Насаараа даатгалын шимтгэл төлөөд үр шимийг нь хүртэхгүй байна, авч байгаа үйлчилгээ ч хэрэг алга, даатгалыг өөрчилье! 20-30 жил шимтгэл төлөөд тэтгэврээ авч чадалгүй нас барж байна, төлсөн мөнгийг нь хань ижил, үр хүүхдэд нь өвлүүлдэг больё! Хувь хүн талаас харвал зөв мэт боловч нийгэм талаас харвал мэргэжлийн түвшинд ярьж шийдэх шаардлагатай чухал, эмзэг асуудлууд байдаг. Бүхэлдээ эдгээр нь нийгмийн даатгал, нийгмийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын тогтолцооны тухай ойлголт, хэрэгцээ, шаардлага, хэрэгжүүлэх арга, хэлбэр, механизмийн асуудал юм. Нийтээр нэг нийгэмд амьдарч байгаа нөхцөлд хувь хүний хүсэл, бодлоор биш нийгмийн, нийтийн ашиг, сонирхолын үүндээс хуулиар зохицуулагдах нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын тогтолцоо үүсч хөгжиж ирсэн түүхтэй. Хууль гарсан бол хүссэн, хүсээгүй биелүүлэх үүрэгтэй. Иймд гарах хууль, хэрэгжүүлэх механизм, хэрэгжүүлж байгаа албаны хүмүүст том хариуцлага ногддог. Ямар нэг байдлаар алдаа гаргах, хүнээ хохироох, элдэв төрлийн дарамт, шахалт, хувийн ашиг, сонирхолд хөтлөгдөх эрх хэнд ч байж таарахгүй ийм чухал ажил. Хаана ч ийм л зарчим үйлчилдэг. Уг нь ийм юмыг би энд хөндөх биш салбарын яамд, газар, мэргэжлийн хүмүүс ярьж, тайлбарлаж иргэддээ зөв ойлголт өгч, дэмжлэг авч байх учиртай. Яагаад гэвэл нийгмийн шинж чанартай асуудал бол хувь хүний санаачилга, мэргэн санаа гэхээс илүү хөгжлийн чиг хандлага, түүнээ дагасан мэргэжлийн яам, хамт олны ажил, бүтээл, мэдээлэл, тооцоо, хяналт, үнэлгээ, шинжилгээ, нотолгоонд суурилж байж үр дүнгээ өгнө. Хэдэн жилийн өмнө нэг бүсгүй эрүүл мэндийн даатгалыг маш сайхан тайлбарласан лекц сошиал дээр хараад үнэхээр ажлаа мэддэг хүн гэж ийм байдаг юм даа гээд коммент бичиж үлдээж байв. Ийм хүмүүс яривал их зүгээр. Гэхдээ тэднийг ярих нүүргүй болгож байгаа юм бас гарч байна. Жишээ нь ЭМД-ын санг энд тэнд байршуулж хадгаламжийн хүүгээс хувь хүртдэг, хуурамч нэхэмжлэгээр даатгалаас мөнгө авдаг, зориулалт бусаар зардаг эсвэл хадгалуулсан хэдэн зуун тэр бум төгрөгийг нь нохойн замаар оруулчихаад оронд нь хэнд ч хэрэггүй үхмэл хөрөнгө санал болгодог ийм орчинд энэ систем буруу байна, бүгдийг өөрчил гэсэн үзэл бодол давамгайлж, үүнээс болж тогтолцооны үндсэн зарчмаас ухрах, хазайх эрсдэл үүсэх боломж гарч болзошгүй байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэж гүн утгатай үг бий. Өнөөгийн нөхцөл, байдалд буулгавал тухайн асуудлаар ойлголт сул, мэдээлэл, тооцоо, судалгаа, нотолгоогүй пиар дор хийх реформоос татгалзахыг хэлсэн хэрэг.
Нийгмийн хамгаалал, даатгалын асуудал бол бие даасан салбар шинжлэх ухааны түвшинд яригдах том сэдэв юм. Тодруулах үүднээс зарчмын хоёр ойлголтыг хөндөе.
1. Даатгал өөрөө эрсдэл дээр тогтдог. Эрсдэлгүй бол даатгал ярих боломжгүй. Даатгал нь хувийн болон улсын гэж хуваагддаг ба хувийн даатгал гол төлөв ашгийн төлөө тул арилжааны даатгал гэсэн нэр томьёонд орж явдаг. Орон гэр, эд хөрөнгийн даатгалууд бүгд арилжааны даатгал. Нийгмийн даатгал бол харин арилжааны даатгал биш юм. Хүн төрөхөөс аваад нас барах хүртэл амьдралын бүх хугацаанд үүсч болох, хувь хүний амьдрал болоод нийгэмд сөрөг үр дагавар үүсгэх бүх эрсдлийг дотор нь 9 ангилж энэ бүгдээс сэргийлэх зорилготой даатгалыг бүхэлд нь нийгмийн даатгалын тогтолцоонд хамруулж ойлгодог. Үүнд бидний мэдэх гэнэтийн ослын даатгал, тэтгэврийн даатгал, эрүүл мэндийн даатгал, тэжээгчээ алдсаны, амьдралын даатгал гэх мэт төрлүүд орох ба бүгд тус тусын сантай. Өөрөөр хэлбэл эдгээрийг хольж хутгаж болохгүй, бүгд өөрийн гэсэн шимтгэл, хураамжтай, тус тусын нөхцөл, дүрэм, сантай тул мөнгө нь нэгээс нөгөөд шилжих боломжгүй. Нийгмийн даатгалын бас нэг гол онцлог бол үйл ажиллагаа нь даатгагч байгууллага болон даатгуулагч хувь хүний хүсэл, үзэл, бодлоор биш зөвхөн хуулиар зохицуулагддаг. Хэрэв хувийн даатгал нийгмийн даатгалд орж ирвэл өөрсдөө дур мэдэн үйл ажиллагаа явуулахгүй, зөвхөн хуулиар зохицуулсан үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Үүнийг Герман, Нидерланд улсын жишээнээс харж болно. Харин нийгмийн харилцаагаа бүхэлд нь хувь хүн, зах зээлд орхих үзэл давамгайлдаг АНУ-д бол эрүүл мэнд, амь насны даатгалууд ихэнх нь арилжааны даатгалаар явдаг. Тэд хүмүүст янз бүрийн бүтээгдэхүүн гарган сурталчилж түүнийгээ борлуулдаг. Өндөр хураамж төлвөл олон төрлийн үйлчилгээг хүрэлцээтэй авах боломжтой, бага хураамж төлвөл түүндээ таарсан хумигдмал үйлчилгээ авна. Өөрөөр хэлвэл мөнгөөр бүгдийг шийднэ. Төлж чадахгүй, эсвэл даатгалд хамрагдаж шимтгэл төлөхийг хүсэхгүй бол энэ нь төр болоод даатгалын асуудал биш, хувь хүний боломж, сонголтын л асуудал. Архаг өвчтэй, өвчлөх эрсдэлтэй хүнийг тэд сонирхохгүй, хэрэв авахаар бол алдагдалд орохгүй байх баталгаатай өндөр хураамж санал болгоно. Тэдэнд бол залуу, эрүүл, өндөр орлоготой хүн хэрэгтэй. Тэр хэрээр ашигтай ажиллана. Үүнийг сream skimming буюу өрмийг нь хамах гэдэг. Ийм учраас даатгал худалдаж авч дийлэхгүй, эсвэл өндөр эрсдэлтэй 30-40 сая америк хүн даатгалгүй, нийгмийн хамгааллын гадна явдаг. Гэхдээ тодорхой нөхцөлтэй Medicare, Medicaid хоёрт хүн амын багахан хувь хамраггдаг. Дэлгэрүүлээд цааш үзэж болно. Тэгэхээр нийгмийн эсвэл арилжааны гэсэн даатгалын 2 үндсэн төрөл байдаг гэсэн үг. Дэлхийн ихэнх оронд нийгмийн даатгалын систем бий. Үүгээрээ бүгд НҮБ-ын төрөлжсөн Олон улсын хөдөлмөрийн байгуудлага (ILO)-той холбогдож хамтарч ажилдаг.
2.Даатгалын шимтгэлээр сан үүсгэж үйлчилгээ үзүүлэхэд мөн 2 зарчим үйлчилнэ. Эхнийх нь төлсөн шимтгэл нь мөнгөө банкинд хийснээс илүү ашигтай байх нэрийн дансны тогтолцоо. Төлсөн мөнгө нь өсөөд зөвхөн хураамж төлсөн хүндээ сар бүр өндөр насны тэтгэвэр хэлбэрээр буцаж ирдэг энэ тогтолцоог fully funded систем гэдэг. Тэтгэвэрт гарахдаа өмнө төлөөд өссөн мөнгөө нэг дор бөөнөөр бас авч болдог. Үүнийг National Provident Fund гэнэ. Ийм зарчмаар ажиллахад хөрөнгийн зах зээлийн хөгжсөн байдал, түүн дээр ажиллах мэдлэг, чадвар маш чухал. Actuary (нягтлан бодох биш) гэж сурахад, мэргэжихэд нэлээд түвэгтэй мэргэжил бий. Ийм системд даатгалын сангийн орлого, зарлага, хэмнэлт болоод ашигтай, алдагдалтай байх бүх хүчин зүйлсийг урьдчилж олон жилийн прогноз гарган тооцож сангийн мөнгийг зах зээл, эдийн засгийн эргэлтэнд оруулан өсгөж арвижуулна гэсэн үг. Тэгж байж нэрийн дансны утга учир гарна. Хоёр дахь зарчмыг Pay as you go гэнэ. Энэ юу гэхээр товчдоо чиний төлсөн хураамж өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа хүнд очно. Чиний тэтгэвэр ирээдүйд хураамж төлөх залуусын шимтгэл гэж ойлгож болно. Эрүүл мэндийн даатгалд бол чиний төлсөн хураамж өнөөдөр өвдсөн хүний эмчилгээнд зарагдаж байна гэсэн үг. Хэрэв өөрөө өвдвөл эмчилгээний зардлыг чинь өөр хэн нэгний төлсөн хураамжаар шийдэж байгаа хэрэг. Ийм болохоор чиний төлсөн хураамж өвдөхийг чинь хүлээгээд тэр санд байж байдаггүй. Үүнийг эрсдэлээ эв санааны нэгдлээр нэг нэгнээ дэмжих cross-subsidization замаар хуваалцах гэж ойлгоно.
Эцэст нь дахин тодотгоход даатгал бол эрсдэл.
Хүн өвдөх, осолд орох, эрт нас барах гээд бүгд урьдчилж тооцох боломжгүй эрсдэл тул үүнээс хамгаалахын тулд даатгал үүсч хөгжсөн байдаг. Тэтгэврийн сан гэхэд ямар хураамж, хэдэн хүнээс авах, хэдийг буцааж төлөх, хэдэн хувь тэтгэвэр авч чадахгүй нас барах (хохирох), хэдэн хувь урт наслах (завших) бүгд эрсдэл, тооцоо. Зарим хүмүүс тэтгэврийн даатгалыг амь насны даатгалтай андуурч ойлгох нь бий. Товчдоо ямар төрөл, нөхцөлөөр даатгал хийгдэж байна, үүнийгээ л дагадаг. Жишээ нь хүн онгоцоор нисэхдээ амь насны даатгал төлөөд нисч ирчихээд онгоц сүйрсэнгүй мөнгөө буцааж авья гэдэггүй. Эрүүл мэндийн даатгал pay as you go зарчмаар явдаг тул би өвчилсөнгүй мөнгөө авья, эсвэл даатгалын үйлчилгээг би авахгүй эрүүл яваад байна үйлчилгээ авна гээд хүн өөрөө өвчин тусч эмнэлэгт хэвтэггүй. Эсвэл миний мөнгийг надад зарцуул, миний салхинд гарч амрах, сайн хоол идэх, gym-д явах мөнгийг төл гэвэл энэ маань эрүүл мэндийн даатгалын зарчмаас хазайна. Харин хүнээ эрүүл байлгах үндсэн үүрэг арга хэмжээ нь даатгал төдийгүй төрөөс явуулах нийтийн эрүүл мэндийн тусдаа бодлогоор дамжиж үр шим нь хүндээ тусч байдаг цогц тогтолцоо юм. Иймээс нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх, шинэчлэхэд үндсэн үүрэг, агуулгаас нь хазайлгахгүй байхыг дэлхийн улс орнууд эрхэмлэдэг.
Хэрэв энэ байдлаа алдвал хүн амаа дотор нь баян, ядуугаар нь хувааж нэг хэсэг нь арилжааны даатгал, нөгөө хэсэг улсын даатгал нэрээр хүнд ачааг төр үүрэх болдог. Үүнээс сэргийлж зах зээл өндөр хөгжсөн орнууд даатгалын үндсэн үйлчилгээнд бүх иргэдээ хуулиар хамруулж харин түүнээс давсан нэмэлт үйлчилгээ авах, эсвэл орлогын тодорхой хязгаараас дээш орлого бүхий иргэд, айл өрхөд арилжааны даатгал үйлчлэх боломжоор хангаж өгсөн байдаг.
НИЙТЛЭЛИЙГ БИЧСЭН: Д.БАЯРСАЙХАН
Сэтгэгдэл бичих