 9.1-нд хичээлийн шинэ жил нээнэ гэдгээ 7 сарын 29-нд зарлалаа. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр баталж (PS: Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж яаж молиго үмхүүлж болдгийн яруу тод жишээг дараа бичимз), 2020 оны төсвийн тодотголоо хийлээ. Таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний үндсэн чиглэл (энийгээ капитализмын 1-р V жил гэх үү, эсхүл өмнөх социализмаасаа үргэлжлүүлээд тоолох уу гэдэг дээр манай дарга нар нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа. Улс орны хөгжил ярьж байхад үргэлжлүүлээд тоолоод явсан ч болно, гэвч улс төрийн хувьд алдаатай болчих гээд байгаа юмаа" гээд бодлогын чанартай асуудал батлаадахлаа.
Ямар ч байсан гадаадаас татах иргэдийнхээ тоог 4000-д хүргэв. Дагаад нутаг буцах өргөдөл гаргах хүмүүсийн тоо ч нэмэгдэх нь мэдээж. Онц шаардлагатай гэх ангиллын нутаг буцах хүмүүсийн тоо нь цөөрч, жинхнээсээ гацсан иргэд, оюутнуудаа татаж эхлэв.
Асуудал үүслээ. Аргагүй, 1200 орчим хүмүүсийг зохицуулж байтал ачаалал нь 2.5 дахин нэмэгдэв. Гэрээлсэн тусгаарлах байрууд нь залхаж, гэрээгээ цуцлахаар санал гаргаж эхлэвээ. Бизнес хийж буй хүн юу гээд л нийгмийн сүлжээгээр балбуулаад нэр хүндээ муугаар хүмүүст цээжлүүлэхийг хүсэх вэ дээ. Бизнест нэр хүнд гэдэг нэг том капитал нь. Цаашдаа үнээ нэмбэл бас ч ядаж халаалтын мөнгөө олох тухай бодож суусан зочид буудлын эзэд эргэлзэж эхлэв. Хүйт орохоор үнээ нэмэхээс өөр гарцгүй, хөдөө хээр халаалтгүй байшинд халуун дулаан орноос ирсэн хүмүүсийг осгоолтой нь биш дээ, зочид буудалд оруулж л таараа.
Тэгж байтал хэдэн гишүүд Кэмбриж хөтөлбөрийг өргөжүүлнэ гээд лобби бүлэг байгуулав гэж зарлаад хаядаг байгаа. Күэй нээрээ, 61 гишүүнтэй, 11 байнгын хороо, 9 дэд хороотой бүхэл бүтэн парламент шүү дээ. Ямар нийгмийн сүлжээнээс өөр төр засагтаа үгээ хэлэх арга хэрэгсэлгүй, ийш тийш нь өргөдөл бичиж тэрнийхээ араас нэхэл дагуул болдог иргэн би байгаа биш дээ.
Боловсрол бүх хүнд хамаатай болохоор асуудлыг ярьж хэлэлцэж эхэллээ. Аштай юу. Хамгийн хачирхалтай нь тодорхойлолт ёсоороо зүүний үзэлтэй намын гишүүд цөөнхийг дэмжсэн, элитар бодлого яриад явчихаар хай хүүе, яав ийв гээд барагтайд дууугардаггүй эрдэмтэд нь үсрээд ороод ирнэ биз. Тэгж байтал эхэнд дурдсан Хятад бага сургуульд хос бичгийн хөтөлбөрийн асуудал сургууль эхлэхтэй зэрэгцэн сөхөгдөж, манай эх орончсогууд уухайлаад орчихлоо.
Учрыг нь олоогүй иргэд монгол хэлийг хориглож байгаа гээд уулгалав. Босоо монгол бичиг хорьсон болоод хувирлаа. Энэ асуудлыг боловсролын онолын үүднээс тайлбарлая. Түүнээс зөв бурууг ярих гээгүй шүү.
Манай хуучин боловсролын зөвлөлт системд орос хэлийг гадаад хэл гэж заадаг байснаа 80-д оноос хоёр дахь хэл гэж зааж эхэлсэн юм. Учир нь дээд боловсролтой хүн бэлтгэх зардал, ялангуяа ЗХУ-д инженер, техникийнхнийг сургахад хэлний бэлтгэл гэж нэг жил алддаг, нийтдээ 6 жил буюу асар урт хугацаанд дээд боловсролтой хүн бэлдэх болчихоод байсан юм. Яг түүн шиг хос хэлний сургуулиудад хятад хэлийг гадаад хэл шиг зааж байснаа хоёр дахь хэл гэж заах болжээ. Учир нь Хятадын төр засаг ядуурлыг устгах төлөвлөгөөтэй, үүнийгээ боловсролоор дамжуулна, иргэдийн аж ахуй амжиргааг дэмжинэ гэсэн хоёр том стратегиэр хэрэгжүүлж буй. Гэвч гаокао буюу манай ЭЕШ шиг шалгаруулалтад хос хэлний сургууль төгссөн хүүхдүүдийн амжилт нь хятад сургууль төгссөн хүүхдүүдийнхээс муу байж.
Их дээд сургуульд элсэн цаашаа суралцахад хэлний асуудал үндэсний цөөнхөд тулгардаг. Дээр нь нэг улс гэх асар хүчтэй бодлого явж байгаа.
Манайд 90-д оны сүүлээс англи хэлийг гадаад хэл заах аргаар заасан. Арав гаруй жилийн өмнөөс хоёр дахь хэл болгон заах хос хэлний хөтөлбөрийг туршиж нэвтрүүлсэн нь Кэмбрижийн хөтөлбөр гэж нэрлэгдээд байгаа эд. Хэдэн талдаа ярьж хэлэлцэж байгаа энэ дуулиан шуугианаар боловсролын системээ өөрчлөх гэсэн аливаа хүсэл санаачилга хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгын тоо, багшийн цалингийн хэмжээнд яригдаад өнгөрөх нь тодорхой боллоо.
БШУ-ны сайд Л. Цэдэвсүрэн хөтөлбөрөө өөрчлөхгүй, тогтвортой хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн.
Тэгэхээр яагаад боловсролын хөтөлбөр, хэл бичиг, кирил монгол гэх энэ бүхэн бид бүгдийн анхаарах ёстой асуудал вэ гэхээр монголчууд цаашдаа суурь асуултад буюу боловсролын цаашдын зорилго нь юу юм бэ гэдэгт хариулт өгөх хэрэгтэй болоод байна.
Хэрэв дараах асуудалд хариулчихвал мэргэжлийн боловсролын талаар ярих боломж олдоно.
1. Иргэншсэн буюу амиа тээгээд, өөрийн сонголтоороо хуулийн хүрээнд амьдрах чадвартай иргэн төлөвшүүлэх үү? Тэгвэл одоогийн хөтөлбөрөө оролдолгүй, аривсан боловсролд ач холбогдол өгч, хувилбарт тогтолцоог нэвтрүүлж, багш нарыг чадавхжуулахад анхаарах хэрэгтэй.
2. Дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн бэлдэх үү? Дор хаяж хоёр гадаад хэлтэй, маш бүтээлч хүүхдүүд бэлдэх ёстой болно. Гэвч үүнийг хийх нөөц байхгүй.
3. Эсхүл олонхыг бичиг үсэг тайлагдах төдийд бэлдэх, нөөцийн хуваарилалтаа толгой сайтай хэсэгт зориулах юм уу? Тэгвэл 12 жилийн боловсролын өндөр зардалтай өдөр өнжүүлэх системээ халах хэрэгтэй. Олонх нь 8 жил сурахад л хаваасаг.
2002 онд батлагдаж өдийг хүртэл мөрдөж буй Боловсролын тухай хуулиас:
4 дүгээр зүйл.Боловсролын зорилго
4.1.Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.
5 дугаар зүйл.Боловсролын үндсэн зарчим
5.1.Боловсролын үндсэн зарчим нь:
5.1.1.боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;
5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;
5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.5.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий, гадаад улсын санхүүжилт, зохион байгуулалттайгаар шашны чиглэлээр сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагаа сургалт зохион байгуулахыг хориглоно;
/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.6.өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.
6 дугаар зүйл.Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг
6.1.Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.
6.2.Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.
6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.
6.4.Иргэн тодорхой хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бие даан суралцах замаар боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
Алтанхан алим минь дээ, одоогийн байдлаар таны бичсэнийг 0,00001 хувь монголчууд 0,00001 хувь л ойлгож байгаа. Ямар сайндаа Хятадын элчингийн өмнө жагсаал хийж байхав дээ. Гадаад хэлний хувьд бага үндэстэнд үргэлж байх асуудал, энэ асуудлыг би зөвхөн дээд боловсрол эзэмшиж буй залууст өндөр шалгуур тавих ёстой гэж үздэг. Олон нийтэд, дунд сургуульд ямар нэгэн гадаад хэл хүчлээд бага үндэстний ядмаг хэрэглээтэй эх хэл бүр асуудалд орно яваандаа.