– Торгууль тогтоосноор зөрчил буурах уу?
Ийм нэгэн асуултанд хариулахаар Израилийн 10 цэцэрлэг дээр туршилт хийж үзжээ.
Хүүхэдтэй хүмүүс мэднэ дээ, цагаасаа хоцордог эцэг эхчүүдийг цэцэрлэг үзэн яддаг.
Израильд ч ялгаагүй, 7 хоногт дундажаар 6 – 10 эх эцэг найдвартай хоцорч, цэцэрлэгийг хүндрүүлнэ.
– Яаж муу сайн юмнуудын хариуцлагыг өндөрсгөх вэ?
– Торгууль тогтооё. Яг зөв!!!
Ингээд 10 минут тутамд 10 шекелийн (3400 төгрөг) торгууль тогтоов.
Үр дүн ч тэр дороо гарлаа. Сарын дараа гэхэд цагтаа хоцордог эх эцгийн тоо даруй 3 дахин өсч, түүнээс цааш ч нэмэгдсээр л байлаа.
– Торгууль зөрчлийг бууруулдаггүй юм байна...
– Үгүй ээ, харин ч торгууль тогтоосны ачаар эцэг эхчүүд санаа амар хоцордог боллоо...
– Нэг хоцорвол 10 шекель? Тэрий нь төлчихвөл ямар ч асуудалгүй гэсэн үг үү?
гэсээр, эцэг эхчүүд асуудлыг "мөнгөөр шийдэх" хандлагатай болж, торгуульгүй үед халагладаг байсан "эвгүй байдал" хийгээд "гэмт сэтгэл"–ээсээ эгнэгт чөлөөлөгдөж орхив.
Торгууль нь хүмүүсийн үйлдлийг хорих нь байтугай, харин ч тэднийг сэтгэл амар эрх чөлөөтэй болгож, муу зуршилд амтшуулдаг ч юм шиг.
– Дүрмээс илүү ёс зүй
гэх үг бий. Торгуульгүй үед хүмүүс огтхон ч хоцоръё гэж хоцордоггүй байв. Түүний цаана бичигдээгүй нийгмийн ёс зүй буюу маннер оршиж байсан учраас тэр.
Гэвч торгууль гэдэг "дүрэм" зохиосны ачаар, дүрмийн дотор л бол дураараа тонгочиж болдог болжээ.
Гашуунаар ухамсарласан цэцэрлэгийнхэн 3 сарын дараа торгууль гэдэг дүрмээ санал нэгтэйгээр авч хаяв. Тэгээд амар сайхандаа жаргах гэсэн боловч нэгэнт оройтжээ. Хоцролт хорогдох төлөв огт алга. Нэгэнт гээгдсэн эцэг эхчүүдийн ёс зүй дахиж сэргэхгүйгээр устсан байлаа.
Ёс зүйгээс дүрэм гаргаж болох авч, дүрмээс ёс зүй үүсгэж болдоггүй бололтой юм. Өөрөөр хэлбэл "ёс зүй → дүрэм" нь ганц урсгалтай зам шиг эд ажээ.
Энэхүү туршилтын илэрхийлж буй зүйл нь урьдын эдийн засгийн онол утгаа алдсаар буйн хөдлөшгүй баримт ч байж мэдэх юм.
Стандарт эдийн засгийн онолоор бол, гаднаас нөлөөлсөн хүчин зүйл (торгууль, урамшуулал г.м.) л хүмүүсийн үйлдлийг удирдан залдаг. Нөгөө талаар, хүмүүсийн дотоод сэтгэлээс илрэх хөдөлгөгч хүчийг хөнгөхөн хэрэгсэж (үл тоож) болно.
– Хүмүүс цалингийн төлөө л ажилладаг, тэрнээс бусад шалтгааныг хэрэгсэхгүй байж болно
гэсэн үг.
Гэтэл сүүлийн үеийн дижитал технологийн хувьсгалууд дээрх хөдөлгөгч хүчний ойлголтыг сууриар нь хөмрүүлж байгааг та бид харж байна.
Интернет ертөнцөд тоймгүй олон хүн харин ч "шагнал урамшуулалгүйгээр" дуртай нь аргагүй бужигналдаж байна бус уу? (түүний нэг нь та бид 2). Linux (open source), Wikipedia, Blog, Twitter, Facebook...
Нью–Йоркийн их сургуулийн профессор Clay Shirky–ийнхээр бол, интернет ертөнц дэхь сайн дурын идэвхжилт нь мэдлэгийн илүүдэл (congnitive surplus) дээр тогтож байдаг гэнэ. Бүх дэлхийгээр "нэг жилийн дотор нэг их наяд цагийн мэдлэг илүүдэж" байдаг юм байх. Өдрөөр тооцвол 2.7 тэрбум цаг, тоймлоод хэлбэл өдрийн 24 цагийн 1 тэрбум нь илүүдэж байдаг байх нь.
Дуслыг хураавал далай болно оо гэдэг чухам энэ. Тиймээ. Таны эвшээдэг цаг, миний дагзаа маажих цаг, түүний автобус хүлээх цагуудыг бүгдийг нь цуглуулбаас, уулыг нурааж усыг эргүүлэх сүрт аадар мэт буюу.
Үүний тод жишээг Кени улсаас харж болно.
2007 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал газар авч, үндэстэн хоорондын зэвсэгт мөргөлдөөндөө тулсан үед, "арга буюу" Засгийн газраас хэвлэл мэдээллийн хязгарлалт хийсэн байна. Харин өмгөөлөгч Ory Okolloh амаа үдүүлээд зүгээр суусангүй, Кенид болж байгаа бодит явдлыг блог дээрээ бичиж гарчээ. Түүнийг блогоороо дамжуулан мэдээллээ хуваалцахыг уриалтал тэр дороо захианд дарагдаж орхив. Яаж ч мэрийгээд ганц хүн эмхэтгэж барахгүйд хүрчээ.
Энэ үеэр хоёр програмист өмгөөлөгч хатагтайд туслахаа илэрхийлж, нүд ирмэхийн зуур програм бичиж өгснөөр, асар их мэдээллийг автоматаар газрын зураг дээр эмхэтгэн дүрслэх боломжтой болжээ.
Ийнхүү засгийн газраар лацдуулсан ард түмний ам сад тавин задарч, иргэний дайны бодит байдлыг дэлхийн хэн ч ажиглах боломжтой болсон гэдэг.
Оруулсан мэдээллийг газрын зураг дээр дүрсэлж share хийх технологийг "Галын буулгалт" (crisis mapping) гэх бөгөөд, Кенийн үймээнд анхлан ашиглагджээ.
Энэхүү гайхамшигтай програм нь түүнээс хойш 3-хан жилийн дотор бүх дэлхийгээр тархав. Учир нь зохиогчид болох Ushahidi нар нь үүнийг open source буюу хэн бүхэнд үнэгүй хэрэглэж болохоор бүтээсэн юм.
Clay Shirky профессорын хэлж буйгаар "Хүмүүст төрөлхөөс бүтээлч тэмүүлэл болон түүнийгээ бусадтай хуваалцах эрмэлзэл" байдаг гэнэ.
Цаг нь ирэхээр эдгээр хөдөлгөгч хүч материаллаг үнэ цэнийг ч давж, дижитал давалгаанд ачигдан дэлхийгээр нэг хуйлран дэгдэх аж. Басхүү тэр цагаар урьдын эдийн засаг ул болж, хэний ч үл тоох навчис шиг гундан хөглөрнө. Гаднаас нөлөөлөх шийтгэл болон шагнал төдийхнөөр дэлхий хувирдаггүй юм аа гэнэ.
Виртуал ертөнцийг таашаадаггүй хүмүүсийнхээр бол
– Тэнд чинь дэмий хогоор дүүрэн
гэх. Яриа байхгүй үнэн. Гэвч Clay Shirky профессороор хэлүүлбээс
– Дэмий бүтээл ч бас бүтээл мөн.
Юу юунаас чухал нь тэрхүү "бүтээх" гэдэг үйл хэрэг юм. Ердийн нэг муурны бичлэг байсан ч болно.
(Ердөө л энэ бичлэгийг 160 сая удаа үзсэн байна гээд боддоо?!)
Номыг л бодоод үз. Анхны шинжлэх ухааны бүтээлээс 150 жилийн өмнө эротик өгүүллэг хэвлэгдэж байлаа шүү дээ.
– Тушаалаар хийдэг юм биш, цалингийн төлөө ч хийдэг юм биш
Тийм хүмүүсийн дотоод энерги интернэтийг цас шиг дарж байна. Эдийн засгийн онол үүнийг хэрхэн тааж хэлсэн билээ?
...Ер нь дэмий хог ч бай, сэтгэн бодогчийн тархиар дамжвал ямар ч том нээлт болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Ньютоны нүдэнд ердөө л нэг алим унаж харагдсан шиг, Архимедийн нүдэнд ердөө л ус тэвшнээсээ цалгисан шиг, таны толботой бандааш өөр хэний ч тархинд оч болж харваа билээ...
Ямар ч жижигхэн зүйл бай хамаагүй, ямар ч богинохон зав бай хамаагүй, зүгээр л түүнийгээ хуваалц. Дижитал технологи таны хэлтэрхийгээр ямар цац суврага бүтээхээ мэднэ.
Тийм ээ, зүгээр л шинэ үеийн Архимед, Ньютонд итгэцгээ!!!.
Сэтгэгдэл бичих