Нийтлэл 11 сарын 22, 2020

Оюуны халамж VS Эдийн халамж

Joseph Wresinski Research Center, ATD Fourth World-ийн судалгаа хариуцсан захирал Xavier Godinot Оксфордын их сургуультай хамтран ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн дунд хийсэн нэгэн чухал бөгөөд сонирхолтой судалгааны үр дүнг хуваалцжээ. Тэд ядуу хүмүүс нийгэм болон байгууллагуудад хэрхэн гадуурхагдаж, ад шоо үзэгдэн, зүй бус харилцаанд ордог тухай судалжээ.

Ядуурал гэдэг зүйл дараах гурван зүйлээр хэмжигдэж болохыг дүгнэжээ.

1.Боломж олгохгүй байх

2.Бие, оюун, сэтгэлийн шаналал

3.Амьдралын төлөөх тэмцэл

Эндээс эхний хэсгийг нь орчуулаад өөрийнхөө бодолтой холиод бичвэл:

Боломжийн ажил эрхэлж чадахгүйгээс хүн хангалттай орлого олдоггүй. Улмаар энэ гинжин нөлөө уг хүнийг материаллаг болон нийгмийн хомсдол руу түлхэж, эцэстдээ нийгэм ялгаварлан гадуурхаж, эсвэл тэднийг юу ч хэлж, юу ч хийж байсан үл тоож эхэлдэг байна. Энэ дундаас нийгмийн гадуурхал хамгийн хорон бөгөөд ядуу хүмүүсийг эргэн тойрныхон нь ад үзэх төдийгүй тэдний нэр төр, хүний эрхэм чанарыг нь үгүйсгэж эхэлдэг ажээ. Ядуу л бол ядуу гэдэг хувь заяаг хүчээр тулгаж, хувь хүний айдентититэй нь холбоно гэдэг нь минийхээр лав гэмт хэрэг.

Байгууллагуудын ялгаваран гадуурхалт гэдэг нь дотоодын болон олон улсын байгууллагууд ядууралтай тэмцэхдээ зорилтот бүлгийн бодит хэрэгцээг олж харж чаддаггүй, тэдний эс үйлдэхүй, зөв хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байдлыг хэлнэ. Энэ бол гутаан доромжлох хэлбэр юм. Хатуухан хэлэхэд ядуу хүмүүсийн хэрэгцээг хангахаас илүүтэйгэээр өөрсдийнхөө хэрэгцээг түрүүлж хангадаг гэсэн үг. Ядуу хүмүүс голцуу өөрсдөөсөө болж ийм байдалд орсон гэж буруутгагддаг учраас тэдний мэдлэг, авъяас шууд үнэгүйддэг. Ядууралтай тэмцэж буй зарим нэг олон улсын байгууллагуудын хийж буй ажил, ажилчдынх нь хандлагаас энэ бүхэн заримдаа анзаарагддаг. Нөлөөллийн ажил, голлох төсвөө зорилтот бүлэг биш дарга нарт зориулаад сүү горьдсон муур шиг тойроод гүйгээд байдаг юм билээ.

Улмаар нийгэм болон хүрээлэн буй орчны асуудал ба шийдлийг нэгтгэн тэмцэх ёстойг мань эр зөвлөжээ. Учир нь ядууралд нэрвэгдсэн хүмүүс агаар, байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн бага “хувь нэмэр” оруулдаг хэдий ч хамгийн хүндээр нэрвэгддэг бүлэг аж. Мөн ядуу хүмүүсийг иргэний бүртгэлд 100% хамруулах ёстойг зөвлөжээ. Бүртгэлд ороогүйн улмаас маш олон төрийн үйлчилгээ ба халамжаас гадуур үлддэг байна.

Үүнийг нь новшийн улстөрчид овжин ашиглан, мөнгийг нь өөрсөддөө зарцуулдаг. Нийгмийн эмзэг бүлгийг бүртгэлд бүрэн хамруулахгүй байх, хүн амын тодорхой хэсгийг ядуу амьдруулах нь угаасаа зарим нэг улстөрчдийн зорилго гэж хааяа харагддаг. Ингэж байж тэд нийгмийн залуурдах эрхээ баталгаажуулж, улсын нөөцийг хүссэнээрээ удирдана. Хүнд нөхцөл үүсэх нь тэдэнд ил гарч оноо авах боломж болно. Хулгайлсан мөнгөө буцаагаад хандив нэрээр өгсөн болж, хэвлэл дуудан зургаа авахуулж, ярилцлага өгөх нь ой гутам.

Дээр дурдсан ялгаваран гадуурхалт манай нийгэмд үүсээд удаж буйг та бид хэдийнэ мэднэ. Өмсдөг хувцас, хүүхдийн сургууль, амьдардаг дүүрэг, унадаг машин, барьдаг дугаар, хий хоосон албан тушаалын сэтэр гэх мэт. Үүнээс болоод өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд том өөрчлөлт гарч байгаа жишээг бид бараг өдөр болгон сонсдог болоод удаж байгаа.

Ядуу, амьдралын боломжгүй гэгдэх хүмүүст БОЛОМЖИЙГ нь олгох ёстой болохоос ядуу амьдралын ангал руу улам бүр түлхдэг бэлэн хоол, үнэгүй эд материалаар тэр бүр хангах ёсгүй ажээ. Зорилтот бүлэгт тараадаг гэх хүнсний талон, Ганжавхлан, Болушка хоёрын контраст, давхардсан тоогоор хүн амын 70% нь нийгмийн халамж авдаг "тахир дутуу" үндэстэн болчихсон тоонууд харвал манай нийгмийн суурь дизайн болон хандлага ямар байгаа нь харагдана.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүртэл биднийг бүү ялгаварлан гадуурх, биднийг битгий өрөвд, харин бидэнд нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг л олго гээд хэлээд тэмцээд эхэлсэн байгаа. Уг нь тэдний хажууд эрхтэн бүтэн ядуу хүн гэдэг бол шал өөр ертөнц байх ёстой л доо...

 

Сэтгэгдэл бичих

arrow icon