Нийтлэл 12 сарын 07, 2020

Архи ба хүн тѳрѳлхтѳн

Хүн тѳрѳлхтѳн түүхийн бүхий л цаг үед хурим найр, дайн байлдаан, ѳвчин эмгэг гээд жаргал зовлонгийн аль алинд алкохолтой “найзалж” иржээ. Улс үндэстнүүд архийг тарианаас, будаанаас, сүүнээс, жимснээс ѳѳр ѳѳрсдийн аргаар гаргаж авдаг. Архитай холбоотой хамгийн эртний археологийн баримт гэвэл Хятадад 9000 жилийн тэртээ алкохол исгэдэг байсан шавар ваар олдсон. Эртний Месопотам, Египетчүүд пиво исгэж байсан түүхтэй бол Ромд цэргүүд виноны ѳдрийн нормтэй байсан гэдэг. Дундад зууны Европын хотуудад ус нь бохир, гэдэсний ѳвчин түгээмэл тул хүүхдэд бага градустай пиво уулгах нь нормал, харин далайчид уух усандаа архи хольж хадгалах хугацааг нь уртасгадаг байв. Бидний хувьд ч нэрмэл архи, айраг исгэх соёл монгол овог аймгуудын түүхээс дутахгүй урт настай болов уу.

Алкохол зохистой хэмжээгээр хэрэглэх үед тархинд эндорфин гэдэг аз жаргалын гормон ялгарснаар таатай мэдрэмжийг тѳрүүлдгээс гадна сошиал ивент дээр хүн хоорондын харилцааг хялбарчлах идэвхжүүлэгч (social lubricant) болдог. Хүн ѳѳрѳѳ нийгмийн амьтан учраас хэн нэгэнд дотроо уудалж ганцаардлаас сэргийлэхэд тус болох, стрессээ тайлж дархлааны системээ сайн байлгах, цаашлаад эрүүл урт наслахад алкохол эерэгээр нѳлѳѳлѳх хэрэгсэл байх боломжтой. Харин архийг хэтрүүлбэл депрессант үйлчилгээтэй тул сѳрѳг эмоцийг ѳдѳѳж сэтгэлзүйд муугаас гадна давс, сахар, гурил гээд ямар ч хүнсний нэгэн адил зохисгүй их хэрэглээ бие махбодид хортой. Иймд архины зохистой хэрэглээний зѳвлѳмжүүдийг эрүүл мэндийн байгууллагуудаас санал болгодог, байнга хэтрүүлэх нь ѳвчин гэж үзээд эмчилгээг санал болгодог.

Архидалт ба асуудал

Хүн тѳгс амьтан биш учраас архийг тэр бүр зохистой хэрэглэж чаддагүй, заримдаа хэтрүүлдэг, зарим нь бүр донтдог. Архи нь элэг, зүрх судас, бүх тѳрлийн хавдар гээд 60 гаруй суурь ѳвчлѳлийн шалтгаан болж нийгмийн эрүүл мэндийн томоохон риск болохын зэрэгцээ зам тээврийн болон ахуйн осол гэмтэл, гэмт хэрэгтэй салшгүй холбогддог. ДЭМБ- ийн мэдээллээр архинаас шалтгаалсан үхэл дэлхийд жилдээ 3 сая буюу нийт үхлийн 4% орчим байна. Иймд улс болгонд архидалттай тэмцэх бодлого хэрэгждэг. Энэ нь архины хор хѳнѳѳлийг тайлбарласан энгийн ухуулга сурталчилгаанаас эхлээд эдийн засгийн инсентивээр хэрэглээг хязгаарлах татварын бодлого, эсвэл бүр “хуурай ѳдѳр” хүртэл олон хэлбэртэй. Экстрим тохиолдлуудын нэг нь 1980-аад оны Орост ѳрнѳсѳн архины эсрэг кампанит ажил байв. Тухайн үед архийг хорьсноор архидалтын статистик түр зуур буурсан боловч техникийн спирт ууж хордсон, нас барсан хүний тоо нэмэгдэж, харин хязгаар цуцлагдахад архидалт ѳмнѳх түвшнээ давжээ. 1920-30 оны Америкт хуурай хууль баталснаар архины далд наймаа хѳгжиж, зохион байгуулалттай гэмт хэрэг ѳсѳх, татварын орлогоо алдах зэрэг дайвар сѳрѳг нѳлѳѳ илэрсэн түүх ч бий.

Архидалт мэдээж муу зүйл боловч “ѳвчний шалтгаан бус симптом” тул асуудлыг шийдэхийн тулд суурь шалтгааныг нь олж эмчлэх шаардлагатай. Архи хэн нэгэн хүний проблем бол магадгүй түүний буруу, харин олон хүн зэрэг их уугаад байвал цаанаа нийгмийн асуудалтой холбоотой. Тэр нь ихэвчлэн ажилгүйдэл, ядуурал, үүнтэй холбоотой сэтгэл гутрал байх нь түгээмэл. Жишээ нь, хуучин соц орнуудад 1990-ээд оны шилжилтийн үед эдийн засаг нь нурж унахад ирээдүй харагдахгүй хүнд амьдралаас зугтаж архиар тайтгарал олох гэсэн хүмүүс эрс нэмэгдсэн нийтлэг хандлага ажиглагдсан. Монголд 1990-ээд оны эдийн засгийн хямралаар “Ѳвгѳнт” гэдэг нийгмийн давхарга үүсч байсан, одоо ч УБ-д эрүүлжүүлэх байранд саатуулагдсан хүмүүсийн оршин суух байршлаас үзэхэд 78% нь гэр хороололд, боловсрол болон орлогын түвшин харьцангуй бага эрчүүд байдаг. Ѳѳр нэг жишээ гэвэл, халамжаар амьдардаг америк индианчууд дунд архидалт, донтолт том асуудал болсон байхад уулт ажлынх нь нэг хэсэг гэж хэлж болох Япон, Солонгост алкохолны хэрэглээ ѳндѳр хэдий ч нийгмээрээ архинд живсэнгүй.

Архи Монголд

Архины хэрэглээ Монголд 2008-2018 оны хооронд 2 дахин, пивоны хэрэглээ 2.5 дахин нэмэгджээ. Энэ хугацаанд ѳрхийн орлого 2008 оны ₮360 мянгаас 2018 онд ₮1,180 мянга болж өссөн тул бусад хэрэглээний адилаар архины хэрэглээ ѳссѳн байна. Дэлхийн улс орнуудад амьжиргааны түвшин сайжрахад дагаад архины хэрэглээ өсдөг жишгээр цаашид ч орлого нэмэгдэхийн хэрээр монголчуудын алкохолны хэрэглээ үргэлжлэн ѳсѳх болов уу. Үүнтэй уялдаад архины эдийн засгийн ач холбогдол ч нэмэгдэх бѳгѳѳд, 2021 онд согтууруулах ундаа болон тамхины онцгой албан татвараар төсөвт ₮419.2 тэрбум төвлөрүүлэхээр тооцоолсон нь багагүй дүн юм.

Дэлхийн бусад орнуудтай харьцуулж үзвэл нэг том хүнд ногдох архины хэрэглээ Солонгос жилд 16.4 литр, Япон 13.5 л, Хятад 11.7 л, Швейцарь 11.5 л, Англи 11.4 л, Финлянд 10.7 л, Америк 9.8 л байдаг. Үүнтэй харьцуулахад Монгол 7.4 л байдаг нь харьцангуй бага үзүүлэлт. Гэхдээ архитай холбоотой зүрх судасны өвчний үхлээр Монгол дэлхийд дээгүүрт ордог. Архи хэрэглэх нь ховор боловч нэг уухаараа ихээр уух, тасрах нь зүрх судсанд хамгийн муу хувилбар бѳгѳѳд энэ нь монголчуудын дунд түгээмэл практик. Иймд монголчуудын дундаж хэмжээ гэхээсээ хэрэглэх соёлд асуудал бий. Түүнчлэн, уухаараа асуудал тарьдаг муу зуршил гадаадад амьдардаг монголчуудын хувьд ч нийтлэг байдаг нь мѳн л уух соёлын асуудал болов уу.

Архи ба карантин

Архи

i. Дархлааг сулруулна

ii. Бусад ѳвчлѳлийг сэдрээж вируст илүү эмзэг болгоно

iii. Архитай холбоотой осол гэмтэл эмнэлгийн ачааллыг нэмнэ

iv. Архийг тойрсон цугларалт хѳл хорио, зай барих дэглэмийн ач холбогдлыг бууруулна зэрэг шалтгаанаар Ковид19-ийн үед архинаас зайлсхийхийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зѳвлѳж буй. Улс орнууд цар тахлын карантины үед архийг чѳлѳѳтэй байлгахаас эхлээд бар, паб ажиллах цагийг хязгаарлах эсвэл хаах, олон хүн цугласан гэр парти хийлгэхгүй байх, бүр архийг бүрмѳсѳн хорих гм хүртэл арга хэмжээг авч буй. Энэ нь манай цаг үеийн хамгийн том нийгмийн туршилтуудын нэг юм.

Тухайлбал, архи харьцангуй чѳлѳѳтэй орнуудад Ковид19-ийн хѳл хорионы үед хэрэглээ Англид 30%, Америкт 50% (онлайн худалдаа 260% ѳссѳн) ѳссѳн гм судалгааны үр дүн байна. Энэ мэдээж санаа зовоох статистик. Харин нѳгѳѳ талд хѳл хорионы үед архийг хорьсон Ѳмнѳд Африкт архитай холбоотой осол гэмтэл 70% буурсан ч, хорио тавигдангуут хэвийн үеэс 2 дахин ѳсчээ. Энэтхэгт 2 сар архийг хорих үед хар зах идэвхтэй ажиллаж, харин хорионы дараа архины дэлгүүрүүдэд урт дараалал үүссэн нь онцлох мэдээ болж байв. Цар тахлын үеийн стрессийн менежментэд алкохол эерэгээр нѳлѳѳлж чадах уу, эсвэл танхайрал хүчирхийлэл зэрэг гэмт хэрэг, нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлэх үү? Карантины үед архийг хорих нь зѳв үү, эсвэл илүү ухаалаг арга байж болох уу? Ковид 19 гэдэг шинэ сорилтын үед хүн тѳрѳлхтѳн “эртний найз” алкохолтой харьцсан туршилтуудын аль нь зѳв байсан бэ гэдэг асуултын хариуг олох нь нэг сонирхолтой судалгааны сэдэв байх болов уу.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon