Өнгөрсөн гурван сарын турш Монголчууд төдийгүй дэлхий дахин үндэсний бичиг, түүгээр дамжуулан нийт үндэстнийг хооронд нь нэгтгэх учиртай хэл соёлоо хадгалж үлдэхийн төлөө тэмцэж буй Өвөрмонголын өөртөө засах орны асуудалд анхаарлаа хандуулж байна. Өвөрмонголд буй монгол сургуулиудыг ирэх жилүүдийн турш зөвхөн хятад хэлээр хичээллэх сургалтын систем руу аажмаар шилжүүлж, монгол хэл дээр орох хичээлүүдийг үе шатлалтайгаар багасгах БНХАУ-ын үндэсний бодлогыг тууштай эсэргүүцэж байгаа энэхүү багш нарын тэмцэл хүрээгээ тэлж хэдэн мянган эцэг эх, сурагчид эсэргүүцлийн жагсаалд нэгдээд байгаа билээ. Монгол улсын төрийн тэргүүн асан хүртэл энэ асуудалд өөрийн байр сууриа илэрхийлж, олон улсын хэвлэлүүдээр түүний мэдэгдлийн талаар шуугьцгааж байна. Үндэсний хэл бичиг гэдэг зөвхөн хүмүүс хоорондоо харилцах, мэдээлэл дамжуулах төдий бус тухайн үндэстний олон зуун жилийн турш уламжилж ирсэн түүх, соёлтой холбогдох хамгийн чухал холбоос байдаг тул эх хэлнийхээ дархлааг хадгалж үлдэхийн төлөө хийж буй тэдний тэмцэл дан ганц Өвөр монголчуудын эрх ашгийн төлөөх бус нийт монгол үндэстний тэмцэл. Тэр ч утгаараа Монголчууд нүүрномынхоо хүрээ зургийг #savethemonglianlanguage хаштагаар сольж, хэд хэдэн удаа эсэргүүцлийн жагсаалыг Монголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд зохион байгуулан, "save education in Inner Mongolia” буюу "Өврөө хамгаалъя" нэртэй цахим өргөдөлд хэдэн арван мянган хүн гарын үсгээ зурцгаасан билээ.
Хилийн гадна өрнөж байгаа боловч энэ сэдэв эх хэлний асуудлыг бид гүнзгий анхаарах ёстой дохио болж байгаа явдал юм. Гэтэл хилийн цаана биш дотор ч энэ асуудал хөндүүр сэдэв байгааг бид анзаарахгүй өнгөрч болохгүй. Монгол улсын хил доторх хэлний асуудал, ялангуяа олон үндэстэн зэрэгцэн аж төрдөг алс баруун хязгаар нутгийн сурагчид үндсэн хуулиар олгогдсон өөрсдийн эрхээ эдэлж, төрөлх хэл дээрээ суурь боловсролыг тэгш бөгөөд хүртээмжтэй хүртэж чадаж байгаа эсэх талаар энэ удаагийн цуврал сурвалжилгаараа хөндөхийг хичээв.
Баян-Өлгий аймгийн тухай хаа нэгтээ дурдах үед хотын бидэнд казак түмний эх нутаг хэмээх бодол хамгийн түрүүнд төрдөг ч түүхийн хуудсыг сөхвөл 20-р зууны эхэнд урианхай түмэн баруун ба зүүн гарын 7 хошуу, 27 суманд хуваагдаж одоогийн Баян-өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар дамнан аж төрч байж. 1922 оны сүүлчээр нэр бүхий казак аймгийн толгойлогчид өөрсдийн өрх айлын нэрийн өмнөөс Ховдын жанжин сайдын яамаар уламжлан Богд хаант засгийн газарт өргөдөл бичиж, казакуудыг шинэ монгол улсын харьяанд авч, бэлчээр нутаг нэмж олгохыг хүссэн бөгөөд Богд хаан казакуудын энэ хүсэлтийг сайшаан хүлээн авч, тэдний урьд нутаглаж байсан газрын хилийг өргөтгөн Ховд голын хойт тал, Таван богд уулаас эхлэн одоогийн Цагаан нуур, Бугат, Толбо сум хүртэлх нутгийг нэр заан олгосон байна. Улмаар 1940 оны 6-р сард хуралдсан Улсын 8-р их хурлаас “Казак ба Урианхай нарын үндэсний аймаг байгуулахыг Улсын бага хуралд даалгасугай” гэсэн тогтоол батлагдаж одоогийн Баян-Өлгий аймаг байгуулагджээ.
2020 оны байдлаар Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 91%-ийг (93980) казак үндэстэн эзэлж байгаа бол урианхайчуудын нийт хүн амын дунд эзлэх жин тэдний дараагаар буюу 5.6% (5802) байгаа юм.
Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээнээс харахад аймаг даяар 45 цэцэрлэгт нийт 7596 хүүхэд хүмүүжиж, ЕБС-ийн 43 сургуульд 23800 хүүхэд суралцаж байна. Хэлний хувьд аймгийн төв болон сум даяарх бүх цэцэрлэгүүд сургалтаа казах хэл дээр, ЕБС-ийн 30 нь казах хэлээр, 2 нь сургалтаа монгол, 1 нь монгол-англи-турк хэлээр, 9 нь монгол, казах зэрэгцсэн бүлэгтэйгээр, 1 сургууль тува, монгол холимог хэлээр зохион байгуулж байна. Өлгийн хотын 2-р арван жилийн сургууль үндэсний хөтөлбөрийн дагуу зөвхөн монгол хэлээр хичээллэдэг бол харин Цагаан нуур, Буянт, Алтанцөгц, Булган, Алтай гэх 5 сумдын сургууль монгол-казак зэрэгцсэн бүлэгтэйгээр хичээллэдгээрээ онцлогтой. Суралцагсдын тоо хэд байхаас үл хамаарч бүх ангийн нэг бүлэг нь дан монгол хэлээр хичээлийн хөтөлбөрөө заадаг бүрэн дунд сургууль Баян-Өлгий аймаг даяар монголчууд амьдардаг таван суманд байдаг бөгөөд сурвалжилгаа бэлтгэхээр ирсэн Алтанцөгц бол тэдгээр сумдын нэг.
Уулсын цаана уулс, давааны цаана даваа үргэлжилсэн Цаст Цамбарагавын бэл хормой болох энэ л нутагт Алтанцөгц сумын урианхайчууд Зүүн гарын хаант улсын үеэс эхлээд хэдэн зуун дамжин амьдарч ирсэн түүхтэй. Баян–Өлгий аймгийг 1940 онд Ховд аймгаас өрх тусгаарлан байгуулагдахад тус сум 2117 хүн амтай байсны 2103 нь урианхай, 11 дөрвөд, 3 баяд үндэстэн байсан бол энэ оны байдлаар сумын нийт оршин суугч 2800 гаруй иргэний 15 хувь нь урианхай үндэстэн байна. Суманд ирэхээсээ өмнө, Улаанбаатар хотод байхаас л Толбо, Ногооннуур гээд ганц ч монгол хүн байхгүй сумуудтай харьцуулахад Алтанцөгц харьцангуй монголчууд ихтэй сум гэж олон хүний амнаас сонссон хэдий ч угтаа сумын төвөөр явахад ч, сумын сургуульд зочлох үед ч тэр монгол хүн, монгол сурагчийг олж уулзах нь надад бодсоноос ч хүндхэн даваа байж таарав.
200 хүрэхтэй үгүйтэй өрх сумын төвдөө аж төрдөг, аймагтаа хүн амынхаа тоогоор сүүлээсээ 2-т ордог энэ сууринг амьсгалтай, амьтай, хөл хөдөлгөөнтэй гэдгийг мэдрүүлэх ганц газар бол сумын арван жилийн дунд сургууль. Нутгийн малчид халуун намрын тарга тэвээргээ авч байгаа мал сүргээ арчлах, тордохоос эхсүүлээд хадлан тариагаа хураах, өвөлжилтийн бэлтгэлээ базаах гээд толгой өндийх завгүй ажилтай байгаа тул сургуулийн сурагчид намайг суманд очсон үе буюу 9 сарын дундаас л ээж аавынхаа ажилд тусалж дуусаад хичээл номондоо жигдэрч байсан юм. Гурван давхар цагаан барилга нь ашиглалтаас гараад аль хэдийнээ хоёр аравныг элээж байгаа сургуулийн үүх түүх аль тэртээ Баян-Өлгий аймаг байгуулагдахаас ч өмнө бичигдсэн гэх. Ардын хувьсгалын анхны жилүүдэд Алтайн Урианхайн аймгийн төв Цагаан түнгийн “Хөх модон”-д Алтанцөгцийн анхны сургууль байгуулагдаж. Энэхүү сургуулийн анхны багшаар Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст багшилж байсан түүхтэй гэнэ.
Цаг төр ороо бусгаа байх үед Алтанцөгц сумын малчин Малигашийн Төрбат нь хувийн мал, хөрөнгөндөө тулгуурлан өөрийн зардал хөрөнгөөрөө хувийн сургууль сумандаа байгуулж, 1936-1939 оны хичээлийн 4 жилд 20-50 урианхай хүүхдийг жил болгоны зуны 4 сарын хугацаанд хичээллүүлж байжээ. Зураг дээр тэрхүү сургуулийн анхны сурагчид, Б. Бааст багштайгаа цугтаа
Алтан-Цөгц суманд байгуулагдсан анхны сургууль нь одоогийн Өлгий хотын Б. Баастын нэрэмжит 2-р бүрэн дунд сургууль юм
Алтан Цөгц сумын бүрэн дунд сургууль
Ардын цолтон хоёр, хөдөлмөрийн баатар тавыг төрүүлсэн 90 жилийн түүхтэй сумын сургуульд энэ хичээлийн жилд 450 гаруй хүүхэд суралцаж байгаагаас ердөө 40 нь монгол сурагчид. Хос хэлний бодлоготой таван сумын нэг учраас анги бүрийн “а” бүлэг Монгол улс даяар хэрэгжиж буй сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ орох ёстой. Гэвч энэ жил 11-р ангид суралцах монгол сурагч ч байхгүй, монгол хөтөлбөрийн дагуу хичээллэх сонирхолтой Казак хүүхэд ч олдоогүйн улмаас 11-а бүлэг хаагджээ. Хамгийн олон монгол хүүхэдтэй 8-а ангийг эс тооцвол (20 хүүхдийн 9 нь монгол) “а” бүлэгт суралцаж байгаа монгол хүүхэд таваас доошоо, ахлах ангиудад бол ганц, хоёрхон л байх жишээтэй.
3-a ангийн хувьд 12 хүүхэд суралцдаг монгол анги бөгөөд ангийн багш нь казак, сурагч хүүхдүүд нь бүгд казак. Монгол хэлний хичээлийн үеэр эх дээр гарсан шоолох, шогшрох, харуусах гээд хүүхдүүдийн мэдэхгүй үг бүхнийг багш нэг бүрчлэн казакаар давхар орчуулан хүүхдүүддээ ойлгуулах бөгөөд үг бүхнийг давхар орчуулах нь түүнээс асар их хичээл зүтгэл, хөдөлмөр шаардаж байгааг 40 минутын хичээлийг хажуугаас нь ажигласан хэн ч ойлгохоор.
29 дэх жилдээ сумандаа багшилж байгаа ангийн багш нь хэлэхдээ “Анх ажлын гараагаа эхэлж байхад монгол ангид дийлэнх нь буюу 10-аас илүү монгол хүүхэд ,ганц хоёр л казак хүүхэд суралцдаг байсан бол жил ирэх тусам монгол хүүхдүүд цөөрсөөр энэ жил бүр ганц ч монгол хүүхэдгүй хичээллэж байна. Казак хүүхдүүдийн хувьд монгол хэлийг эхнээс нь сурна гэдэг яг л монгол хүүхэд англи, хятад хэлийг эхнээс нь сурахтай ижил. Тийм ч болохоор тэдэнд орчин их чухал. Харамсалтай нь энэ ангид ганц ч монгол хүүхэд байхгүй, хүүхдүүд хичээлийн хэдхэн цаг анги дотор монгол хэлээр яриад л үлдсэн цагтаа ахуйн хүрээнд гэр бүлийнхэнтэйгээ дан казакаар ярьчхаж байгаа юм. Ийм нөхцөлд монгол хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрийг казак хүүхдүүдэд заах нь тун ч бэрх даваа. Уг нь энэ анги өнгөрсөн жил карантин тогтоохоос өмнө хүрдээ үзээд, 1000 дотроо нэмж, хасаад сурчихсан байсан ч хөдөөний казак айлууд монгол сувгууд үздэггүй учраас хүүхдүүд маань бараг л теле хичээл огт үзэлгүй, хичээлүүдээ давталгүйгээр 3-р ангидаа ороод ирсэн. Одоо ингээд л өмнө жил үзсэн хичээлүүдээ эхнээс нь зааж байна”
Сэтгэгдэл бичих