Нийтлэл 09 сарын 08, 2020

Нейралинкийн тархины чип бодит байдалд нэг алхам дөхлөө

Хэдхэн өдрийн өмнө Нейралинк чипийн танилцуулга болж өнгөрөв. Зөвхөн хөгшрөлттэй холбоотой өвчнөөс сэргийлэх боломжтой болгоод зогсохгүй, алсаас  өөрийн бодлоор удирдан, “телепат” байдлаар Тесла загварын автомашиныг жолоочгүйгээр өөр дээрээ дуудаж авчрах, дуу хөгжмийг тоглуулахгүйгээр тархи руу шууд дамжуулалт хийх, ой санамж дахь бодол дурсамжуудаа тархиндаа хадгалж, “нөхөж үзээд” зогсохгүй, засч өөрчлөх боломжтой болж ирж байгаа юм. Элон Маск хэлэхдээ: “-Эдгээр чипийг бодитоор ямар нэгэн шинэ биет эсвэл роботод суурилуулах боломжтой. Ирээдүй төсөөлөхийн аргагүй этгээд  болно... ” хэмээв.

Чипний талаар илүү дэлгэрүүлцгээе. Түүний хэмжээ нь 23:8 мм хэмжээтэй буюу “хангалттай” жижиг юм. Яг үнэндээ үүнээс жижигхэн байх боломжтой боловч шаардлагагүйн учир нь гавлын ясанд суурилуулахтай шууд холбоотой. Чипний зузаан нь мөн ердөө 10-хан мм аж. Гавлын ясанд дугуй сүв ухаж гаргах ба робот ямар нэг өвчин намдаалт, мэдээ алдуулалт хийлгүйгээр ганцхан цагийн дотор таны гавлын ясанд чипийг суурилуулна гээд л төсөөлөөд үз. Үнэхээр сэтгэл хөдөлгөм сонсогдохгүй байна гэж үү? Энэ бүх үе шатанд, бүх үйлдлийг робот л гүйцэтгэнэ. Хүний ямар нэг оролцоо байхгүй, хүний оролцоотой алдаа үүсэх магадлал маш бага гэсэн үг...

Робот нь тархины зургийг гаргаж, артери болон венийн судсыг дайруулсан ямар нэг үйлдэл хийхээс зайлсхийх учир суурилуулалтын бүх үйл явц ямар нэг дусал “цус урсгахгүйгээр” буюу “хүмүүнлэг” аргачлалаар явагдана.

“-Бидний мэдрэмжүүд, хараа, сонсгол, өвдөлт гээд эдгээр  нейронууд бидний тархинд дамжуулдаг цахилгаан дохионууд гэдгийг хүн болгон сайн мэдэж, ойлгодог гэж бодохгүй байна.” гэж хэлсэн нь ч үнэн гэлтэй. Хүмүүс бид аливаа ярвигтай бүтцийн талаар төсөөлөхдөө муугүй ч, загварчлахдаа, цэгцтэй ойлголтыг өөртөө бий болгохдоо сайнгүй улс. Төсөөлбөл, нейронууд нь цахилгааны хэлхээтэй төстэй бөгөөд хүний нас хөгшрөх тусам тэдгээрийн холбоосууд муудаж, хэсэг нейронууд “удирдлагын нэгдсэн төв” болох тархи руу мэдээллээ дамжуулах чадвараа алддаг байна. Нейралинк нь эдгээр асуудлуудыг хавьгүй өргөн хүрээнд шийдвэрлэх чадвартай аж. Тодруулбал, эрүүл мэндийн байдлын “уламжлалт” оношилгооноос авахуулаад, зүрхний шигдээс, тархинд шинээр үүсэн бүрэлдэж буй өвчин эмгэг, гэмтлийн хор уршиг, үр дагаврыг багасгах гэх мэт. Жишээ нь та нуруу нугасны хүнд гэмтэл аваад бүр нүүрнийхээ булчинг ч удирдаж, хөдөлгөж чадахгүй байдалд хүрсэн гэж бодъё. Имплант буюу чипийг хийлгэснээр та бодол санаагаараа дамжуулан юм хэвлэх, компьютер эсвэл гар утсаар олон үйлдэл хийх боломжтой болно гээд төсөөл дөө... Хангалттай догь биш гэж үү?!

 Туршлагатай хүний хувьд туршилтынхаа туулайгаар гахайг сонгож авч байдаг, их л туршлагагүй сонголт гэмээр... Яг үнэндээ гахайн анатомийн бүтэц хийгээд гавал хүнийхтэй хамгийн төстэй гэдгийг хэн хүнгүй мэднэ гэдэг нь юу л бол.

"Чипийг ухаалаг гар утсан дээрээ суулгасан аппликэйшнээс удирдах боломжтой бөгөөд цэнэг нь гар утасны нэгэн адил нэжгээд хоногийн хэрэглээний цэнэгтэй аж. Цэнэглэлт нь харин шөнийн цагт соронзон цэнэглэгчийн тусламжтайгаар хийгддэг байна. Үнийн хувьд төхөөрөмж нь өөрөө элбэг түгээмэл түүхий эдээр зохион бүтээсэн эд ангиудаас тогтсон  байх учир хэтэрхий үнэтэй байхгүй л байх болов уу. Ерөнхийдөө бол үнийн хувьд бид ядахнаа хэдэн мянган доллар гэсэн интервалд барих бодлого баримталж байгаа бөгөөд энэхүү төхөөрөмжийг (бүтээгдэхүүн) харааны лазер тохируулгын төхөөрөмжийн үнэтэй адилтган харьцуулж авч үзэх нь илүү зохимжтой байх".. гэж Маск хариулжээ.

Ер нь тэгээд амьдралаас хол ч гэмээр зохион бүтээсэн энэхүү төхөөрөмжийн тэгээд үнэ цэнэ нь юундаа юм бэ... гэж үү? Үнэ цэнэ нь эрт орой хамаагүй та түүнийг худалдаж авахыг хүсэхэд оршиж байгаа юм. Хэрэгтэй хэрэггүй хамаа байхгүй, эгдүүтэй царай гаргаад энэхүү тархины бяцхан тоглоомыг авахаар гарч одоход байгаа юм.

Гэхдээ гол асуулт, бид яг одоо энэхүү зүйлээс яагаад тийм ихээр айж эмээж байна вэ? Хэн нэгний хувьд тав тух болох давуу тал өөр нэгний хувьд эсрэгээрээ тав тухгүй байдал, айдас болж болно. Юм бүхэн л сайн муу, эерэг сөрөг хоёр талтай шүү дээ. Гэхдээ энд давуу тал, ач холбогдолд илүү төвлөрөх шаардлагатай гэдэг нь чухал ойлголт. Ээжийнхээ дууг анх удаа сонсож буй хүү, аль эсвэл тусгай шил зүүж анх удаа өнгө ялгаж харж буй охин... Хэрэв Нейролинкийн туршилт хүмүүс дээр амжилттай хэрэгжиж, дээр дурдсан бүхэн бүрэн гүйцэд, алдаа мадаггүй ажиллах аваас хэдэн мянган хүний амьдрал өөрчлөгдөж, хэдэн мянган хүний хувьд хөгшрөлт гэдэг ямар хөнгөн зүйл болж хувирахыг төсөөлөх ч аргагүй юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon