Нийтлэл 12 сарын 03, 2020

Хөл хорио ба эх орондоо буцаж ирэх эрх

Хөл хорио ба зорчих эрхийг хязгаарлах асуудлаар нээлттэй нийгэм форумаас гаргасан судалгааг хүргэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Ковид-19” вируст халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг албан ёсоор зарласан. Монгол Улсын хувьд Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 102 дугаар тогтоолын дагуу хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар түр зогсоосон бөгөөд уг хугацааг өнөө хүртэл сунгасаар байна. Энэ шийдвэртэй холбогдуулан эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэж, одоогийн байдлаар 103 удаагийн 1 "Шведэд Монгол руу буцах хүсэлтэй 50 хүн маш хүнд нөхцөлд байна" “Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг цуцлагдсанаас иргэд амьдрах газаргүй“ болоод байна.  102-103.нислэгээр нийт 27,183 иргэнийг авч ирээд байна. Гэтэл коронавируст халдвар дотоодод энэ оны 11 дүгээр сарын 10-нд бүртгэгдсэний улмаас гамшгийн зэргийг нэмж “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлсэн бөгөөд улмаар нийслэл болон халдвар бүртгэгдсэн орон нутагт энэ хугацааг 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгалаа. Үүний улмаас тусгай үүргийн онгоцны нислэгийг мөн зогсоосон тул хуваарьт нислэгт бүртгүүлж, төлбөрөө төлсөн иргэд, тэр дундаа санхүүгийн боломжгүй иргэдийн хувьд “эх орондоо буцаж ирэх эрх” нь зөрчигдөж, орон байр, хоол хүнсний хувьд ч тун хүнд байдалд ороод байна.

Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжид “Эх орондоо буцаж ирэх эрх”-ийн талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18 дахь хэсэгт “... гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заажээ. Монгол Улсын иргэн гадаадад байхдаа төрийн ивээлд байж, зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулах эрхтэй. Мөн эх орондоо буцаж ирэх эрхээ эдлэхэд ямар нэг хэлбэрийн саад хязгаарлалт тогтоож болохгүй гэсэн агуулгатай. 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасаж болохгүй” гэж заасан. Энэ эрхийг хязгаарлах бол гэрээгээр хүлээсэн зарим үүргээсээ түр хугацаагаар ухрах (derogation) нөхцөлөөр гагцхүү тус пактын 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу “улс үндэстний амьдралд аюул занал тулгарч, энэ тухай албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон” үед хурцадмал шинжид дүйх хэмжээгээр хязгаарлаж болно хэмээн тайлбарладаг. Энэхүү хязгаарлалт нь гагцхүү хуулийн дагуу явагдах бөгөөд хүний арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг буюу нийгмийн гарлаар алагчлах явдалд хүрэх ёсгүй.

Учир нь эх орондоо буцаж ирэх эрхийн мөн чанар нь “natural desire for a base or homeland” буюу тухайн хүний өөрийн гэсэн эх нутаг, эх орноо гэсэн байгалиас заяагдсан хүсэл сонирхол, урам зоригийг илэрхийлдэг тул улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух зэрэг үндсэн эрхүүдтэй харьцуулахад илүү туйлын буюу жам ёсны шинжтэй гэж үздэг. Иймд коронавируст цар тахлын нөхцөл байдлын үед буюу “онц болон дайны байдал” зарласнаас бусад тохиолдолд эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг5 болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан үндэслэл, тайлбарт нийцнэ.

Харин ийнхүү хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн болно. Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн дээд комиссарын газраас коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлыг “улс үндэстний амьдралд аюул занал учирсан” гэж үзэж болохоо илэрхийлж, холбогдох арга хэмжээ, зааварчилгааг гаргасан байна.Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэж заасан. 7 дугаар зүйлийн 7.1.12, 7.1.22-т зааснаар Монгол Улсын Засгийн газар цар тахлын үед орон гэргүй, нэн ядуу иргэдийг орон байр, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах, хүүхэд болон өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн байнгын тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Энэ үүрэг эх орондоо байгаа иргэдийн зэрэгцээ гадаад улсад байгаа иргэдэд ч мөн адил хамаарна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны сайдын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Хөрөнгө гаргах тухай” Дугаар А/45 тушаалаар гадаадад байгаа нэр бүхий 113 иргэнд тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор нэг удаагийн тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Гэвч Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайдын яамдуудаас санхүүгийн болон бусад хүндрэл бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн өөр ямар нэг бодитой тусламж, дэмжлэг үзүүлээгүй байна.

• Төрөөс гадаадад байгаа иргэдийн эх орондоо буцаж ирэх эрхийг нэгдүгээрт албан ёсоор “онц болон дайны байдал” зарлаагүй буюу өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдлын үед; хоёрдугаарт тусгайлсан хуулиар бус Засгийн газрын шийдвэрээр хязгаарласан нь эх орондоо буцаж ирэх эрхийн зөрчил болж байгаа тул нэн даруй залруулах шаардлагатай;

• Засгийн газар цар тахлын үед гадаадад байгаа иргэдийг эх оронд нь авч ирэх, хүлээн авахтай холбоотой бэлэн байдлыг хангаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад шаардлагатай нөөцийг нэн даруй бүрдүүлэх;

.• Нэгэнт нөөц боломжоос шалтгаалан ирэх хүсэлтэй бүх иргэдийг нэн даруй авч ирж чадахгүй байгаа тохиолдолд гадаад улс дах Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан орон гэргүй иргэдийг орон байр, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих

    • Bold
    • 2020-12-06

    Olon niiteeree tulgan shaardah heregtei baina

arrow icon